70382348

info@umch-tender.kh.gov.mn

Жаргалант сумын нутагт нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийжээ
2016 оны 10 сарын 10 438
Монголын мэдээ сонин 2016.09.13 Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт нөхөн сэргээлт нэрээр уул уурхайн компани олборлолт хийсэн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооны тэргүүн Б.Наранцогт, сургалт олон нийт хариуцсан мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл нар мэдээллээ. 2014 оны 7-р сарын 16-наас 9-р сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд техникийн болон нөхөн сэргээлт хийн орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн. Тус сэргээлт хийсэн газар өмнө нь алт, зэс олборлодог байсан ба олборлолт хийж дууссаны дараа тус газрыг биологийн нөхөн сэргээлтэнд оруулан орон нутагт нь хүлээлгэн өгчээ. Гэтэл энэ оны 9-р сарын 7-ны орой “Буян-Цэцэн” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн газарт дахин нөхөн сэргээлт хийх гэж байна гэдэг нэрийн дор нутгийн иргэдэд худал хэлэн тус талбай руу дайран орсон байна. Тус компанийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар Улсын мэргэжлийн хяналтын газар болоод хууль хяналтын байгууллагууд зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна хэмээн тус холбооны Сургалт олон нийт хариуцсан мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл ярилаа. Мөн тус аймгаар тогтохгүй Төв, Увс аймгуудад ийм хэрэг гарсан ч бид нотлох баримтыг улам сайжруулж байж мэдэгдэнэ гэсэн юм. Харин Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг орон нутгийн засаг захиргаанаас холбогдох зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулж Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж буй эдгээр компаниудтай тууштай тэмцэж орон нутгаа хамгаална гэдгээ илэрхийлээд байна. Тэрбээр эдгээр компаниудад нэн даруй хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг хүргүүлж өөрийн биеэр очиж уулзсан байна.
60-уулаа шахцалдаж, шавж суусаар байх уу
2016 оны 10 сарын 10 384
Монголын мэдээ сонин 2016.09.07 Хичээлийн шинэ жилийн нээлт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт орон даяар зохион байгуулагдсан билээ. Дүрэмт хувцсаа дэгжин гэгч нь өмсч, салаа гэзгээ өнгийн туузаар ороосон сэргэлэн охид, үеийн нөхдөө зуны сарын турш санаж үгүйлсэн сахилгагүй хөвгүүд эрдмийн өргөөгөө зорьж, хичээл номдоо шамдаж эхэлсэн. Гэвч тэдний сурч боловсрох орчин, эрх нь зөрчигдсөн хэвээр. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 130 гаруй сургуулийн ихэнх нь гурван ээлжээр хичээллэж, 50 гаруй хүүхэд нэг танхимд “шавсан” дүр зураг нийслэлийн эргэн тойронд байсаар байна. Тиймээс манай сонин энэ удаа төрийн өмчийн ЕБС-ийн анги дүүргэлтийн асуудлыг хөндөж, сурвалжиллаа. НИЙСЛЭЛИЙН 24 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561600 сурагч суралцаж байна. Тэдний 69100 хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн суралцагчид ажээ. Тэгвэл зөвхөн нийслэлийг сонирхож үзвэл, 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль бий. Эдгээр ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд нийтдээ 230 гаруй мянган хүүхэд суралцах юм байна. Тэдний 31 мянган хүүхэд нь нэгдүгээр ангийн сурагчид аж. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургуулийн хүрэлцээний асуудал сөхөгдөж эхэлдэг нь нууц биш. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд нийтдээ 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй гэдгийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байв. Гэхдээ энэ тоо буурч байгааг сайд онцолсон байсан. Харин манай сурвалжлах хэсэг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад, “Энэ жилийн албан ёсны статистик мэдээлэл гараагүй учир бүлэг дүүргэлтийн талаар нарийн тоон мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар 236 мянган хүүхэд ЕБС-д хамрагдаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Баянзүрх дүүргийн 110, 33, 84, Сүхбаатар дүүргийн 1, 31, Чингэлтэй дүүргийн 23, 5, Хан-Уул дүүргийн 18, 52, Буянт-Ухаа цогцолбор зэрэг сургуулиуд бусдаасаа хэт өндөр ачаалал авч, анги дүүргэлт нь 50-д хүрч гурван ээлжээр хичээллэсэн” гэлээ. Ерөнхийдөө нэг ангид ихдээ 40 хүүхэд суралцах нормтой ч, энэ стандарт эдүгээ мөрдөгдөхгүй байна. Нийслэлийн ихэнх сургуулиудын бага ангийн сурагчдын анги дүүргэлт аль хэдийнэ 50-д хүрчээ. Тиймээс зарим сургуулиудын хувьд дээрх стандартад дөхөж очихын тулд ээлжийн тоог нэмэх шаардлагатай тулгардаг аж. НЭГ БҮЛЭГ 50 ХҮҮХЭДТЭЙ ....-Танай анги хэдэн сурагчтай вэ? -48 -Хэддүгээр анги вэ. Бүлэг чинь? -5г -Тэгвэл танай ангийн хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа суудаг байх нь ээ? -Тийм. Гэхдээ би бол хоёулаа суудаг. Зарим хүүхдүүд гурвуулаа суудаг юм. -Ийм олуулаа нэг ангид байх хэцүү юу? -Гоё..... Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн коридороор алхаж явахдаа таарсан Э.Энхжин охин асуусан асуултад минь ингэж хариулав. Нэг ангид олон хүүхэд суралцсанаар хэн нэгэн найз нь хичээлээсээ хоцорно, эсвэл өвлийн улиралд дэгдэлт нь ихэсдэг ханиад, томуу тусна гэж цэрвэхгүйгээр “Олуулаа сурах гоё” гэж хариулах энэ охин нийслэлийн ЕБС-иудийн хэдэн зуун мянган сурагчдын нэг жишээ. Тавдугаар сургууль гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд бага ангийнхны анги дүүргэлт аль хэдийнэ 50-д хүрчээ. Сургуулийн коридороор явж, хоёр давхарт гаран захирлын өрөөний үүдийг тогшлоо. Тус сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн тун завгүй сууна. Түүний хэлж буйгаар сургууль эдүгээ гурван ээлжээр хичээллэж буй аж. Мөн энэ жил ахлах ангийн сурагчид зургаан хичээлийг сонгон суралцах болсноор хичээлийн хуваарь гаргахад багагүй асуудал үүсч байгааг нуугаагүй. Сурагчид өөрсдийн судлах хичээлээ сонгох болсноор зарим анги 50, зарим нь 20 орчим болж эрс тэс ялгаа гарах болсон гэнэ. Харин бага ангийн ихэнх бүлэг нь 50 орчим сурагчтай аж. Тэдний хувьд нэг ширээнд гурвуулаа суух энүүхэнд. Гэвч ахлах ангийн сурагчдын хувьд 50-иулаа нэг танхимд чихнэ гэдэг амаргүй даваа. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж байгаатай холбоотойгоор тус сургууль дээр явагддаг дугуйлангууд хагас сайнд хичээллэж, багш нар нь долоо хоногийн зургаан өдөр ажиллах болжээ. 960 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ СУРГУУЛЬД 2010 ХҮҮХЭД СУРАЛЦДАГ Манай сурвалжлах хэсгийн дараагийн зогсоол Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль байв. Тус дүүргийн VI хорооны барилгатай хаяа дэрлэн орших энэ сургууль 2016-2017 оны хичээлийн жилд нийт 54 бүлэгт 2010 хүүхэд сургах ажээ. Харин анги дүүргэлтийн тухайд дунджаар 37 гэнэ. Хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд ихдээ 49 хүүхэд нэг танхимд суралцдаг аж. Ахлах ангийн сурагчдын хувьд харьцангуй гайгүй гэдгийг тус сургуулийн сургалтын менежер О.Бөхчулуун хэлж байлаа. Тус сургууль эдүгээ хоёр ээлжээр хичээллэдэг байна. Гэвч сүүлийн жилүүдэд бага ангид элсэн суралцагсдын тоо эрс нэмэгдэж буй бөгөөд цаашдаа гурван ээлжээр хичээллэхийг үгүйсгэхгүй гэнэ. Анх сургуулийн барилга 960 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орж байсан ч, эдүгээ энэ тооноос 2.5 дахин хэтрүүлж, 2010 суралцагч хүлээн авч, сурган хүмүүжүүлж байна. 23 ДУГААР СУРГУУЛИЙН НЭГ АНГИД ИХДЭЭ 60 ХҮҮХЭД СУРЧ БАЙНА Бидний очсон дараагийн сургууль бол гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургууль. Манай сурвалжлах хэсгийг очих үед тус сургуулийн нэгдүгээр ээлжийн хичээл тарж, хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх дөхсөн тул сурагчдаа анги ангиар нь оруулж байв. Сургууль руу ормогц л энд тэндгүй хүүхдийн инээд цангинаж, хааяа нэг багшийн “чимээгүй” гэх дуу хадан, бүтэн гурван сарын турш эзнээ хүлээн дүнхийн байсан сургуулийн танхим дүүрсэн байлаа. Сургуулийн коридороор зөрж өнгөрөх хүүхдийн тооноос харахад л 23 дугаар сургууль ачаалал ихтэй нь илэрхий байв. Бид юун түрүүнд сургуулийн эрхлэгчтэй уулзах гэж яарсангүй. Сургуулийн эргэн тойронтой танилцан, сурагчидтай ярилцсан юм. Хичээл орсон шүү гэсэн шиг сурагчид хаа сайгүй гүйлдэцгээж байлаа. Бидний нүдэнд хамгийн түрүүнд том цүнхээ дааж ядан үүрэх, жижигхэн биетэй охин тусч, түүнтэй хэдэн хором ярилцлаа. Түүнийг Х.Энхдарь гэдэг. Тэрбээр дөрөвдүгээр ангид сурдаг бөгөөд анги нь 58 хүүхэдтэй гэнэ. Харин сургуулийн анги дүүргэлтийн талаар бидэнд ярихдаа “Нэг ангид олон хүүхэд сурах нь тийм ч муу зүйл биш гэж би боддог. Олон найзуудтай болно шүү дээ. Бас хичээл ч хөгжилтэй явагдана. Би олуулаа байхад дуртай. Надад таалагддаг. Харин зарим хүүхдүүд дургүй байх” гэв. Ингэж хэлсээр том цүнх нь хүндэдсэн аятай дээш нь нэг өргөөд манай сургуулийн сургалтын менежер дөрвөн давхарт суудаг юм шүү гэсээр явж одов. Дараа нь бид наймдугаар ангид сурдаг охинтой таарав. Г.Мишээл охин эмч болох хүсэлтэй учраас орос хэлийг сонгон суралцаж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан. Харин түүний хувьд ангид олон хүүхэд байх нь тухайн сурагчийн сурлагын амжилтад нөлөөлдөг гэж боддог ажээ. Нэг ангид хэтэрхий олон хүүхэд байх нь багшийн хүүхэд бүртэй тулж харьцах боломжийг багасгадаг гэнэ. Тэрбээр энэ тухай “Манай анги 48 хүүхэдтэй. Гэхдээ бусад ангийг бодвол харьцангуй гайгүй л дээ. Бусад ангид 50-60 хүүхэд бий. Миний бодлоор нэг ангид олон хүүхэд байх нь тухайн багшийн хүүхэд бүртэй тулж харьцах боломжийг хаадаг юм шиг санагддаг. Яах вэ, тухайн хүүхдийн хичээл зүтгэлээс бас шалтгаалах байх. Багш заавал над дээр ирэх ёстой гээд суугаад байж болохгүй. Өөрөө очоод багшийнхаа араас хөөцөлдөж болно шүү дээ. Ер нь тэгэх ёстой байх. Тэгж байж л мэдлэг олж чадна” гэсэн юм. Мэдээж аливаа мэдлэгийг олж авахад тухайн хүүхдийн өөрийнх нь идэвх чармайлт чухал. Гэхдээ чармайлт байлаа гээд хичээлийн 40 минутад багшаас хэрэгтэйгээ олж авч чадахгүй бол хүүхэд л хохироод үлдэнэ. Түүнтэй ийн ярилцсаны дараа тус сургуулийн менежертэй уулзах гэсэн боловч цайндаа орсон байв. Тиймээс бид нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгтэй уулзаж, тус сургуулийн анги дүүргэлт болон хүчин чадлын талаар ярилцсан. Тэрбээр “Манай сургууль 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн. Нэмж өргөтгөл барьсан. Одоогоор 1500 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэл дэх хүн амын тоо нэмэгдсэн учраас аль ч сургуулийн ачаалал их байгаа. Манай сургуулийн хувьд гадаад хэлний сургалттай учраас харьяа гэхээс илүү нийслэлийн хэмжээнд гадаад хэлийг сонгосон аль ч дүүргийн хүүхдийг авдаг. Гадаадад 8-10 жил сураад ирсэн, монгол хэлээ мэдэхгүй хүүхдүүд ч суралцдаг. Яамны зөвшөөрлөөр сурч байсан газрынхаа сургалтад дүйцэхүйц сургалтаар манайд сурдаг. Тэгэхээр зориод ирсэн хүүхдүүдийг авахгүй гэх хэцүү. Ирсэн хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авч, тохирох бүлэгт нь элсүүлдэг. Одоогийн байдлааар 62 бүлэгтэй байна. Шилжилт хөдөлгөөн дуусаагүй болохоор сурагчдын нийт тоог хэлэх боломжгүй. Гэхдээ нэг ангидаа 50-60 хүүхэд суралцдаг. Ер нь л тийм байдаг. Хүүхэд бүр нэг ширээтэй. Хүүхдийн нэг ширээгээр байгаа болохоор хойшоогоо тэлэх тэлэлт нь задгай талбайгүй болж байгаа болохоос биш хүүхэд бүр ширээн дээрээ сууж байгаа. Угсарсан хоёр хүүхдийн ширээ бол хоёулаа л сууж байгаа” гэв. Тус сургуульд нийт 115-120 багш ажилладаг бөгөөд багшийн ачаалал маш их байдаг тухай нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг бидэнд хэлж байсан. Түүнчлэн тус сургуульд энэ жил 250 хүүхэд шинээр элссэн байна. ТӨРӨЛТ ИХЭССЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөх бодлого баримтлах болсноос хойш нэлээд хугацааг үджээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай улсын төрөлт эрс нэмэгдэж, эх хүүхдийн эндэгдэл буурч, 2015 оны нэгдүгээр сард гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын хувьд энэ нь мэдээж сайхан мэдээ байв. Гэвч төрөлт нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муудаж эхэлсэн байна. Ахлах ангийн сурагчдын хувьд анги дүүргэлт харьцангуй гайгүй гэдгийг сургуулийн холбогдох албан тушаалтнууд хэлж байгаа ч, сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бага ангид элсэн суралцагсдын тоо нэмэгджээ. Бид Чингэлтэй дүүргийн 39, тавдугаар сургууль, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль, 23, 57 дугаар сургуулиудаар явж, анги дүүргэлтийн байдалтай танилцахад бүхий л сургуулийн бага ангийн бүлгийн анги дүүргэлт 50-ын тоонд ойртсон байсан юм. 2015 оны байдлаар улсын хэмжээнд 80875 хүүхэд шинээр төрсөн гэсэн мэдээлэл бий. Энэ дүн цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс ирэх жилүүдэд шинэ цэцэрлэг, сургуулийг барьж ашиглалтад оруулахгүй бол төрийн өмчийн сургуулийн хомсдол дээд цэгтээ хүрч магадгүй нь. Ямартай ч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 100 гаруй сургуулиас төлөөлөл болгон сонгосон хэдэн сургуулийн нөхцөл байдалтай танилцахад ийм байна. Харин нэг ангид хэт олон сурагч суралцсанаар эрүүл ахуйн хувьд ямар нөлөөтэйг НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Г.ЭРДЭНЭЧИМЭГ: НЭГ АНГИД ХЭТ ОЛОН ХҮҮХЭД БАЙХ НЬ ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСЭХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛДЭГ /НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч/ -Хичээлийн шинэ жил эхэлсэн ч сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт­ийн асуудал яригдсаар байна. Хуульдаа нэг хүүхдэд хэдэн м.кв оногдоно гэж заасан байдаг? -Монгол Улсад мөрдөгдөж байгаа сургалт хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм 66/88 гэсэн стандарт бий. Энэхүү стандарт нь сургалт хүмүүжлийн байгууллагын орчны болон барилга байгууламжийн стандартыг зааж өгсөн байдаг. Уг стандартад нэг хүүхдэд 2.4 м.кв талбай оногдоно гэж заасан. Дотор талдаа шүү дээ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд төлөвлөсөн хэмжээнээсээ хэт их ачаалалтай ажилладаг. 1800 хүүхдийн хүчин чадалтай сургууль 4000 орчим хүүхэд элсүүлж авсан байх жишээтэй. Ингээд бодохоор тухайн сургууль 2-3 дахин их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Энэ нь нэг анги 40м.кв талбайтай байлаа гэхэд тухайн ангид 20 хүүхэд байх ёстой. Гэтэл 40-50 хүүхэд байна. Тэгэхээр нэг хүүхдэд оногдох талбай хоёр дахин багасч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ангийн ачаалал ч хэт ихэсдэг. -Нэг ангид 50-60 хүүхэд суралцах нь тухайн орчны эрүүл ахуйд ямар сөрөг нөлөөтэй вэ? -Сөрөг нөлөөтэй. Хэт зай талбай багатай орчинд олон хүн байвал агааржуулалт хүрэлцэхгүй байх, тоосжилт хэт их гарах зэрэг асуудал үүснэ. Мөн нэг хүүхдэд оногдох талбай багассанаар амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин гардаг. Ер нь халдварт өвчин гарах гол нөхцөл бүрдэж байгаа юм. Нэг анги ийм байна гэдэг чинь нэг сургуулийн ачаалал төдий чинээ байна гэсэн үг. Сургуулийн талбайгаар явах хүүхдийн тоо ч дагаад ихэсч байгаа юм. Нөгөө талаараа гал тогоо нь 1800 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай байя гэж бодъё. Гэтэл тэр сургууль 4000 орчим хүүхэдтэй. Ингээд харахад гал тогооны халдвар хамгаалал, мөрдөх ёстой стандарт журам давхар зөрчигдөж байгаа юм. Гал тогооны ариун цэвэр алдагдсанаар сургуулиулийн хүүхдүүд хүрдэг нөгөө л амьсгалын замын халдварт өвчин, гэдэсний халдварт өвчин гарах гол нөхцөл бүрддэг. Янз бүрийн халдварт өвчин тархах нөхцөл болж байна л даа. Тэгэхээр Улаанбаатар хотод юу хэрэгтэй вэ гэвэл сургуульгүй хороонууд гэж бий шүү дээ. Тэр хороодод сургууль, цэцэрлэгийн барилга нэмж барих шаардлагатай болж байна. Гэхдээ Монгол Улсад мөрдөж байгаа стандарт норм, журмын дагуу л барих ёстой. -Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан шалгалт хийсэн байх. Сургуулиудын анги дүүргэлт хэр байсан бэ? -Есдүгээр сарын 1-тэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан. Бүх сургуулийн анги дүүргэлт хэтэрсэн. Энэ бол сургуулийн захирлуудын буруу биш. Яагаад гэвэл Улаанбаатар хот анхнаасаа цөөхөн хүн амтай байхаар төлөвлөгдсөн. Одоо хүн амын төрөлт ихсэх болсон. Мөн Улаанбаатар хотын суурьшилт ч ихэссэн. Сургуулиуд угаасаа авахаас ч өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. 40 бол энүүхэнд. 50-60 хүүхэдтэй сургууль байна. -Тухайлбал? -Бид бүх сургуулиар орсон. Ерөөсөө л нийтдээ тийм. Би 45, 97, 1, 23 дугаар сургуулиар орсон. Тэр сургууль гэж хэлэхийн арга байхгүй. Бүх сургууль адил. Анги дүүргэлт хэтэрсэн. Хотын зах руугаа арай багасаад нэг ангид 40 орчим хүүхэд байна. Гэхдээ л хөдөөнөөс ирж хотод суурьшиж байгаа хүмүүс болон хотын хүн амын нягтаршилт ихэссэнтэй холбоотой. -Ер нь хуульдаа ачаалал хэтрүүлсэн сургуульд арга хэмжээ авна гэсэн зүйл байдаг уу? -Тийм зүйл байхгүй. Гэхдээ Эрүүл ахуйн тухай хуульд тухайн хүн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдрах ёстой гэсэн заалт бий. Гэхдээ бид шаардлага тавьж байгаа. Тухайлбал, нэг угаалтуурт 15 хүүхэд, нэг суултуурт 20 хүүхэд байна гэсэн стандарт байдаг. Гэтэл нэг суултуурт 60 хүүхэд, нэг угаалтуурт 40 хүүхэд оногдож байна. Энэ бүхэнд мэргэжлийн хяналтын байгууллага шаардлага тавьж, холбогдох байгууллагуудад албан бичиг явуулдаг. Мэдээж жил бүр тодорхой хэмжээнд сургууль ашиглалтад орж байгаа. Гэвч хүн амын өсөлт, нягтаршлаа гүйцэхгүй байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн зорилтод сургууль, цэцэрлэггүй хороог сургууль, цэцэрлэгтэй болгоё гэсэн зорилтууд байгаа шүү дээ. Тэдгээр зорилтыг л стандарт барьж хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Д.Оюунхорол: Гол мөрнийг бохирдуулж байгаа хэн бүхэнтэй хатуу тэмцэнэ
2016 оны 10 сарын 10 382
Үндэсний шуудан сонин 2016.09.06 Б.ЭНХМАРТ ИРЭХ ХАВАР ХҮРТЭЛ ОРХОН ГОЛ "ТАЙВАН" УРСАХ НЬ Орхон голын эхийг бохирдуулж байсан "Монгол газар" компанийн туслан гүйцэтгэгч 14, шаардлагатай бичиг баримт, зөвшөөрөл, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт суулгаагүй бусад компанийн үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагаас зогсоосон билээ. Тодруулбал, Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллиин үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Эдгээр компанийн олонх нь ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гэх мэт гол бичиг, баримтуудаа бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаагаа төвлөрүүлэх хүртэл хамгийн ойрдоо ирэх аравдугаар сарын сүүлч хүртэл үйл ажиллагаагаа явуулах эрхгүй болж байгаа юм. Энэ үеэс хүйтэрч, уул уурхайн ажил ирэх хавар хүртэл зогсдог. Тэгэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүгэй ажлын хэсгийнхний энэ удаагийн шийдвэрээр Орхон ирэх хавар хүртэл "тайван" урсаж болохоор болсон гэсэн үг. Гэхдээ алт олборлогчид салбарын сайд, УИХ- ын гишүүд, албаныхны үгэнд орж, Орхоны хөндийг орхих болов уу, их л эргэлзээтэй. Шийдвэр гаргаж, техник, хэрэгслүүдэд нь лац ломбо тавилаа ч үл хэрэгсэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн тухай албаныхан ярьдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хяналтаа хэрхэн найдвартай тавих, алтны компаниудыг үйл ажиллагаа явуулахгүй байж чадах эсэх талаар МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүгээс тодрууллаа. -Орхон голын эхэнд алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа. Одоо эдгээр компанийг ажиллуулахгүй байхад хяналт тавих хамгийн чухал үүрэг танай байгууллагад ирж байна. Хэрхэн хяналт тавих вэ? -Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа учраас Орхон голын эхийг бүрдүүлж байгаа жижиг голуудад үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогч лицензтэй компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэхдээ дээрх компаниудын бизнесийн орчинг дэмжих үүднээс үүргээ гүйцэтгэх хугацаат даалгавар өгсөн. Шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлээд байгаль орчинд хор хөнөөл багатай, гол ус бохирдуулахгүй хууль ёсны дагуу бол үйл ажиллагааг нь зогсоогоод байх шаардлага байхгүй. Шийдвэрийн хэрэгжилтийг Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хянах үүрэгтэй. -Өнгөрсон зургаадугаар сараас хойш Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан "Монгол газар" компанийн туслан гүйцэтгэгч компаниудад гурван удаа шалгалт хийж, гурвууланд нь лац, ломбо тавьсан ч тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн байдаг. Энэ удаад өмнөхөосөө хатуу чанга байж, хуулиа мөрдүүлж чадах уу? -Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бүх шатны Засаг дарга, нутгийн удирдлагын байгууллага хянах ёстой гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас авах ёстой бүх арга хэмжээ, хийх ёстой ажлаа чиг үүргийнхээ дагуу хийнэ. Явангуут лац, ломбоо эвдээд машин, техникээ ашигласан тохиолдлууд бий. Тэр бүрт хариуцлага тооцуулахаар аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Одоогоор хоёр ч компанид эрүү үүсгэн шалгуулж байгаа. -Хэрвээ ирэх өдрүүдэд тус газарт үйл ажиллагаа өрнөвөл танай байгууллага ажлаа хуулийн дагуу хийхгүй байна гэж ойлгож болох уу? -БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд, МХЕГ, яамны мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд, малчид, уурхайн удирдлага, ажилтнууд гээд бүх талын төлөөлөл энэхүү шийдвэрийг гаргахын тулд хэлэлцэж, шийдэлд хүрсэн. Компаниудын зүгээс уул уурхай эрхлэх хамгийн наад захын хууль, дүрмээ биелүүлээгүйгээс үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд хязгаарлуулж байгаагаа ойлгож байгаа байх. Тиймээс лиценз эзэмшигч компаниуц уурхай эрхлэхэд шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлж, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт байршуулж, бохироо хийх далан шуудуу, нуураа горимын дагуу байгуулсны дараа үйл ажиллагаа явуулна гэдгээ ойлгосон байх. НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийн тулд лиценз эзэмшигчид уулын ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийгээ Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраар батлуулж, БОАЖЯ-ны дансанд уг төлөвлөгөөний 50 хувьтай тэнцэх төлбөрийг байршуулсаны дараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой аж. Энэ төлбөр талбайн хэмжээнээс шалтгаалаад харилцан адилгүй тогтоогддог байна. Жилийн эцэст нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийсэн бол БОАЖЯ дээрх барьцаа мөнгийг буцаан өгдөг юм байна. Гэхдээ ашигт малтмал олборлогчдын дунд өдгөө 100 хувь нөхөн сэргээлт хийсэн компани бараг үгүй. Хамгийн сайн нөхөн сэргээлт хийсэн төдийгүй бараг анхдагч нь "Бороо гоулд" гэгддэг. Өдгөө 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байдаг. АЛТНЫ КОМПАНИУДЫГ ХААСНААР ОРХОН ГОЛЫН БОХИРДОЛ АРИЛЖ, ТАЛ ХӨНДИЙ ТЭГШРЭХ ҮҮ Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийртийн хөндий дэх 13 километр газрыг тэр чигт нь уул, тал, хөндий байсан гэхийн тэмдэггүй болтол сэглэж, ухжээ. Тэнд өвс, ургамал битгий хэл хүн явах зам ч алга. Алтны арвин нөөцтэйгөөсөө болж энд тэндгүй тонголзох төмөр “тогоруунд” эзлэгдэн, хөрс шороо нь хэд хэдэн удаа сэндийчүүлж, хаа сайгүй ухсан шороо нүх, овоолсон шороо л болж. Олборлогчдын ажиллаж буй газрыг хүрээлсэн уулс, модод ч техник, хэрэгслийн хөлд талхлагджээ. Алт олборлогч компаниудыг байгаль орчин сүйтгэж, гэмтээж, гол бохирдуулж, шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээгүй зэргээр нь шалтаглаж, үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоож, лицензийг нь хурааж болно. Тэнд нэг ч компани дахиж үйл ажиллагаа явуулахгүй болгох эрх мэдэл төрд бий. Гэвч тэдний онгичсон газар, овоолсон шороо, ухсан нүхийг хэн хэвийн байдалд оруулах вэ. Өнөөдрийг хүртэл сэглэж, бохирдуулсанынх нь хохирлыг хэн барагдуулах вэ. Лиценз цуцлах нь шийдэл мөн үү гэсэн асуудлаар холбогдох хүмүүсийн байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Я.Содбаатар -Эдийн засгийн хямралтай энэ үед улсын эдийн засагт тус нэмэр болгохоор Засгийн газраас 2015 оны долоодугаар сард Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар компаниудад өмнө нь ашиглаж байсан лицензтэй талбайдаа олборлолт явуулах эрх нь нээгдсэн. Ингэхдээ хуулийн хүрээнд лиценз эзэмшигчдэд ТЭЗҮ-гээ батлуулах, Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах, байгаль орчны үнэлгээ хийлгэх гэх мэт үүрэг хүлээлгэж, таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хуулиар заасан байдаг. Гэвч Орхон голын эхийг бүрдүүлж буй энэ газар нутагт байгаа алтны компаниуд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна. Дээр нь нэг ч компани нөхөн сэргээлт хийгээгүй. Уг нь компаниуд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үүргээ биелүүлээд, төсөвт байршуулах ёстой төлбөрөө байршуулаад, нөхөн сэргээлтээ хийгээд явбал компанидаа ч, улсад ч ашигтай. Үйл ажиллагааг нь шууд зогсоосноор ашигласан талбай нь нөхөн сэргээлт хийгдэхгүй үлдэх магадлалтай. Улсын төсөвт оруулахаар төлөвлөсөн байсан хураамж, төлбөрүүд орж ирэхгүй. Тиймээс компаниуд үүргээ биелүүлээд, хуулийн дагуу ажиллаж, ашгаа хүртээд явах ёстой юм. Харин тэгж чадахгүй бол лицензийг нь цуцалж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн -Үнэхээр ашиг олох, байгалийн баялгийг авах гэж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлт хийх ёстой. Тиймээс хууль бусаар үйл ажиллагаа явуулсан компаниудаар нөхөн сэргээлтийг заавал хийлгэх учиртай. Үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоолоо гэхэд эдгээр компани нөхөн сэргээлт хийхгүй орхиод л явна. Байгаль дэлхий, нутгийн иргэд хохироод үлдэнэ. Харин аль аль талдаа үүргээ биелүүлж, хуулийн хүрээнд ажиллаад ашгаа хүртэх нь шийдэл мөн. Байгаль орчны иргэний байгууллагын төлөөлөл Б.Батмөнх: -Ашиглалтын лицензтэй ч хуулиа биелүүлээгүй компаниудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Лицензийг шууд цуцлах нь эрсдэлтэй. Нэгдүгээрт, тэдний ашигласан талбай нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй хоцорно. Хоёрдугаарт, алттай ч хариуцах эзэнгүй гэдгийг нь мэдсэн гар аргаар алт олборлогчид газар газраас ирнэ. Энэ тохиолдолд нөхөн сэргээлтийн талаар дурсаад ч хэрэггүй болно. Гуравдугаарт, улсад төвлөрөх ёстой тодорхой хэмжээний төсөв үгүй болно. Гар аргаар алт олборлогчид улсад татвар төлөхгүй, алтаа ч тушаахгүй. Харин хариуцсан компанитай байвал асуудал арай өөр. Гэхдээ энэ байдлыг компаниуд ашиглаж, хэнэггүй хандаж болохгүй. Хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлтэл нь энэ газрыг төрийн хамгаалалтад байлгах нь зүйтэй. ЦЭНХЭР СУМЫН УДИРДЛАГУУД АЛТНЫ КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВЧЭЭ Засгийн газрын 120 дугаар тогтоолоор эрх нь нээгдсэн ашигт малтмал олборлогч компаниуд тогтоол гарсан даруй Монголын баялагтай газар бүрт бууриа зассан. Хуулиар бол уг тогтоол гарснаас гурван сарын хугацаанд амжиж, ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө гэх мэт шаардлагатай бүх бичиг, баримтыг бүрдүүлж, байгаль орчны үнэлгээгээ хийлгээд, талбайн хүрээгээ мэргэжлийн хүмүүсээс тогтоолгоод үйл ажиллагаагаа эхлүүлэх учиртай байв. Гэвч Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа лиценз эзэмшигч компаниудын аль нь ч дээрх заалтыг биелүүлсэнгүй. Тэдний хууль бус үйлдлийг өнөөдрийг хүртэл хэн ч яагаад илрүүлсэнгүй вэ, олон нийтэд мэдээлсэнгүй вэ гэж үү. Ядаж орон нутгийн удирдлагууд асуудал тавьж, холбогдох газрууд руу гомдол гаргасангүй гэж үү. Үүний учрыг албаныхан "Архангай аймгийн Цэнхэр сумын удирдлага, ИТХ-ын дарга тэргүүтэй хүмүүс "Монгол газар" компанийнхантай тохиролцож, 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн санд байршуулах нэрээр авсан учраас өнөөдрийг хүртэл асуудал тавиагүй ирсэн байна. Хуулиар бол ашигт малтмалын татвар, нөхөн сэргээлтийн төлбөр улсын төсөвт орох ёстой. Орон нутгийн санд төвлөрүүлэх учиргүй. Уг мөнгийг төрийн банкинд бус арилжааны банкинд байршуулсан байна лээ. Үүнийг зохих хууль, журмын дагуу шалгаж эхлэх байх" гэсэн юм. Энэ талаар Цэнхэр сумын Засаг даргаас тодруулахад "Орон нутагт алтны компаниудаас ямар нэг татвар, хураамж төвлөрдөггүй. Бид холбогдох байгууллагуудад алтны компанийн хууль бус үйлдлийн талаар удаа дараа мэдээлж байсан" гэсэн юм. Д.ОЮУНХОРОЛ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол Монголын тал нутаг, уул ус, ургамал, амьтан, жигүүртний хамгийн том өмгөөллийн байгууллага. Уг байгууллагыг удирдаж байгаа сайд бол тэдний хамгаалагч мөн юм. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын албаа хүлээж авсанаас хойших анхны томилолт нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг байлаа. Анхны томилолтоороо тэр Орхон голын амийг аврах эхний алхамыг хийлээ. Тэрбээр "Орхон багийн нутаг дэвсгэрийг хэн ч харсан сэтгэл нь эмзэглэж, гол нь харламаар дүр төрхтэй болжээ. Хүн, мал явах газаргүй, уух усгүй болтлоо бохирлогдож, сэлгэгдсэн энэ газар нутгийг алт олборлогч компаниуд нөхөн сэргээж, Орхон голд нэг ч дусал бохир оруулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгж чадахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Орхон гол бол зөвхөн Цэнхэр сумын иргэдийн асуудал биш. Энэ бол монгол хүн бүрийн асуудал. Орхон голын одоогийн энэ байдал Монголд алт, ашигт малтмал олборлож байгаа олон арван газар нутаг, компанийн зөвхөн нэг дүр төрх нь. Тиймээс ашигт малтмал олборлох нэрээр хууль бусаар байгаль дэлхийг сүйтгэж, гол мөрнийг ширгээж байгаа хэн бүхэнтэй хатуу тэмцэнэ" гэсэн юм. Орхон голын бохирдлыг арилгахын төлөө хийх ажил нь түүний үүрэг ч яамдаас хамгийн түрүүнд бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгож, ажилтнуудаа чиг үүргийнх нь дагуу шуурхай ажиллуулж, олон асуудал дундаас Орхон голын бохирдолд хамгийн түрүүнд анхаарал тавьж, Шийрт, Өлт, Тээл, Бодонтын голыг тодорхой хугацаанд "тайван" байлгах шийдвэр гаргасанд байгаль дэлхий сайдад баярлаж байгаа биз ээ. Одоо гагцхүү эхлүүлсэн ажлаа орхилгүй, Орхон голыг цэвэр тунгалаг болтол, ашигт малтмал олборлогч компаниудыг хуулиа ягштал мөрдөж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийдэг болох хүртэл байнга санаа тавих хэрэгтэй болов уу.
Нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлож байв
2016 оны 10 сарын 10 391
Өнөөдөр сонин 2016.09.06 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сум болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг ээлжит хуваарийн дагуу шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг энэ сарын 1-нээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтран явуулсан уг шалгалтаар гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг илрүүлэн, Эрүүгийн хуулийн 214.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тухайлбал, Хүдэр сумын нутаг, Нуурын тагт гэдэг газарт "Агро копт" компанийн захирал С нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн байна. Тэрбээр хууль бус үйл ажиллагаа явуулснаар байгаль экологид 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Түүнчлэн тус аймгийн Могойн голд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. Тэрбээр байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн тус аймгийн Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б гэдэг хүн байгаль экологид 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон аж. Цагдаагийн байгууллага дээрх хуулийн 214.2-т зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэх санал прокурорын байгууллагад хүргүүлжээ. Гол, ус бохирдуулсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан дээрх хүмүүст холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
2016 оны 10 сарын 10 422
Үндэсний шуудан сонин 2016.09.05 Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн. Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээний талаар манай сонин өнгөрсөн сарын сүүлчээр “Орхон гол “уйлж” алтны компаниуд туйлж байна”, “Орхон голын аврах боломж Д.Оюунхорол сайдад байна”, “Дампуурлаа зарласан “Монгол газар” Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй” гэсэн цуврал сурвалжлага нийтэлсэн билээ. Энэхүү сурвалжлагууд шийдвэр гаргагч холбогдох албаныханд тодорхой хэмжээгээр хүрч, Орхон голын бохирдлыг арилгахаар ажилласан эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарбилэг, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. ОРХОНЫ ХӨНДИЙ ТАМ БОЛЖ, ОЛИГАРХ КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байгаа дүр төрх биднийг угтав. Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд дөрвүүлэнд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогджээ. Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу бүрдүүлэх ёстой ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал байх ёстой бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч 14 компанитай гэрээ байгуулан ажиллуулж, байгаль орчныг хамгийн ихээр сүйтгэж байгаатай газар дээр нь танилцсан юм. Тус компанийн MV00002427 лицензийн дугаартай, 2000 оны долоодугаар сарын 10-нд олгогдсон, 2030 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтын хугацаа нь дуусах 173.11 га талбай бүхий Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгджээ. Тус салаанаас урсаж, Орхон голын эхийг бүрдүүлдэг Шийрт гол уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, улаан шороогоор урссанаас Орхон гол 200 гаруй километр газарт улаан, шар шороогоор урсаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Шийртийн голд голын эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэл тус голоос удаа дараа шороо олборлож, алт олборлохоор угаасан шорооны бохир усаа тус голд шууд нийлүүлж байсан юм. Тэгээд зогсохгүй Шийртийн салааны ойн бүсэд тулган олборлолт хийж, техник, хэрэгслүүдээ ойн захад байрлуулан ажиллаж байв. Шийртийн хөндийг мал бэлчих битгий хэл хүн явахын аргагүй болтол нь сэндийчиж, алт олборлож байгаа ч нэг ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй, бохирын тунгааруурыг горимын дагуу байгуулаагүй, туслан гүйцэтгэгч 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх мөртлөө шороо угаадаг 47 ширхэг буу тус компанийн эзэмшлийн талбайд байсан юм. Энэ үеэр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим асуултад хариулт авлаа. -“Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдэж байгаа юу. Гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгүүлэхэд та яагаад анхаараагүй юм бэ? -Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдэж байна. Дээр нь байгалийн даьагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой. -Танай компани ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй олборлолт хийж байгаа юм байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ? -ТЭЗҮ-г холбогдох газруудаас баталж өгөхгүй байна. Бид батлуулахаар явсан ч УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд баталж өгье гэсэн. Тэгээд л шинэ засаг бүрдээд одоо энд ажиллагаа болж байна. Бид орон нутгийн удирдлагуудтай ярилцаад орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй юм байна л даа. Одоо дараагийн арга хэмжээгээ авна. -Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй, дээр нь ойн санд тулгаж олборлолт хийж байгаа тухайдаа та ямар тайлбар өгөх вэ? -Нөхөн сэргээлт бид хийнэ. Өмнө нь ч хийж л байсан. Улсын төсөвд бид маш их хэмжээний орлого төвлөрүүлж явсан. Ойн санд тулгаж олборлолт хийж байгаагаа өнөөдрөөс зогсооно. -Таны эзэмшлийн талбайд одоо хэчнээн хэмжээний алтны нөөц байгаа вэ? -400 кг орчим байгаа. -Ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ. Таныг туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулж, нөхөн сэргээлт хийхээс зугтаж байгаа гэж хардаж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг танай компани хариуцах уу? -Одоо ашиглалтын 20-иод жилийн хугацаа үлдсэн. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг бид хариуцна. ОРХОН ГОЛЫН ЭХЭНД 30 КОМПАНИЙН 1300 ГАРУЙ ИРГЭН АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд лиценз эзэмшигч хийгээд туслан гүйцэтгэгч 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож, тус нутагт амьдарч байна. Уурханй ажилтнуудын төлөөлөл болон орон нутгийн малчин иргэдтэй БОАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгч, албаныхан Орхон голын бохирдлыг арилгахын тулд хэрхэн ажиллах талаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зарим иргэн, уурхайн ажилтны сэтгэгдлийг сонслоо. Орхон багийн малчин Н.Дамдинпүрэв: “Цэнхэр сумын нутгийн иргэд болоод малчдын хувьд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Орхон багийн хөндийг том том техник, хэрэгслээр ухаж, төнхөөд хүн, мал битгий хэл машин унасан ч эргэж гарахааргүй нүх болоод хоцорлоо. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийнэ гэж үйл ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Нэг нь ч хийгээгүй. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь ч худлаа. Орхон голыг бохирдуулж, найман аймгийн 53 сумын иргэд, мал, амьтныг хордуулчихаад “Бороо их орсны улмаас үерийн ус урсаад Орхон голын өнгө хувирсан. Бидний буруу биш” гэж байна лээ. Хэрвээ тийм юм бол бусад гол Шийртийн амнаас урсаж байгаа шиг улаан шараар урсахгүй яасан юм бэ. Бусад голын загас, жараахай үхэхгүй яасан юм бэ. Малчид битгий хэл мал бэлчих талбайгүй болтол цөлмөлөө. Төр засаг гэж байдаг бол бүгдийнх нь эрхийг цуцал” гэв. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн н.Долгор-Өлзий: “Орхон голыг бохирдуулагч алтны компаниудтай бид хатуу тэмцэнэ. Бохирдлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэхэмжлэл гаргана. Бид удаа дараа эдгээр компанийн удирдлагуудтай уулзахыг оролдсон ч зугтаад нэг нь ч уулзаагүй. Тэгсэн атлаа сайд, УИХ-ын гишүүд ирлээ гэхээр ирчихсэн явж байна гэнэ. Гол бохирдууллаа гэхэд “Энэ уснаас уугаад нэг ч хүн, мал хордож үхээгүй байна” гэж биднийг загнаж байна лээ. Бодит байдал дээр нутгийн иргэд ундны усаа өөр газраас зөөж хэрэглэж байна. Малаа ч өөр булаг, шанд бараадуулж байна. Энэ байгаль дэлхий, үй олноороо үхэж байгаа загас, жараахай, амьтад хэлтэй байсан бол та нарт их юм хэлэх байсан байх. Зөвхөн Архангай аймгийн иргэд ч биш Өвөрхангайн иргэд ч эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв. “10 ой” компанийн ажилтан Б.Цэцэгдарь: Алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэж, Орхон гол бохирдож байгаа нь үнэн. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулчихаад нөхөн сэргээлт хийнэ. Орхон голыг бүгд бохирдуулаагүйг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бараг бүгд техник, машин механизм зээлээр авсан, ажилчдынхаа цалинг өгөх гээд банкинд өртэй байгаа. Ажилчин бүр ар гэртэй, бас банкинд өртэй, амьдралаа өөд нь татах гэж л энд ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Цалингаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөхийн тулд гэртээ харилгүй өчнөөн сар болж байгаа хүмүүс ч энэ дунд бий. Энд ажиллаж байгаа 1300 гаруй ажилчдын эрх ашгийг, ар гэрийнхнийг бас бодолцож үзээсэй. Тийм болохоор аль аль талыг нь харгалзан үзэж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. ОРХОН ГОЛЫН ЭХ БҮРДЭХ ГАЗАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БҮХ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО Нутгийн иргэд, уурхайчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст, Ажлын хэсгийнхэн болоод БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан “Монгол алт” компанийг ТЭЗҮ болон Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт үйл ажиллагаа явуулахаасаа өмнө заавал бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг бичиг баримт, нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгөө байршуулах, Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулахдаа гаргасан бүх алдаа дутагдлаа засаж, бохирын тунгаагуур, нуур гэх мэтийг горимын дагуу байгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байгааг мэдэгдсэн юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа. -Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ? -УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна. Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээр, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна. Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой. -Ус бохирдуулсан аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ? -Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино. -Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ? -Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд ажиллана. Ирэх даваа гарагаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу. Үргэлжлэл бий.
Тээврийн жолооч нар дайвраас болж байцаагдаж байна
2016 оны 10 сарын 10 376
Өнөөдөр сонин 2016.09.05 Нийслэлийн Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтран, өнгөрсөн сарын 1-нээс нийслэл рүү орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг ариутгаж, тарваганы мах, самар зэрэг хориотой зүйл тээвэрлэж яваа, эсэхийг шалгаж эхэлсэн. Уг ажил ирэх сарыг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт шалган нэвтрүүлэх товчоог зорилоо. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд дамжин өнгөрч байгаа болон нийслэл рүү орж буй тээврийн хэрэгслийг ариутгаж байв. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн болон байгаль орчны хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байв. Уг товчоогоор ихэвчлэн Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгаас ирж буй тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг. Хэдийгээр хяналт, шалгалт хийгээд сар гаруй болж буй ч тарваганы мах тээвэрлэх зөрчил гарсаар байгаа гэнэ. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл тарваганы 200 гаруй мах хураан авч, устгажээ. Хяналтын цэгээр нэвтрүүлэхийг завдсан тарваганы махны дийлэнх нь Завхан, Говь- Алтай аймгаас ирсэн нь тогтоогджээ. Эдгээр аймгаас Улаанбаатар руу ирэх замд хяналтын хэд хэдэн цэг байдаг ч хүмүүс хориотой тээвэрлэлтэд гаршиж, нийслэлийн хаяа хүртэл ангийн махаа авчирч чаддаг аж. Тарвагыг агнаж хөлдөөгөөд, хүнсний скочоор ороож, хонь, үхрийн махан дотор хийж оруулах аргыг туршлагагүй "шинэковууд" хэрэглэдэг болчихож гэнэ. Харин мэргэшсэн хүмүүс нь махаа болгочихоод түүнийгээ уутанд хийж айраг зэрэг үнэрийг нь дарах зүйлс дотор хийдэг болж. Мөн машины дугуй, хаалганы хавтас зэрэгт ч хийдэг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын цагдаа, ахлах ахлагч Г.Оргодол "Баруунтуруун, Эмээлтийн товчоонд шалгалт хийж буй баг нэг сарын хугацаанд тарваганы 200 гаруй мах илрүүлж, устгалаа. Мөн хамтарсан багийнхан Эмээлтийн суурин руу очиж, гэнэтийн шалгалт хийж байна. Ингэхдээ малын түүхий эд авах газар, агуулах зэргийг шалгаж буй. Ийм шалгалтаар ч цөөнгүй зөрчил илэрдэг" гэв. Мөн тэрбээр илрүүлсэн тарваганы махны олонх нь дайвар дотор байсан талаар хэлсэн. Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд дундаж хэмжээтэй хайрцагтай дайврыг 5-10 мянган төгрөг төлөөд л илгээдэг. Жолооч нар дайврыг зорчигчдын ачаан дунд хийчихдэг учир хяналтын цэгүүдэд ажиллаж буй хүмүүс тэр бүр шалгадаггүй аж. Тиймээс үүнийг мэддэг болсон хүмүүс хориотой ачаагаа автобусанд дайчихаад, өөрөө араас нь ирдэг гэнэ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчаас лавлахад "Орон нутгаас ирж буй нийтийн тээврийн жолооч нар тарваганы мах тээвэрлэж явсан хэрэгт холбогдох нь их байна. Битүүлж, скочидсон хайрцгийг жолооч нар тэр бүр задалж үздэггүй учир дотор нь юу байгааг мэдэхгүй. Гэтэл дайврыг нь задлахад тарваганы мах байдаг. Тиймээс хот хоорондын зорчигч тээврийн жолооч нар хүний өгсөн захиасыг шалгаж авах шаардлагатай байна. Ийм хориотой зүйл тээвэрлэж явсан жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн тухайн автобусанд явсан зорчигчдыг эмчийн үзлэгт хамруулдаг. Ингэж зорчигч нартаа түвэг учруулахгүйн тулд авч буй дайвраа шалгах нь чухал" гэлээ. Ийм зөрчил цөөнгүй гарч буй тул уг хяналтын цэгт ажиллаж буй багийнхан хот хоорондын тээврээр ирсэн бүх ачааг улсын хилээр нэвтэрч буй мэт, задалж шалгадаг юм байна. Манай сурвалжлах багийг Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд байхад Завхан аймгаас Улаанбаатарт ирж буй автобусыг шалгасан юм. Шалгалтын явцад тус автобуснаас олон тооны түүхий загас илэрсэн. Тэр мөн л дайвар ачаа байсан юм. Загас агнах хорио тавигдаагүй байгаа учраас хохирлыг тодорхойлж, хариуцлага тооцно гэсэн. Баянзүрх дүүргийн товчоонд зөрчил харьцангуй бага илэрч буй аж. Төв аймагт шүлхий өвчин гарсан учир нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хот руу амьд мал оруулахгүй байх үүрэг өгчээ. Гэтэл энэхүү захирамжийн талаар сонсоогүй хүмүүс орон нутгаас амьд малтай ирэх нь цөөнгүй байгаа гэнэ. Тус хяналтын цэгт шалгалт хийж буй байцаагч нар "Малаа муулж, тухайн газраасаа гарал үүслийн бичиг авч ирээрэй. Ингээгүйгээс болж торгуулах хүн олон байна" хэмээн зөвлөв. Ийнхүү нийслэл рүү орох цэгүүдэд шалгалт хийж буй ч гудамж, талбайд самар худалдсаар байна. Ингэж худалдаж буй самрыг орон нутгаас бус нийслэлийн хойд хэсгийн зуслангийн бүс, Тэрэлж зэрэг газраас түүж байгааг албаны хүмүүс хэлэв. Зуслангийн ногоон бүсээс самар түүж, худалдахад хяналт тавих боломжгүй аж. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, Долоон буудлаас зуслан явах зам дагуу байрладаг хяналтын цэгт шалгалт хийх учиртай ч ийм боломж байхгүй гэнэ.
Оюунхорол: Ус бохирдуулсны төлбөр авснаар компаниудын хариуцлага дээшилнэ
2016 оны 10 сарын 10 400
Өдрийн сонин 2016.09.01 УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа. -Та БОАЖ-ын сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ? БОАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирэх дөрвөн жилийн зорилт, үйл ажиллагаагаа төлөвлөн ажлаа эхлээд байна. МАН-ын удирдлага, хамт олон, УИХ-ын гишүүдийн маань илүү ихийг хийгээрэй гэж итгэл хүлээлгэсэн хоёр дахь томилолт.Төрийн бодлогын залгамж шинж, уялдаа холбоог хангаж, өмнөх зөв бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж ажиллана. Өнөөдөр улс орон иргэдийн маань өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол эдийн засгийн хүндрэл, бэлэн мөнгөний хомсдол. Үнэхээр энэ намар байгалийн баялгаасаа хүртэж, амьдрал ахуйгаа залгуулах гэсэн үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна.Эдийн засаг хямарсан, ард иргэд ажилгүй, орлогогүй байгаа учраасүүнийг шууд буруутгаж, таслан зогсоох хэцүү. Нөгөө талаас хүмүүсээ орлоготой болгох гээд байгаль орчноо сүйтгүүлээд байж болохгүй.Иймээс зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг арвижуулан нөхөн сэргээх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад явж байна. -Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудал олон удаа яригдаж байгаа. Ойрын үед бодитой үр дүнд хүрэхүйц ямар ажил хийх вэ? Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж Орхон голыгбохирдуулжбайгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шапгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна.Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэл нь одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Гэвч байдал өөрчлөгдөхгүй, ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ. -Уул уурхайн компаниуд ус бохирдуулж буй асуудал ганц Орхон голоор тогтохгүй. Цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэвшүүлэхэд салбарын яамнаас юу хийх вэ? Төр нь хууль дүрмээ ягштал мөрдүүлдэг, аж ахуйн нэгжүүд нь үүрэг, хариуцлагаа ухамсарладаг тийм хэвшлийг тогтоох чиглэл рүү бид тууштай явах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой асуудлууд тусаж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Алт” хөтөлбөрийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэхэд анхаарал хандуулна.Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр тусгайлсан хууль боловсруулахаар төлөвлөж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх журам хараахан гараагүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүулэх журмаа ойрын үед баталж мөрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хаягдал усны төлбөрийг тооцох журмыг гаргана. Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд ч тодорхой хуримтлал үүснэ. -Ус бохирдуулсны төлбөрийн асуудал Туул голд ч хамаатай байх. Туулын бохирдлыгбагасгаж, урсцыг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байна вэ? Мэдээж хамаатай байлгүй яахав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш их бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч байна. Улаанбаатар хотын цэвэрлэхбайгууламжийг шинэчлэх ажлыг концессын гэрээгээр хийхээр нийслэлийн ЗДТГ-аас техник эдийн засгийн үндэслэлийн төслийг Францын компаниар хийлгэж байгаа.Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд урьдчилсан байдлаар 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ мөнгийг олж, цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээс өөр арга байхгүй. "Харгиа" цэвэрлэх байгууламжид 28 аж ахуйн нэгж, байгууллага бохир усаа нийлүүлж, эдгээр аж ахуйн нэгжийн хохирол стандарт хэмжээнээс 1,8 дахин их байдаг гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Цаашид ус бохирдуулсны төлбөрийг авдаг болох, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох зэрэг ажпыг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бид жилд 1-2 удаа Туулаа хамгаалах өдөртэй болж, тэр өдрөөрөө бүрэн цэвэрлэгээ хийдэг болно. ТББ-ууд, ард иргэдийнхээ санал, санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааны механизмыг хэлбэршүүлэх ёстой гэж үзэж байгаа. Туул голыг хамгаалах асуудлаар БОАЖЯ, нийслэлийн удирдлагын нягт хамтын ажиллагаа чухал учраас БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэг Туул голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг нягталж үзээд дараа дараагийн холбогдох арга хэмжээг авна. Ер нь хуулийн хүрээнд нэлээд хатуу хяналт, шаардлага тавьж, хаана хаанаа үүрэг хариуцлагаа өндөржүүлж байж Туулаа авч үлдэх байх аа. -Туул голын орчинг сайжруулах төсөл хэрэгжих үү? -Эдийн засагхүндрэлтэй үөд олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийг байгаль орчны тулгамдсан асуудлуудаа шийдэхэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Туул голын орчинг тохижуулж, урсцыг сайжруулах чиглэлээр хоёр ч төсөл хэрэгжихээр болж байгаад баяртай байгаа. АНУ-ын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалт Монгол Улсын усны салбарт, тэр дундаа Улаанбаатар хот орчмын усан хангамжийг сайжруулахад чиглэхээр гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Төслийн үр дүнд Туул голын урсац, усны нөөц нэмэгдэж, төв цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн байхаар урьдчилсан дүр зураг харагдаж байна. АХБ-ны "Туул голын орчинг сайжруулах” төсөл хэрэгжихэд үндсэндээ бэлэн болсон. Бид төслийн саналаа нийслэлийн удирдлагатай нэгтгэх ажлыг хийж байна. Нийт 1.2 сая хүн амьдардаг нийслэлийнхэнд өгөөжтэй үр дүнд хүрэхүйц хэмжээнд төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Мөн Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 197 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудлыг гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьж, жишиг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилын сан зэрэгбайгууллагад асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. -Өнгөрсөн хавар салбарын сайд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ? -Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал манайд ч хүчтэй нөлөөлж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн. Одоо уг хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар яаралтай соёрхон батлуулахаар ажиллаж байна. Парисын гэрээний хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үүднээс дэлхийн олон улс оронд санхүүгийн хөшүүрэг болох "Уур амьсгалын ногоон сан"-г бүрдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр хөгжиж байгаа орнуудыг дэмжих санхүүгийн хуримтлал бий болж байна. Санхүүжилт авахын тулд улс орнууд бие биенээсээ урьтаж уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх төсөл хөтөлбөрөө өгөх ёстой байдаг. Манай улс ч хоцрохгүйн тулд яаралтай батлах шаардлага тулгарч байна. Тиймээс эхний ээлжинд Байгаль орчин уур амьсгалын санг байгуулж, дараа дараагийн ажлыг хийхээр бэлтгэл хангаж байна. -Кувейт-Монголын судалгааны төвийн үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд явагдаж байна вэ. Таныг уг төвийг хувьдаа завшчихсан гэх мэдээлэл цацагдсан учраас асууж байгаа юм л даа? -Монгол Улсын Засгийн газар, Кувейтын Засгийн газар хооронд байгуулсан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд уг судалгааны төвийг байгуулж, 2015 оны аравдугаар сард барилгыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэсэн ч ашиглалтын зардал нь шийдэгдэхгүй байсаар олон асуудал үүссэн. Нэгдүгээрт, барилга нь чанаргүй баригдсан, хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээний холболт бүрэн хийгдээгүй зэргээс болж зарим барилга нь эвдэрсэн. Мөн цахилгаан, дулаан гээд урсгал зардлууд шийдэгдэхгүй хүнд байдалд байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолоор судалгааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлж төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх шийдвэр гарч, менежментийг БОАЖЯ хариуцна гэж талууд гэрээ байгуулсан. Өнөөдөр судалгааны төв хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Судалгааны төвийн барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг бид хөөцөлдөж байна. -Шонхор шувуу экспортлох асуудал байнга л хэл ам дагуулдаг. Өнөөдрийн байдлаар экспортод гаргаж байна уу? -Үндэсний бахархалт шонхор шувууг ашиг олох зорилгоор хил давуулахыг таван жилээр хориглосон Засгийн газрын тогтоол 2013 онд гарсан. Өнөөдөр уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхдээ зөвхөн төрийн өндөр дээд түвшний албан айлчлалын үед соёлын зориулалтаар маш цөөн тоогоор барих зөвшөөрлийг олгож байхаар тогтсон юм билээ. Мөн шонхор шувуу хөдөөгүүр тавьсан эрчим хүчний шугаманд цохиулж үхэж байгаа гэх мэдээлэл бидэнд их ирдэг. Өмнө нь би энэ салбарын сайдаар ажиллаж байхдаа эрчим хүчний шугамуудыг шувуу үргээх сэнс, шувуу суух зориулалтын суудалтайгаар барих, нэгэнт стандарт бусаар баригдсан шугамуудыг ч, хэрхэн өөрчлөх зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар Эрчим хүчний яамтай ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг сэргээгээд ажиллаж байгаа. -Хууль бусаар самар түүгчид ойд "бэлчиж" байна. Энэ үйлдлийг яаж хязгаарлах боломжтой вэ? -Жилийн жилд л самрын болц гүйцээгүй, түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацаа болоогүй байхад ийм үзэгдэл болдог. Энэ жилийн тухайд бүр ч илүү байна гэж иргэд болон хяналт, шалгалтаар явж байгаа холбогдох газруудаас мэдээлэл ирж байна. Хичээл, сургуулийн цаг болсон, ард иргэд маань орлого багатай байгаатай ч холбоотой. Энэ жил зуншлага сайхан болсон учраас самар эрт болсон байна. Ард иргэдийнхээ орлогын эх үүсвэрийгтодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгож самар түүж бэлтгэх өмнөх журамд өөрчлөлт оруулж, ирэх есдүгээр сарын 10-наас эхлэн түүж бэлтгэх зөвшөөрөл олгохоор Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд маань өгөөж хишгээ өгч байгаа хуш модоо хайрлаж, гал түймэр тавилгүй, сонор сэрэмжтэй байгаарай гэж салбарын сайдын хувьд захимаар байна. Ард иргэд маань байгалийн өгөөж хишгээ зөв хүртэнэ гэдэгт итгэж байгаа. -Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ойрын үеийн төлөвлөгөө, зорилт юу вэ? -Бид ирэх жилүүдэд бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ чиглэлд бодитой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Саяхан Цайны зам дагуух Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдсан. Ингэснээр эдгээр гурван улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд бодит утгаар нь санал болгох ажлын эхлэлийг тавилаа. Мөн 33 улс нэгдсэн Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулжбайна. Ирэх аравдугаар сард "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил" сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд виз болон хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлалын дэд бүтцийн асуудал, тэр дундаа орон нутгийн баазууд, зочид буудал, дэн буудлын стандарт, зэрэглэл тогтоох, аяллын гол марштрутуудаа гарган, тэр дагуу стандарт шаардлага хангасан 00-той, хоолны газартай, жижиг дэлгүүр зэрэг үйлчилгээтэй цогцолбор барьж байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, нүүдэлчин ахуй, цэлгэр уужим нутаг гээд Монголын өвөрмөц сайхан бүхнийг үзэх гэсэн гадныхан маш олон бий. Тэр бүхнээ бүтээгдэхүүн, баялаг болгохын тулд олон улсын жишиг стандартад нийцсэн үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэх цаг болсон. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн их боломж бий. Энэ асуудлаар хоёр хөрштэй хил залгаа аймгууд нэлээд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад өнгөрсөн долдугаар сард ирсэн жуулчдын тоо 61970-д хүрсэн нь өмнөх оноос нэг хувиар өссөн дүнтэй байна. Бид жил бүр Монголд ирэх жуулчдын тоог үе шаттай нэмэгдүүлэхийн төлөө тодорхой зорилтууд тавьж байгаа. -Ирэх аравдугаар сард болох олон улсын хурал Монголын аялал жуулчлалын хөгжилд ямар дэмжлэг үзүүлэх вэ? -Энэ оны аравдугаар сарын 13-15-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил" Торгоны замын олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурал Монгол Улсын аялал жуулчлалын бодлогыг олон улсын өндөр дээд хэмжээнд сурталчлан таниулах, цаашид аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлж, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, "Торгоны зам" хөтөлбөрийн 33 гишүүн улсын сайд нар болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдах учраас бараг л хоёр дахь АСЕМ гэмээр томоохон арга хэмжээ юм. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болох зорилт тавьсан байдаг. Энэ зорилтоо бататгах, өөрийн орны аялал жуулчлалын брэндүүдийг олон улсын зах зээлд баталгаажуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэхчилэн энэ хурлаас бидэнд үлдэх өгөөж их. Хурлын үеэр нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярьж, дахин сэргээх, өвлүүлэн үлдээхэд тулгарч буй саад бэрхшээл, боломж бололцооны талаар зөвлөлдөнө. -Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд салбар бүрт л танапт хийж байх шиг байна. Танай салбар энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? -Улсын төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 1.8 их наяд орчим төгрөгөөртасарч байгаа тул Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Монгол Улсын бүх төсөвт байгууллагад хийгдэж байгаа төсвийн тодотгол байгаль орчин, аялал жуулчлалын сапбарыг ч тойрохгүй. БОАЖ-ын сайдын багцаас төрийн өндөр албан тушаалын болон төрийн захиргааны ажилтнуудын цалинг бууруулахад 81.6 сая төгрөг, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан, холбоо, интернэтийн төлбөр, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс, урсгал засвар, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг зардлуудыг тодорхой хувиар болон зарцуулаагүй үлдсэн үлдэгдлүүдээс 524.8 сая төгрөг, байгаль орчинг хамгаалах арга хэмжээ, баяр, наадам, тэмдэглэлт ой, гадаад харилцаа зэрэг ангиллын зардлаас 198.4 сая төгрөг, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээний зардлаас нэг тэрбум 350.2 сая төгрөг, аялал жуулчлалын зардлаас 370.1 сая төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөг хасахаар төлөвлөсөн. Манай яамнаас хямралыг хэрхэн даван туулах тусгай төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ төлөвлөгөөнд байгаль орчны салбараас орж байгаа орлогыг нэмэгдүүлэх, нэмэлт орлого олох боломжийг судлах, эрх зүйн орчинг шинэчлэх зэрэг ажлуудыг тусгаж байна. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу 2013 оноос ус, ой, ан амьтан, ургамал ашигласны татвар хураамж орон нутагт ордог болсон. Эдгээр орлогууд байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах ёстой боловч тэр бүр зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа. Иймд байгалийн нөөц ашигласны орлогын тодорхой хувийг бодлогын яаманд төвлөрүүлж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай гэж үзэн асуудлыг судалж байгаа. -Ер нь эдийн засгийн хямралын үеийг хэрхэн хүндрэл багатай давж болох вэ. Туршлагатай улстөрчийн хувиар байр сууриа илэрхийлнэ үү. Тойргийн сонгогчидтойгоо уулзахад юу ярих юм бэ? -Улс орны нийгэм, эдийн засгийн хямрал үүссэн шалтгаан, бодит байдлыг манай ухаантай ард түмэн бие сэтгэлээрээ бүрэн ойлгож байгааг Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийнхоо иргэдийг төлөөлсөн 1000 гаруй сонгогчтой хийсэн уулзалтаас мэдэрсэн. Улс орноо өрийн дарамтаас гаргаж, уналтад орсон эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өмнө нь төсөөлж байгаагүй санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байна. Гэсэн хэдий ч бид сонгогдсон, томилогдсон эхний өдрөөс эхлээд ард түмэндээ амласан амлалтуудаа хэрэгжүүлж, эдийн засгаа эрүүлжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Бидний өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, монгол төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон томоохон сорилт тулгарч байна. Улс орны хэтэвч нимгэн, эдийн засаг хүндхэн байгаа ч Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг олгож, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хямралыг хэрхэн давах шийдвэрээ Засгийн газар танилцуулсан. Ард иргэд маань бодит нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа нь биднийг урагшаа харж ажиллахад их дэм болж байна. Д.ГАНСАРУУЛ
Шүлхийн вакцинжуулалтыг ирэх сарын 8-нд дуусгана
2016 оны 10 сарын 10 372
Өнөөдөр сонин 2016.08.30 Төв аймгийн Баян сумын Цавчир багийн малчин Б, Өгөөмөр багийн Т нарын 22 үхэр шүлхийтсэн. Үүнээс болж тус аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Нийслэлийн зарим дүүрэгтэй хил залгаа оршиж буй тус сумын 43 үхрийг устган, вакцинжуулалтад 18 өрхийн 7200 малыг хамруулж, 28 үхрийг тусгаарлах арга хэмжээ авсан юм. Тэгвэл нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Нийслэл дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй 24 цагийн хяналтын цэг ажиллуулан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй. Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Налайх, Багануур дүүрэг дэх шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс вакцин хуваарилуулан энэ сарын 25-наас хийж эхэлсэн аж. Уг ажлын явц 70 гаруй хувьтай, ирэх сарын 8-нд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Багахангай дүүргийн 350 малаас цусны дээж цуглуулан, шүлхий дэгдсэн үеийн тандалт судалгаа хийж эхэлсэн байна. Энэ нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал судалгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Багануур дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллуулах хүмүүсийн орон тооны асуудлыг шуурхай шийдвэрлэх, Эмээлт товчоонд байрлах Автозамын хөгжлийн газрын барилгыг ашиглалтад хүлээн авч, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Автозамын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ажилтнуудыг байрлуулах, ажиллах нөхцөл бололцоог хангахаар шийдвэрлэсэн. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй Баянзүрхийн товчоо нь суурьшлын бүсэд орсон тул зүүн тийш нэн даруй шилжүүлэх, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь амьд мал худалддаг цэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замуудад хөдөлгөөнт эргүүл нэмж гаргах, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх захирамж гарган, зардлыг шуурхай шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Шүлхийн голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж, нийслэлийн Цэргийн штаб, ХААИС-ийн оюутнуудтай хамтран ажиллахыг мөн үүрэг болгосон юм.
16 дугаар байрны түүх давтагдах вий
2016 оны 10 сарын 10 496
Өнөөдөр сонин 2016.08.29 Ирэх өвөл олон жилийн дунджаас хуйтрэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж буй. Хүйтний эрч ирэх сарын сүүлчээс чангарах сургаар хүмүүс дулаан хувцсаа хэдийнэ бэлдээд эхэлчихлээ. Үүнтэй адил нийслэл ч өвөлд бэлдэж байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгаа аж. Инженерийн шугам сүлжээний урсгал засвар 90 гаруй, их засвар 40 гаруй хувьтай байгаа гэнэ. Аймаг, нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгууль, гадаадын том хурал цуглаанаас шалтгаалан өвөлд бэлтгэх явц тодорхой хугацаагаар хойшилсон ч ирэх сард багтаан төлөвлөгөөт ажлаа дуусгах ажээ. Харин зарим орон сууцны байр, хороолол, СӨХ "хадландаа гараагүй", алгуурлаж сууна. Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны 61 дүгээр байрны гарааш руу орох хашлага хана өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нурсан ч өнөөдрийг хүртэл засаагүй байна. Хашлага нурснаас үүдэн зэргэлдээ орших 59, 60 дугаар байрны нягтруулсан хөрс сууж, гулгалт үүсчээ. Мөн барилгуудын зоорийн давхрын гулдмайн өрлөг захаасаа нурдаг болсон аж. Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд шалгалт хийж, "Хашлага нурсан нь угсармал бетоны өрлөг нурах шалтгаан болсон байна. "Барилга ашиглалтын дүрмийн 2.5.5-д заасны дагуу эдгээр орон сууцны барилгын баталгаат хугацаа дуусгавар болсон тул эвдрэлийг 61 дүгээр байрны "Дэлгэр эрдэнэ", 60 дугаар байрны "Хөх бүрд", 59 дүгээр байрны "Мандал цацрал" СӨХ, гараашийн өмчлөгч болон ашиглалт хариуцсан байгууллагууд зас. Эс бөгөөс барилга болон инженерийн худгийн ашиглалтын хэвийн нөхцөл алдагдана" гэсэн дүгнэлт гаргажээ. Ийм дүгнэлт гараад гурван сарыг үдэж байхад өнөөх нь бахь байдгаараа байна. 61 дүгээр байрны зоорийн давхар дахь гараашийг нэгэн иргэн хариуцдаг бөгөөд нурсан хашлагыг хэрхэн засах талаар СӨХ-ны дарга нартай ярилцаагүй байгаа аж. Хорооны дарга нь хашлагыг засах арга хайж яваа ч хоёр байрны СӨХ, "Монгол маамуу" цэцэрлэг хөрөнгө гаргаж чадахгүй гэсэн талаар оршин суугчид хэлэв. 60 дугаар байрны "Хөх бүрд" СӨХ-ны дарга А.Цэрэнбатаас нурсан хашлагыг хэзээ засахыг лавлахад "Нурсан хэсгийг таван байгууллагыг хамтран зас гэсэн. Үүнд гурван СӨХ, хоёр байгууллага орж буй. Гэвч одоогоор нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Өнгөрсөн баасан гаригт хорооны даргатай уулзахад удахгүй засах тухай ярьсан. 61 дүгээр байрны доод гараашийн эзэн нурсан хэсгийг засах төсөл боловсруулчихсан байна гэсэн. Нийтдээ таван сая төгрөг шаардлагатай гэж дуулсан. Үнэхээр төсөл нь бэлэн болчихсон бол манай СӨХ шаардлагатай мөнгийг нь шилжүүлчихнэ. Харин нөгөө хоёр СӨХ боломжгүй гэсэн бололтой юм билээ. Ямар ч байсан хүйтрэхээс өмнө засуулна. Уг нь би нурсан хашлаганы орчим цемент цутгачихъя гэсэн боловч доогуур нь бохир болон цахилгааны шугамтай болохоор дур мэдэн цутгалт хийж болдоггүй юм билээ” гэв. Тухайн нуралт үүссэн хэсэгт очлоо. Барилгын ойролцоох талбайг цементлэхдээ дор нь хогтой шороо хийчихдэг бололтой, барилгын компаниуд. Уг нь барилгын суурьт хайрга, дайрга байх учиртай. Гэтэл 60 дугаар байрны урд байрлах инженерийн худгийн ормоос хогтой шороо асгарчихсан байна лээ. Уг худагт "Монгол маамуу"' цэцэрлэг бохирын шугамаа холбосон аж. Хашлага нурсны дараахан шугам нь ил гарчихаад, өмхий үнэртэж байсан талаар 60 дугаар байрны оршин суугчид хэлэв. Мөн тэд "Эдгээр барилга ашиглалтад ороод олон жил болчихсон учир барьсан компани нь хариуцахгүй гэнэ лээ. Тэгэхээр СӨХ-д мөнгө гаргаж, засах ёстой болж байгаа юм. Гэтэл зарим СӨХ нь эсэргүүцэж буй. "Монгол маамуу" цэцэрлэгийнхэн ч адил. Нэгэнт л бохирын шугамаа холбосон юм чинь ил гарсныг нь далдлах мөнгөө өгөх л ёстой шүү дээ. Дүүргийн удирдлагууд шийдвэр гаргаж, албан даалгавар өгөхгүй л бол энэ янзаараа өвөлжих нь" гэцгээж байв. Зарим хүн 59 дүгээр байрны даацын хана уг нуралтаас болоод суух, цуурах магадлалтай гэж байв. 61 дүгээр байранд хөрсний нуралт хамаагүй учир хана нь цуурах эрсдэлгүй аж. Харин 59, 60 дугаар байрны суурь тийм ч гүнзгий биш учир хазайхад амархан гэнэ. 60 дугаар байрны зоорийн давхарт дөрвөн айл амьдардаг бөгөөд хана нь цуурвал тэр айлууд хэрхэх бол. Үүнээс гадна хашлага нурсны дараа 360 вольтын цахилгааны утас ил гарсан аж. 60 дугаар байр гаднаа ганц саравчнаас өөр зүйлгүй. Тиймээс тухайн байрнуудын багачууд гарааш руу ордог зам дээр тоглодог гэнэ. Харин ийм утас ил гарсны дараа эцэг, эхчүүд тийшээ явахгүй байхыг хүүхдүүддээ анхааруулдаг болж. Сахилгагүй жаал түүний бүрээсийг шалбалж үзвэл бараг л амьдаараа шарсан мах болчихно. Оршин суугчид "Уг цахилгааны тэжээл ямар байгууллагынх гэдгийг мэдэхгүй байгаа. Нурсан шороон дороос гарч ирсэн. Энэ хэсгийг даруйхан засахгүй бол шороо улам л нурсаар байгаа. Удахгүй хүйтэрлээ. Бороо, цасанд утасны бүрээс мууддаг байх. Хүүхэд хүрэх вий гэхээс л эмээх юм" гэлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 16 дугаар байрны ойролцоо нүх ухсанаас болж, тухайн байр хазайсан. Тэгвэл дээрх байрнуудын нөхцөл 16 дугаар байрнаас ялгаагүй гэдгийг мэргэжлийнхэн онцлов. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад "Барилгын сууриас хоёр метрийн зайтай газрын хөрс гулгахад тухайн барилга хазайдаг. Энэ зургаас харахад 61 дүгээр байранд хазайлт үүсэхгүй. Харин 59, 60 дугаар байр эрсдэлтэй байна. Хэрэв хөрс нурсаар байвал барилга хазайна. Тиймээс шороог нягтруулж, хашлагаа даруй хийх шаардлагатай. Үүн шиг эрсдэлтэй байр нийслэлд олон бий. Барилгын хооронд байх ёстой зай хэмжээг мөрдөөгүйгээс болоод гараашийн хашлага ханыг нөгөө байртай тулгаж хийсэн байгаа юм" гэсэн юм. Ийм эрсдэлтэй нөхцөл үүсээд дөрвөн сар болж байхад зарим хүн "Миний асуудал биш" гээд хад чулуу шиг сууж байна. Нэг л өглөө цас орчихсон байвал нурсан хөрсийг засах нь өнгөрч, хавар ирэхийг хүлээхээс өөр аргагүй болно. Тэр үед хөрсний нуралт улам ихсэх аюултай юм билээ. Хөхөө өвлийн хүйтэнд "Барилгад чинь хазайлт үүсчихэж. Өөр тийшээ нүүцгээ" гэж оршин суугчдыг сандаргах вий. Хоорондын зайгаа мөрдөөгүй, стандартад нийцээгүй барилга барьснаас болж хэдий болтол иргэдийг хохироох вэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ