70382348

info@umch-tender.kh.gov.mn

Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Мал хамгаалах сангийн төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийгхангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор шалгалтыг удирдамжийн дагуу Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийв. Шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэв.

Тус сан нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам”, Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах тогтолцоо, тусламжийн сүлжээ бүрдүүлэх, мал сүргийг тогтвортой өсгөх үндсийг хангах, мал сүргийг ган, зудаас хамгаалах, байгалийн гамшиг тохиолдсон үед хүн хүч, хөрөнгө, санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, урт богино хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох зорилгоор байгуулагдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, 2006 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Малын чанар сайжруулах хөтөлбөр”, Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зардлуудыг санхүүжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгөөр захиран зарцуулах, тайлагнах журам”-ыг мөрдлөг болгон ажиллаж ирсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Мал хамгаалах сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар заасан байна. Үүнд:

23.1.1. бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах

                23.1.2. хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай техник технологийн шинэчлэлт хийх

                23.1.3. худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах

                23.1.4. тусгай сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг нөхөх

Мал хамгаалах сан нь 2001-2009 оныг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харъяанд, 2009 оноос 2011 оны 2 дугаар сарын 19 хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаад, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/18 тоот тушаалаар бие даасан зохион байгуулалтаар ажилласан байна. 

Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар

2011 оны санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл аудит” ХХК-иас хийсэн аудитын дүгнэлтээр 2003-2005, 2009-2011 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг мөнгөн сууриар бүртгэсэнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зээлийн хүүгийн авлагыг аккруэл сууриар бүртгэх зөвлөмж өгсөний дагуу дахин залруулж бүртгэсэн байна. 2012 оны санхүүгийн тайлан тэнцэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар зөрчилгүй дүгнэлт өгсөн байна.

Мал хамгаалах сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар:

Орлогын талаар  Мал хамгаалах сан нь улсын төвлөрсөн төсвөөс 2011 онд 9849932.9 мянган төгрөгийн, 2012 онд 29565194.2 мянган төгрөгийн ноосны урамшууллыг дамжуулан малчдад олгосон байна. Мөн төсвийн санхүүжилтээр 2011 онд 25000.0 мянган төгрөг, 2012 онд 23763.2 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Үндсэн үйл ажиллагааны орлогоор 2011 онд 649344.9 мянган төгрөг, 2012 онд 1870986.1 мянган төгрөгийг, туслах үйл ажиллагааны орлогоор 2012 онд 488497.5 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна. 2011 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 217058.1 мянган төгрөг, 2012 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 400489.4 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл 1531.4 мянган төгрөг байна.2011 оны үндсэн үйл ажиллагааны орлогыг задалбал, хөнгөлөлттэй үнээр борлуулсан хадуур, саалтуур, бага оврын тракторын орлого 309,878.0 мянган төгрөг, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого 299,556.5 мянган төгрөг, дэгдээхэй борлуулсны орлого 38,670.4 мянган төгрөг, малын глюкоз борлуулсны орлого 1,240.0 мянган төгрөгийн орлогууд тус тус эзэлж байна. 2012 онд үндсэн үйл ажиллагааны орлогоор зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого, туслах үйл ажиллагааны орлогоор техник тоног төхөөрөмж борлуулсаны орлого, хүүгийн орлого, ноосны урамшууллын зөрүүг бүртгэсэн байна.

Хөнгөлөлттэй үнээр борлуулсан тоног төхөөрөмжийн талаар: 2011 оны санхүүгийн үр дүнгийн тайланд тусгаснаар төсвийн хөрөнгө оруулалтаар 1165605.0 мянган төгрөгийн хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Мал хамгаалах сангийн үнэ төлбөргүй хүлээн авсан орлогоор бүртгэж, аж ахуй нэгж байгууллагуудад үнэ хямдруулан худалдан борлуулсан орлогыг тус санд төвлөрүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалуудаар шийдвэрлэсэн байна.

Зардлын талаар  Төсөвт зардлын гүйцэтгэлийг авч үзвэл 2011 онд 10385615.6 мянган төгрөг, 2012 онд 31874894.0 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг 2011 онд 25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287711.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Үүнээс ноосны урамшуулалд 2011 онд тухайн оны төсөвт зардлын гүйцэтгэлийн 94.6 хувь буюу 9826858.8 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 92.3 хувь буюу 29414323.0 мянган төгрөгийг тус тус олгожээ. Мөн төслийн зээлд 2011 онд тухайн оны төсөвт зардлын 4.2 хувь буюу 441339.5 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 6.5 хувь буюу 2073999.0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний А/41 тоот тушаалд заасны дагуу сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, ноосны урамшууллын санхүүжилтийн зарцуулалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийх талаар “Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөнийг зохион байгуулахад шаардагдах зардалд 150871.0 мянган төгрөгөөр баталсан байна. Үүнээс дотоод албан томилолтод 70881.0 мянган төгрөг, сургалт семинар зохион байгуулахад 24820.0 мянган төгрөгийг, тараах материалд 7520.0 мянган төгрөгийг, мэдээлэл сурталчилгааны зардалд 13540.0 мянган төгрөгийг, төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд 34110.0 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөнөөс гүйцэтгэлээр 141661.7 мянган төгрөгийг зарцуулсан байна. 2012 онд “Ай И Ди Эф” ХХК-д агуулахын барилгын ажлын хөлсөнд 16300.0 мянган төгрөгийг шилжүүлж, “БЛМ” ХХК-иас 160 м.кв сэндвичэн хавтанг 28700.0 мянган төгрөгөөр худалдан авч өөрийн хөрөнгөөр 45000.0 мянган төгрөгийн агуулахын байртай болсон байна.

2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан дараах зардлуудыг холбогдох тушаал, шийдвэрүүдийн дагуу Мал хамгаалах сангаас санхүүжүүлсэн байна. Үүнд:Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255  тоот тушаалаар баталсан 2012 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төвлөрсөн арга хэмжээний болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр Мал хамгаалах сангийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.

Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/124 тоот тушаалын дагуу 13 ширхэг малын тэжээлийн үйлдвэрийн иж бүрдэл нийлүүлсэн “Агро альфа” ХХК-д 233,000.0 мянган төгрөг, 15 ширхэг өвс хаман боогч нийлүүлсэн “Ингэт толгой” ХК-д 246,999.0 мянган төгрөг нийт 480.0 сая төгрөгийг тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулсан байна. Дээрх тушаалын дагуу 2012 онд худалдан авсан тоног төхөөрөмжийг тендерт нийлүүлсэн үнээр буюу Тэжээлийн цехийн тоног төхөөрөмжийг 17,923,076.00 төгрөгөөр, Өвс хаман боогчийг 16,466,600.00 төгрөгөөр, тус бүр 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр, үлдэгдэл үнийг 3 жилийн дотор эргүүлэн төвлөрүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд ногоон тэжээл хэрчигч комбайны төлбөрийн орлого болох 184376.0 мянган төгрөгийг, өвс хаман боогчийн төлбөрийн орлогоор 124851.9 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна.     

Өөрөө явагч жижиг оврын өвсний хадуур  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу 371 ширхэг хөдөлгөөнт гар хадуур нийлүүлсэн Агротрейд импекс ХХК-д 270000.0 мянган төгрөгийг шилжүүлж нэг бүрийн үнийг  727,800.00 төгрөгөөр хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд хөдөлгөөнт гар хадуур борлуулсаны төлбөрийн орлогоор 96387.4 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна.

Тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу тэжээлийн ургамлын үр нийлүүлсэн “Агротрейд импекс” ХХК-д 191,500.0 мянган төгрөгийг шилжүүлж, нийлүүлэгч нь нийт 159 тн /үүнд хошуу будаа 140 тн, эрдэнэ шишийн үр 15.5 тн, царгасны үр 3.5 тн/ үрийг хүлээлгэн өгсөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/95 тоот тушаалын хавсралтаар дээрх худалдан авсан 191500.0 мянган төгрөгийн үнэ бүхий таримлын үрийн үнийг 70 хувиар хөнгөлж нийт 57469.2 мянган төгрөгөөр уг тушаалын хавсралтад заасан 42 байгууллага, аж ахуйн нэгжид худалдан борлуулсаны орлогыг Мал хамгаалах санд төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөс үрийн хадгалалт, үйл ажиллагааны зардалд зориулан 2500.0 мянган төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэжээлийн үр борлуулсаны орлогоор 2012 онд нийт 34993.9 мянган төгрөгийг төвлөрүүлсэн байна. “Малын тэжээл үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ТШ/12/01/02 тоот зээлийн гэрээ”-ний дагуу 15 ширхэг өвс хаман боогч техникийг нийт 246,999,000 төгрөгөөр нийлүүлэхээр заасан байна.

Шувууны аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/81 тоот тушаалаар “Хоногийн настай дэгдээхэй худалдан авах” тендерт шалгарсан “Түмэн шувуут” ХХК-иас 74200 толгой эм дэгдээхэйг 200.0 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэсэний дагуу хоногийн настай дэгдээхэйг нэг бүрийг нь 2695 төгрөгөөр худалдан авсан байна.

Ноосны урамшууллын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  221 дүгээр тогтоолоор батлагдсан  “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журам, 2011 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 368 дугаар тогтоолын дагуу 2011, 2012 онд ноосны урамшуулал олгох ажлыг Мал хамгаалах сангаас зохион байгуулж ажилласан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2-д “үндэсний үйлдвэрт нийлүүлсэн нэгдүгээр зэргийн хонь болон тэмээний ноос тутамд 2000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох”-оор заасан байсныг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 368 дугаар тогтоолын 4-д зааснаар “нэгдүгээр зэргийн” гэснийг хасаж өөрчлөн баталсан байна. Ноосны гарцын хэмжээг 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал хамгаалах сан, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл бүхий Малчдад мөнгөн урамшуулал олгох ажил зохион байгуулах  ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн дагуу хонины ноосны хэмжээг 1.3 кг-аар, 2012 онд тухайн оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/105 тоот тушаалын дагуу нэг малаас авах ноосны гарцын дундаж хэмжээг тухайн үүлдэр, омог хэвшлийн малын Үндэсний стандартад заасан ашиг шимийн үзүүлэлтийн дундажаар буюу бүдүүн, бүдүүвтэр ноост хонины хувьд үүлдэр омгийн хувьд 1.2-1.9 кг-аар, нарийн нарийвтар ноост хонины ноосыг үүлдэр омгийн хувьд 3.2-4.1 кг-аар тогтоон тооцож олгосон байна. Засгийн газрын 221 дүгээр тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/234 тоот тушаалаар  аймаг, нийслэлийн 32290 малчин өрх, мал бүхий  этгээдийн үйлдвэрт тушаасан 3.0 мянган тонн 1 дүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны урамшуулалд 6087815,0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс гүйцэтгэлээр  3596860.8 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх, мал бүхий этгээдэд олгосон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/263 тоот тушаалаар 2005914.3 мянган төгрөгийн урамшууллыг 1 дүгээр зэргийн ноос болон нийт ноосны зөрүү болох 1,0 мянган тонн ноосны урамшуулалд олгохоор, 4247157.7 мянган төгрөгийг малчин өрх, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 2,1 мянган тонн хонь, тэмээний нийт ноосны урамшуулалд олгохыг Мал хамгаалах санд даалгасан бөгөөд 2011 онд нийт 9849932.9 мянган төгрөгийн ноосны урамшуулал олгохоос 2011 оны 12 сард багтаан 9852248.0 мянган төгрөгийг аймаг нийслэлийн төрийн сангаар дамжуулан малчдад олгосон бөгөөд 23074.1 мянган төгрөгийн урамшууллыг дутуу олгосныг 2012 онд нөхөн олгосон байна. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны A/130 тоот тушаалд зааснаар ноосны  урамшуулал олгох ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор “Ноосны урамшууллын цахим бүртгэлийн систем” программыг 12000.0 мянган төгрөгөөр “Ю эс ай” ХХК-иар хийлгүүлж үйл ажиллагаандаа ашигласан байна. Мал хамгаалах сан нь журамд заасны дагуу аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрууд, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн мэдээллийг харьцуулан хянасаны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн 6 дүүргийн нийт 103162 малчин, мал бүхий этгээдийн тушаасан 14,7 мянган тн ноосны 29414323.0 мянган төгрөгийн урамшууллыг сумдын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2012 онд Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн үндэсний 154 үйлдвэр 108,993 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн 16,498.7 тн хонь, тэмээний ноос худалдаж авсан мэдээ тайланг баталгаажуулсан байна. Энэ нь 2011 онтой харьцуулахад үндэсний үйлдвэрүүд 2.6 дахин их ноос буюу улсын хэмжээнд бэлтгэсэн нийт ноосны 82,5 хувийг худалдаж авсан  байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  221 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу бондын эх үүсвэрээр нийт ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагад 25.8 тэрбум төгрөгийн зээл олгож, түүхий эдийн хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлсэнээр үндэсний үйлдвэрүүдийн хэвийн жигд ажиллагаа хангагдаж, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хонины ноосон ээрмэл, ноосон даавуу, барилгын дулаалгын материалын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсон бөгөөд хуучин үйлдвэрүүд ноос боловсруулах тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр байгуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад 11,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд нь “Нэхээсгүй эдлэл” ХК, Архангай аймгийн Хотонт суманд ноос угаах үйлдвэр, ”Могол ноос” ХХК Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосноос хялгас ялгаж, самнах үйлдвэр, ээрэх үйлдвэр, “Эко ноос” ХХК барилгын дулаалгын материалын үйлдвэр-Дархан-Уул аймагт, Чойр хайрхан ХХК –Говьсүмбэр аймагт ноос самнах үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан байна. Бондын эх үүсвэрээр 25.8 тэрбум төгрөгийн зээлийг ноосны үйлдвэрүүдэд олгож, түүхий эдийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2011, 2012 онуудад 39.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож нийт 65.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулсан боловч үүний үр дүнд гарсан эдийн засгийн үр дү, үр ашгийг нэгтгэн тооцсон тодорхой ажил хийгээгүй байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхийг дүгнэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлын нэг болно.

Өглөг, авлагын талаар 2012 оны жилийн эцэст авлага 10333369.7 мянган төгрөг, өглөг 19271.6 мянган төгрөг болж, авлага урьд оныхоос 790874.1 мянган төгрөгөөр өсч, өглөг 58820.0 мянган төгрөгөөр буурсан байна. Нийт авлагын 93.5 хувь буюу 9668758.5 мянган төгрөг нь төслийн зээлийн авлага, 1.9 хувь буюу 194900.4 мянган төгрөг нь зээлийн хүүгийн авлага, 0.08 хувь буюу 8572.0 мянган төгрөг нь хүмүүсээс авах авлага, 4.5 хувь буюу 461138.8 мянган төгрөг нь бусад зардлын тооцоо тус тус эзэлж байна. 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн үржлийн газраас 6746100.0 мянган төгрөгийн авлага шилжиж ирсэн нь авлагын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон байна. Мөн 2011 онд Мал хамгаалах сангийн санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл Аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтээр 2009-2010 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2011 оны санхүүгийн тайланд, 2003-2005 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2012 оны санхүүгийн тайланд тусгахыг мэдэгдсэн байна. Дээрх зөвлөмжийн дагуу 2011 оны санхүүгийн тайланд 30326.7 мянган төгрөгийн, 2012 оны санхүүгийн тайланд 98568.3 мянган төгрөгийн хүүгийн авлагыг залруулан бүртгэсэн байна. Дээр дурьдсан авлагуудаас 2003-2005 онд хэрэгжсэн Шилмэл хээлтүүлэгч хөтөлбөрийн хүрээнд олгосон 185,8 сая төгрөг, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгосон 404,1 сая төгрөгийн он дамжсан төлөгдөх хугацаа хэтэрсэн авлага байна.

Бусад байгууллагаас шилжиж ирсэн авлагын талаар:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/06 тоот тушаалаар сайдын 2011 оны төсвийн багцад тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээлийн ангилалд батлагдсан хөрөнгийг Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/87 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт, А/90 дүгээр тушаалын 1,2,3,4 дүгээр хавсралт, А/102 дугаар тушаал, А/111 дүгээр тушаалын хавсралт, А/132 дугаар тушаалын хавсралт, А/134 тушаал, А/138 дугаар тушаалын хавсралт, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2011 оны 51 дүгээр тушаал, хавсралтад тус тус заасан нийт 6246.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авлагыг Мал хамгаалах санд шилжүүлж, авлага цуглуулахыг тус санд даалгажээ.

Зээл олголтын талаар:  2011 онд Монгол Улсын Засгийн газрын  “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зарлагдсан тендерийн шалгаруулалтаар шалгарсан 306 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 6,446,100.0 мянган төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож гэрээ байгуулан ажилласан байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд:

1. Засгийн  газрын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хариуцан хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөр нь 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 1-р үе шат нь 2010-2015 оны хооронд, 2 дугаар үе шат нь 2016-2021 онуудын хооронд хэрэгжих бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино” гэжээ. 2011 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4,656.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсанаас гүйцэтгэлээр нийт 237 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод /аймаг, нийслэлийн/ 4,646.1 сая төгрөгийн зээлийг олгож, зээлийн эргэн төлөлт, гэрээ болон төслийн  хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Мал хамгаалах санд хариуцуулсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255  тоот тушаалд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүү, махны үхэр, гахайны цогцолбор аж ахуй эрхлэгч нарт зээл олгоход 900.0 сая төгрөг, шувууны аж ахуй эрхлэгч нарт цогцолбор аж ахуйн зээл олгоход 200.0 сая төгрөг, зөгийний аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид зээл олгоход 72.5 сая төгрөгийг тус сангийн дотоод эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/140 тоот тушаалаар махны үхэр болон хонины аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөг, сүүний үхрийн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 25 аж ахуйн нэгжид 400.0 сая төгрөг, гахайн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 18 аж ахуйн нэгжид 300.0 сая төгрөг, зөгийн аж ахуйг өргөтгөх 12 иргэн, аж ахуйн нэгжид 72.5 сая төгрөг нийт 972.5 сая төгрөгийг төслийн дэмжлэгт олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалын дагуу сүүний үхэрийн аж ахуйн дэмжлэгт 23 аж ахуйн нэгжид 380.0 сая төгрөгийг, махны үхэр хонины аж ахуйн дэмжлэгт 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөгийг, гахайн аж ахуйн дэмжлэгт 17 аж ахуйн нэгжид 290.0 сая төгрөгийг, зөгийн аж ахуйн дэмжлэгт 10 иргэн, аж ахуйн нэгжид 62.5 сая төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгосон байна. Мөн дээрх тушаалын дагуу шувууны аж ахуйг өргөтгөх чиглэлээр 200.0 сая төгрөгийн 74200 ширхэг хоногийн настай дэгдээхэйг “Түмэн шувуут” ХХК-иас худалдан авч, Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2012 оны 30 тоот тушаалын дагуу төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 5 иргэн, 15 аж ахуйн нэгжид нэг бүрийг нь 2696 төгрөгөөр тооцож хуваарилан 2 жилийн дотор Мал хамгаалах санд төвлөрүүлэхээр гэрээ байгуулан олгосон байна.

2. Мөн Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг Хүнс хөдөө аж ахуйн яам хариуцан хэрэгжүүлэх болсоны дагуу төсөл 2 үе шаттайгаар, үүнд 1 дүгээр үе 2003-2008 онд, 2 дугаар үе 2009-2015 онуудад хэрэгжих ба хөтөлбөрийн зорилго нь “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ажуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олог улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үлйдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах” гэжээ. Уг төслийн хүрээнд 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 1,985.0 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй журмаар олгохоор батлагдсанаас нийт 38 аж ахуй нэгж, иргэн, хоршоодод /аймаг нийслэлийн/ 1,985.0 сая төгрөгийн зээлийг олгожээ. Сайдын тушаалаар эдгээр зээлийн эргэн төлөлт, төслийн болон гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар болсон байна. 2011 онд 185,000.0 мянган төгрөгийн зээлийг Мал хамгаалах сан өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн авлагаар тусгасан ба 6,446,100.0 мянган  төгрөгийн зээлийг ХХААХҮЯамны хөрөнгөөр санхүүжүүлж уг зээлийн эргэн төвлөрүүлэлт, гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар ХХААХҮСайдын тушаалд заасны дагуу зээлийн авлагыг тус сан данс бүртгэлдээ тусган ажилласан байна.

Шалгагдсан байгууллагын ололттой тал

Сүүлд нэмэгдсэн мэдээ