70382348

info@umch-tender.kh.gov.mn

Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж амиа алдлаа

2016 оны 10 сарын 10 409

Өдрийн сонин

2016.07.22

-Өмнө нь хэд хэдэн удаа газ үнэрлэж байснаа хүлээсэн байна-

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гал унтраах 26 дугаар ангийн хажууд өсвөр насны хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурсан байдалтай баригдсан байна. Харамсалтай нь 16 настай Ц гэгч нь газ хэтрүүлэн үнэрлэсний улмаас газар дээрээ нас баржээ. Албаны хүний мэдээлж байгаагаар он гарснаас хойш үүнтэй төстэй дөрвөн хэрэг гарчээ. Өсвөр насныхан ийнхүү мансуурах болсонд эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүй зэрэгтэй холбоотой хэмээн хууль хяналтын байгууллагаас мэдээллээ. Талийгаач хүүтэй хамт ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хүүгийн хувьд одоогоор байцаалт өгч, гэрийн хорионд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Ахуйн хэрэглээний газны найрлагад пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй химийн бодисууд багтсан байдаг. Энэ хорт бодисуудыг ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн байцаагч, ахмад Ш.Бурмаа мэдээлэхдээ "Хэргийн талаар энэ сарын 19-ний 22 цагт жижүүрээс надад мэдээлэл ирсэн. Тэр хоёр хүүхэд өмнө нь удаа дараа газ үнэрлэж байж" гэсэн юм.

Хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхэд газ үнэрлэж мансуурсан бол газ хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог байна. Тухайлбал, хүүхэд газыг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд хариуцлага тооцох, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай юм байна.

Тодруулбал, худалдаа үйлчилгээний журамд заасны дагуу 18 нас хүрээгүй хүүхдэд шингэрүүлсэн хий, шатдаг хийг худалдахыг хориглоно гэсэн заалт байдаг байна. Энэ журмыг дэлгүүр, түц, мухлагууд баримтлахгүй байгаагаас энэ төрлийн хэрэг гарсаар байгаа гэнэ.

Тэдгээр хүүхдүүд амьдардаг байрныхаа гадна байдаг хоёр дэлгүүрээр орж газ худалдаж авах гэсэн байна. Нэг дэлгүүрийн эзэн нь зарахгүй гээд зандраад гаргасан бол харин хажуугийнх нь дэлгүүр нь худалджээ. Газ худалдсан дэлгүүрийн эзэнд хариуцлага тооцох гэнэ. Хэргийн газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн хоёр ширхэг сав олдсон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ