70382348

info@umch-tender.kh.gov.mn

Шүлхийн вакцинжуулалтыг ирэх сарын 8-нд дуусгана

2016 оны 10 сарын 10 371

Өнөөдөр сонин

2016.08.30

Төв аймгийн Баян сумын Цавчир багийн малчин Б, Өгөөмөр багийн Т нарын 22 үхэр шүлхийтсэн. Үүнээс болж тус аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Нийслэлийн зарим дүүрэгтэй хил залгаа оршиж буй тус сумын 43 үхрийг устган, вакцинжуулалтад 18 өрхийн 7200 малыг хамруулж, 28 үхрийг тусгаарлах арга хэмжээ авсан юм. Тэгвэл нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэл дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй 24 цагийн хяналтын цэг ажиллуулан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй. Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Налайх, Багануур дүүрэг дэх шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс вакцин хуваарилуулан энэ сарын 25-наас хийж эхэлсэн аж. Уг ажлын явц 70 гаруй хувьтай, ирэх сарын 8-нд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Багахангай дүүргийн 350 малаас цусны дээж цуглуулан, шүлхий дэгдсэн үеийн тандалт судалгаа хийж эхэлсэн байна. Энэ нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал судалгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Багануур дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллуулах хүмүүсийн орон тооны асуудлыг шуурхай шийдвэрлэх, Эмээлт товчоонд байрлах Автозамын хөгжлийн газрын барилгыг ашиглалтад хүлээн авч, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Автозамын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ажилтнуудыг байрлуулах, ажиллах нөхцөл бололцоог хангахаар шийдвэрлэсэн. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй Баянзүрхийн товчоо нь суурьшлын бүсэд орсон тул зүүн тийш нэн даруй шилжүүлэх, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь амьд мал худалддаг цэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замуудад хөдөлгөөнт эргүүл нэмж гаргах, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх захирамж гарган, зардлыг шуурхай шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Шүлхийн голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж, нийслэлийн Цэргийн штаб, ХААИС-ийн оюутнуудтай хамтран ажиллахыг мөн үүрэг болгосон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ