70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сар шинийн баярыг угтаж, зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Шалгалтыг батлагдсан удирдамжид тусгагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг хангуулах талаар гарсан Монгол улсын хууль тогтоомжууд, эх орны үйлдвэрийн зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнд тавигдах техникийн зохицуулалт, ерөнхий шаардлагын стандартуудын хэрэгжилт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний дотоодын хяналтын тогтолцоо, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үе дэх технологийн горимын мөрдөлт болон шалгалтын чиглэлийн асуудлын  хүрээнд явууллаа.

Нийслэлийн 9 дүүрэгт бууз, банш, хэвийн боовны үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 523 аж ахуйн нэгж, 46 нэгж салбар, 32 объект, 1075 иргэн  хамрагдлаа.

Шалгалтын явцад нийт 1678 зөрчил илрүүлэн 1223 буюу 72.8 хувийг газар дээр нь арилгуулж, 6  аж ахуйн нэгж, 4 салбар, 1 объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 48 нэр төрлийн 161,75кг, 2857 ширхэг, 1683,9 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, шошгын зөрчилтэй, 68 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр  худалдан борлуулсан 1702,0 мян. төгрөгийг улсын орлого болгож, 28 нэрийн 214 ш, 487,98 мянган төгрөгийн үнэ бүхий архийг акт тогтоон хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүллээ. Хууль тогтоомж, стандарт дүрэм, журам зөрчсөн 79 аж ахуйн нэгж, иргэнд нийт 468 заалт бүхий 78 албан шаардлага хүргүүлж, 64 байгууллагад 9658,0 мян.төгрөгийн, 40 албан тушаалтанд 2683,4 мян.төгрөгийн, 151 иргэнд 4950,0 мян. төгрөгийн нийт 17291400 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан. Шалгалтын явцад 288 удаа 1466 хүнд соён гэгээрүүлэх  зорилгоор тухай бүр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  Мөн “Хоолны хордлогоос сэргийлье”, “Шингэрүүлсэн шатдаг хийтэй харьцах тухай”, “Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоолны газруудын анхаарах зүйл”, “Хүнсний тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиар 5 төрлийн санамж, сэрэмжлүүлгийг  хяналт, шалгалтанд хамрагдсан байгууллага, иргэдэд  өглөө.

Шалгалтын 70 гаруй хувь нь лабораторийн шинжилгээтэй хийгдсэн  байна.

1.Шалгалтын явцад 11 хүнсний зах, өргөтгөсөн хүнсний худалдаа хийж байгаа газруудад  явуулын лаборатори ажиллуулж нийт 7 төрлийн  532 бүтээгдэхүүнд 9 үзүүлэлтээр шинжилгээ хийгдсэний 43 дээж   эерэг үзүүлэлттэй гарсан байна.   Нэр төрлөөр нь  тодруулбал 2 хүнсний ногооны нитрит, 3 айраг, 1 ааруулны исгэлэн стандартаас зөрүүтэй, 16 ааруул гурилын хольцтой, Rida check-ийн шинжилгээгээр 21 дээж нянгийн бохирдолттой гарчээ.

2.Шалгалтын явцад үйлдвэрлэж, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор нийт хүнсний бүтээгдэхүүний 1424 сорьцын аюулгүй байдлын болон эрүүл ахуй, чанарын үзүүлэлтийг шинжлүүлэн, сорилтын дүнг үндэслэн, улсын байцаагчид дүгнэлт 420-г гаргасан байна. Сорилтын дүнгээр нийт 30 сорьц хими-физикийн  үзүүлэлтүүдээр чанарын шаардлага хангахгүй   дүнтэй  гарлаа. Нэр төрлөөр нь авч үзвэл хиам, сүү, ааруул, хэвийн боов,  айраг,  хүнсний ногоо зэрэг нэрийн бүтээгдэхүүнүүд байна. Шаардлага хангаагүй сорьцын  талаар улсын байцаагчийн дүгнэлт гарган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

             Шалгалтаар илэрсэн зөрчил:

1.Багануур дүүрэг дэх МХХ-ийн  шалгалтаар Хүнсний худалдааны газруудад худалдаалагдаж буй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, цехүүдээс татан авсан, эсвэл нийлүүлсэн төрөл бүрийн хиам болон хиамны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо тодорхой бус ирж байна. Үүнд: ”Хоргын хүү” ЗБН-ийн элэгний нухаш  үйлдвэрлэсэн огноогүй нийлүүлэгдэж байна. 

2. Баянзүрх дүүрэг дэх “Хүнс комплекс” ХХК, “Юнисол” ХХК-ий хиамны үйлдвэрүүдийн 8 дээжинд хүчиллэг, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан.

3. Чингэлтэй дүүргийн “Шидэт нуур”, “Үнэрт Фүүдс” ХХК-ий нарийн боов, Баянзүрх дүүргийн  “Арслан туул” ХХК,  Чингэлтэй дүүргийн “Ундрам Хүнс” ХХК-ий бууз, баншны цех, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг зөрчил арилгах хугацаагаар зогсоох арга хэмжээ авав.

4.Чингэлтэй дүүрэгт байршилтай “Хосеки“ ХХК-ий “Фрессо” мини маркет, “Бишрэлт” хэрэглээний хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүй  бүтээгдэхүүн  худалдааж байсныг  улсын байцаагчийн актаар хураан авч устгалын комисст шилжүүлэв.

5.Худалдааны газруудад хадгалалтын онцгой нөхцөл шаардах түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөлийн байдалд үнэлгээ өгөхөөр 170 байгууллагын 434  хөргөгч, хөлдөөгчийн  хэмд физик хэмжилт хийхэд 21  хөргүүрийн хэмжилт   эрүүл ахуйн хэм хэмжээг  зөрчсөнийг арилгууллаа.

6. Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ-ийн шалгалтаар шалгалтанд хамрагдсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн 50% нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд сүү, сүүн бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангахгүй уутанд савлаж, зориулалтын хөргөгч, хөргүүртэй лангуу хүрэлцээ муугаас ил задгайгаар худалдаалж байсан зөрчил илэрсэн байна.

7.Сүхбаатар дүүрэгт  өргөтгөсөн хүнсний худалдаа зохион байгуулж буй “Рояал плаза” ХХК-ий  худалдааны газрын ажлын байрны стандарт, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй, агуулах, ахуй хангамжийн өрөөгүйгээс хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, гадуур хувцасыг лангууны араар холилдуулан тавьсан, зарим аж ахуйн нэгж, иргэдийн худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын баталгаа шинжилгээгүй, амталгаат худалдаа хийх нөхцөлийг зөв бүрдүүлээгүй, гадна талд зөвшөөрөлгүй цэгт ил задгай худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн,  худалдагч нар нь эрүүл мэндийн шинжилгээнд урьдчилаг сэргийлэх шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, ажлын дүрэмт хувцас өмсөөгүй, хаяг шошгогүй, шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, худалдааг зохион байгуулж буй болон байр түрээсэлж байгаа компани, худалдаа эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байлаа.

8.“Алтан гадас трейд” ХХК тамхины борлуулалтанд урамшуулал зарлаж байсан  зөрчлүүдийг илэрүүлэн арилгуулах арга хэмжээ авлаа.

 Өмнөх оны шалгалттай харьцуулахад шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо нийт тоо 555-аар буурсан байхад зөрчлийн тоо 339-өөр, торгуулийн дүн 4255,0мян.төгрөгөөр нэмэгдэн, хадгалалтын болон хүнс хэрэглээний шаардлага хангаагүй, хугацаа дууссан зөрчлийн улмаас  устгахаар  акт тогтоосон  хүнсний бүтээгдэхүүний үнийн дүн  өсч 1 сая.683,9 мян.төг /2012 онд 565,28 мян.төг/  болсон байна.

Энэ нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд тавигдах дотоодын хяналт дээшлэхгүй байгаатай холбоотой байна гэж дүгнэлээ.

Хурдавчилсан аргаар шинжлэх явуулын лаборатори ажиллуулсаны дүнд шинжилгээтэй хяналтын тоо нэмэгдэж 1424 хүнсний бүтээгдэхүүнд   “Бүтээгдэхүүний тухай” дүгнэлт олгосон  нь “Хүнсний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9,4,1 дэх заалтын хэрэгжилтийг хангуулан,  хэрэглэгчдэд хүрч буй хүнсний  чанар, аюулгүйн баталгаажилт дээшилсэн  байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлд суурилсан хяналт шалгалт болон соён гэгээрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байгаагийн үр дүнд шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний худалдаалалтын байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  22%  буурсан үзүүлэлттэй байна.

      

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ