70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хачигт хазуулах нь хоёр дахин нэмэгдэв
2016 оны 10 сарын 10 368
Өнөөдөр сонин 2016.06.28 Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хачигт хазуулан, халдварт өвчин тусах нь нэмэгдсээр байна. 2016 он гарсаар энэ шавьжинд хатгуулсан хүний тоо өнгөрсөн оны мөн үе, сүүлийн таван жилийн дунджаас хоёр дахин нэмэгджээ. Одоогоор 16 аймгийн 80 гаруй сум, Улаанбаатар хотод ийм өвчин бүртгэгдээд байна. Манай улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцэн, идэвхтэй сордог үе нь хавар, зуны улирал. Энэ шавьж нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ тээж, хүн, мал, амьтны цусыг сорохдоо өвчин халдаадаг. Өдгөө хачигны энцефалит, боррели, рикетс гэсэн гурван төрлийн вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин манайд зонхилж байна. Тиймээс голын эрэг, ой мод, уул, хаданд амарч, зугаалахаар зэхсэн бол өөрийгөө болон гэр бүл, ойр дотно хүмүүсээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөлөө.
41 стандартыг шинээр баталлаа
2016 оны 10 сарын 10 369
Үндэсний шуудан сонин 2016.06.24 Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, хими, хими технологи, хэмжил зүй, мэдээлэл, харилцаа холбоо, байгаль орчин, гөмөр зам, төрийн үйлчилгээ, эрчим хүч, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдал зэрэг есөн салбарын нийт 41 стандартыг хэлэлцэн баталлаа. Хүнсний стандартад хүнсний бүтээгдэхүүний химийн нэгдлийг тодорхойлох аргачлалд тавих шаардлага, сүү ба цөцгийг спиртийн сорьцоор дулаанд тэсвэрлэх чадварыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэв. Харин эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг анагаахын салбарт нутагшуупах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. Мөн хэмжил зүйн олон улсын стандартыг орчуулан гаргаж халуун, хүйтэн усны тоолууртай холбоотой стандартуудыг гаргасан. Энэ нь тоолуурын чанар дээшлэх ихээхэн ач холбогдолтой ажээ. Харин байгаль орчны стандартчиллын техникийн хорооноос байгальд байгаа, ажлын байрны, шатаах зуухнаас гарч буй хорт бодисуудын хэмжээг тодорхойлон стандарт болгон баталлаа. Хурлын үеэр цаг уур орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваагаас зарим зүйлийг тодруулаа. -Танайх ямар стандартууд батлуулсан бэ? -Манай "Байгаль орчны стандартчиллын техникийн хороо"-ноос байгаль орчин, агаарын хяналт шинжилгээ, эх үүсвэртэй холбоотой хоёр стандартыг шинээр хэлэлцэж батлууллаа. Үүнд, чандарлах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дах агаар бохирдуулах бодисын хэмжээ, техникийн ерөнхий шаардлага зэрэг орсон. -Чандарлах зуухны яндангаар агаарт хичнээн хэмжээний хор цацагддаг юм бол? -Энгийн зуух болон чандарлах зуухнаас маш олон төрлийн хор агаарт цацагддаг. Харин чандарлах зуух нь хүний эрүүл мэнд болон байгаль, хүрээлэн буй орчинд хортой бохирдуулах бодис, түүн дотроо хүнд металл, мөнгөн ус, хар тугалга гэсэн бодисуудыг ялгаруулдгыг стандартад нэмж орууллаа. Мөн удаан задардаг органик бохирдуулах бодис диоксидант гэсэн шинэ бохирдуулах бодисуудыг нэмсэн. Хуучин стандартуудад бол эдгээр үзүүлэлтүүд байхгүй, стандарчилж өгөөгүй байсан.
Эстрогентэй тахианы мах эрчүүдийг минь үгүй хийх вий
2016 оны 10 сарын 10 484
Өнөөдөр сонин 2016.06.23 Тайландын вант улсыг хамгийн олон саармаг хүйстэнтэй гэдэг. Эрэгтэй биетэй эмэгтэйлэг хүмүүсийн орон ч гэж хэлэх юм билээ.Тийм "эрчүүд"-ийг гаднаас нь харахад ганган дэгжин хувцасласан, эмэгтэйчүүдээс ч илүү аальгүй, бас хэрүүлч байдаг аж. Гоёл чимэглэлдээ ч маш их санаа тавьдаг байна. Тэнд цэргийн алба хаах эр хүн олдохоо байсан гэх юм. Цагтаа эрэмгий дайчин эрчүүдээрээ гайхуулж явсан улс үндэстэн яагаад ийм олон "хатагтай" эртэй болчихов оо. Үүнд олон улсын эрдэмтэд нэгэн дүгнэлт хийсэн байна. Энэ бүхэн тус улсын хүнсний гол бүтээгдэхүүний нэг болох тахиаг эстроген буюу эм бэлгийн даавраар тарьж, таргалуулсантай холбоотой байж болзошгүй гэнэ. Үүнийг өндөр хөгжилтэй орнуудын бодлогоор хийсэн зүйл гэх хүн олон байдаг аж. Эм бэлгийн уг даавар эрэгтэй хүний биед их хэмжээгээр орох нь түүний сэтгэл санаа болон биеийн хөгжлийг өөрчилдөг шидтэй гэдгийг батлан хэлэх эрдэмтэн олон байдаг. Ялангуяа орчин үеийн тахианы аж ахуйд дааврын бэлдмэл, хиймэл бордоо их хэмжээгээр ашигладаг болсон нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Манай улсад ч ийм аюул учирч болзошгүй шүү дээ. Нийслэлд өнгөрсөн тавдугаар сард болсон эрүүл мэндийн нэгэн сургалтын үеэр багш нь эстроген тарьж таргалуулсан тахианы махны талаар дурдсан юм. "Даавар хүний биед орсныхоо дараа хүнсний бүтээгдэхүүнтэй адил ялгадас болж гадагшилдаггүй. Ийм дааврыг тахианд тарьж, түүнийг генийн өөрчлөлтөд оруулдаг. Тэгэхээр бүсгүйчүүд минь ийм тахианы махаар хоол хийж, нөхөртөө өгөхөөс аль болох зайлсхийж байгаарай. Бэлгийн чиг хандлага нь бүүр өөрчлөгддөггүй юм гэхэд хоолоо идчихээд л та нартай тогоо шанаганы хэрүүл хийгээд эхэлнэ шүү" гэж захиж байв. Өнөөгийн нийгэмд хүүхнүүдээс илүү хэрүүлч, хов жив хөөцөлдөж, гоёж, гоодохын хэнээ туссан эрчүүд олон болсон нь илт анзаарагддаг. Тэднийг хараад өнөөх аюулт эстрогений илүүдэл нь энэ үү гэж бодоход эрхгүй хүргэж байна. "Одооны залуусын байж байгааг "гонжийчихоод", бүүр сүр сүлдгүй болчихож" гэх ахмадуудын яриа ч үүнийг батлах мэт. Ямар ч байсан эрүүл мэндийн салбарын олон хүн "Эрчүүд тахианы мах идэж болохгүй" хэмээн зөвлөж байна. Тахианы биед ч энэ даавар байдаг, гэхдээ хэвийн хэмжээтэй. Түүн дээр нь нэмээд тарьж буй нь л аюул дагуулж байгаа аж. Хэт өндөр тунгаар буюу зургаан эмэгтэй хүний бэлгийн дааврыг нэг тахианд тарьдаг юм байх. Залуус эмэгтэй хүний даавар ууж, идэж эхэлбэл байгалиас заяасан эр бэлгийн даавар буюу андроген нь багасаад, дараа нь буцаж хэвэндээ ордоггүй юм байна. Эр бэлгийн даавар нь буурсан залуусын биед дараах шинж тэмдэг илэрдэг. -Бэлгийн дуршил буурах -Өөртөө итгэлгүй болох -Хоол сойгоод ч илүүдэл жин багасахгүй -Мөрний дотор тал сулбагар -Сульдаж ядардаг болох Энэ бол зөвхөн биед гарах өөрчлөлт. Харин сэтгэл санаанд маш олон өөрчлөлт үзүүлдэг. Тэднээс хамгийн аймшигтай нь бүсгүй хүнийг хайрын харцаар ширтэж чадахгүй болох явдал. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг генийн ийм өөрчлөлтөд оруулах нь аюултай болон ямар ч аюулгүй гэх хоёр өөр тайлбарыг шинжлэх ухааны эрдэмтэд гаргадаг байна. Гэхдээ яг аль нь зөв болохыг хараахан тогтоогоогүй. Учир нь хүн төрөлхтөн ийм өөрчлөлттэй хүнс хэрэглэж эхлээд хагас зуун жил орчим л болж байгаа. Иймээс хүний удамшилд хэрхэн нөлөөлж байгааг одоо батлах боломжгүй гэнэ. Гэхдээ аюултай, хүний бие, эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлнө гэдэгт эрдэмтдийн дийлэнх хувь нь итгэлтэй байна. Эстрогентэй тахианы махны талаар анх 1970 оны үед Итали улсад ярьж эхэлжээ. Тэр үед охидынх нь хөх наснаасаа эрт ургаж эхэлсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Ингээд охид идсэн тахианыхаа махаар дамжуулан, хэт их эстрогентэй болсноор ийнхүү өсөлт хөгжилд нь өөрчлөлт орсныг эрдэмтэд тогтоожээ. Ийм дааврыг өндөр тунгаар биедээ шингээсэн эр, эм хүний аль нь ч байсан мэдрэл, шингэний зохицуулалт алдагдан, хортой нөлөө үзүүлдэг. Даавар хүнд яаж нөлөөлдгийг батлах олон зүйл бий. Үүний нэг нь спорт. Хүндийн өргөлтийн тамирчин эмэгтэйчүүд андроген даавар ууж, булчин шөрмөсөө томруулдаг гэх юм билээ. Тийм эмэгтэйчүүд нь эрчүүдээс дутахааргүй бяр тэнхээтэй, хатуужилтай болдог. Харин эстроген хэрэглэсэн эрчүүд эмэгтэйлэг болж өөрчлөгдөнө. Түүнчлэн түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал ч нэмэгддэг аж. Манай Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори импортоор оруулж ирж буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжилдэг. Гэхдээ хүнд металл, хүнсний ариун цэвэр, антибиотикийн үлдэгдэл, вирус судлалын шинжилгээ л хийдэг. Энэ талаар тус лабораторийн нян судлагч, шинжлэгч эмч Ё.Батнасан "Манай байгууллага импортоор оруулж ирж буй амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд генийн өөрчлөлтийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй болсон. Гэхдээ зарим зүйл дутуу байгаа. ПГУ буюу полимераза гинжин урвалын шинжилгээгээр үүнийг хийдэг юм. Тахианы махыг экстракцлах буюу хандлах бодис зайлшгүй хэрэгтэй. Эсийг нь үүгээр задалсныхаа дараа ДНХ-г ялгаж авах цомог болон ПГУ-ын урвалж бодис шаардлагатай байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүний генийн өөрчлөлтөд орсон хэсгийг илрүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, цомог, урвалж, оношлуур ньбайвал тухайн бүтээгдэхүүн илүүдэл даавар агуулж уу, үгүй юү гэдгийг тогтоох боломжтой. Боловсон хүчнээ ч бэлтгэсэн байгаа" гэж ярив. Сүүлийн жилүүдэд Америк болон Европын улсууд тахианы махыг даавраар "таргалуулах" нь хүний эрүүл мэнд, хүүхдийн өсөлт хөгжилд муу нөлөөтэй тул больсон гэж мэдэгдэж байгаа аж. Финланд улсад амьдарч буй иргэн Б.Энхжаргалтай холбогдон, энэ талаар тодруулахад "Европын улсууд болон Америкт худалддаг тахианы мах Монголд байдгаас хамаагүй жижиг. Манай улсад "тамирчин" гэж нэрлэгддэг өндөглөгч тахиа байдаг даа. Түүнтэй л ижил хэмжээтэй байдаг юм. Эрүүл тахиа тийм том гуятай байх боломжгүй. Ямар нэгэн аргаар тэгж томруулсан байгаа. Гэхдээ тэр нь улсын хэмжээний том асуудал учраас маш өндөр нууцлалтай байдаг болов уу" гэсэн юм. Манай улс хөрш хоёр орноосоо тахианы мах оруулж ирдэг. Түүний 80 хувийг нь урд хөрш дангаар нийлүүлж буй. Түүнчлэн манай улсын тахианы махны импорт жил ирэх бүр нэмэгдэж буй. Энэ нь уул уурхай хөгжиж, тэнд гадаадын мэргэжилтнүүд ажиллах болсонтой холбоотой юм байна. Учир нь гадаадын хүмүүс тахиа, гахайны мах идэх сонирхолтой байдгаас манай улс гадаадаас авах махны хэмжээгээ нэмж байгаа гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очир "Импортоор оруулж ирж буй тахианы маханд эрсдэлийн хянан магадлагааг бид газар дээр нь очиж хийдэг. Энэ нь тухайн үйлдвэр, бүс нутаг, улсад нь шувууны халдварт өвчин гарч уу, үгүй юү гэдгийг тогтооно гэсэн үг. 2014 ондХятадын хорио цээрийн холбогдох байцаагч, мэргэжилтнүүдтэй хамтран, зургаан мужаар хянан магадлагаа хийсэн. Ингээд 20 үйлдвэр хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан байна гэдгийг тогтоосон юм. Эдгээр үйлдвэрээс одоо тахиа, гахайны мах импортолж байгаа. Орос улсад ч эрсдэлийн хянан магадлагаа хийж, 10 орчим үйлдвэрээс мах импортолж байна. Хилээр оруулж ирсэн махны чанар, аюулгүй байдлыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон МХЕГ-ын лабораторид дээж өгч шинжилгээ хийлгэн, зах зээлд нийлүүлдэг. Хил дээр мөн орон нутгийн хяналтын байцаагч нар шалгалт хийж байгаа. Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа, эсэхийг хянадаг тогтсон стандарт бий. Түүний дагуу хяналтаа тавьдаг. Тухайн үйлдвэрт очоод, тахианы идэж буй тэжээл, эм бэлдмэл, яаж өсөж үржиж буй зэргийг хянаж үзээд генийн өөрчлөлтөд орсон, эсэхийг нь тогтооно. Мөн тэндхийн мэргэжлийн байгууллагууд үүнийгээ бичиг баримтаар баталгаажуулж бидэнд өгдөг. Даавраар тарьж томруулдаг, эсэхийг би хэлж мэдэхгүй. Тэгдэг гэж бодохгүй байна" гэлээ. Шинэ халаатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэвсээрэй гэж хэн нэг дарга цэргийг ирэхэд үнэн нүүр царайгаа нуудаг шиг явдал болоогүй байгаа гэх хардлага эндээс төрсөн.Учир нь их хэмжээний мах байнга худалдан авах гэж байхад хамаг л муу муухайгаа хэн харуулах билээ. Тэгээд даавар тариагүй, генийн өөрчлөлтөд ороогүй гэдгийг зөвхөн цаасан дээрх бичгээр баталгаажуулан авч байгаа нь өөрөө эрсдэлтэй. Цаасан дээр юу ч гэж бичиж болно. Тиймээс импортоор оруулж ирж буй тахианы маханд генийн шинжилгээ хийн даавар тарьсан үгүйг баараггүй тогтоодогболох шаардлага гарч байна. Тэгэхгүй бол аав болох хүсэлтгүй эрчүүд Тайландынх шиг олширч мэднэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ