70382348

info@umch-tender.kh.gov.mn

Улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөцлөлт, чанарын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай

Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын үрийн нөөц, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь салбаруудад 2013 оны хаврын тариалалтанд зориулж нөөцөлсөн үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн чанарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулан хяналт шалгалтыг хийж байна. Улсын хэмжээний 2013 онд тариалахаар нөөцөлсөн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэл, Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгуудын МХГ-ын Ургамал, хорио цээр чанарын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэв.

Шалгалтанд ҮХААЯамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн  4 салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын нөөцийн  8 салбар, газар тариалан эрхлэн явуулж байгаа 240 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулав.

Улсын хэмжээгээр 2013 оны хаврын тариалалтанд зориулж нөөцөлсөн таримал ургамлын үр тариа, төмс, хүнсний ногооны  нэгдүгээр шинжилгээний чанарын  дүн  гаргалаа.

Энэ жил  324.7 мянган га-д үр тариа, үүнээс 313.7 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25.0 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөөд  байна.

Улсын хэмжээнд тариалалт хийхээр бэлтгэсэн нийт уриншийн 313,7 мянган  га талбайд улаанбуудай тариална гэж 15,0 хувийн нөөцтэйгээр тооцооход 50,0-53,0 мян.тн үр шаардлагатай байна. 

Улсын хэмжээнд эхний шинжилгээгээр 2013 онд тариалах үр тарианы  33.1 мянган тн буюу 62,4%-ийг  шинжилгээнд хамруулахад  58.0 хувь буюу 19.1 мянган тонн үр стандартад тэнцэж, 42,0 хувь буюу 14,0 мянган тонн үр  цэвэршилт болон нэг кг дахь хог ургамлын үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй байна.

Эхний шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлүүлж, сортлуулах, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар, улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Архангай, Булган, аймгуудын үр нөөцөлсөн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгөөд байна.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд тариалахаар нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, салхилуулан заавал ариутгал хийж тариалах шаардлагатай байна.

Тариалахаар нөөцөлсөн үр нь стандартын шаардлага хангахгүй байгаа гол шалтгаан нь газар тариалан эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд  хадгалсан үрийн цэвэрлэгээ муу, үр цэвэрлэх, сортлох машин техник хүрэлцээгүйгээс, уриншийн боловсруулалтыг технологийн дагуу хийгээгүй, мөн ургамал ургалтын явцад хог ургамалтай тэмцэх арга хэмжээг авдаггүй, үрээ ариутгахгүй тариалалтыг явуулснаас ихэвчлэн шалтгаалж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ