70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналт шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Хүнсний тухай” хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан “Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм”, “Олон нийт, иргэний барилгын норм” БНбД31.03.03 стандарт, норм нормативийн хэрэгжилтийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад зорилгоор шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 11-наас 06 дугаар сарын 05 -ны  хооронд хийж гүйцэтгэсэн.

Шалгалтанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага:

Хяналт шалгалтад хамруулахаар зарласан 253 байгууллага шалгалтад хамрагдлаа. 6.1 кодтой “Сургуулийн  өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах  хяналтын  хуудас”-ны 6 чиглэл, 33 асуултаар;   3.6 кодтой “Сургуулийн  өмнөх  боловсролын  байгууллагын  эрүүл  ахуйн  нөхцөл, халдвар    хамгааллын  дэглэмийг  шалгах   хяналтын  хуудас”-ны 4 чиглэлийн 36 асуултаар;   1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-ны 6 чиглэл 78 асуултаар тус тус шалгаж, эрсдлийн түвшинг тодорхойлж, үнэлгээ хийгдлээ.   Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс “Бага насны хүүхдийн хөгжил MNS 5420-1:2011” стандартын хүрээнд хүүхдийн хөгжлийн ахисан түвшинд мэргэжлийн шинжээчдийн боловсруулсан арга, аргачлалаар үнэлгээ өгсөн.    Цэцэрлэгийн анги, танхимын агаар, эдэлбэр газрын хөрс, унд ахуйд хэрэглэж байгаа  ус, хүүхдийн хоол хүнсний илчлэг чанар, тоглоомын аюулгүй байдал, угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор хими, хүнд металл, эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл:

Монгол улсын хэмжээнд 945 цэцэрлэгт  5630 багш ажиллаж, 2-5 насны нийт хүүхдийн 77,6 хувь болох 181,0 мянган хүүхэд  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өсч байгаа хэдий ч өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 56,0 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь, нийслэлийн хэмжээнд 29,5 мянган буюу 10 хүүхдийн 4 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012-2016 онд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүчин чадлын хомсдлыг арилгах, үүсэн бий болж буй эрэлтийг хангах, төв, суурин газрын цэцэрлэгийн хэт ачааллыг бууруулж хэвийн хэмжээнд хүргэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна. Сургуулийн өмнөх боловсролын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд улсын хэмжээнд 10000 орны хүчин чадалтай 75,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 95 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 3900 ортой 36 цэцэрлэгийн барилга, 3200 хүүхдийн хүчин чадалтай 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 106 гэр цэцэрлэг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхээр төлөвлөсөн байна. 2013 оныг өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадлыг 3,8 хувиар, гэр цэцэрлэгийн үйлчилгээний хүчин чадлыг 10,5 хувиар, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 0,78 хувиар нэмэгдүүлж ажилласан байна. /эх сурвалж: БШУЯ-ны статистик тоон мэдээллээс/

Өмнөх шалгалтын талаар:

МХЕГ-аас 2012 онд хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, ерөнхий байцаагчийн 01/08 дугаартай удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлийн нийт шалгахаар нэр зарлагдсан сургуулийн өмнөх боловсролын 259 байгууллага хяналт шалгалтанд хамрагдснаас 12 хувь буюу 30 цэцэрлэг  “Их эрсдэлтэй”, 40.5 хувь буюу 105 цэцэрлэг “Дунд эрсдэлтэй”, 48 хувь нь 124 цэцэрлэг  “Бага эрсдэлтэй” үнэлэгдэж байсан байна. 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05/050/1066 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр эрүүл ахуй болон боловсролын чиглэлээр тус тус 10 асуудлуудыг БСШУЯ болон ЭМЯ-нд хүргүүлсэн байна. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар өгөгдсөн албан шаардлагын биелэлтийг газар дээр шалгах гүйцэтгэлийн хяналт шалгалт 86 байгууллага дээр хийгдсэн.

Шалгалтын явц, хуулийн хэрэгжилтийн талаар:

Хяналт шалгалтыг МХЕГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу дараах чиглэлийг хамруулан хийж гүйцэтгэлээ.

Цэцэрлэгийн сургалтын орчин, аюулгүй байдлын талаар : Шалгалтанд хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлснээр 1 хүүхдэд ногдох талбайн хэмжээ цэцэрлэгүүдийн 79,1% нь стандартын шаардлага хангахгүй байна.  Нийт шалгагдсан 248цэцэрлэгээс 157 буюу 63.4% нь зориулалтын барилга байгууламжтай, 55.5% нь дуу шуугиан ихтэй гудамж, авто замын хөдөлгөөн, бохирдуулах эх үүсвэрээс 500 м-ээс доошгүй зайд, хатуу шингэн хог хаягдалын цэгээс 200м-ээс хол зайнд байрладаг, 67,1% нь 1 хүүхдэд ногдох эдэлбэр газрын хэмжээ стандартаас бага, 76 буюу 73.1 хувь сантехник болон цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлыг хангасан, 65.9% нь бүлэг бүр хүлээн авах, хувцаслах өрөөтэй, 57.1% нь унтлагын болон тоглох өрөөтэй, 69.2% нь бүлэг тус бүртээ ариун цэврийн өрөөтэй байна. Цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 74 дээж, анги танхимын агаараас эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд 251 дээж, арчдасын  шинжилгээгээр 1854 сорьц авч лабораторийн шинжилгээ хийлгүүлж эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар үнэлгээ өглөө.

Усан хангамж, бохир ус, зайлуулалт, халаалтын талаар: Хэсгийн усан хангамжтай цэцэрлэгүүдийн 51.6% нь  эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгааллалтын бүс тогтоосон, зөөврийн усан хангамжтай цэцэрлэгийн 38.4% нь усан хангамж нормд заасан хэмжээгээр хангагддаг, хэсгийн болон зөөврийн усан хангамжтай цэцэрлэгүүдийн 58.2%-д ундны ус эрүүл ахуйн шаардлага хангасан. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 60.4% нь бохир ус зайлуулах төвлөрсөн системд холбогдсон, 39.6% бохирын цооногтой, 51.6% хэсгийн халаалттай байна.     Хэсгийн ариун цэврийн байгууламжтай цэцэрлэгүүдийн энгийн бие засах газар ба бохирын цооногын 56% нь стандартын шаардлага хангасан, 31.8%-д нь 8 хүүхэд тутамд 1 суултууртай, 54.9% нь 15 хүүхэд тутамд 1 угаалтууртай байна. 

Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний талаар: Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 57 буюу 54.8% нь гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангасан, 47 буюу 45.1% нь тоглоом наадгай хүрэлцээтэй, 46 буюу 44.2 % нь хөгжмийн заалны тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хангагдсан, 31 буюу 29.8% нь биеийн тамирын заалны тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хангагдсан байна. Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагын ашиглалт 89 буюу 85.5%-ийн хэрэгжилттэй байна. Сургалтанд хэрэглэж байгаа тоглоомуудын 90.1% нь хүүхдэд бэртэл гэмтэл учруулах хурц өнцөг ирмэггүй, дуу гаргадаг тоглоомын 94.5%-д дуугарах хүч нь 40 Дб-ээс хэтрэхгүй байна.     

Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын талаар: Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг бага насны хүүхдийн хөгжлийн ахисан түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийхэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшил стандартын хүрэх түвшин 85 буюу 81.7%-тай, хэл яриа, математик энгийн төсөөлөл, дүрслэн зурах чадвар стандартын хүрэх түвшин 29 буюу 72.1%-тай, хүүхэд өөрийгээ илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэх талаар 84 буюу 80.7%-ийн үзүүлэлттэй байна.       

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал:

Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 87 буюу 83.6%  нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг  үр дүнтэй зохион байгуулсан байна. Нийслэлийн хэмжээнд шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 89.3% нь  өөрийн цэцэрлэгийн онцлог байдалд нийцүүлэн “Нэгж хичээлийн боловсруулалт”-ыг бүлэг бүрт  36 нэгжээр хэрэгжүүлэх  ажлыг зохион байгуулж,  багш нар нэгж хичээлийн боловсруулалт хийхэд ихээхэн анхаарч өөрийн гэсэн бүтээлтэй болж сургалтандаа ашиглаж байгаа нь  хийж бүтээсэн ажлын сайн эхлэл, үр дүн олон байна.

Шалгалтанд хамрагдсан аймаг, нийслэлийн цэцэрлэгүүд маш олон төрлийн бүтээлч ажлуудыг санаачилан идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа талаар орон нутгийн мэдээлэлд дурдсан байна. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд зохион байгуулсан “Зөв монгол хүн”, “Ном” хөтөлбөрүүдийн хүрээнд нэг цэцэрлэг гэхэд л 500  гаруй номын баяжуулалт хийгдэж багш, ажилчид , хүүхдэд зориулсан “Номын сан”-г байгуулан фонддоо 1800  гаруй  номтой болж, ашигалалтын карт хөтлөн ажилласан байна. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 99.7% нь мэргэжлийн тогоочтой, хоолны цэсийг ажлын 5 хоногоор төлөвлөн баталгаажуулдаг, хоолны амт чанарын хяналтыг тогтмолжуулан, эмч, тогооч нар нь хоолны илчлэгийг тооцооны аргаар улирал тутамд тооцон, дүгнэлт судалгаа гаргадаг байна. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд эрүүл зүйн болон хими, хүнд металлын шинжилгээг 10 үзүүлэлтээр нийт 159 нэр төрлийн тоглоомонд хийлгэхэд химийн шинжилгээгээр тоглоомын рН зохистой хэмжээнд, формальдегид илрээгүй, 99.3% будгийн тогтворжилттой, хүнд металлын шинжилгээгээр хар тугалга, кадми зөвшөөрөгдөх хэмжээнд, зэс цайр илрээгүй байна. Анги танхимын бичил цаг уурын эрүүл ахуйн төлөв байдлыг 437 цэгт хэмжилт хийж үнэлгээ өгөхөд агаарын хэм дунджаар 20.5оС, гэрэлтүүлэг дунджаар 365.8 люкс байсан ба цэцэрлэгүүдийн 67,6 хувьд нь анги танхим бүлгийн үндсэн өрөөний агаарын хэм, харьцангуй чийглэг хэвийн хэмжээнд, 91.2% нь байгалийн гэрэлтүүлэг хангалттай, 78% нь зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байна. Цэцэрлэгүүдийн 90.1% нь барилгын шатны хашлагын өндөр болон бариул нь аюулгүй байдлын шаардлага хангасан байна.  

Илэрсэн зөрчил, дутагдал:

1.Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийг 34 цэцэрлэг буюу 32.6% нь зориулалтын барилга байгууламжгүй;

2.22 цэцэрлэг буюу 21.1 хувь нь сургалт явуулах анги танхим, өрөө, тасалгаа, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй;

3.Цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг 47 буюу 45.1 хувь,  сантехник болон цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлыг 28 буюу 26.хувь, бага насны хүүхэд байгаа орчны анги танхимын цонх хамгаалалтгүй 54 буюу 51.9 хувь байгаа, 

4.43 цэцэрлэг буюу шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 41.3 хувь нь бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй сурч хөгжих талаар эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээндээ оновчтой зөв тодорхойлоогүй байгаа;

5.Цэцэрлэгүүдийн эрхлэгчдээс 53 буюу 50.9 хувь нь, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй, төрийн бус өмчийн 71 цэцэрлэгт  мэргэжлийн бус, багшлах эрхгүй багш ажиллаж байгаа;

6.Бүх цэцэрлэгүүдэд цэцэрлэгийн ном, гарын авлага болон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомын хүрэлцээ, хангамж хангалтгүй, тоглоомоор хангах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байгаа.

7.Төрийн өмчийн цэцэрлэгүүд /100%/-эд нэг бүлэгт байх хүүхдийн тоо 1.5-2 дахин их байгаа,

8.Нийт цэцэрлэгийн 74-ийг буюу 51,4%ийг хамруулан тоглоомын талбайн хөрснөөс дээж авч, нян судлал, хими, хүнд металлын шинжилгээ хийлгэж “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм MNS 3297-91 стандартад заасны дагуу үнэлэхэд  27 цэцэрлэгийн хөрс их, 19 цэцэрлэгийн хөрс дунд, 26 цэцэрлэгийн хөрс бага бохирдолтой байгаа,

9.58.2% хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн  урсгалтай байхаар зохион байгуулаагүй,

10.Цэцэрлэгүүдийн 63.7% нь эрүүл зүйн бичил нян судлалын арчдасын  шинжилгээгээр гэдэсний савханцар илэрч стандарт, аюулгүй байдлыг хангахгүй байгаа;

11.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 45.5% нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмчгүй,

12.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 47.5% нь бүлэг бүрт хүлээн авах болон ариун цэврийн өрөөгүй, хүүхдийн гар угаах угаалтуур, суултуур хүрэлцээгүй,

13.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 56.6% зөөврийн усан хангамжтай, унд ахуйн хэрэглээний халуун хүйтэн усны хангамж, хэрэглээ хангалтгүй;

14.Шинээр байгуулагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд зориулалтын барилга байгууламжгүй, гадна тоглоомын талбайгүй, холимог насны хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгүй, мэргэжлийн багшгүй, насны ангилалаар бүлэг хувиарлалт хийгдээгүй, нас сэтгэхүйн онцлогт тохирсон хоол хүнс, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй;

15.Шалгалтад хамрагдсан нийслэлийн цэцэрлэгүүдийн 24 буюу 45,2% нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч улсаас санхүүжилт авч үйл ажиллагаа явагдаж байгаа; /Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 80, 92 дугаар цэцэрлэг г.м/

Дүгнэлт:

Эрсдлийн үнэлгээгээр:  6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар  хяналт шалгалт хийхэд 21 буюу 20.1 хувь нь “Их”,  40 буюу 38.4 хувь нь “Дунд”, 43 буюу 41.3  хувь нь  “Бага” эрсдэлтэй,  3.6 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ өгөхөд 26 нь буюу 20.6% их, 57 нь буюу 46% дунд, 41 буюу 33.4% бага эрсдэлтэй,   1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 12 нь буюу 10.9% их, 33 нь буюу 30% дунд, 65 нь буюу 59.1% бага эрсдэлтэй үнэлэгдлээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12, 11 дүгээр зүйлийн 11.2.1,11.2.9 дүгээр заалтууд, БСШУ-ны /хуучин нэрээр/ сайдын баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй дүрэм”-д заасан цэцэрлэгийн аюулгүй байдалд тавигдах шаардлагын 2.1.2, 2.1.3, 2.2.1, 2.2.3, 3.4 дүгээр заалтуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны эрүүл, аюулгүй байдал хангалтгүй байна.

Сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Бага насны хүүхдийн хөгжилMNS-5420-1:2011” стандартын хүрээнд нийцүүлсэн даалгаврын гүйцэтгэлээр үнэлэхэд хүүхдийн хөгжил ахисан түвшинд үнэлэгдэж,   сургуулийн өмнөх боловсролын стандарт “хангалттай” түвшинд хэрэгжиж байна.

Шалгалтанд хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлснээр 1 хүүхдэд ноогдох талбай, ариун цэврийн байгууламж (суултуур, тосгуур)-ийн хүрэлцээ багасах, хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдах, анги танхимын бичил цаг уур өөрчлөгдөж, агаар дахь нян, вирус, нүүрсхүчлийн хий ихсэх, хүчилтөрөгчийн хомсдол үүсэх, дуу шуугиан нэмэгдэх, эдэлбэр газрын хөрс бохирдол үүсч эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчин ихсэх, үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь цэцэрлэгүүдэд сургалтын эрүүл, аюулгүй  орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна

Шалгалтын явцад улсын байцаагчийн 944 заалт бүхий 141 албан шаардлага, үйл ажиллагааны 25 дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн 246 дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох акт 4-ыг үйлдэж, нэг байгууллагын үйл ажиллагааг сэргээсэн акт үйлдэж, илэрсэн зөрчлийг үндэслэн  улсын хэмжээнд 3.266.352 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, 92.5 хувийг  барагдуулж, лабораторийн шинжилгээнд үндэслэн 246 дүгнэлт үйлдсэн байна

Улсын байцаагчид  шалгалтанд хамрагдсан байгууллага бүр дээр хийсэн шалгалтын танилцуулга бичиж, байгууллагын удирдлага, хамт олонд танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлсэн. Шалгалтад хамрагдсан бүх байгууллага дээр хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний нөхцөл шалтгаан, тухайн байгууллагад цаашид учирч болох эрсдэлүүд, эрсдэлүүдийг бууруулах талаар багш, ажилчид, эцэг эх, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Мөн шалгагдсан байгууллагад мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 93 удаагийн байгууллагын сургалт зохион байгуулж 1036 хүнийг хамруулсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ