70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сарын аян-Сүхбаатар аймагт

Үндэсний уламжлалт баяр Цагаан сарын баяртай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыгэрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяныг 2013 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 02 сарын 10-ны хоорондзохион байгуулж, шалгалтанд аймгийн 13 сумын 122 аж ахуйн нэгж, 96 иргэн /үүнээс худалдааны 110 аж ахуй нэгж, 91 иргэн, үйлдвэр эрхлэгч 2 аж ахуй нэгж, 3 иргэн, хоол үйлдвэрлэлийн 10 аж ахуй нэгж, 2 иргэн/, Бичигт боомтод 4 аж ахуй нэгж, 116 зорчигч, 82 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 290 зөрчил илрүүлж, 70.0 хувийг газар дээр нь арилгуулж ажиллаа.

Шалгалтын явцад улсын байцаагчийн 4 дүгнэлт, 5 заалттай 1 албан шаардлага үйлдэж, 13 бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж, 6 эерэг сорьц илэрч, 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж, зөрчил дутагдал давтан гаргасан аж ахуй нэгж, иргэнд 1775.0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулан барагдуулсан. Мөн хадгалалтын хугацаа хэтэрсэн, чанар байдлаа алдсан, хаяг шошгын зөрчилтэй, дагалдах шинжилгээний бичиггүй 26 төрлийн 114 нэрийн  5738 ширхэг, 20.0 кг, 4.5 л, 7.4 сая төгрөгний үнэ бүхий зүйл хураан авч, журмын дагуу устгуулсан байна.

Тус шалгалтаар худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, зөвлөн туслах зарчмыг түлхүү баримталж, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиар тараах материал тарааж, орон нутгийн “SB”, “BBS телевизүүдэд 4 удаагийн мэдээлэл өгч ажиллаа.

Нийтлэг илэрч буй зөрчил дутагдлууд:

Нийт шалгалтанд хамрагдагсдын 72.5 хувь нь хадгалалтын горим зөрчигдөж чанар, байдлаа алдсан болонхугацаа дууссан, 63.0 хувь нь хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, 50.1 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хугацаандаа хамрагдаагүй, 70.2 хувь нь ажлын байрандаа дүрэмт хувцас өмсөж хэвшээгүй, 74.0 хувь нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүндээ дагалдах шинжилгээний бичиг авч хэвшээгүй зөрчил илэрсэн нь байгууллага, аж ахуй нэгжийн дотоод хяналт сул байгааг харуулж байна. Тухайлбал, шалгалтын явцад Улаанбаатар хотын “Гурван торойт” ХХК, “Хос гарьд” ХХК, “Мах импекс” ХХК-ий хиам, элэгний нухаш зэрэгт үйлдвэрлэсэн он сар өдөр байхгүй, дагалдах шинжилгээний бичгийг  өгдөггүй,

“Цэс хайрхан” ХХК-ий “Тансаг” оргилуун дарсанд үйлдвэрлэсэн огноо байхгүй, Алко группын “Хярын нуур” ХХК-ий “Монгол” нэрийн архинд орц найрлага болон хэрэглэх нөхцлийг заагаагүй, “Арвайн үндэс” ХХК-ий “Монгол” нэрийн өвөрмөц спиртийн архи нь лабораторийн шинжилгээгээр совсны тос стандартад заасан хэмжээнээс их гарсан  зөрчил илэрч, тоолж битүүмжлээд байна.

Иймээс иргэд хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, хадгалах нөхцлийг заасан эсэх, шинжилгээ, баталгаажилттай эсэхийг сайтар шалгаж байх шаардлагатай юм.

СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ