70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жил, цагаан сар болох гэж буйтай холбогдуулан  нийтийг гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх чиглэлээр улсын хэмжээгээр аян зохион байгуулж ажиллалаа.

Аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэж буй түүхий эд материал, хүнсний нэмэлт, бэлэн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс олгосон чанарын гэрчилгээ болон дагалдах баримт бичиг, баталгаажилттай эсэх, хаяг шошгын шаардлага хангасан эсэх, хоол, хүнс үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, бүртгэл хөтлөлт нь тогтворжсон эсэх, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын үйл ажиллагаа, үр дүн, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдлыг хянаж шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулж, эрсдлээс сэргийлж ажилласан.

Мөн улсын хилээр нэвтрүүлж буй бодис, бараа бүтээгдэхүүнийг импортлох үед хүнс үйлдвэрлэгч нь эрүүл ахуйн зохистой дадал, олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээтэй эсэх, мал, ургамлын гаралтай түүхий эдэд экспортлогч орны хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй эсэх,  стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлээр бодис, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа эсэх зэрэгт холбогдох хяналт шалгалт хийлээ.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар, мэргэжлийн зөвлөгөө өгч аливаа зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаар цаг тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд сэрэмжлүүлэг өгөх, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаар зөвлөмж боловсруулан тараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Улсын хэмжээнд 2 шатны аяны явцад хяналт шалгалтанд нийт хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, эрхлэгч 4800, зөвлөн туслах үйлчилгээнд 2963 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус хамрагдлаа. Үүнээс хилийн боомт дахь ХМХА –ууд  улсын хилээр нэвтрүүлж буй бодис, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед хийгдэх хяналт шалгалтанд 538 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.

Худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудаас хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын тусгай горим шаардагдах, түргэн гэмтэж чанар, аюулгүй байдлаа алддаг, шинэ жилийн бэлгэний цуглуулгад орсон хүнсний бүтээгдэхүүн /кекс, хэвийн боов, хиам, нөөшилсөн болон махан бүтээгдэхүүн, чихэр, жимс/ болох нийт 1393 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 1999 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан 99 дээж эерэг үзүүлэлттэй гарсан бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс хасах арга хэмжээ авсан байна. Үүнээс Хилийн мэргэжлийн хяналтын албад амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед 272 төрлийн 3622,3 тн бүтээгдэхүүнээс дээж авч, түргэвчилсэн аргаар лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаагүй бодис, бараа бүтээгдэхүүн илрээгүй дүн гарсан байна.  

Мөн худалдааны төвүүдийн үзэсгэлэн худалдааны цэгүүдэд худалдаалагдаж буй төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний чанарыг НМХГ-ын Төв лабораторийн явуулын лабораторитой хамтран түргэвчилсэн аргаар шинжилж ажилласан. 

Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй бэлгэнд түргэн гэмтэж чанар байдлаа алддаг жимс, жимсгэнэ, торт зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг оруулж боох, тэдгээр нь муудсан байх явдал энэ удаагийн шалгалтаар илрээгүй байна .

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн байгууллагын дотоод хяналтын журмыг боловсруулан батлуулж, холбогдох нэгжээ байгуулан, албан тушаалтан томилон ажиллуулж байна.

Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд гарсан байна. Үүнд:

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид  дотоод хяналтын бүртгэл бүрэн хөтөлж хэвшээгүй, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэл хангалтгүй, агааржуулалтын систем хэвийн ажиллаагүй, хэвийн боов, бялууны шошгонд үйлдвэрлэсэн болон хадгалах нөхцөл, хугацаа тавиагүй, худалдаа, үйлчилгээний газрууд түүхий эдийг хүлээн авахдаа хяналт тавьж бүртгээгүй, буцаан авалтын бүтээгдэхүүнийг устгах журам боловсруулаагүй, гадны хүнийг үйлдвэрт нэвтрүүлэхдээ зориулалтын хувцас өмсүүлдэггүй, түүхий эдийн баталгаажилт,  шинжилгээний бичгийг бүрэн авдаггүй зэрэг өмнөх шалгалтын явцад илэрч байсан зөрчлүүд давтагдан илрэх явдал нийтлэг байна.

-Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдаалж, хүнс үйлдвэрлэлд ашиглаж  байсан,  бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгод бүтээгдэхүүний илчлэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг бичээгүй, зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг боловч хөргүүрийн систем ажиллаагүй,

-Ариун цэврийн дүрэм боловсруулж мөрддөггүй,  дотоод хяналтын журамгүй, дотоод хяналт хийх төлөвлөгөө боловсруулсан боловч, түүнийгээ хэрэгжүүлж хэвшээгүй, бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй,

-Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усанд шинжилгээ хийлгээгүй, бэлтгэн нийлүүлэгчээс чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай гэрчилгээ, дагалдах баримт, бичиггүй хүнс, түүхий эдийг хүлээн авч нийтэд худалдаалах, хоол, хүнсний үйлдвэрлэлд ашигласан, орон нутгаас нийслэлд гарал үүслийн гэрчилгээгүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн байнга нийлүүлэгдэж байгаа,

-Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнтэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй,

-Ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, графикийн дагуу халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, ариутгал хийлгэдэггүй, бүртгэл хөтөлдөггүй,  

-Хүнсний бүтээгдэхүүнийг гудамж талбайд гар дээрээс худалдаалж байгаа,

-Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хоол үйлдвэрлэлийн өрөөний талбайн хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс бага, технологи урсгал буруу, цэвэрлэгээ хангалтгүй, 

-Улсын хилээр хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөнөөс чанар, аюулгүй байдал алдагдсан, гарал үүсэл тодорхойгүй, баримт бичгийн бүрдэлгүй, хаяг шошгоны зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтанд хамруулаагүй бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахыг завдах, иргэн хүнсний бүтээгдэхүүн импортлох,  хяналт шалгалтаас зайлсхийсэн зэрэг зөрчлүүд илэрсэнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал:

Аяны 2 шатны хүрээнд шалгалтад хамрагдсан нийт хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны газруудаас 6448 зөрчил илрүүлж үүний 4290 буюу 66,5 хувийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар 1372 заалт бүхий 309 албан шаардлагаар хугацаатай үүргийг аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй зөрчил бүхий 59 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон эрсдлээс сэргийлж ажилласан байна.

Зөрчил гаргасан 280 аж ахуйн нэгж, иргэнд холбогдох хуулийн дагуу 49116,8 мянган төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулан барагдуулсан байна.

Холбогдох хуулиуд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хоол, хүнсний зөв, зохистой хэрэглээ, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад юуг анхаарах, сав баглаа боодлын шошгонд тавигдах шаардлага, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлэх тухай асуудлаар МХЕГ-аас 10 нэр төрөл, нийт  430 нэр төрлийн  зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан 9836  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээж сурталчиллаа.

Худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 2963 иргэн, аж ахуйн нэгжид  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн хадгалалтын хугацаа хэтэрсэн, хөлдөж чанар байдлаа алдсан, лабораторийн шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон 1303 нэр 30535,5 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөл”-д шилжүүлэх  арга хэмжээ авч ажиллалаа.

Сүхбаатар аймгийн МХГ-аас Бичигт хилийн боомтонд хийгдсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг хувь хүн импортоор оруулж ирэхийг завдсан зөрчил илэрсэн тул 430ш, 295 кг, 140 л хүнсний бүтээгдэхүүнийг экспортлогч улсад нь буцааж, иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна.

Аяны хүрээнд хийсэн шалгалтын явц, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг сурталчилах ажлыг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр давхардсан тоогоор 388 удаа хийж, МХЕГ-ын ажилтнууд шууд нэвтрүүлэгт 6 удаа оролцож, зөвлөмж, мэдээлэл, сэрэмжлүүлгийг байгууллагын веб сайтад тавьж сурталчиллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ