70382348

info@umch-tender.kh.gov.mn

680.000 га талбайд хөнөөлт шавж тархжээ

2016 оны 10 сарын 10 464

Өнөөдөр сонин

2016.07.19

Ойн хортон шавьж энэ жил өнгөрсөн онуудаас элбэг тархжээ. БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархсаныг тогтоосон байна. Үүний дотор 69 сумын 590.000 га талбайд хөнөөлт шавьжийн голомт үүсээд буй гэнэ. Тус байгууллагын мэргэжилтнүүд жил бүрийн хавар, намар 19 аймгийн 100 гаруй сумын ойн сангийн хоёр сая гаруй га талбайд ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг гүйцэтгэдэг юм байна. Манай орны ойн санд 16 орчим зүйлийн хөнөөлт шавьж тархсан байдгаас Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зонхилон хөнөөл учруулж буй гэнэ.

"Өмнөх жилүүдийг бодвол хортон шавьж их тархаад байгаа нь хэт олшролынх нь жил тохиосонтой холбоотой. Мөн цаг уурын өөрчлөлт, дулаарал ч нөлөөлж байна" гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны мэргэжилтэн Б.Батцэцэг хэлсэн юм.

Одоогоор Хөвсгөл, Завхан, Хэнтий, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумын ойн сангийн 136.563 га талбайд Сибирийн хүр эрвээхэйн, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумын ойн сангийн 26.437 га талбайд өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсчээ. Мөн Якобсоны төөлүүрч эрвээхэйн голомт Хөвсгөл, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймгийн зарим сумын 292.833 га талбайд, эгэл бийрэн сүүлт эрвээхэйн голомт Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумын ойн сангийн 95.529 га талбай, бургасны хүр эрвээхэйн голомт Архангай, Баян-Өлгий аймгийн зарим сумын ойн сангийн 27.758 га талбайд үүссэн байна.

Голомт үүссэн газруудын нэг болох Архангай аймагт гэхэд ойн сан бүхий газрынх нь 80 хувь нь хортон шавьжинд өртжээ. Аймгийн Байгаль орчны газрын дарга С.Сарантуяа "Манай ойн санд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч зонхилон тархаад байна. Бид жил бүр 200.000 га талбайд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг. Хортонтой тэмцэх тухайд 2016 онд 16.400 га талбайг хамгааллаа. Энэ нь 2015 оныхоос буурсан дүн. Уг нь улс, орон нутгаас анхаарч, төсөв гаргаж буй ч хүрэлцдэггүй" гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ