Хүний биш, малын гэдэс цатгах буудайн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна

2016 оны 10 сарын 10 99

Өнөөдөр сонин

2016.10.06

Тариаланчид нийтдээ 324 мянган тонн үр тариа, 126 мянган тонн төмс, 72 мянган тонн ногоо хурааж аваад байна. Энэ нь үр тарианы 60, төмсний 82, хүнсний ногооны 72 хувь нь юм. Ургац хураалт Булган, Төв, Сэлэнгэ аймагт эрчимтэй явагдаж байгаа бол баруун, зүүн аймгийн нутгаар цаг агаар тогтворгүй байгаа, үр тарианы болц оройтсоны улмаас удааширчээ. Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймаг болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд уржигдраас эхлэн цас орж, ургац хураалтад саад учруулж буй аж. Үүний улмаас тариа хураалт хойшлогдох, ургац алдах эрсдэл тулгарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Хэнтий аймгийн хойд талын сумдад хүйтэрч, цас, бороо холилдон орсны улмаас тариаланчид есдүгээр сарын 4-нөөс хойш өчигдрийг хүртэлх 12 хоногт л тариа, ногоогоо хураах боломж олдсон байна.

Газар тариалангийн бүс нутгаар цас, бороо үргэлжлэн орвол ургац хураалт саатаж, цасанд дарагдсан, ангилан хадсан үр тариаг малын тэжээл болгохоос өөр аргагүйд хүрнэ. Үүнээс гадна үтрэм дээр буулгасан их хэмжээний буудай норж, мөн л малын гэдэс цатгах болно. Ингэж хаягдах үр тарианы хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж. Учир нь тариаланчдын машин техник хүрэлцэхгүй байгаа тул хураасан тариагаа гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) руу ачуулахдаа цаг алдаж буй юм байна. Одоогоор ТЭДС, "Алтан тариа", "Улаанбаатар гурил", "Од" зэрэг үйлдвэрт нийлүүлсэн 120 мянган тонн улаан буудайн чанар сайн, цавуулаг 25 хувь байгаа аж. Харин Өвөрхангай, Архангайн тариаланчид буудайгаа сайн хатааж чадалгүй, цаснаас өрсөн ачуулж буйгаас үйлдвэрүүдэд чийг ихтэй, цавуулаг багатай үр тариа очиж байгаа гэнэ. Тэнгэр муудахгүй бол энэ сарын 15 гэхэд улсын хэмжээнд ургацаа хурааж дуусгана гэж ХХААХҮЯ-ныхан тооцож байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ