70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хогийн цэг

2016 оны 10 сарын 10 414

Өнөөдөр сонин

2016.07.25

Горхи-Тэрэлж хогийн цэг болоход ойрхон байна. Үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын дурсгалууд нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг энэ бүс нутагт өнөө зун олон зочин ирсэн бололтой. Ил задгай бие засаж, уусан, идсэн зүйлсийнхээ уут савыг хаа сайгүй орхиод явжээ. Улаанбаатар хотоос 60 км-т оршдог эл газар байгалийн цогцолбор, улсын тусгай хамгаалалттай гэх тодотголтой боловч яг одоогийн нөхцөл байдлаас үзвэл тусгай хамгаалалттай гэдэг нь хэт дөвийлгөсөн гуншин гэлтэй. Байгалийн үзэсгэлэнт бусад газрыг бодоход нийслэлтэй харьцангуй ойр, гол горхи, ой мод элбэгтэй учир зун бүр олны хөлийн газар болдог нь тус газрыг бохирдуулсан хэвээр.

Туул голын ус хурах талбайн 40 орчим хувь нь энэ бүсэд хамаардаг. Горхи-Тэрэлжийн нийт талбайн 30 хувь нь ойн сан бүхий газар учир гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрс элэгдэхээс хамгаалах, мөнх цэвдгийг тогтоон барих хүч болдог гэдэг. Гэтэл энэ газарт, тэр дундаа Туул голын эрэг дагуу түмэн хөлийн амьтан цуглаж хог, ялгадсаа үлдээсээр байна.

10 хүрэхгүй метр зайд барьсан майхан, түүнийхээ гадаа сойсон машинууд, нэг "айлд" дор хаяж 4-5 хүн харагдах нь амьдрал буцалж буйн шинж. Нэг талаар тусгай хамгаалалттай нутгаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хүсэлтэй төр, засгийн зорилго биелж буй мэт санагдах нь сайн хэрэг. Гэхдээ тэнд харуул хамгаалалт сул байгааг ашигласан амрагчид эзгүй хээр буй юм шиг эрх чөлөөгөө мэдэрч, дураараа дургиж буй.

Гадаадынхнаас илүү дотоодын иргэд тус газрыг зорин ирдэг аж. Уг нь жуулчны бааз, амралтын газар хангалттай олон боловч хүмүүс тэдгээрийг тоохгүй, голын эрэг бараадан майхнаа барьчихдаг. “Уул устайгаа ойр байрлахын дээр мөнгө бага зарцуулах учраас ихэнх нь голын эрэгт байрлаж байна" гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааныхан хэлсэн юм. Мэдээж тэнд бие засах газар, хогийн савны аль нь ч байхгүй. Сайныг санаж, зөвийг эрхэмлэн хаягдлаа шингээх газар хайлаа ч тусыг эс олох тул эрээд ч хэрэггүй. Эрт үеийн монголчуудын (одоо ч зарим газарт ийм л байна) амьдарч байсан жишгээр байгальтайгаа нягт харилцахаас өөр замгүй гэсэн үг. Хаяа залган "гэрээ" барьсан амрагчид хогон дунд зугаалчихаад буцдаг төдийгүй, өөрсдөө ч нэмэрлэдэг учир ийм.

Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залган оршдог Горхи-Тэрэлжийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тусгайлан хамгаална гэдэг нь хэн ч хөл тавьж үл болох газар гэсэн үг биш бөгөөд холбогдох хуулиудад зааснаар хамгаалалт, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Уул, хад, гол мөрөн хосолсон үзэсгэлэнт энэ нутгийг унаган төрхөөр нь хадгалж, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэн, байгалийн нөөцийг нь зүй зохистой ашиглахын тулд хамгаалалтад авсан байдаг. Зорилго ч биелж, Монгол оронд аяллын хамгийн эрэлттэй маршрутын тоонд Горхи-Тэрэлж хэдийнэ тооцогдох болсон. Дээр нь хоттой ойрхон болохоор дотоодын иргэд ч тийш зүглэнэ. Тус бүсэд ирэх (ялангуяа урин дулаан цагаар) жуулчдын тоо жилээс жилд өсөж буй юм байна. Өдөрт дор хаяж 1000 гаруй хүн ирдэг гэнэ. Өнгөрсөн зургадугаар сарын дунджийг авч үзэхэд л өдөрт 1466 хүн Горхи-Тэрэлжээр аялсан аж.

Холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч, арга хэмжээ авдаг, эсэхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга М.Доржготовоос тодруулахад "Манай захиргаа нийт 16 ажилтантай. Найман байгаль хамгаалагч бий. Нэг байгаль хамгаалагчид 37.000-70.000 га газар ногддог учраас бидний хүч чадал, нөөц бололцоо үнэхээр хүрэхгүй байна. Зам дагуух хог хаягдлыг л цэвэрлэдэг. Ой шугуй, голын эрэг дагуухыг арилгахад хүч хүрдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Заримдаа ойр орчмын аж ахуйн нэгж болон сайн дураараа ажиллах хүсэлтэй оюутан, залуусыг уриалж, тэдэнтэй хамтран цэвэрлэгээ зохион байгуулна. Нэг удаа манайх орж ирж байгаа хүн бүрт уут тарааж, гарахад нь уутаа хогтой авах арга хэмжээ санаачилж хэрэгжүүлсэн юм. Даанч үр дүнд хүрээгүй. Хүмүүс уут авчихаад хогоо хийдэггүй, хувцас хунараа хийгээд машиныхаа ард тавьчихсан байх жишээтэй. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар дээшилж, машиныхаа цонхоор хогоо шидчихээд явчихдаг нь харьцангуй багассан шүү дээ" гэсэн юм.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар руу орж байгаа хүн бүрээс хураамж авдаг. Дотоодын иргэн бол 300, гадаадынхан 3000 төгрөг төлдөг. Өнгөрсөн сард гэхэд 24 орчим сая төгрөг (жуулчдын тоог инфографикт үзүүлэв) төвлөрсөн гэнэ. Энэ хөрөнгөөр бага сага тохижилт хийж, орчныг нь сайжруулж болдоггүй юм уу гэхэд С.Доржготов дарга "Хураамжийн мөнгөнөөс бид нэг төгрөг ч зарцуулах эрхгүй. Сангийн яаманд төвлөрдөг юм. Манайх төрийн бусад байгууллагын адил төсөв багатай. Сард гурав орчим сая төгрөг л зарцуулах эрхтэй. Тэр нь хаанаа ч хүрдэггүй, ажилчдын цалингаа арай ядан залгуулдаг учраас ийм байдалтай байна. Бид өөрсдөө ажил санаачилж, энэ бүхнийг өөрчилье гэхэд эрх зүйн зохицуулалт байдаггүй" гэв.

Маш олон хүн зорьж очоод байгаа хэрнээ, төр, түмний хүсдэгчлэн аялал жуулчлалын бүс болж, өргөжин тэлээд байгаа атлаа нэг л биш "хөгжиж" буй Горхи-Тэрэлжийн байдал ийм л байна. Зорилго нь зөв атал залуургүй завь шиг хөвж яваа нь энэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ