70382348

info@umch-tender.kh.gov.mn

95 дугаар цэцэрлэгийн дээвэр, цонх одоо болтол онгорхой байна
2016 оны 10 сарын 10 507
Өнөөдөр сонин 2016.10.07 Цас ороод, хүйтэрчихлээ. Гэтэл одоо болтол онгорхой дээвэр, цонхтой цэцэрлэг нийслэлд байна. Өнгөрсөн жил дээвэргүй өвөлжсөн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн засвар өнэө хэр дуусаагүй, хүүхдүүд нь айлын хаяа бараадан зутарч буй аж. Үйл ажиллагаагаа есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нд нээнэ гэж хэдэнтээ хойшлуулсаар өдий хүрсэн энэ цэцэрлэг хэзээ хүүхдүүдээ хүлээн авах нь тодорхойгүй байна. Засварын ажил нь юунаас болж гацаад байгааг сурвалжлахаар өнгөрсөн лхагва гаригт бид тус цэцэрлэгт очлоо. III, IV хорооллын эцэст байрлах 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг МХЕГ-аас 2015 оны дөрөвдүгээр сард шалгахад эрсдэл ихтэй гэж үнэлэгдсэн байдаг. Учир нь, тус цэцэрлэгийг өргөтгөхөөр 2015 оны аравдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч компани нь хоёр сарын дараа ажлаа зогсоосноор орчин тойрон нь барилгын хог хаягдалд дарагдсан юм. "Алтанзул" ХХК уг цэцэрлэгийн хуучин барилга дээр нэг давхар нэмж барихдаа хоёрдугаар давхрынх нь таазыг хуулчихаад, өргөтгөл барих төсөв мөнгө шийдэж өгөөгүй гээд ажлаа хаяж явахдаа таазыг нь онгорхой орхисон аж. Цэцэрлэгийн удирдлагууд аргаа барахдаа нэгдүгээр давхрынхаа дуу хөгжим, биеийн тамирын зааланд хүүхдүүдээ оруулж, бага, дунд бүлэг гэж ялгалгүй бүгдийг нь нэг өрөөнд байлган өвлийг давжээ. Биднийг 09.00 цагт 95 дугаар цэцэрлэгт очиход багш, ажилчид нь эмчийн өрөөндөө цахилгаан халаагуур тавьчихсан сууж байв. Хоёр, гуравхан хүн гадаа нь шавар, шохой зөөж харагдсан. Цас орчихсон, хүйтэн байсныг ч хэлэх үү, цэцэрлэг дотор жихүүн байв. Энэ жил ч гэсэн хөрөнгө мөнгийг нь бүрэн шийдэж өгөхгүй байгаагаас өргөтгөлийн давхрынх нь засвар дуусаагүй, цонхыг нь ч бөглөөгүйг багш, ажилчид ярилаа. Арга зүйч У.Оюуннарангаас үүний учрыг тодруулахад "Барилгын ажил удааширснаас болоод хүүхдүүдээ амласан хугацаандаа хүлээн авч чадсангүй. "Алтанзул" компанийнханд хэлэхээр "Мөнгө өгөхгүй байхад бид ажлаа яаж явуулах юм бэ" гэдэг. Уг нь графикийнхаа дагуу цөөхөн хэдэн төгрөг ч болов тус компанид шилжүүлж л байгаа юм билээ. Өргөтгөлийн давхрын сантехникийн холболтуудыг хийгээд дууссан. Даанч цонхнууд нь онгорхой болохоор хэцүү юм. Халаалт ирчихсэн байхад цэцэрлэг 8-10 градус дулаантай байна. Ийм нөхцөлд хүүхдүүдээ яаж байлгах билээ. Ангиудын стандарт температур 18-20 байх ёстой. Гуравдугаар давхарт тэр чигтээ салхи сийгээд доод давхруудын дулаан агаарыг хөөж гаргачихаад байна. Аав, ээжүүд "Хүүхдүүдийг минь авсангүй" гэж хэл ам гаргах нь аргагүй шүү дээ. Аравдугаар сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авсан. Даанч ангиуд дулаанаа алдаад хүүхдүүд маань зутарчихсан. Эцэг, эхчүүд ч гэсэн хэл ам хийсэн. Дунд нь бид л худалч болж дууслаа. НийслэлийнМэргэжлийн хяналтын газар, дүүргийн Боловсролын газраас хүмүүс ирээд явсан. Ийм нөхцөлд хүүхдүүд аваад хэрэггүй гэж байна лээ. Хүүхэд авахгүй гээд байхад л өнөөдөр 30 гаруй хүүхэд ирээд, гэрт нь буцаалаа" гэж ярьсан юм. Тус цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн жилд 12 бүлэгтээ 568 хүүхэд элсүүлжээ. Өргөтгөлийн зургаан анги нь ашиглалтад орчихно гэж тооцоод 70 гаруй хүүхэд нэмж бүртгэсэн байна. Цэцэрлэг ашиглалтад орохгүй удсанаас болж эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт хүргэж буй гээд багш, ажилчдаас мөнгө нэхэх нь энүүхэнд аж. “Та нараас болж хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулж байна. Мөнгийг нь төл" гэж загнадаг талаар 95 дугаар цэцэрлэгийн багш нар ярив. Тэд "Бид ч гэсэн ажлаа хурдан эхлүүлмээр байна. Үндсэн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ч өдөр бүр л энд ирдэг. Цалингүй хэцүү л байна шүү дээ. Ядаж гуравдугаар давхрын цонхнуудыг битүүлээд өгчихвөл байдал арай дээрдэнэ. Тэгвэл бид нэг, хоёрдугаар давхартаа хүүхдүүдээ хүлээгээд авчихмаар байна. Албаны хүмүүс "Ирэх даваа гаригаас өмнө асуудлыг чинь шийдээд өгнө" л гэх юм. Манайхан бол өнөө, маргаашгүй л ажлаа эхэлчихмээр байгаа" гэв. Өнгөрсөн жил тус цэцэрлэгт 350 гаруй хүүхэд ирж, очин хүмүүжсэн байна. У.Оюуннаран "Одоохондоо хүйтрээгүй болохоор халаалтын шугам дахь халуун усны температур ч муу байна. Манай нярав халаалтын хэмжээг нэмүүлэхээр СӨХ-той уулзахаар явлаа. Халуун ус дамжуулах хоолойгоор (паараар) нэг сайн "эргэлдчихвэл" дажгүй халдаг юм. Манайх нэмэлт паартай л даа. Ес эхлэхээр түүнийгээ ажиллуулдаг. Одоо залгавал ямар ч нэмэргүй, мөнгө гарздахаас цаашгүй. Гүйцэтгэгч компани өргөтгөлийн давхар дахь зургаан ангийг аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна гэсэн нь худлаа боллоо. 77 дугаар цэцэрлэг ч гэсэн манайх шиг байраа өргөтгөж байгаа. Тэд анхнаасаа хүүхдүүдээ аравдугаар сарын 15-нд хүлээж авна гэж зарласан учир хэл ам гараагүй. Тэднийх гадаад, дотоодын төслөөр зарим ажлуудаа хийлгэчихсэн байна лээ. Тэгтэл манай барилгын компанийн л ажил ахихгүй юм. Гэрээгээ өчигдөр сунгасан гэсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр 15-нд тэд юу юугүй нураагаад эхэлсэн. Эцэг, эхчүүдийн хэлж буй үнэн шүү дээ. Манайх бараг хоёр жил ажилласангүй. Ноднин хавь ойрынхоо цэцэрлэгүүдийг гуйгаад хүүхдүүдээ арав, арваар нь тараасан. Энэ жил тэдэнд манай хүүхдүүдийг багтаах зай ч алга" хэмээн ярьсан юм. Өргөтгөл нь хугацаандаа ашиглалтад орох хөг өнгөрчээ. Ядаж онгорхой цоорхойг нь битүүлээд өгчихөөч. Тэгвэл 600 хүүхэд албандаа явах гээд байна.
Манай улсын газар нутгийн 57 хувь нь нянгийн бохирдолтой байна
2016 оны 10 сарын 10 516
Үндэсний шуудан сонин 2016.09.30 Дэлхийн улс орнууд ус, агаар, хөрсний бохирдолтой эрчимтэй тэмцэж байгаа. Өөрөөр хэлбэл, орчны бохирдол биднийг түгшээж байна. Биднийг хүрээлэн буй орчноос шалтгаалж 100 гаруй төрлийн өвчин үүсдэг ажээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь гадна орчноос болж нас бардаг бол хүүхдийн нас баралтын 36 хувь нь гадна орчноос шалтгаалдаг аж. Үүний 90 хувийг хөгжиж буй орнууд эзэлдгээс гадна цаашид энэ тоо ихэснэ гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байх юм. Харин манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 57 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Хөрсний бохирдлын эх үүсвэр нь шаардлага хангаагүй "00", ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдал байдаг юм байна. Нийслэлийн гэр хорооллын 90 хувь нь модон жорлон ашигладаг. Энэ нь нийслэлийн хөрс, ус болдог аж. "Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр"-ийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулж, цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллах талаар мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Дэлгэрмаа "Хүн эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Гэвч гэрээс гараад алхахад л бохир агаар, бохир хөрс, бохир орчин биднийг угтдаг. Бид өвөл нь агаарын бохирдлын тухай. Дулааны улиралд "00"-ийн асуудлын тухай ярьдаг. Гэвч асуудал дорвитой шийдэгдэхгүй л байна. Хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллыг "Био-00" жуулах хэрэгтэй байна. Гадаад орчинг эрүүл байлгахад маш олон салбарын хамтын ажиллагаа чухал. Мөн иргэдийн оролцоо, идэвх маш чухал. Тиймээс "Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр"-өөр жил бүр тодорхой нэгэн зорилт дэвшүүлж, түүнийгээ хамтран хэрэгжүүлж, иргэдийн оролцоог идэвхжүүлж хэрэгтэй байна" гэв.
Олон улсын зэрэглэлийн боомттой болно
2016 оны 10 сарын 10 423
Үндэсний шуудан сонин 2016.09.30 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимынхантай ярилцлаа. Сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Дундговь, Өмнөговь аймгуудад томилолтоор ажиллаж, салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудал, нөхцөл байдалтай танилцсан. Томилолтын хүрээнд Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы автотээврийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тодруулбал, Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулж, олон улсын чиг хандлага, технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан тээвэр зохион байгуулалтын зөв менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлов. ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Пин болон албаны төлөөлөгчидтэй боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зэрэглэлтэй болгох талаар ярилцлаа. Автотээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг анх 1991 онд байгуулсан. Хоёр улсын хоорондох тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй, оновчтой, шуурхайзохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар сайд Д.Ганбат онцолж байв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэсэн автозамын хилийн боомтуудаар нийт 791.3 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч 1.75 сая зорчигч, 13.63 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэр 35.7 хувиар, зорчигч тээвэр 5.6 хувиар нэмэгджээ.
Төрийн “хайр”-аас гадуурх өмнөд хилийнхэн
2016 оны 10 сарын 10 386
Зууны мэдээ сонин 2016.09.28 Хүний эрхийн асуудлыг ярихаар хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх хөндөгддөг. Мэдээж тийм. Өнөөгийн нийгэмд эрх нь хамгийн ихээр зөрчигдөж буй субьект нь тэд болоод байгаа. Гэхдээ манай улсад хүний эрхийн асуудал зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, аль ч салбар, анги давхаргад алдагдсаар байгааг олон жишээ батална. Үүний нэг жишээ бол хилийн боомт орчим дахь хүний эрхийн зөрчлүүд юм. Монгол Улс уул уурхайн салбарыг саалийн үнээгээ болгож, газрын доорх баялгаа гадаад руу экспортолдог болсноор өмнөд хилийн үйл ажиллагаа идэвхжиж хүн, машины хөдөлгөөн ч асар ихээр нэмэгдсэн билээ. Хилийн боомт дээр 80-100 тонны нүүрсний автомашинууд хэдэн зуугаараа дугаарлаж, олон хоног саатдаг болсон. Тэгвэл тэдгээрийн жолооч, хилийн боомт дээр ажиллаж байгаа хил, гаалийн ажилтнуудын эрхийн асуудал ноцтой түвшинд хүрснийг учир мэдэх хүмүүс халаглан ярих боллоо. Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Шивээхүрэнгийн боомтоор гэхэд 14 компанийн 500-600 орчим жолооч байнгын тээвэр хийдэг. Тэднийг хянаж шалгадаг, хилийн боомтын аюулгүй байдлыг хангадаг мөн тооны хүмүүсийн ажил, амьдрал тэнд өрнөж буй. Харамсалтай нь жолооч, хилийн боомтын ажилчдын ажиллах орчноос эхлээд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхээс эхлээд дагавар олон эрх зөрчигдөх болжээ. ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ Хүн бүр амьд явах эрхтэйг Үндсэн хуулиасаа эхлээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад холбогдох хуульд тодорхой заасан байдаг. Зөвхөн Монгол Улсаар тогтохгүй, дэлхий дээрх бүх улс орны иргэн бүрт олгогдсон үндсэн эрх нь энэ юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад ямар ч тохиолдолд хүний амь насыг бусниулж болохгүй гэсэн тунхаглал. Шивээхүрэнгийн боомт дээр энэ байдал эсрэгээрээ. 2010 оноос хойш боомтын бүх зурваст зам тээврийн осол гарч нүүрсний машины жолооч нар амь эрсдэхээс эхлэн тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдах нь энгийн үзэгдэл болжээ. Салхи шуурга, цас бороо гэх мэт байгалийн гэнэтийн хүнд нөхцөлд олон тонны ачаатай машин дээр ачаа бараагаа ачиж янзлах явцад, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хангасан ч гэнэтийн эвдрэл гарах тохиолдолд, мөн хэт их халалтаас дугуй буудах, замын тоосжилт ихэсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж осол аваар гарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Үндсэн хуулийн 16.4-т хүн бүр хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулах эрхтэй, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн нэгд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхийг баталгаажуулсан юм. Хүний хөдөлмөрлөх ая тухтай нөхцлөөр хангагдах, хөдөлмөрийн үнэлэмж нь шударга байх тухай эдгээрээс гадна Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаар зохицуулж ирсэн билээ. Гэвч боомт дээрх тээврийн жолооч нарын тухайд цалингаа хугацаандаа авдаггүй гомдол тасардаггүй ажээ. Нэг үгээр хэлбэл, жолооч нар хөдөлмөрөөр шударгаар үнэлүүлж чадахгүйгээр барахгүй ажлын хөлсөө толгой компаниасаа нэхэмжилж, ажил хаях шаардлага гардаг ч түүнээсээ болж халагдах хүртэл арга хэмжээ авхуулсан тохиолдол байна. Тэгвэл тэдний амралтын тухай бүр ярих ч боломжгүй. Тээврийн компани хугацаагүйгээр зогсолт хийсэн тохиолдолд жолооч нарыг ар гэр рүү нь явуулдаггүй, бичиг баримтаар нь барьцаалж хил дээр жилийн дөрвөн улиралд амьдрахад хүргэж байгаа ноцтой байдал одоо ч байсаар байна. Энэ нь Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүн бүр ажлын цагаа зохистой хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг нь зөрчиж буй явдал юм. Дээрээс нь тэд ийнхүү жилийн дөрвөн улиралд хүйтэнд нь хөрч, халуунд халж цалинтай цалингүй ажиллачихаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь тэдний амьдралын баталгаа улам алдагдаж байгааг харуулж байна. УСНЫ ХОМСДОЛ БА ӨВЧЛӨЛ Жолооч нарын хувьд тулгамдаж буй өөр нэг асуудал нь эрүүл мэнд болон эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай. Шивээхүрэнгийн боомтын орчим эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлэх эмч, эмнэлгийн үйлчилгээ байдаггүйгээс хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирох бас нэг шалтгаан болсоор байна. Өвчин эмгэг хэлж биш хийсч ирдэг болохоор гэнэт өвдсөн тохиолдолд хэдэн арав, зуун км замыг туулж төв газар бараадан сая нэг анхан шатны тусламж авах жишээтэй. Зөвхөн жолооч нар ч биш, хил дээр ажиллаж, амьдарч буй хүмүүс цэвэр усны хомсдолд орж, үүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирч байгааг сүүлийн жилүүдийн судалгаа харуулах болжээ. Хилийн боомт дээр угаас цэвэр ус хомс, ундны ус хужир ихтэй. Усаа БНХАУ-ын талаас худалдан авдаг ч өдөр тутамдаа авч чаддаггүй гэж байна. Үүнээс болж хужиртай ус хэрэглэснээс сүүлийн жилүүдэд тэдний жолооч, ажилтнуудын үс цайрах, шүд шарлах, сулрах, ходоод гэдэс хямрах, нүүрэн дээр нөсөөт толбо гарах эмгэг тод илрэх болжээ. Аль ч хилийн боомт дээр амьдрал өрнөдөг. Шивээхүрэнгийн боомт дээр ч тэр. Хил, хяналтын байгууллагуудын албан хаагч нар зарим нь гэр бүлээрээ амьдардаг ч сургууль, цэцэрлэг байхгүйгээс хүүхдүүд нь боловсрол эзэмшиж чадахгүй байх жишээтэй. Уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хилийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтнууд, улсын эдийн засгийн урагшлуулахад экспортын бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа жолооч нарыг төр засаг анхааралдаа авах учиртай. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэдэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Тэдэнд дээр дурдагдсан эрхээс гадназохистой хоол хүнсээр хангагдах, нийгмийн хангамж эдлэх, орон байраар хангагдах, орчны бохирдлоос хамгаалуулах гэх мэт олон төрлийн эрх нь хөсөр хаягдаж, Монгол Улсын хүн амын бүртгэлээс хасагдсанаас өөрцгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах, хууль хяналтын байгууллага, төр, засаг хил орчмын ард иргэд рүүгээ өнгийж харах цаг нэгэнт болжээ.
Орхон гол Ерөнхийлөгчөөс “аврал эрлээ”
2016 оны 10 сарын 10 416
Үндэсний шуудан сонин 2016.09.26 Орхон голын эхэнд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэв "Монгол газар", "Батбродерс", "Алтайголд", "БМНС", "Голден хаммер", "Алтандорнод Монгол" зэрэг компани, тэдний туслан гүйцэтгэгчдийн буруутай үйл ажиллагаанаас Орхон голын бохирдол хэрээс хэтэрч, голын эх бүрдэх хөндий, уулын ам бүхий 15 километр газар сэглэгдэж, сүйтгэгдээд байгаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн яам, МХЕГ тэргүүтэй холбогдох албаныхан дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч алтны компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг орон нутгаас мэдээлж байгаа юм. Харин БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба "БОАЖЯ, МХЕГ, орон нутгийн цагдаагийн байгууллагын хамтарсан 14 хоногийн хугацаатай байнгын пост Орхон голын эхэнд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч компани байхгүй. Бүх аж ахуйн нэгжийн техник, тоног төхөөрөмжийг лацадсан. Мөн цахим мэдээллийн хэрэгслээр "Орхон голд мөнгөн ус ашиглаж байна" гэх мэдээлэл гарсан. Шороон орд дээр мөнгөн ус ашигладаггүй. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл. Голд бохир ус нийлүүлж байсан компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч бохирдолтой урссан хэвээр байгаа нь Орхон голын урсац бүрэлдэх эх байнгын цэвдэгтэй, нарийн тоосонцорын ширхэгтэй учир өнөөг хүртэл лаг шавар нь урсаж байгаа. Мөн гольдрилыг нь өөрчилсөн учир хөрсөө хуулж урсаж байгаа. Тиймээс Орхон гол цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай" гэсэн юм. Орхон голын эхэнд "Монгол газар", "Батбродерс", "Алтайголд", "БМНС”, "Голден хаммер", "Алтандорнод Монгол" зэрэг компани лиценз эзэмшиж, тэдний туслан гүйцэтгэгч 16 компани олборлолт хийж байсан юм. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсныг ийнхүү үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм. Үүнтэй зэрэгцэн "Орхон голыг хамгаалах хөдөлгөөн"-ийнхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Орхон голын ай сав, бүс нутгийг төрөөс хамгаалах хүсэлт илгээсэн байна. Уг хүсэлтэд Монгол Улсын болон Дэлхийн соёлын өвөөр ЮНЕСКО-гоос хамгаалуулсан Орхон голын ай сав, ялангуяа голын эх, ундаргыг Ерөнхийлөгчийн Зарлигаар халдашгүйгээр хамгаалуулах, Үндэсний хэмжээнд медиа, цахим, болон тв хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, мониторинг судалгаа, санаачилагыг нэгтгэсэн мэдээллийн сан бий болгож, төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлогод тусгах, Олон улсын хэмжээнд асуудлыг дэвшүүлж сан байгуулан хэрэгжүүлэх гэх мэт зүйлийг тусгажээ. Өөрөөр хэлбэл, Салбарын сайд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчөөс Орхон голын асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Гэхдээ 53 сумын нутгаар дамжин урссаар Сэлэнгэ мөрөнд цутгаж, Байгал нуурт нийлдэг Орхон гол цэвэр тунгалагаар урсаж, "эдгэрсний" дараа дээрх үйл ажиллагаа үр дүнгээ өгчээ гэж олон нийт дүгнэх биз ээ.
Б.Байгал: Ханиад томуутай зэрэгцээд улаанбурхан дэгдэж магадгүй
2016 оны 10 сарын 10 419
Өнөөдөр сонин 2016.09.14 Өнгөрсөн тавдугаар сарын 12-31-нд улс даяар улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийж, 18-30 насныхныг хамруулсан. Учир нь 2015 он гарсаар ийм өвчин туссан хүмүүсийн олонх нь өдий насны, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, бага насны хүүхэдтэй залуу ээж, аавууд байв. Хэдийгээр улаанбурхан, улаануудын вакцинд залуус идэвхтэй хамрагдсан ч тариа хийлгээгүй олон мянган хүн үлдсэнийг ХӨСҮТ-ийнхөн хэлж байна. Тиймээс хүйтний улирал эхэлмэгц улаанбурхан дахин дэгдэж болзошгүй аж. Энэ талаар тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга Б.Байгалаас тодрууллаа. -Одоо улаан бурхнаар өвчилсөн хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юу? -Хэвтэн эмчлүүлж байгаа хүн одоогоор алга. Гэхдээ долоо хоногт 7-8 хүн хандаж байна. Өвчин хөнгөн хэлбэртэй байгаа учир гэрээр нь эмчилгээ бичээд, зөвлөгөө өгөөд явуулж байгаа гэсэн үг. Ханиад томуу дэгддэг улирал удахгүй эхэлнэ. Тэр үед улаанбурхан дэгдэж ч магадгүй. Учир нь энэ өвчин ханиадтай адил агаар, дуслын замаар халддаг шүү дээ. Бидний таамаглаж буйгаар энэ сарын сүүлч, ирэх аравдугаар сарын эхээр эрчимжих хандлагатай байна. -Улаанбурхантай тэмцэх, дэгдэлтийг бүрмөсөн хязгаарлахад Засгийн газар тэрбум орчим төгрөг гаргаж өгсөн шүү дээ. Одоо дахиад дэгдэх тухай ярьж байна. Ямар учиртай юм бэ? -Нэг хэсэг устсанаас хойш 2015 оны гуравдугаар сараас улаанбурхан дахин дэгдэж, мөн оны аравдугаар сар, 2016 оны арванхоёр, нэгдүгээр сард олон хүнийг өвчлүүлсэн. Тандалт судалгаанаас үзвэл энэ жил улаанбурхан ханиад томуутай давхцан дэгдэхээр байна. Тиймээс олон хүн өвчилж болзошгүй. -Бүрмөсөн дарж чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ? -Дархлаажуулалтад бүрэн хамрагдахгүй байгаагаас болж байна. Саяхан 18-30 насныхныг вакцинжуулахад 74.000 хүн тариа хийлгээгүй. Тэд халдвар авч, бусдадаа тараах эрсдэлтэй. Жирэмсэн ээжүүдийг бас дархлаажуулаптад хамруулаагүй шүү дээ. Мөн жилд 75-80 мянган хүүхэд төрж буй. Тэд бүгд улаанбурхны дархлаагүй төрдөг. 18-30 насныхан бол одоо ч гэсэн харьяалал харгалзахгүй, дүүргийн эмнэлэгт очоод вакцин хийлгэж болно. Харин эцэг, эхчүүд хүүхдээ есөн сар, хоёр настайд нь товлолт вакциныг нь заавал хийлгэх шаардлагатай. Өмнө нь 0-8 сартай хүүхдүүд олноор өвдөж байсан. Одоо ч гэсэн тэд эрсдэлтэй бүлэгт багтаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ