70382348

info@umch-tender.kh.gov.mn

Ерөнхий гэрээний журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь, цахим дэлгүүрийн системийн сургалт боллоо

2019 оны 9 сарын 24 1094

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Халиун, Худалдан авах ажиллагааны сургалтын байгууллагын багш Н.Батболд нар 2019 оны 09 дүгээр сарын 19-20 өдрүүдэд төрийн байгууллага болон тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 121 хүнд ерөнхий гэрээний журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Гал-Эрдэнэ нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлт сургалт, мэдээллийг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт, мэдээлэлд төрийн байгууллагын 85, аж ахуйн нэгжийн 36 нийт 121 хүн оролцож мэдээлэл, сургалт авлаа.

Сургалтын хөтөлбөрөөр:

Ø  Гомдлын журмын танилцуулга,

Ø  Ил тод журмын танилцуулга,

Ø  Хар жагсаалтад аж ахуйн нэгжийг бүртгэх танилцуулга

Ø  Ерөнхий гэрээний эрх зүйн орчин

Ø  Ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь

Ø  Цахим дэлгүүрийн систем

Ø  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг мэдээллийг оролцогчдод өгсөн байна.

Төрийн байгууллагын эм, эмнэлэгийн хэрэгсэл, бичгийн цаас, принтерийн хор, компьютер болон түлш шатахууныг ерөнхий гэрээний журмаар багцалж авах нь худалдан авалтын үргүй зардлыг багасгаж, ногоон худалдан авалт хийх, техникийн болон чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах бололцоогоор хангах юм. Мөн цахим дэлгүүрийн систем ашиглалтад орсноор төрийн байгууллагад нийлүүлэх бичгийн цаас, принтерийн хор, компьютер болон шатахуун нь хяналттай болохын зэрэгцээ бодит хэрэгцээг тодорхойлоход хэрэглэгдэх юм.

Тус сургалтын үеэр аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг давхар танилцуулан ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар цахим дэлгүүрийн системээр  712 удаагийн 29 нэр төрлийн 9,5 сая ширхэг бараа бүтээгдэхүүн захиалга хийгдээд байгаа бөгөөд энэ нь эм, эмнэлэгийн хэрэгсэл байгаа бол ийнхүү 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нэмэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сургалт болон цахим системтэй хэрхэн ажиллах, хууль эрх зүйн орчныг танилцуулж сургалт зохион байгууллаа.

Системийн зорилго нь улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагаануудыг цахим орчин нэгдсэн нэг удирдлага, хяналтын дор үйл ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах түүнд олон нийтийн хяналт тавих, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна.

Ерөнхий гэрээний журамтай танилцахыг хүсвэл Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтад батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам” гэж олж болно. 

                                                                                                                                                       Ц.Эрдэнэбаатар

Сүүлд нэмэгдсэн мэдээ