70382348

info@umch-tender.kh.gov.mn

Эрүүл хүүхдүүд минь эрэмдэг болох вий

2016 оны 10 сарын 10 407

Өнөөдөр сонин

2016.07.28

Г.Баярцэцэг

Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан зүйл тун ховор гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Уг нь Монголын нийт хүн амын талаас илүү хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Цэцэрлэгийн хашаан дахь элстэй сүүдрэвч, байрнуудын дунд байрлах хуванцар гулсуур урин дулааны цагт хүүхэд, багачуудыг зугаацуулдаг юм. Харин хотын төвөөс зайдуу суурин, гэр хорооллын багачуудад хаягдал дугуйгаар хийсэн амьтад, төмөр гулсуур л бий. Стандартчилал хэмжил зүйн газраас тоглоомын чанарт стандарт тогтоож өгсөн ч талбай байгуулахад нь шаардлага тавьдаггүй аж. Тийм учраас барилгын компаниуд, СӨХ, дүүргүүдийн ЗДТГ өөрсдийн хүссэнээрээ хүүхдийн тоглоомын талбайг тохижуулдаг байна. Үерийн ус тогтдог нам дор газар, авто замын дэргэд гэхчилэн "гологдол" газраа л тоглоомын талбай байгуулахад илүүчилнэ. Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг огт тооцохгүйгээр шүү дээ. Унавал өвдөг, тохойгоо шалбалчихааргүй зөөлөвч дэвсээд л аюулгүй байдлыг хангалаа гэж үздэг. Гэвч энэ нь том эндүүрэл юм. Тоглоомын талбай байгуулах стандарт байхгүйгээс бидний хүүхдүүдэд ямар аюул учирч байгааг баримтаар хүргэе.

Баримт 1. Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Ц-ийн гурван настай охин савлуурт цохиулж, гэмтжээ. Тус хорооны байрны баруун талд нийслэлд ховорт тооцогдох тохижилттой тоглоомын талбай бий. Усан оргилуур, бүх насны хүүхэд тоглож болох гулсуур, савлуур, авирдаг тавцан, эцэг эхчүүд жаалуудаа харж суух боломжтой сандал, ахмадуудад зориулсан сүүдрэвч гээд л сүрхий тохижилттой. Гэвч савлуурыг гулсууртай мөр зэрэгцүүлэн байрлуулжээ. Яг л хамар хашааны айлууд шиг. Нэг гулгасан хүүхэд дахин тоглохын тулд савлуурын араар явж, шат руу очих болно. Өөрөөр хэлбэл, багачуудад савлуурдаж буй нэгэндээ цохиулахгүй өнгөрөхийн тулд нэлээд ур чадвар хэрэгтэй болж буй юм. Харамсалтай нь Ц-ийн охинд тийм ур чадвар дутаж, савлуурт цохиулжээ.

Баримт 2. Энэ өдөр Баянзүрх дүүргийн XV хорооны иргэн Б-ийн долоон настай хүүгийн цээжин дээр 37 размерийн гутлын улны хээ үлдсэн аж. Тус хороонд байрлах 13 дугаар байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбай жижиг гулсуур, савлууртай бөгөөд арьс шалбарахаас сэргийлсэн зөөлөн хавтантай. Гэвч талбайн төвд турник бий. Томчуудын эр чадлаа нэгэндээ гайхуулах хэрэгсэл тоглоомын талбай дээр байсан нь хүү ийн бэртэх шалтгаан болжээ.

Дээрх хоёр хэрэг тоглоом хоорондын зайд тавигдах стандарт байхгүйгээс үүдсэн байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэ бол жирийн үзэгдэл аж. Тоглоомын талбай нь авто зам, гараашаас хэдэн метрийн зайд байх вэ гэдэг стандарт ч байхгүй гэнэ. Үүнийг хот төлөвлөлтөд тусгаж, барилга барих зөвшөөрөл олгохдоо дурддаг гэнэ.

Баримт 3. Баянзүрх дүүргийн иргэн Б-ын хүү байрныхаа гаднах тоглоомын талбайн гулсуурын хагарсан ирмэгт шилбээ зүсчээ. Энэ тоглоомын талбай нь мөн л нийслэлд томоохонд тооцогдоно. Сагсных нь талбайг тойруулж хашаа барьсан нь жаахан хүүхдүүдийг томчуудад "мөргүүлэхээс" сэргийлсэн аж. Гэвч талбайд эвдэрхий тоглоом ихтэйгээс гар, хөлөө урахаас эхлээд хүүхдүүд гэмтэж бэртэх нь олон гэнэ.

Баримт 4. Энэ өдөр Баянзүрх дүүргийн иргэн Д-ийн хүү толгойдоо таван оёдол тавиулжээ. Тэрбээр найзтайгаа уулзахаар тус дүүргийн 15 дугаар байранд очсон аж. Тэнд хуванцар гулсуур, савлуур байхгүй. Төмөр гулсуур, доор нь багахан элстэй аж. Мөн гулгаж буусан хүүхэд шууд хайрган дээр газарддаг юм байна. Тэр гулсуур эвдрэн, төмөр нь суларснаас хүүгийн гуяыг гэмтээгээд зогсохгүй, хүү шороон дээр ойчсоноос болж толгойгоо гэмтээсэн гэнэ.

Баримт 5. Хоёр настай Чингүүн хүү мөн толгойгоо хагалж, оёдол тавиулав. Түүнийг гулсуур дээр гарч, гулгах ээлжээ хүлээх зуур үеийн хүүхэд урдуур нь дайрч, түлхэн унагасан гэнэ. Хүү хуванцар гулсуурын тавцан дээрх хамгаалалтын хананы бөөрөнхий нүхээр ойчжээ. Манай улсад "Хүүхдийн тоглоомын талбайд хурц үзүүр, ирмэгтэй тоглоом байрлуулж болохгүй" гэсэн дүрэм бий. Гэхдээ хайрга байлгаж болохгүй гэсэн хориг байхгүй. Эвдэрхий тоглоомыг хэрхэх нь ч тодорхой бус. Орон сууцны дундах тоглоомын талбайн багагүй хэсгийг хайрга эзэлдэг, мөн заавал нэг эвдэрхий тоглоом байдаг гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Талбайд хурц үзүүр, ирмэгтэй тоглоом байрлуулахгүй нь мэдээжийн асуудал. Үүний оронд тухайн тоглоом дээр ямар бие бялдартай, хэдэн настай хүүхдүүд тоглох вэ гэдгийг тусгаж өгсөн бол илүү өгөөжтэй байх сан. Гулсуурын тавцангийн хашилтын нүхээр нэлээд биерхүү хүүхэд ч багтчихаар юм билээ.

Баримт 6. Баянзүрх дүүргийн XX- VII хорооны иргэн Н-ын дөрвөн настай хүү болон түүнтэй хамт тоглож байсан хоёр жаалын гуя, гарт өргөс шигчихсэн байж. Чухам юуны учир ийм хэрэг болсон талаар эцэг, эхчүүд нь тодруулахад хүүхдүүд элс хашсан модон хаалт дээр суусан гэнэ. Тус хороонд тоглоомын талбай гэхээр газар ховор аж. Өнгөрсөн зун хэсэг талбайг шинээр тохижуулж хаягдал дугуйгаар хийсэн амьтан, нэг сүүдрэвч, дөрвөн төмөр сандал байрлуулж, хэсэг газар элс асгажээ. Асгасан элс нь салхи болон хүүхдийн хөлөөр тараад байсан учир түүнийг тойруулан модон хашилт хийсэн гэнэ. Гэвч хашилтаа сайн харуулдаж, лакдаагүй учраас хүүхдүүдийг гэмтээсэн аж.

Гэр хороололд үүнтэй ижил тоглоомын талбай олон бий. Энэ нь тоглоомын чанарт тавигдах стандарт хэрэгжихгүй байгааг илтгэнэ. Дугуйг шатаахад хорт хавдар үүсгэх бодис ялгардаг гэдгийг эрдэмтэд баталсан. Үүнээс гадна дугуйнд шатахуун, тос маслоны үлдэгдэл гээд хортой бодис олон бий. Гадаа +20 хэмээс дээш дулаан байх үед дугуйнд гар хүрэхэд түлэх шахам хайрдаг. Ингэж нарны гэрэлд удаан байлгах нь шатах үйл явцтай ижил гэнэ. Тэгэхээр дугуйгаар хийсэн сандал, тоглоом хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, "Хүүхдүүдээ ямар тоглоомоор тоглох нь бидэнд огт хамаагүй" гэж байгаатай адил юм.

Жижгэвтэр тоглоомын талбай байгуулахад 6-10 сая төгрөг зарцуулдаг гэсэн. Ингэхдээ тоглоомыг нь ямар материалаар хийснийг тодруулдаггүй, худалдаж аваад л гүйцээ. Ийм тоглоом худалддаг хэд хэдэн газар нийслэлд бий. Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг, Монгол гуравдугаар сургуулийн хойно байрладаг. Тэндхийн ажилтнаас тоглоомонд тавигдах стандартыг хэрхэн мөрддөг талаар лавлахад "Манайх нийслэлийн хаа сайгүй байрлуулсантай л ижил тоглоом оруулж ирдэг. Тэгэхээр бусад тоглоомын стандарттай яг ижил" гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Худалдаж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг мэдэхгүй нь гайхаш төрүүлсэн. Энэ мэтээс гадна тоглоомын талбайд байдаг дасгалын төмөр хэрэгслүүд хүүхдүүдэд "заналхийлж" байдгийг эцэг, эхчүүд хэлсэн. Нийслэлд байгаа бүх л тоглоомын талбайд ийм төхөөрөмж бий. Залуус, ахмадуудад биеийн чилээгээ гаргахад нь дөхөм болгох зорилгоор тоглоомын талбайд байрлуулдаг ч үндсэн хэрэглэгчид нь хүүхдүүд. Шилбэ, гуяны булчин чангалах зориулалттай төхөөрөмжид хүүхэд хөлөө хавчуулж, бэртэл авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Мөн хөлийн шар ус тараах зориулалттай төхөөрөмж дээр тоглож байгаад буухдаа шилбэний ясаа гэмтээсэн нь ч бий. Гадаадын улсууд хүүхдийн тоглоомын талбайд хийлдэг тоглоом байрлуулдаг гэсэн. Харин манайд эсрэгээрээ мод, төмөр байрлуулах. Хүүхдэд өргөөд дийлэхгүй төмөр савлуур ч байх жишээтэй. Өөрсдийн биеийн жингээс хүнд тоглоомыг хөлөөрөө түлхэн, хөөргөж тоглох нь юу л бол. Хүүхдэд зориулсан талбай нэрийн дор хүч чадлаа сорьдог тулааны талбар байгуулдаг том эндүүрлээ хэзээ болих вэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ