70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зөвшөөрөлгүй хоёр барилгыг албадан буулгана

2016 оны 10 сарын 10 493

Өнөөдөр сонин

2016.07.26

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 27 барилга барьж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өчигдөр хуралдсан нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, гарц хааж барьсан хоёр барилгыг албадан буулгах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад уламжилсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, "Хүннү" хорооллын урд иргэн Ц.Оюунцэцэг, М.Бат-Очир нарын барьсан дөрвөн давхар сууцыг буулгах санал гаргасан. Учир нь тэд барилгаа зураг төсөлгүйгээр, орон сууцны 95 дугаар байрнаас 1.5 метрийн зайд айлуудын цонх хааж барьсан аж. 2014 онд мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавьж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон ч биелүүлэлгүй, барилга угсралтын ажлаа дуусгасан байна. Үүнээс гадна ЭХЭМҮТ-ийн баруун талд барьсан иргэн Ц.Машбатын барилгыг буулгах гэнэ. Ц.Машбат нь Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус хэсэгт 96 ам метр газар эзэмших эрхтэй болсон ч газрын хэмжээгээ дур мэдэн нэмэгдүүлж, явган хүний зорчих хэсэгт өргөтгөл барьжээ. Тиймээс өргөтгөлийг буулгаж, гарц чөлөөлөх шаардлага тавьж буй аж. Нийслэлийн удирддагууд уг саналыг хэлэлцээд дээрх хоёр барилгыг буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Мөн цаашид ийм зөрчилтэй барилгуудыг буулгана гэдгийг анхааруулав. Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд "Нийтийн эзэмшлийн зам, талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн сөөм газарт ч бизнесийн зориулалтаар барилга барихыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй" гэв. Мөн тэрбээр шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль цэцэрлэгүүдийг яаралтай засаж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ