70382348

info@umch-tender.kh.gov.mn

Цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын даргын 5/817 тоот албан бичгээр хүргүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийх” нэгдсэн зөвлөмжөөр аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагаа, эмнэлгүүд дэх цус,цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээнд мөрдөгдөх хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд шалгалтын зорилгооор Шалгалтыг 2013 оны 01 дүгээр сарын 18-аас 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв.

Шалгалтанд хамрагдсан обьектийн талаарх товч мэдээлэл;

Шалгалтанд 21 аймаг, нэг дүүргийн 26 цусны салбар банк, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамрагдахаас 18 аймаг, нэг дүүргийн 21 салбар банк, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамрагдлаа. Мөн цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг аймаг, сум, дүүрэг,  нийслэлийн нийт 77 эмнэлгийн байгууллагад шалгасан. Шалгалтын дүн, танилцуулгыг Дархан-Уул, Дорнод, Ховд аймгууд ирүүлээгүй болно. ЦССҮТ нь Улаанбаатар хотод 1963 онд Цусны төв станц нэртэйгээр байгуулагдсанаас хойш Монгол улсын цусны алба болтлоо 50 жил хөгжиж иржээ. Монгол Улсад Цус сэлбэлтийн алба хөгжиж ирсэн хугацаанд нийтхагас сая донорт үйлчилж, 20-иод нэрийн 200.000 литр орчим цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эмнэлгүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж ирсэн байна

Өнөөгийн байдлаар Цусны алба нь Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 20.000 гаруй донороос 8000 гаруй литр цус, сийвэн цуглуулж, 9500 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  Үүнээс: ЦССҮТ нь жилд дунджаар 17000-18000 донороос цус, сийвэн цуглуулан, цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх, цусны бүлгүүд тодорхойлох шинжилгээ хийж, 11 нэр төрлийн 6000-6500литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хот дахь улсын болон хувийн 50 гаруй эмнэлгийн байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангах, шаардлагатай үед хөдөө орон нутагт алсын тээвэрлэлт хийж, орон нутаг дахь ховор бүлгийн цусны бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж  үйлчилдэг.

Мөн цуглуулсан цусны нэгж бүрт цус сэлбэлтээр дамждаг ХДХВ, гепатитийн В, С вирусүүд, тэмбүү өвчний үүсгэгч илрүүлэх, цусны АВО, резус, келл бүлэг тодорхойлох шинжилгээ, бэлэн болсон бүтээгдэхүүнд чанарын хяналтын шинжилгээнүүдийг хийдэг. 2010 оноос ЦССҮТ болон 26 цусны салбар банкийг лабораторийн халдвар илрүүлэх шинжилгээний үзүүлэлтээр жил бүр Австрали улсын лавлагаа лабораторийн олон улсын чанарын гадаад үнэлгээнд хамруулан, үнэлгээний дүнд дүгнэлт хийж арга зүйгээр ханган ажиллаж байна.

Өмнөх шалгалтын талаар:

1.Донорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэгжүүлэхээр цусны чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг 2009 онд гүйцэтгэж МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор ЭМЯ-д 3,  ЦССҮТ-д 3, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газруудад 6 асуудал бүхий цаашид хэрэгжүүлэх ажлыг тусгасан албан тоот хүргүүлснээс ЭМЯ-33% (Хэрэгжээгүй ажил: Цусны банкуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн харьяа цусны салбар банктай болгох), ЦССҮТ-70% (Хэрэгжээгүй ажил: Гамшиг ослын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх),  аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрууд 70%-ийн биелэлттэй(Аймгуудын цусны банк, банкны лабораторийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах. Их эмчийг бүтэн орон тоогоор ажиллуулахаар төсөв төлөвлөгөөндөө тусгаж ажиллах, Сумдад шаардлагатай үед 100% шинжилгээтэй, аюулгүй цус цуглуулах, хэрэглэх  нөхцөлийг бүрдүүлэх) байна.

2.Орон нутгийн хэмжээнд 2012 онд Баян-Өлгий, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл, аймгууд, 2011 онд Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд аймгийн цусны салбар банкуудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлийг дүгнэн ажилласан байна.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

Шалгалтын дүн, танилцуулгыг нийслэл болон 18 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ирүүлсэн ба Дархан-Уул, Дорнод, Ховд аймгууд шалгалтын танилцуулга огт ирүүлээгүй, Сүхбаатар, Завхан аймаг дутуу, хугацаа хоцорч ирүүллээ. Харин Төв аймаг, НМХГ-ын байцаагчид хяналт шалгалтыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн байна. Улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа нийт цус, цусан бүтээгдэхүүний 72%-ийг Улаанбаатар хотод, 28%-ийг хөдөө орон нутагт үйлдвэрлэж байна. Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг сүүлийн 9-10 жилийн байдлаар авч үзвэл ЦССҮТ-ийн үйлдвэрлэл жилд дунджаар 346.8 литр, улсын хэмжээнд 447.6 литр хэмжээгээр өссөн байна. Шалгалтын явцад нийт агаар, ариун материал, эрүүл зүйн бичил амь судлалын арчдасын шинжилгээ авч, шинжилгээний дүнд үндэслэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчил дутагдлыг бүрэн арилгуулж ажилласан.

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал:

Аймаг, нийслэлийн цусны салбар банкинд цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт эмнэлгүүд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхэд зориулагдсан системээр бүрэн хангагдсан байна. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 51 тоот тушаалаар батлагдсан “Зонхилон тохиолдох өвчний үе дэх цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний удирдамж”–ийг хэрэгжүүлж эхэлсэн нь цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдэж байна. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкуудын лаборатори нь чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдаж хэвшсэнээр шинжилгээний чанар, зөв байдал үнэлэгдэх боломж бүрдсэн байна. ЦССҮТ нь үйл ажиллагаандаа бар код, цахим сүлжээг нэвтрүүлж эхэлсэн нь түргэн шуурхай, найдвартай үйлчилгээний эхлэл болжээ. ЦССҮТ нь НИТХ, Нийслэлийн халамжийн газартай хамтран сүүлийн 3 жилд тодорхой давтамжаар тогтмол цусаа бэлэглэж байгаа 120 хүндэт доноруудад Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үнэмлэхолон удаа цусаа бэлэглэсэн идэвхтэн доноруудыг нийслэлийн “Тэргүүний ажилтан”, хүндэт “Жуух бичиг”, нийслэлийн “Хүндэт иргэн”, орон нутгийн хэмжээнд  “Ахмад донор”, ”Хүндэт донор”–оор алдаршуулж, өргөмжлөл, цол тэмдгээр шагнаж урамшуулдаг нь донорын идэвхжүүлэлт, сурталчилгааны дэвшилттэй хэлбэр болжээ. Нийслэл болон 21 аймгуудад  “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг  жил бүрийн 06 дугаар сарын 14–ний өдөр орон даяар тэмдэглэн хэвлэл мэдээллээр сургалт сурталчилгаа, донорын алдаршуулалтыг хийж хэвшсэн байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт:

1.Онцгой байдал, гамшгийн үед шаардагдах цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл, оношлуур, цусны хүүдий, бүртгэлтэй донорын тоо, хэмжээ хангалтгүй байгаа /Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл/;

2.Цус цуглуулах, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын стандартад нийцсэн ISO 9001 сертификат бүхий үйлдвэрлэгчийн болон ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн оношлуурыг сонгож хэрэглэдэггүй, нийлүүлэлтийн гэрээгүй байгаа (Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ);

3.Цусны салбар банкинд, технологич их эмч, лабораторийн эмч, лаборант орон тоогоор ажилладаггүй (Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс);

4.Донор зохион байгуулах, цус цуглуулах ажлын төлөвлөгөөгүй байгаа (Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс, Багануур дүүрэг);

5.Эмнэлгүүдийн захиалгын дагуу аюулгүй, чанартай, эмчилгээний үр дүнтэй цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц хэмжээгээр үйлдвэрлэхгүй байгаа /7аймаг үнэлээгүй/ (Төв, Багануур дүүрэг, ЦССҮТ) ;

6.Цус цуглуулах, цус цусан бүтээгдэхүүн шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай  тоног төхөөрөмж дутагдалтай байгаа /10 аймаг үнэлээгүй байна/ (Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Багануур дүүрэг/;

7.Хэнтий аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний цуврал бүр чанарын шинжилгээнд хамрагддаггүй, Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн улаан эсийн бүтээгдэхүүний цуврал бүрт үлдэгдэл эсийн тоо тодорхойлдоггүй, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Багануур дүүрэгт фибриноген, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь Завхан, Өвөрхангай,  Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгууд бүлэгнэлтийн факторууд тодорхойлдоггүй;

8.Говьсүмбэр, Дорноговь аймгуудад донороос цус, сийвэн цуглуулахын өмнө хийгдэх шинжилгээг (гемоглобин) бүрэн хийдэггүй;

9.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, стандарт, технологийн мөрдөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод хяналт хийх төлөвлөгөө, журамгүй, дотоод хяналт хийгддэггүй (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл);

10. Шинжилгээнд шаардлагатай урвалж бодисыг найруулсан болон баталгаажилтын бүртгэлгүй, үйлдвэрлэлд ашигласан тоног төхөөрөмжийг  тухай бүрд цэвэрлэгээ хийж ариутгасан тухай бүртгэж баримтжуулаагүй байгаа (Багануур дүүрэг, Говь-Алтай, Өвөрхангай, Төв);

11. Цус, цусан бүтээгдэхүүнийг нээлттэй аргаар үйлдвэрлэх өрөө  нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, автомат агааржуулалтын системгүй (Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв) ;

12. Тасаг нэгжүүдийн ариун цэврийн өрөөнд нянгийн эсрэг шингэн саван, спиртэн суурьтай халдваргүйжүүлэх бодис байрлуулаагүй (ЦССҮТ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай);

13. Лаборатори, угаалга болон бусад шаардлагатай нэгж тасгуудад (агаарыг бохирдуулагч бодистой харьцагч өрөөнүүдэд) бохир агаарыг зайлуулж, гадна агаарыг цэвэрлэж, чийглэж оруулдаг иж бүрэн агааржуулалтын механик болон автомат системгүй байгаа (БаянӨлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, ЦССҮТ);

14. Үйлдвэрлэлийн байрны агаар, багаж тоног төхөөрөмж, эд юмсын гадаргуу, ариун материалын эрүүл зүйн бичил амь судлалын арчдасын хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр эмгэг төрөгч нян илэрч байгаа /Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл/;

15. Дотоодын хяналтаар боксын өрөөний эд юмс, багаж материалаас сар бүр нян судлалын шинжилгээ авч, шинжилгээний дүнд үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй /Баянхонгор, Өвөрхангай, Увс, Хөвсгөл,  Говь-Алтай, Завхан/;

16. Хог хаягдлыг түр хадгалах байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, байрны дотор, гадна талд тэмдэглэгээ, таних тэмдэггүй байгаа /Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл, ЦССҮТ/;

17. Ажилтнууд халдвараас сэргийлэх зориулалтаар амны хаалт, нүдний шил, бээлий, хормогч зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв өмсөж хэвшээгүй /Баян-Өлгий, Завхан, Төв, Хөвсгөл, ЦССҮТ, Багануур дүүрэг/;

18. Шалгалтанд хамрагдсан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Мон мэс эмнэлэг, ЭХЭМҮТ, Эрүүл мэндийн нэгдлүүд нь хувийн тохироо тодорхойлсон ийлдсийг 2+8 хэмд 72 цаг хадгалдаггүй;

19. Мон мэс эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдлүүд нь цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэж дууссаны дараа үлдэгдлийг дуслын системийн хамт 2+8 хэмд 24 цаг хадгалж, халдваргүйтгэн устгадаг тухай протокол хөтлөдөггүй

20. Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, ЭХЭМҮТ, КНАГ нь цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хүйтэн хэлхээний саванд зөөвөрлөж байгаа боловч захиалсан ба хүлээн авсан бүртгэлд тээвэрлэлтийн үеийн хэм, эмнэлэг тасагт хадгалсан хэм, хугацаа зэргийг бүртгээгүй;

21. “Мон мэс” эмнэлэг нь цус цусан бүтээгдэхүүнийг захиалсан ба хүлээн авсан бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, “Мон мэс”, КНАГ, ТЗНЭ тээвэрлэх зориулалтын хүйтэн  хэлхээний саванд байх мөс болон термометр хангалттай биш байгаа;

22. Эмнэлгүүдэд трансфузиологич эмч орон тоогоор ажилладаггүй, өөр ажил хавсран гүйцэтгэж байгаагаас эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй /нийтлэг/;

23. НЭМН, БНЭМН, ЭХЭМҮТ, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/, ТЗТЭ-т өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхдээ  эмнэлгийн болон лабораторийн заалтыг бүрэн гаргаагүй, зарим тохиолдолд цус сэлбэх тухай зөвшөөрлийг бичгээр аваагүй, биологийн тохироог хэрхэн үзсэн талаар тэмдэглэл бичээгүй, цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн тухай протоколд бүтээгдэхүүнд ердийн үнэлгээ өгөөгүй, сэлбэх арга, хурдыг заагаагүй, сэлбэлтийн дараах шээсний байдлыг хянаагүй;

24. Сумдын эрүүл мэндийн төвүүд цус цусан бүтээгдэхүүн сэлбэхэд хувийн тохироог үзэж хэвшээгүй /Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Хангай сумд, Төв аймгийн Жаргалант сум/;

25. Төв аймгийн Жаргалант суманд өвчний түүхэнд (2012оны) хяналт хийхэд цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх тухай өвчний түүхэнд бичээгүй, эмчийн хяналтан дор хийгээгүй, резус бүлэг, хувийн тохироо үзээгүй,  цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх явцад хийгдэх эмчийн хяналт хийгдээгүй, бүтээгдэхүүн сэлбэсэн протоколыг бүрэн хөтөлж өвчний түүхэнд хавсраагүй  зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Дүгнэлт:

1.Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагааг 3.8 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд  25 хувь нь дунд эрсдэлтэй, /Өвөрхангайн  Хархорин НЭ-45%, БОЭТ-32%, Увс 35%, Говь-Алтай 33%, Төв 30%/  75 хувь нь бага эрсдэлтэй /ЦССҮТ10%, Архангай 11%, Баян-Өлгий 18%, Баянхонгор 18%, Булган 13%, Говьсүмбэр 12%, Дорноговь 25%, Дундговь 12%, Завхан 19%, Орхон 15%, Өмнөговь 15%, Сэлэнгэ 14%, Хөвсгөл 28%, Хэнтий 13%, Багануур дүүрэг 17%/ үнэлэгдсэн байна.

2.Донорын тухай хуулийн 17дүгээр зүйлд заасан гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх тухай заалтуудын хэрэгжилт 62.5%, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 79.2%, донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор мөрдөгдөж буй салбарын дүрэм журмын хэрэгжилт 75.8%, эрүүл ахуйн нөхцөл, халдвараас хамгаалах дэглэмтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилт 83.4%, “Тусгай мэргэжлийн оргүй төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6330-3:2012 стандартын хэрэгжилт 81.9%-тай байна.

3.Өмнөх шалгалтаар ЭМЯ-д шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн асуудлын 67 хувийг огт хэрэгжүүлээгүй байгаа нь салбарын яамдууд хяналтын байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг байдал харагдаж байна.

4.Эмнэлгүүдийн тухайн жилийн төсөвт гамшгийн үеийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө тусгагдахгүй байгаа нь нийтийг хамарсан онцгой байдал, гамшгийн үед шаардагдах цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл, оношлуур, цусны хүүдийний нөөцийн бэлэн байдал хангагдахгүйд хүргэж байна. 

5.Эмнэлгүүдийн захиалгын дагуу аюулгүй, чанартай, эмчилгээний үр дүнтэй цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц хэмжээгээр үйлдвэрлэж, захиалгын дагуу бүрэн олгохгүй байгаа нь донорын тоо хүрэлцээгүйтэй холбоотой байна.

6.Шалгалтын явцад илэрч байгаа зөрчлүүд нь тухайн байгууллагын дотоод хяналт сул, цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой гарч байгаа бөгөөд энэ нь цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг алдагдуулах, цус сэлбэлтийн дараах урвал, хүндрэл гарах, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна. 

7.Шалгалтанд хамрагдсан салбар банкууд нь агааржуулалтын системгүй, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, дотоод хяналтаар нян судлалын шинжилгээ тогтмол хийж, үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байгаа нь тэдгээрийн 60%-д үйлдвэрлэлийн агаар, гадаргуу, ариун материалын шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрч байгаагаас харагдаж байна. 

Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн цус сэлбэлт хариуцсан эмч, эмнэлгийн ажиллагсдад  мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ