70382348

info@umch-tender.kh.gov.mn

Дахиад бөөс

2016 оны 10 сарын 10 411

Өнөөдөр сонин

2016.07.29

Ч.Туяа

Танилын минь охин бөөстжээ. Охиных нь төрсөн өдөр саяхан болж, элдэв амттан, эрээн мяраан хувцас, үсний зүүлт, хавчаар, даруулга, боолт гээд есөн шидийн л бэлэг цугласан юм байх. Охин хүүхэд юм хойно, хамгийн түрүүнд нөгөө олон боолт, зүүлтийг бүгдийг нь шахуу толгойдоо зүүгээд гоёчихож. Маргаашнаас нь охины толгой загатнан, тавгүйтээд эхэлсэн ч ээж нь төдийлөн анзаарахгүй явсаар хэд хоногийн дараагаас үс нь хуурстсаныг мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй бөөс гүйж явсан гэнэ. Нөгөө гайхлыг бушуухан устгасан ч цус гараагүй тухай тэрбээр гайхсан байдалтай ярив.

80-аад оныхон болон түүнээс өмнөх үеийнхэн бөөстэй нүүр тулж явсан нь үнэн. Одоо л бөөсний тухай ярихаар ичиж зовон, балиар завааныг нь гайхаж буй ч бидний аав, ээжийн үед бөөстдөггүй хүн гэж бараг л байгаагүй, эмээ, өвөөгийн эринд бол гэрийнхээ гадаа тухтай гээч нь суугаад бөөсөө нясалдаг байсан гэдэг.. Гэхдээ энэ нь сайрхан, гайхуулаад байх зүйл биш ч сүүлийн жилүүдэд бөөс гээч "эргэн ирж" буй талаар мэр сэр сонсогдох болсон. Сонсогдохоор барахгүй нийслэлийн 82, 162, 149 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байсан. Энэ талаар хэсэг шуугиад л өнгөрснөөс өнөөх бөөс юунаас халдварлан, хаанаас ирсэнд хариу өгөх мэргэжилтэн гараагүй.

Эсгий гэрт шавааралдан амьдарч байснаа бодвол монголчууд бид хэдийнэ дэлхийтэй хөл зэрэгцэн, зарим нь тохилог, цэвэрхэн орон сууцанд амьдарч, гэр хорооллынхон ч гэсэн усанд орох соёлд суралцсан. Тэгвэл усанд ордоггүй, угааж цэвэрлэдэггүй бохир заваан хүмүүст байдаг гэх тодотголтой өнөөх бөөс яагаад ам бүл цөөтэй, цэвэрч, нямбай айлын хүүхдийг "зовоох" болов. Урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтноос болж хүүхэд нь бөөстсөн гэх эцэг, эх цөөнгүй байгаа юм. Дээр бичсэнтэй адил явдал яалт ч үгүй гараад буй гэнэ.

"Шарласан хүнд бөөс сайн" гэх сургаар 2008 оны үед нэгэн хүн өнөөх гайхлыг хайсан боловч траншейныхан гэх тэнэмэл хүмүүст ч байгаагүй гэдэг юм билээ. Гэхдээ гадаадын хөгжилтэй орны хүн ам ч бөөсний асуудалтай. Шведэд амьдардаг нэг танилын маань хүүхдийн ангийн сурагч бөөстсөн тухай сонсож л байлаа.

Бид бөөс гээчийг мартаад удсан тул энэ талаар ам нээхээс ичиж, асуудал гарсан ч дор бүрнээ нуугаад л өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Хэдэн найз уулзах үеэр нэг нь зориглон хүүхдээ бөөстсөн талаар ам нээтэл "Манай хүүхэд ч бас, би өөрөө хүртэл" гэж ирээд л ам уралдан ярьсан гэдэг. "Нэг ангид 40-50 хүүхэд явдаг учраас хажуу бөөрөөрөө наалдан, зэрэгцэж унтахаас өөр аргагүй байдаг. Тэгээд л нэгнээс нь бөөс халдсан байх. Ачаалал ихтэй байгаа нь ийм асуудал гарахад хүргэлээ" гэж нэгэн цэцэрлэгийн эрхлэгч ярьж байсан. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ жил ч урьдын адил цэцэрлэг, сургууль ачаалал ихтэй ажиллах нь тодорхой. Ингэлээ гээд хүүхдүүд бөөстөж, хуурстаад байвал юу болох билээ. Энэ талаар МХЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад "Хүүхэд минь үсний хятад боолт зүүснээс хойш бөөстчихлөө. Шалгаж өгнө үү" гэсэн гомдол манайд ирсэн. Үүнийг нягтлахад "Хүмүүс л үсний хятад боолт, зүүлтнээс болж бөөстөж, хуурстаад байна гэсэн шүү дээ" гэжээ. Гэхдээ манай байгууллага гадуур зарж буй хувцас, хэрэглэлд хяналт тавьдаггүй. Тоглоомыг л хянаж, шалгадаг" гэлээ. Хүмүүсийн ярьснаар бидний мэдэх бөөснөөс огт өөр, маш хурдан дэвхэрдэг, урт хөлтэй гэж тодотгоод буй өнөөх бөөсийг холбогдох газрууд нь анхааралдаа авч, шинжилж судалсан, эсэхийг Мал эмнэлэг үржлийн газрын ажилтнаас асуухад, "Манайд одоогоор ийм хүсэлт ирээгүй. Паразит гэдэг үүднээс Мал эмнэлгийн хүрээлэн судлах боломжтой" гэж хариулсан. Харин ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан "Сүүлийн үед хүүхдүүд бөөстсөн талаар гомдол гарч байгаа нь үнэн. Тиймээс хүүхдийн үс, хувцасны хуниас, нугалаас зэргийг тогтмол шалгаж, толгойн бөөс дамжихаас сэргийлж, үсийг боож, сүлжих хэрэгтэй. Толгойн үсэнд бөөс байгаа, эсэхийг шалгахын тулд мөрөн дээр цагаан даавуун алчуур юм уу, амны цаас тавьж, үсийг нь самнаж үзэх, угаагаагүй хувцас, үсний сам, малгай, алчуур, цагаан хэрэглэл, чихэвч, хүүхдийн чихмэл тоглоом зэргийг бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй. Цэцэрлэгийн багш нар хүүхдийн сам, цагаан хэрэглэлийг сольж хэрэглэж болохгүй" гэж ярилаа.

XXI зуунд ч бөөс гээч шимэгч устаж үгүй болоогүй нь үнэн учраас бид сэргийлэх аргыг мэддэг байхад илүүдэхгүй биз. Нэг удаа гарсан бөөс дахиад дэгдэхийг үгүйсгэхгүй тул цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэн, устгуулах талаар заавар, зөвлөгөө авч хэрэгжүүлэх, хөнжил, гудас, орны бүтээлэг, шаардлагатай бол хувцас зэргийг перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бөөс устгах зориулалтын бодисоор ариутгахыг эмч нар зөвлөсөн.

Нэмж хэлэхэд, толгойн бөөс нь хүний толгойн үс, зарим тохиолдолд сахал зэрэгт шимэгчилдэг, 2-3 мм урт биетэй, өдөрт 2-3 удаа цус сордог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 35 хэмд нэг, 25-30 хэмд хоёр, 10-20 хэмд долоо ба түүнээс дээш өдөр амьдрах чадвартай аж. Эмэгчин бөөс өдөр бүр дөрөв, амьдрах хугацаандаа 100 орчим хуурс гаргадаг байна. Бөөстөхийг эмч нар өвчин гэж үздэг бөгөөд зориулалтын шампунь хэрэглэхийг зөвлөдөг аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ