70382348

info@umch-tender.kh.gov.mn

Д.Бадамсүрэн: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс их хордож байна

2016 оны 10 сарын 10 781

Зууны мэдээ сонин

2016.08.25

Р.ОЮУН

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Хоол боловсруулах эрхтэний ямар өвчлөл түгээмэл байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 70 хувь нь элэгний цирроз ээнэгшлээ алдчихсан, нойр булчирхай хайлчихсан, ходоод, хоол боловсруулах дээд замын цус алдалттай өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Хоол боловсруулах эрхтэнд улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай ордог. Монгол Улсад халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэний эмгэг багтдаг. Үүн дотроо элэгний өвчлөл тэргүүлж байна. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор 2030 он гэхэд бусад хөгжилтэй улс оронд зүрхний шигдээс, харвалт тэргүүлэх хандлагатай байгаа. Харин Монголын хувьд элэгний цирроз ихсэх хандлагатай байна гэсэн. Өнгөрсөн жилээс эхлээд "Эрүүл элэг" хөтөлбөр хэрэгжүүлж С вирусын тархалтыг 2020 он гэхэд зогсоохоор ажиллаж байгаа нь үр дүнтэй болж байна. Харвони эм орж ирсэнтэй холбоотойгоор элэгний С вирусын өвчлөл буурах хандлагатай ч В вирусын тархалт их байна. Үүн дээр архины шалтгаант элэгний эмгэг нэмэгдэж байна.

-Архи хоол боловсруулах эрхтэнд яаж нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед Монголд архисах өвчин ихэссэн. Архисах өвчний дор архины улмаас үүсч буй элэгний эмгэгүүд, нойр булчирхайн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Мөн эмийн шалтгаант өвчин сүүлийн үед их ирэх боллоо. Эмийн замбараагүй хэрэглээтэй, дур мэдэж эм уух, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд замбараагүй хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэг аюултай зүйл нь эмч бичиж өгдөггүй, сүлжээгээр мэргэжлийн бус хүмүүсийн үгээр их хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд хортой.

-Тэгвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүний биед сөргөөр нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Монгол хүний элэг эмийн болон архины төрлийн бодисыг удаан задалдгийг манай зөвлөх эмч, академич, Б.Цэрэндаш багшийн судалгаагаар нотлосон. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэневропын оронд үйлдвэрлэдэг. Тэнд том биетэй жин ихтэй хүмүүст зориулж үйлдвэрлэсэн нэмэлт бодисуудыг энд монголчууд тэр тунгаар нь хэрэглэхээр эмийн хордлогод ордог. Эмийн хордлого нь элэг, бөөрний хавсарсан дутагдлаар илэрдэг. Би эмч болсноосоо хойш ийм зургаан тохиолдолтой таарсан ч нэг хүнийг л аварч чадсан. Тэгэхээр ямар хүнд байдалд ордог нь ойлгомжтой байх.

-Сүүлийн үед хүмүүсийн амнаас нойр булчирхай өвдөөд гэсэн үг их гарах болж. Энэ юунаас болж байна вэ?

-Сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа өвчлөл бол цөсний шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл. Нойр булчирхай хайлаад орж ирж байна. Энэ нь нэг талаасаа архины шалтгаантай, нөгөө талаасаа цөсний шалтгаантай. Үүний дараа ходоодны хеликобактери яригдана. Ходоодны хеликобактери нь ариун цэврийн нөхцөл муу хөгжингүй орнуудын өвчин гэж нэг талаар тодорхойлдог. Сүүлийн үед гарч байгаа аюултай зүйл нь манайхан антибиотик замбараагүй хэрэглэснээс хеликобактери нь дасан зохицдог. Өнгөрсөн зун хийсэн Х.Оюунцэцэг багшийн судалгаагаар хеликобактерийн үед уудаг эмэндээ 37 хувь нь дасал болчихсон байсан. Энэ эмийг бөөр, нойр булчирхай, цөс, уушгины үрэвсэлд хэрэглэдэг. Гэтэл хеликобактерид уусаар байгаад бусад өвчинд үйлчлэхээ больсон. Тиймээс эм, тангын замбараагүй хэрэглээг больж, мэргэжлийн эмчид хандаж. зайлшгүй шаардлагатай үед л эм уугаач гэж хэлмээр байна. Зөвхөн парацетамол гэхэд Монголд 44 хэлбэрээр орж ирж байна.

-Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь юутай холбоотой вэ. Идэж, ууж байгаа хоол хүнснээс болж байна уу. Ийм тохиолдолд яах естой вэ?

-Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь олон шалтгаантай. Гэдэсний өөрийнх нь эмгэг ходоод, нойр булчирхай, цөс байж болно. Мөн нийгмээрээ стресстэй байна ш үү дээ. Стресстэй байхад улаан хоолойноос эхлээд шулуун гэдсийг дуустал гэдэсний булчингууд агшилт өгдөг. Гэдэсний булчингийн мэдрэлжүүлэлтийн саа, саажилттай холбоотойгоор гэдэсдүүрч томрох тал байдаг. Ийм тохиолдолд гэдэсний зураг авахуулж харах хэрэгтэй. Энэ нь шохойгоор клизм тавиад рентгенээр зургийг авна. Төрөлхийн урт, өргөн гэдэс гэж байна. Гэдэсний саа, саажилт байна уу гэдгийг гэдэсний бичлэг хийж үздэг ч манайд байдаггүй. Хүмүүс Эрхүүд очиж хийлгэдэг юм билээ. Бүр болохгүй бол мэс заслын аргаар дуран оруулж гэдсэнд ямар нэг голомтот өөрчлөлт байгаа эсэхийг шалгадаг.

Шулуун гэдэсний агшилтаас болж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, өтгөн гүйцэт гараагүйгээс өтгөн хатах асуудал нэлээд байдаг. Үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээгээр юунаас болсон оношоо тогтоолгоод түүнийхээ дагуу эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Рентген зургийг хаана авахуулах вэ. Гэдэсний бичлэг хийдэг төхөөрөмжийг оруулж ирэх боломжтой юу?

-Том эмнэлгүүд бүгд хийж байгаа. Эхний ээлжинд гэдэснийхээ зургийг авахуулаад ямар нэг сэжигтэй зүйл байвал гэдэсний дуран хийлгүүлээд болохгүй бол мэс заслын аргаар шалгадаг. Эрүүл мэндийн байгууллагууд их тохиолддог өвчнүүдийнхээ оношлуурыг оруулж ирдэг. Тэгэхээр гэдэсний бичлэгийг цөөн хийдэг болохоор эмнэлгийн тоног төхөөрөмж, эм оруулж ирдэг компаниуд ашиггүй гэж үздэг юм шиг байна лээ. Манай эмнэлэг ч гэсэн эхлээд элэгнийхээ багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирэх сонирхолтой. Төсөв маань хязгаарлагдмал болохоор үүндээ баригдаад байгаа юм.

-Заримдаа хүмүүсийн амнаас эвгүй үнэр гардаг. Энэ нь ходоод өвчилсөнтэй холбоотой юу?

-Байж болно. Хүний идэж, уусан зүйл ходоодонд орж бүрэн задарч, шимэгдээд доошоо явах ёстой. Гэтэл бүрэн задарч, шимэгдээгүй болохоор ходоодонд байгаа хоол ялзарч муухай үнэртэж болно. Нөгөө талаар хеликобактери гэж ярьдаг. Ходоодонд үрэвсэл үүсгэдэг үндсэн гурван шалтгааны нэг нь хеликобактери. Хеликобактери илэрснээр ходоодонд үрэвсэл явагдаж хоолны шингэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн багцаа байгаа болохоос ходоодонд хатингаршил, улаалт, шарх, шалбархай, хавдар байна уу гэдгийг заах үзүүлэлт болохгүй. Тиймээс заавал дурандуулж оношоо тодруулах шаардлагатай. Мөн амнаас эвгүй үнэр үнэртэх нь амтай холбоотой бүх эрхтэний ямар нэг үрэвсэл ч байж болно. Тухайлбал, чих, хамар, цагаан мөгөөрсөн хоолой төвөнхийн үрэвсэл ч байж болно. Мөн л эмчид хандах ёстой. Манайхны дунд дураараа онош тавих нь элбэг. Тухайлбал, хамраас цус гарахад элэг өвдлөө гээд орж ирдэг. Гэтэл даралт ихэссэнээс, хамарт шарх үүссэнээс, хамрын судас тасарснаас цус гарч болно. Энэ үед заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Ямар тохиолдолд танай тасгаар үйлчлүүлдэг юм бэ?

-Манайх гурав дахь шатлалын эмнэлэг гэдэг утгаараа Улаанбаатар хотынхоо бүх дүүргийг хариуцдаг. Дүүргийн эмнэлэгт хүчрэхгүй, дийлэхгүй, оношлож чадахгүй хүндэрсэн хүмүүс ихэвчлэн түргэнээр манайд ирдэг.

-Хөгшчүүл маань цагаан идээний хөгц идэх ходоодонд сайн гэдэг. Энэ хэр үнэн бол?

-Манайхан цагаан идээний хөгц сайн гэдэг худлаа. Үүнд хавдар үүсгэдэг бодис байдаг учраас идэж болохгүй. Мөн бууз жигнэхдээ гялгар уут хэрэглэдэг. Гялгар уут хүнсний зориулалттай биш болохоор ууршилтаар нь, хавдар үүсгэдэг бодис үүсч бууз руу ордог учраас хэрэглэхийг хориглож байна. Бас боорцог хийхдээ хуучин, хуршсан тос хэрэглэж болохгүй. Тэнд хавдар үүсгэдэг бодис үүсдэг болохоор байнга шинэ тосоор хийж байх ёстой.

-Хүмүүст хандаж та зөвлөгөө өгөөч?

-Баруун аймгийнхан хэт халуун хоол, цай, давс их хэрэглэдэг. Энэ нь улаан хоолой, ходоодоо шууд түлж байгаа юм. Байнга түлээд байвал хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс зөв зохистой хооллож, эмээ зөв уух хэрэгтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ