70382348

info@umch-tender.kh.gov.mn

Баар, шөнийн цэнгээний газруудад иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6, 9-р багийн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран караоке, диско баар,

шөнийн цэнгээний газруудад 2014 оны 02 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. ”Хан шувалдай” ХХК, “Дорнын хөх луу” ХХК, “Хананбулаг-Эрдэнэ” ХХК, “Бахти” ХХК-ийн шөнийн цэнгээний газрын тохижилт үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцэж байна.

Гэвч хяналт шалгалтын явцад диско, караоке баар, шөнийн цэнгээний газруудын техник, хөгжмийн хэрэгслийн давтамж, дуу чимээнд физик хэмжилт хийхэд хөгжмийн дуу чимээ, доргио нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, зэргэлдээ байрлах орон сууцанд амьдардаг иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл, тав тухийг алдагдуулж байгаа зөрчил дутагдал нийтлэг илэрлээ.

Иймд шөнийн цэнгээний газрын хөгжим, техник хэрэгслийн дуу чимээг гадна талд сонсогдохгүй, чичирхийлэл, доргион үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор барилгын хана, цонхыг дуу чимээ тусгаарлах хэрэгслээр тоноглох асуудлыг 2014 оны 05 дугаар сарын 01-ны дотор шийдвэрлэх, дээр дурьдсан хугацаанд барилга байгууламжид засвар хийх хүртэл хөгжмийн хэрэгслийн өсгөгчийн дуу чимээг намсгах, оршин суугчдын тайван байдлыг алдагдуулахгүй байх, ариун цэврийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гадаа орчныг тогтмол цэвэрлэж, хог хаягдал үүсгэхгүй байх зэрэг үүрэг даалгаврыг “Хүрээт Хан-Уул” ХХК, “Гантүлхүүр” ХХК, “Цолмон-Өлзийт” ХХК, “Хэрлэн байгаль” ХХК-д албан шаардлагаар хүргүүлж ажиллав.

Мөн шалгалтанд хамрагдсан нийт аж ахуйн нэгжүүдэд зөрчил дутагдал давтан гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ