70382348

info@umch-tender.kh.gov.mn

Д.Оюунхорол: Гол мөрнийг бохирдуулж байгаа хэн бүхэнтэй хатуу тэмцэнэ

2016 оны 10 сарын 10 377

Үндэсний шуудан сонин

2016.09.06

Б.ЭНХМАРТ

ИРЭХ ХАВАР ХҮРТЭЛ ОРХОН ГОЛ "ТАЙВАН" УРСАХ НЬ

Орхон голын эхийг бохирдуулж байсан "Монгол газар" компанийн туслан гүйцэтгэгч 14, шаардлагатай бичиг баримт, зөвшөөрөл, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт суулгаагүй бусад компанийн үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагаас зогсоосон билээ.

Тодруулбал, Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллиин үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Эдгээр компанийн олонх нь ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гэх мэт гол бичиг, баримтуудаа бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаагаа төвлөрүүлэх хүртэл хамгийн ойрдоо ирэх аравдугаар сарын сүүлч хүртэл үйл ажиллагаагаа явуулах эрхгүй болж байгаа юм.

Энэ үеэс хүйтэрч, уул уурхайн ажил ирэх хавар хүртэл зогсдог. Тэгэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүгэй ажлын хэсгийнхний энэ удаагийн шийдвэрээр Орхон ирэх хавар хүртэл "тайван" урсаж болохоор болсон гэсэн үг. Гэхдээ алт олборлогчид салбарын сайд, УИХ- ын гишүүд, албаныхны үгэнд орж, Орхоны хөндийг орхих болов уу, их л эргэлзээтэй. Шийдвэр гаргаж, техник, хэрэгслүүдэд нь лац ломбо тавилаа ч үл хэрэгсэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн тухай албаныхан ярьдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хяналтаа хэрхэн найдвартай тавих, алтны компаниудыг үйл ажиллагаа явуулахгүй байж чадах эсэх талаар МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүгээс тодрууллаа.

-Орхон голын эхэнд алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа. Одоо эдгээр компанийг ажиллуулахгүй байхад хяналт тавих хамгийн чухал үүрэг танай байгууллагад ирж байна. Хэрхэн хяналт тавих вэ?

-Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа учраас Орхон голын эхийг бүрдүүлж байгаа жижиг голуудад үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогч лицензтэй компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэхдээ дээрх компаниудын бизнесийн орчинг дэмжих үүднээс үүргээ гүйцэтгэх хугацаат даалгавар өгсөн. Шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлээд байгаль орчинд хор хөнөөл багатай, гол ус бохирдуулахгүй хууль ёсны дагуу бол үйл ажиллагааг нь зогсоогоод байх шаардлага байхгүй. Шийдвэрийн хэрэгжилтийг Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хянах үүрэгтэй.

-Өнгөрсон зургаадугаар сараас хойш Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан "Монгол газар" компанийн туслан гүйцэтгэгч компаниудад гурван удаа шалгалт хийж, гурвууланд нь лац, ломбо тавьсан ч тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн байдаг. Энэ удаад өмнөхөосөө хатуу чанга байж, хуулиа мөрдүүлж чадах уу?

-Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бүх шатны Засаг дарга, нутгийн удирдлагын байгууллага хянах ёстой гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас авах ёстой бүх арга хэмжээ, хийх ёстой ажлаа чиг үүргийнхээ дагуу хийнэ. Явангуут лац, ломбоо эвдээд машин, техникээ ашигласан тохиолдлууд бий. Тэр бүрт хариуцлага тооцуулахаар аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Одоогоор хоёр ч компанид эрүү үүсгэн шалгуулж байгаа.

-Хэрвээ ирэх өдрүүдэд тус газарт үйл ажиллагаа өрнөвөл танай байгууллага ажлаа хуулийн дагуу хийхгүй байна гэж ойлгож болох уу?

-БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд, МХЕГ, яамны мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд, малчид, уурхайн удирдлага, ажилтнууд гээд бүх талын төлөөлөл энэхүү шийдвэрийг гаргахын тулд хэлэлцэж, шийдэлд хүрсэн. Компаниудын зүгээс уул уурхай эрхлэх хамгийн наад захын хууль, дүрмээ биелүүлээгүйгээс үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд хязгаарлуулж байгаагаа ойлгож байгаа байх. Тиймээс лиценз эзэмшигч компаниуц уурхай эрхлэхэд шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлж, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт байршуулж, бохироо хийх далан шуудуу, нуураа горимын дагуу байгуулсны дараа үйл ажиллагаа явуулна гэдгээ ойлгосон байх.

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийн тулд лиценз эзэмшигчид уулын ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийгээ Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраар батлуулж, БОАЖЯ-ны дансанд уг төлөвлөгөөний 50 хувьтай тэнцэх төлбөрийг байршуулсаны дараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой аж. Энэ төлбөр талбайн хэмжээнээс шалтгаалаад харилцан адилгүй тогтоогддог байна. Жилийн эцэст нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийсэн бол БОАЖЯ дээрх барьцаа мөнгийг буцаан өгдөг юм байна.

Гэхдээ ашигт малтмал олборлогчдын дунд өдгөө 100 хувь нөхөн сэргээлт хийсэн компани бараг үгүй. Хамгийн сайн нөхөн сэргээлт хийсэн төдийгүй бараг анхдагч нь "Бороо гоулд" гэгддэг. Өдгөө 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байдаг.

АЛТНЫ КОМПАНИУДЫГ ХААСНААР ОРХОН ГОЛЫН БОХИРДОЛ АРИЛЖ, ТАЛ ХӨНДИЙ ТЭГШРЭХ ҮҮ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийртийн хөндий дэх 13 километр газрыг тэр чигт нь уул, тал, хөндий байсан гэхийн тэмдэггүй болтол сэглэж, ухжээ. Тэнд өвс, ургамал битгий хэл хүн явах зам ч алга. Алтны арвин нөөцтэйгөөсөө болж энд тэндгүй тонголзох төмөр “тогоруунд” эзлэгдэн, хөрс шороо нь хэд хэдэн удаа сэндийчүүлж, хаа сайгүй ухсан шороо нүх, овоолсон шороо л болж. Олборлогчдын ажиллаж буй газрыг хүрээлсэн уулс, модод ч техник, хэрэгслийн хөлд талхлагджээ.

Алт олборлогч компаниудыг байгаль орчин сүйтгэж, гэмтээж, гол бохирдуулж, шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээгүй зэргээр нь шалтаглаж, үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоож, лицензийг нь хурааж болно. Тэнд нэг ч компани дахиж үйл ажиллагаа явуулахгүй болгох эрх мэдэл төрд бий. Гэвч тэдний онгичсон газар, овоолсон шороо, ухсан нүхийг хэн хэвийн байдалд оруулах вэ. Өнөөдрийг хүртэл сэглэж, бохирдуулсанынх нь хохирлыг хэн барагдуулах вэ. Лиценз цуцлах нь шийдэл мөн үү гэсэн асуудлаар холбогдох хүмүүсийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Эдийн засгийн хямралтай энэ үед улсын эдийн засагт тус нэмэр болгохоор Засгийн газраас 2015 оны долоодугаар сард Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар компаниудад өмнө нь ашиглаж байсан лицензтэй талбайдаа олборлолт явуулах эрх нь нээгдсэн. Ингэхдээ хуулийн хүрээнд лиценз эзэмшигчдэд ТЭЗҮ-гээ батлуулах, Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах, байгаль орчны үнэлгээ хийлгэх гэх мэт үүрэг хүлээлгэж, таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хуулиар заасан байдаг. Гэвч Орхон голын эхийг бүрдүүлж буй энэ газар нутагт байгаа алтны компаниуд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна. Дээр нь нэг ч компани нөхөн сэргээлт хийгээгүй. Уг нь компаниуд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үүргээ биелүүлээд, төсөвт байршуулах ёстой төлбөрөө байршуулаад, нөхөн сэргээлтээ хийгээд явбал компанидаа ч, улсад ч ашигтай. Үйл ажиллагааг нь шууд зогсоосноор ашигласан талбай нь нөхөн сэргээлт хийгдэхгүй үлдэх магадлалтай. Улсын төсөвт оруулахаар төлөвлөсөн байсан хураамж, төлбөрүүд орж ирэхгүй. Тиймээс компаниуд үүргээ биелүүлээд, хуулийн дагуу ажиллаж, ашгаа хүртээд явах ёстой юм. Харин тэгж чадахгүй бол лицензийг нь цуцалж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

-Үнэхээр ашиг олох, байгалийн баялгийг авах гэж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлт хийх ёстой. Тиймээс хууль бусаар үйл ажиллагаа явуулсан компаниудаар нөхөн сэргээлтийг заавал хийлгэх учиртай. Үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоолоо гэхэд эдгээр компани нөхөн сэргээлт хийхгүй орхиод л явна. Байгаль дэлхий, нутгийн иргэд хохироод үлдэнэ. Харин аль аль талдаа үүргээ биелүүлж, хуулийн хүрээнд ажиллаад ашгаа хүртэх нь шийдэл мөн.

Байгаль орчны иргэний байгууллагын төлөөлөл Б.Батмөнх:

-Ашиглалтын лицензтэй ч хуулиа биелүүлээгүй компаниудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Лицензийг шууд цуцлах нь эрсдэлтэй. Нэгдүгээрт, тэдний ашигласан талбай нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй хоцорно. Хоёрдугаарт, алттай ч хариуцах эзэнгүй гэдгийг нь мэдсэн гар аргаар алт олборлогчид газар газраас ирнэ. Энэ тохиолдолд нөхөн сэргээлтийн талаар дурсаад ч хэрэггүй болно. Гуравдугаарт, улсад төвлөрөх ёстой тодорхой хэмжээний төсөв үгүй болно. Гар аргаар алт олборлогчид улсад татвар төлөхгүй, алтаа ч тушаахгүй. Харин хариуцсан компанитай байвал асуудал арай өөр. Гэхдээ энэ байдлыг компаниуд ашиглаж, хэнэггүй хандаж болохгүй. Хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлтэл нь энэ газрыг төрийн хамгаалалтад байлгах нь зүйтэй.

ЦЭНХЭР СУМЫН УДИРДЛАГУУД АЛТНЫ КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВЧЭЭ

Засгийн газрын 120 дугаар тогтоолоор эрх нь нээгдсэн ашигт малтмал олборлогч компаниуд тогтоол гарсан даруй Монголын баялагтай газар бүрт бууриа зассан. Хуулиар бол уг тогтоол гарснаас гурван сарын хугацаанд амжиж, ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө гэх мэт шаардлагатай бүх бичиг, баримтыг бүрдүүлж, байгаль орчны үнэлгээгээ хийлгээд, талбайн хүрээгээ мэргэжлийн хүмүүсээс тогтоолгоод үйл ажиллагаагаа эхлүүлэх учиртай байв. Гэвч Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа лиценз эзэмшигч компаниудын аль нь ч дээрх заалтыг биелүүлсэнгүй. Тэдний хууль бус үйлдлийг өнөөдрийг хүртэл хэн ч яагаад илрүүлсэнгүй вэ, олон нийтэд мэдээлсэнгүй вэ гэж үү. Ядаж орон нутгийн удирдлагууд асуудал тавьж, холбогдох газрууд руу гомдол гаргасангүй гэж үү. Үүний учрыг албаныхан "Архангай аймгийн Цэнхэр сумын удирдлага, ИТХ-ын дарга тэргүүтэй хүмүүс "Монгол газар" компанийнхантай тохиролцож, 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн санд байршуулах нэрээр авсан учраас өнөөдрийг хүртэл асуудал тавиагүй ирсэн байна. Хуулиар бол ашигт малтмалын татвар, нөхөн сэргээлтийн төлбөр улсын төсөвт орох ёстой. Орон нутгийн санд төвлөрүүлэх учиргүй. Уг мөнгийг төрийн банкинд бус арилжааны банкинд байршуулсан байна лээ. Үүнийг зохих хууль, журмын дагуу шалгаж эхлэх байх" гэсэн юм. Энэ талаар Цэнхэр сумын Засаг даргаас тодруулахад "Орон нутагт алтны компаниудаас ямар нэг татвар, хураамж төвлөрдөггүй. Бид холбогдох байгууллагуудад алтны компанийн хууль бус үйлдлийн талаар удаа дараа мэдээлж байсан" гэсэн юм.

Д.ОЮУНХОРОЛ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол Монголын тал нутаг, уул ус, ургамал, амьтан, жигүүртний хамгийн том өмгөөллийн байгууллага. Уг байгууллагыг удирдаж байгаа сайд бол тэдний хамгаалагч мөн юм. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын албаа хүлээж авсанаас хойших анхны томилолт нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг байлаа. Анхны томилолтоороо тэр Орхон голын амийг аврах эхний алхамыг хийлээ. Тэрбээр "Орхон багийн нутаг дэвсгэрийг хэн ч харсан сэтгэл нь эмзэглэж, гол нь харламаар дүр төрхтэй болжээ. Хүн, мал явах газаргүй, уух усгүй болтлоо бохирлогдож, сэлгэгдсэн энэ газар нутгийг алт олборлогч компаниуд нөхөн сэргээж, Орхон голд нэг ч дусал бохир оруулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгж чадахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Орхон гол бол зөвхөн Цэнхэр сумын иргэдийн асуудал биш. Энэ бол монгол хүн бүрийн асуудал. Орхон голын одоогийн энэ байдал Монголд алт, ашигт малтмал олборлож байгаа олон арван газар нутаг, компанийн зөвхөн нэг дүр төрх нь. Тиймээс ашигт малтмал олборлох нэрээр хууль бусаар байгаль дэлхийг сүйтгэж, гол мөрнийг ширгээж байгаа хэн бүхэнтэй хатуу тэмцэнэ" гэсэн юм. Орхон голын бохирдлыг арилгахын төлөө хийх ажил нь түүний үүрэг ч яамдаас хамгийн түрүүнд бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгож, ажилтнуудаа чиг үүргийнх нь дагуу шуурхай ажиллуулж, олон асуудал дундаас Орхон голын бохирдолд хамгийн түрүүнд анхаарал тавьж, Шийрт, Өлт, Тээл, Бодонтын голыг тодорхой хугацаанд "тайван" байлгах шийдвэр гаргасанд байгаль дэлхий сайдад баярлаж байгаа биз ээ. Одоо гагцхүү эхлүүлсэн ажлаа орхилгүй, Орхон голыг цэвэр тунгалаг болтол, ашигт малтмал олборлогч компаниудыг хуулиа ягштал мөрдөж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийдэг болох хүртэл байнга санаа тавих хэрэгтэй болов уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ