70382348

info@umch-tender.kh.gov.mn

Орхон гол Ерөнхийлөгчөөс “аврал эрлээ”

2016 оны 10 сарын 10 414

Үндэсний шуудан сонин

2016.09.26

Орхон голын эхэнд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэв

"Монгол газар", "Батбродерс", "Алтайголд", "БМНС", "Голден хаммер", "Алтандорнод Монгол" зэрэг компани, тэдний туслан гүйцэтгэгчдийн буруутай үйл ажиллагаанаас Орхон голын бохирдол хэрээс хэтэрч, голын эх бүрдэх хөндий, уулын ам бүхий 15 километр газар сэглэгдэж, сүйтгэгдээд байгаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн яам, МХЕГ тэргүүтэй холбогдох албаныхан дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч алтны компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг орон нутгаас мэдээлж байгаа юм. Харин БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба "БОАЖЯ, МХЕГ, орон нутгийн цагдаагийн байгууллагын хамтарсан 14 хоногийн хугацаатай байнгын пост Орхон голын эхэнд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч компани байхгүй. Бүх аж ахуйн нэгжийн техник, тоног төхөөрөмжийг лацадсан. Мөн цахим мэдээллийн хэрэгслээр "Орхон голд мөнгөн ус ашиглаж байна" гэх мэдээлэл гарсан. Шороон орд дээр мөнгөн ус ашигладаггүй. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл. Голд бохир ус нийлүүлж байсан компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч бохирдолтой урссан хэвээр байгаа нь Орхон голын урсац бүрэлдэх эх байнгын цэвдэгтэй, нарийн тоосонцорын ширхэгтэй учир өнөөг хүртэл лаг шавар нь урсаж байгаа. Мөн гольдрилыг нь өөрчилсөн учир хөрсөө хуулж урсаж байгаа. Тиймээс Орхон гол цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай" гэсэн юм.

Орхон голын эхэнд "Монгол газар", "Батбродерс", "Алтайголд", "БМНС”, "Голден хаммер", "Алтандорнод Монгол" зэрэг компани лиценз эзэмшиж, тэдний туслан гүйцэтгэгч 16 компани олборлолт хийж байсан юм. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсныг ийнхүү үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн "Орхон голыг хамгаалах хөдөлгөөн"-ийнхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Орхон голын ай сав, бүс нутгийг төрөөс хамгаалах хүсэлт илгээсэн байна. Уг хүсэлтэд Монгол Улсын болон Дэлхийн соёлын өвөөр ЮНЕСКО-гоос хамгаалуулсан Орхон голын ай сав, ялангуяа голын эх, ундаргыг Ерөнхийлөгчийн Зарлигаар халдашгүйгээр хамгаалуулах, Үндэсний хэмжээнд медиа, цахим, болон тв хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, мониторинг судалгаа, санаачилагыг нэгтгэсэн мэдээллийн сан бий болгож, төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлогод тусгах, Олон улсын хэмжээнд асуудлыг дэвшүүлж сан байгуулан хэрэгжүүлэх гэх мэт зүйлийг тусгажээ. Өөрөөр хэлбэл, Салбарын сайд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчөөс Орхон голын асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Гэхдээ 53 сумын нутгаар дамжин урссаар Сэлэнгэ мөрөнд цутгаж, Байгал нуурт нийлдэг Орхон гол цэвэр тунгалагаар урсаж, "эдгэрсний" дараа дээрх үйл ажиллагаа үр дүнгээ өгчээ гэж олон нийт дүгнэх биз ээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ