70382348

info@umch-tender.kh.gov.mn

Мөнгөн ус алдагдсан тухай

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн үүдэнд мөнгөн ус асгарсан байсныг 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын аврагчид очиж ажиллаж цуглуулан авахад нийтдээ 2 кг 315 гр мөнгөн ус байсан нь тогтоогджээ.

Уг худаг нь аймгийн төвийн гэр хорооллын айлууд, 72-ын айлын 6 байруудыг ундны усаар хангадаг тул аймгийн онцгой комисс хуралдаж ажлын хэсэг томилон  анхан шатны арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худгийн байрны газрын дотор болон гадна орчмын хөрс, түүнээс 50 м, 100 метрийн зайтай газруудаас хөрсний 4 дээж, гүний уснаас 3 дээжийг тус тус авч МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээний дүнгээр эдгээр дээжид мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байв. Хөрсөнд агуулагдах мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 2.0 мг/кг байдаг бөгөөд лабораторид шинжлүүлсэн хөрсний 4 дээж 0,881, 1.150, 1.180, 1.730 мг/кг тус тус үзүүлэлттэй байна. Усанд агуулагдах мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,001 мг/л байдаг ба шинжлүүлсэн усны 3 дээж 0.0000018, 0.0000025, 0.0000053 мг/л тус тус үзүүлэлттэй гарсан байна. Тус лабораториос шинжээч томилон Архангай аймагт хэмжилт, дээжлэлт хийхээр ажиллаж байна. Шинжээч 1000 м3 усны багтаамжтай усан сан дахь 250 м3 усыг юүлж усан сангийн ёроолоос нарийвчилсан шинжилгээ авах юм.

Одоогоор ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг хордолттой газраас 50 м зайд хязгаарлалтын бүс тогтоон цэвэрлэгээ, саармагжуулалтын үйл ажиллагааг хийж байна. Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Ундрага" ХХК-ний Тарвуугийн голын 1, 2 дугаар гүний худаг, дамжуулах станцын хамгаалалтын бүс, харуул хамгаалалтын байдалд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна. 1,2 дугаар худгийн гадна орчны эргэн тойрны 2 м2 талбайн хөрсийг 15 см гүнд хуулж цэвэр хөрс дэвсэх ажиллагааг явуулж, хуулсан хөрсийг цуглуулан хуванцар саванд хийж битүүмжлэлээ.

Иймд мөнгөн усыг хууль бусаар ашиглаж болзошгүй газрууд болон ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэмийг хангах чиглэлээр хяналт шалгалт хийж, шалгалтын дүнгийн танилцуулга, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг бүх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн БОНХЯ-нд тус ажлын хэсэгт мөнгөн ус алдагдсан үед авах арга хэмжээний заавар, мөнгөн усыг саармагжуулах зөвлөмж гаргаж өгөх, мэргэжил арга зүйгээр хангах мэргэжилтэн томилж ажиллуулах, хамтран ажиллах талаар албан тоот хүргүүлээд байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ