70382348

info@umch-tender.kh.gov.mn

16 дугаар байрны түүх давтагдах вий

2016 оны 10 сарын 10 493

Өнөөдөр сонин

2016.08.29

Ирэх өвөл олон жилийн дунджаас хуйтрэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж буй. Хүйтний эрч ирэх сарын сүүлчээс чангарах сургаар хүмүүс дулаан хувцсаа хэдийнэ бэлдээд эхэлчихлээ. Үүнтэй адил нийслэл ч өвөлд бэлдэж байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгаа аж. Инженерийн шугам сүлжээний урсгал засвар 90 гаруй, их засвар 40 гаруй хувьтай байгаа гэнэ. Аймаг, нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгууль, гадаадын том хурал цуглаанаас шалтгаалан өвөлд бэлтгэх явц тодорхой хугацаагаар хойшилсон ч ирэх сард багтаан төлөвлөгөөт ажлаа дуусгах ажээ. Харин зарим орон сууцны байр, хороолол, СӨХ "хадландаа гараагүй", алгуурлаж сууна.

Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны 61 дүгээр байрны гарааш руу орох хашлага хана өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нурсан ч өнөөдрийг хүртэл засаагүй байна. Хашлага нурснаас үүдэн зэргэлдээ орших 59, 60 дугаар байрны нягтруулсан хөрс сууж, гулгалт үүсчээ. Мөн барилгуудын зоорийн давхрын гулдмайн өрлөг захаасаа нурдаг болсон аж. Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд шалгалт хийж, "Хашлага нурсан нь угсармал бетоны өрлөг нурах шалтгаан болсон байна. "Барилга ашиглалтын дүрмийн 2.5.5-д заасны дагуу эдгээр орон сууцны барилгын баталгаат хугацаа дуусгавар болсон тул эвдрэлийг 61 дүгээр байрны "Дэлгэр эрдэнэ", 60 дугаар байрны "Хөх бүрд", 59 дүгээр байрны "Мандал цацрал" СӨХ, гараашийн өмчлөгч болон ашиглалт хариуцсан байгууллагууд зас. Эс бөгөөс барилга болон инженерийн худгийн ашиглалтын хэвийн нөхцөл алдагдана" гэсэн дүгнэлт гаргажээ.

Ийм дүгнэлт гараад гурван сарыг үдэж байхад өнөөх нь бахь байдгаараа байна. 61 дүгээр байрны зоорийн давхар дахь гараашийг нэгэн иргэн хариуцдаг бөгөөд нурсан хашлагыг хэрхэн засах талаар СӨХ-ны дарга нартай ярилцаагүй байгаа аж. Хорооны дарга нь хашлагыг засах арга хайж яваа ч хоёр байрны СӨХ, "Монгол маамуу" цэцэрлэг хөрөнгө гаргаж чадахгүй гэсэн талаар оршин суугчид хэлэв. 60 дугаар байрны "Хөх бүрд" СӨХ-ны дарга А.Цэрэнбатаас нурсан хашлагыг хэзээ засахыг лавлахад "Нурсан хэсгийг таван байгууллагыг хамтран зас гэсэн. Үүнд гурван СӨХ, хоёр байгууллага орж буй. Гэвч одоогоор нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Өнгөрсөн баасан гаригт хорооны даргатай уулзахад удахгүй засах тухай ярьсан. 61 дүгээр байрны доод гараашийн эзэн нурсан хэсгийг засах төсөл боловсруулчихсан байна гэсэн. Нийтдээ таван сая төгрөг шаардлагатай гэж дуулсан. Үнэхээр төсөл нь бэлэн болчихсон бол манай СӨХ шаардлагатай мөнгийг нь шилжүүлчихнэ.

Харин нөгөө хоёр СӨХ боломжгүй гэсэн бололтой юм билээ. Ямар ч байсан хүйтрэхээс өмнө засуулна. Уг нь би нурсан хашлаганы орчим цемент цутгачихъя гэсэн боловч доогуур нь бохир болон цахилгааны шугамтай болохоор дур мэдэн цутгалт хийж болдоггүй юм билээ” гэв.

Тухайн нуралт үүссэн хэсэгт очлоо. Барилгын ойролцоох талбайг цементлэхдээ дор нь хогтой шороо хийчихдэг бололтой, барилгын компаниуд. Уг нь барилгын суурьт хайрга, дайрга байх учиртай. Гэтэл 60 дугаар байрны урд байрлах инженерийн худгийн ормоос хогтой шороо асгарчихсан байна лээ. Уг худагт "Монгол маамуу"' цэцэрлэг бохирын шугамаа холбосон аж. Хашлага нурсны дараахан шугам нь ил гарчихаад, өмхий үнэртэж байсан талаар 60 дугаар байрны оршин суугчид хэлэв. Мөн тэд "Эдгээр барилга ашиглалтад ороод олон жил болчихсон учир барьсан компани нь хариуцахгүй гэнэ лээ. Тэгэхээр СӨХ-д мөнгө гаргаж, засах ёстой болж байгаа юм. Гэтэл зарим СӨХ нь эсэргүүцэж буй. "Монгол маамуу" цэцэрлэгийнхэн ч адил. Нэгэнт л бохирын шугамаа холбосон юм чинь ил гарсныг нь далдлах мөнгөө өгөх л ёстой шүү дээ. Дүүргийн удирдлагууд шийдвэр гаргаж, албан даалгавар өгөхгүй л бол энэ янзаараа өвөлжих нь" гэцгээж байв.

Зарим хүн 59 дүгээр байрны даацын хана уг нуралтаас болоод суух, цуурах магадлалтай гэж байв. 61 дүгээр байранд хөрсний нуралт хамаагүй учир хана нь цуурах эрсдэлгүй аж. Харин 59, 60 дугаар байрны суурь тийм ч гүнзгий биш учир хазайхад амархан гэнэ. 60 дугаар байрны зоорийн давхарт дөрвөн айл амьдардаг бөгөөд хана нь цуурвал тэр айлууд хэрхэх бол.

Үүнээс гадна хашлага нурсны дараа 360 вольтын цахилгааны утас ил гарсан аж. 60 дугаар байр гаднаа ганц саравчнаас өөр зүйлгүй. Тиймээс тухайн байрнуудын багачууд гарааш руу ордог зам дээр тоглодог гэнэ. Харин ийм утас ил гарсны дараа эцэг, эхчүүд тийшээ явахгүй байхыг хүүхдүүддээ анхааруулдаг болж. Сахилгагүй жаал түүний бүрээсийг шалбалж үзвэл бараг л амьдаараа шарсан мах болчихно. Оршин суугчид "Уг цахилгааны тэжээл ямар байгууллагынх гэдгийг мэдэхгүй байгаа. Нурсан шороон дороос гарч ирсэн. Энэ хэсгийг даруйхан засахгүй бол шороо улам л нурсаар байгаа. Удахгүй хүйтэрлээ. Бороо, цасанд утасны бүрээс мууддаг байх. Хүүхэд хүрэх вий гэхээс л эмээх юм" гэлээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 16 дугаар байрны ойролцоо нүх ухсанаас болж, тухайн байр хазайсан. Тэгвэл дээрх байрнуудын нөхцөл 16 дугаар байрнаас ялгаагүй гэдгийг мэргэжлийнхэн онцлов. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад "Барилгын сууриас хоёр метрийн зайтай газрын хөрс гулгахад тухайн барилга хазайдаг. Энэ зургаас харахад 61 дүгээр байранд хазайлт үүсэхгүй. Харин 59, 60 дугаар байр эрсдэлтэй байна. Хэрэв хөрс нурсаар байвал барилга хазайна. Тиймээс шороог нягтруулж, хашлагаа даруй хийх шаардлагатай. Үүн шиг эрсдэлтэй байр нийслэлд олон бий. Барилгын хооронд байх ёстой зай хэмжээг мөрдөөгүйгээс болоод гараашийн хашлага ханыг нөгөө байртай тулгаж хийсэн байгаа юм" гэсэн юм.

Ийм эрсдэлтэй нөхцөл үүсээд дөрвөн сар болж байхад зарим хүн "Миний асуудал биш" гээд хад чулуу шиг сууж байна. Нэг л өглөө цас орчихсон байвал нурсан хөрсийг засах нь өнгөрч, хавар ирэхийг хүлээхээс өөр аргагүй болно. Тэр үед хөрсний нуралт улам ихсэх аюултай юм билээ. Хөхөө өвлийн хүйтэнд "Барилгад чинь хазайлт үүсчихэж. Өөр тийшээ нүүцгээ" гэж оршин суугчдыг сандаргах вий. Хоорондын зайгаа мөрдөөгүй, стандартад нийцээгүй барилга барьснаас болж хэдий болтол иргэдийг хохироох вэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ