70382348

info@umch-tender.kh.gov.mn

Нийгмийн үйлчилгээний сангаас 2011, 2012 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө, үр дүнг шалгасан дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн хүрээнд Монгол Улсын “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу Нийгмийн үйлчилгээний сангаас Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө, халамжийн үйлчилгээнд өрх, иргэдийг хамруулсан байдал, түүний чанар, үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахадшалгалтын зорилго чиглэгдлээ. 

Шалгалтанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, үйлчилгээ үзүүлж буй зарим иргэн, ААНБ, Төрийн бус байгууллагууд хамрагдлаа.

Шалгалтын хамрах хүрээ, шалгах чиглэл, хэлбэр

Шалгалтанд НХҮЕГ, аймаг, нийслэл, дүүргийн дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн үйлчилгээний сангаас 2011, 2012 онд зарцуулсан  хөрөнгө, мөн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын 2011, 2012 оны санхүүгийн холбогдох баримт материал хамрагдсан.

Өмнөх шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ

МХЕГ-ын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөны дагуу аймаг, нийслэл, дүүргүүдийн ХХҮХ-ийн хэлтсүүдийн 2010-2011 оны санхүү, сангуудын тайлан, мэдээ тэтгэврийн хувийн хэрэг, холбогдох баримт материалд үндэслэн “Нийгмийн халамжийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгасан. Шалгалтаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалт, тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг шалгахад өвчтэй хүнийг асарч буй иргэний ажилтай эсэх талаар засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, байнгын асаргаатай болохыг тогтоосон өрхийн эмчийн тодорхойлолт, иргэний шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь хийгээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн  хугацаатай  албан шаардлага бичиж хүргүүлэн, улсын байцаагчийн 49 актаар 186345.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Нийт 186345.5 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосноос төсөвт 86741.9 мянган төгрөгийг, нийгмийн халамжийн санд 84951,2 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр, 30 иргэнд 4510.8 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнийг бүрэн барагдуулсан байна.

Нийгмийн халамжийн сангийн төсвийн гүйцэтгэл, нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдалт, хууль эрх зүйн талаар:

Төсвийн болон бусад орлогын талаар: 2012 онд Улсын төсвөөс Нийгмийн халамжийн санд 224.533.843.6мянган төгрөг зарцуулахаар батлагдсанаас 187.341.008.9 мянган төгрөгийн санхүүжилтыг аймаг дүүргүүдийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд Төрийн сангаар дамжуулан хуваариллаа.Түүнчлэн Засгийн газрын нөөцөөс уурхайчидын нөхөн олговорт 98,841,6 мянга,   халамжийн сангийн чөлөөт үлдэгдлийн  хүү 229,280,9  мянга, маягтын орлого 46.133,7 мянга, давхардах, илүү олгохоор файл үүсгэн банк руу явуулсныг буцаан орлогодсон, хяналтын ажилтнуудын илрүүлэн иргэдээс суутгасан болон бусад орлогуудын дүнгээр 359.216,4 мянга, нийт 733.472.6 мянган төгрөгийг хуримтлуулан зарцуулсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 599668 хүн хамрагдаж, 181,349,372.0 мянган төгрөгийг зарцуулжээ. 2012 оны батлагдсан төсвөөс 43,2 тэрбум төгрөгийг хэмнэж, тэтгэвэр, тэтгэмжийн өргүй гарсан байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн  тухай хуулийн талаар: Уг хууль нь 1995 онд батлагдаж, 1998, 2005 онуудад шинэчилсэн найруулага хийгдэж,  2008 онд нэмэлт өөрчлөлт орж, 2012 онд шинэчлэн найруулагдсан байна. Хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар: Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар 2011 онд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн 5 төрөл, 2012 онд 9 төрлийн үйлчилгээ үзүүлсэн. 2010 онд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 17.6 мянган иргэн хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн үйлчилгээг үйлчилгээг үзүүлж байсан бол 2011 онд дээрх үйлчилгээнд хамрагдагсдын тоо өмнөх оноос 2,2 дахин нэмэгдэж 38,6 мянган иргэн хамрагдаж нийт 2,8  тэрбум төгрөг зарцуулсан байна. 2010 онд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Сэргээн засах үйлчилгээнд 2,7 мянган иргэн хамрагдаж 180,5 сая төгрөгийн үйлчилгээг үзүүлж байсан бол 2011 онд Сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оноос 11,9 дахин нэмэгдэж 32,2 мянга болж түүнд 1,6 тэрбум төгрөг болж уг үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө өмнөх оноос 8,8 дахин өссөн байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан нийт хөрөнгийн 60-70 хувийг, уг үйлчилгээнд хамрагдсан иргэдийн 80-90 хувийг зөвхөн Сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Тайлант онуудад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж үйлчилгээний чиглэлээр зохион байгуулалттайгаар бүлэг болгон хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, ядуурлаас гаргахад нь туслах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, гэрийн асрамж,  сэргээн засах үйлчилгээнд иргэдийг  хамруулжээ. 

Ололттой ажлын талаар:

Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-ийн 25.1.2-т “халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, 26 дугаар зүйлд заасан “Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зохион байгуулалт”-ын 26.3-т “Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн НХХ-ийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хангах зорилгоор ОНОТХҮйлчилгээ үзүүлэх 136 иргэн, ААН, ТББ-уудыг гэрчилгээжүүлсэн байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн иргэд гээд зайлшгүй, хамрагдах ёстой нийгмийн халамжийн зорилтот бүлгийн иргэдэд зайлшгүй үзүүлэх үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн нь үр дүнгээ өгч байна. Хамтран ажиллах иргэн, ААН, ТББ-д гэрчилгээ олгосноор улсын хэмжээнд ОНОТХҮйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг мэдээллийн сан бүрдүүлж, тодорхой шалгуур, аргачлалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ олгож, бүртгэлжүүлж мэдээллийн бааз үүсгэсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар:

1Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл /сургалт, зөвлөгөө, сэргээн засах, түр байрлуулж асрамжлах, өдрийн үйлчилгээ, гэрийн асрамж, бичиг баримтжуулах, түр хоноглуулах, төсөл хэрэгжүүлэхэд сургах/-д хамруулах үйлчилгээг хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тухайн үйлчилгээнд хамрагдсан иргэнийг тодорхойлсон сум, хорооны хүн амын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тодорхойлолт, Засаг дарга, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт байхгүй,

2. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, ААНБ, ТББ–аар гүйцэтгүүлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцуулалгүй гэрээ хийсэн, Үүнд: БНД-ийн НХҮХ нь тус дүүргийн Улаан загалмайн хороог ямар нэг сонгон шалгаруулалтанд оролцуулалгүй гэрээ хийсэн.      

3. Улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд уламжлалт аргаар болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тухай бүртгүүлээгүй ААНБ-тай гэрээ хийсэн, Үүнд: НД-ийн НХҮХ-т уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ үзүүлэх эрхгүй "ТОМАХ" ХХК-тай гэрээ байгуулсан

4. Уламжлалт аргаар болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлж буй ААНБ, ТББайгууллага нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй, үйлчилгээ үзүүлэх зориулалтын байр танхимгүй, зориулалтын багаж тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн эмч, сувилагч байхгүй, 1-3 сарын бариа заслын курс дамжаа төгссөн хүн үйлчилгээ үзүүлж байгаа, Үүнд: ЧД-ийн НХҮХ-т “Дэвжих сайхан”, “Сайн алтан гэгээн эрдэнэ” ТББ-ууд, БЗД-ийн ХҮХХ-т “Локейшн” ХХК, “Саргун асрахуй” ХХК, БНД-ийн НХҮХ-т “Улаан загалмайн хороо”, НД-ийн НХҮХ-т “ТОМАХ” ХХК.

5Амьдрах итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулсан боловч тухайн сургалтын хөтөлбөргүй, сургалтанд хамрагдсан иргэдийн бүртгэл, оролцооны талаарх баримт материал хангалтгүй, зарцуулсан хөрөнгийн баримтын бүрдэл дутуу,  Үүнд: НД-ийн НХҮХ, БХД-ийн НХҮХ-үүдэд баримт материал хангалтгүй, зарцуулсан хөрөнгийн баримтын бүрдэл дутуу.

6Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж буй иргэн, ААНБ, ТББ-уудад очиж хяналт шалгалт хийхэд тухайн байгууллага дээр үзүүлсэн үйлчилгээний төрөл, орчин нөхцөл тодорхойгүй, үйлчилгээ авагчийн бүртгэл, гарын үсэг, гэрийн хаяг, утасны дугаар, өдөр тутам авсан үйлчилгээний талаар тэмдэглэл хөтөлж, иргэн өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй,    

7Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэр, хаяг, байршил зэрэг мэдээллийг нийтэд ил тод байршуулаагүй, үйлчилгээнд хамрагдсан иргэдийн эрүүл мэнд болон амьдралын чанарт гарсан өөрчлөлтийн талаархи үнэлгээ гараагүй, тухайн иргэдийн мэдлэг, хандлага, төлөвшилд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх үнэлгээгүй байгаа,

8Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сангаас өөрийн байгууллагад хандаж тусламж хүссэн иргэний өргөдлийг үндэслэн тусламж үзүүлсэн нь МУ-ын “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дах заалт “Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.”-ыг зөрчсөн Үүнд: БХД-ийн НХҮХ-т тус дүүргийн Ус сувгийн хорооны нэр бүхий 3 ажилтан нь өөрийн байгууллагад хандаж тусламж хүссэн өргөдлийг тухайн байгууллага нь албан бичгээр НХҮХ-т хүргүүлж, түүнийг үндэслэн ОНОТХҮйлчилгээний сангаас зориулалт бусаар 110,0 мянган төгрөгийг гаргаж олгосон.

9. Амьжиргааг дэмжих зөвлөл нь журмыг бүрэн хэрэгжүүлж, мөрдөж ажилладаггүй, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж ирсэн, төслүүдийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй. Тухайлбал: Баянхонгор аймгийн НХҮХ, Завхан аймгийн НХҮХ

10. Дархан-Уул аймгийн НХҮХ нь ХХҮГ-ын даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 161 тоот тушаалын 1 дэх заалтаар баталсан аргачлалын 5 дахь заалтыг зөрчин иргэнтэй гэрээ байгуулалгүй сэргээн засах үйлчилгээг 1 иргэнд 14 хоногоор үзүүлснээр санхүүжилтыг тогтмол олгосон байгаа нь “сэргээн засах үйлчилгээг ажлын 10 хоногийн хугацаанд үзүүлнэ” гэснийг зөрчсөн, /Сэргээн засах үйлчилгээг иргэнд 14 хоногийн хугацаанд үзүүлж сар бүр тогтмол 2184.000 төгрөгийн төлбөрийг нийгмийн халамжийн сангаас олгосон/

11. Мөн тус хэлтэс нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдаж төсөл хэрэгжүүлсэн иргэд болон бүлгүүд нь төсөлд тусгасан асуудлыг бодит байдлаар хэрэгжүүлдэггүй байна. Тухайлбал: төслийн гүйцэтгэл явцыг баримтжуулдаггүй, төслийн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, тоног төхөөрөмж худалдан авахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулдаггүй, авсан тоног төхөөрөмж, түүхий эд материалын чанарт огт анхаараагүй зөрчилтэй байна. 2011 онд Шарын гол сумын иргэн Д.Саранчимэгийн Хангайн нөөц төсөл хэрэгжээгүй байх ба олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэний шалгуурт тэнцэхгүй байгаа нь “Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэн, хорихоос суллагдсан иргэн, согтууруулах болон донтох өвчтэй иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл өрх иргэн, шилжин суурьшсан, өрх толгойлсон эх, эцэг хамрагдана” заалтыг зөрчсөн. Мөн Дархан сумын 3-р багийн иргэн Х.Ярьжилмаагийн хөнгөн блок 700.000 төгрөгийн төсөл хэрэгжээгүй байна.

12. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн Саруул увидас ТББ, Заяа төөрөг ТББ, Шинэ эхлэл ТББ-ууд нь ахмад настан бус иргэдэд914,2 мянган төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн.

13. 2012 оны 01 дүгээр сард Цанид ХХК нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн сэргээн засах үйлчилгээг нэр бүхий иргэнд үзүүлж санхүүжилтыг авсан ч тухайн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн санхүүжилтыг авсан байна. /Иргэнд үзүүлсэн сэргээн засах үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн ч цаг хугацааны хувьд 2 сангаас зэрэг санхүүжилт авсан зөрчилтэй байсанд 156.000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна./

14. Хөвсгөл НХҮХ нь сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан. Тухайлбал: “Тайгын дуу” ХХК-ны захирал Б.Энхболдтой  зар сурталчилгаа, мэдээ, нэвтрүүлэг хийхээр аймгийн халамж үйлчилгээний хэлтэс гэрээ байгуулсан ба нэвтрүүлэг хийсэн хөлс 1600,0 мянган төгрөгийг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Төрийн сангийн 170091018 тоот данснаас шилжүүлсэн. 

15. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь НХХС-ын 2012 оны А/91 тоот “Олон нийтийн оролцоонд түшиглэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлт хангаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сэргээн засах болон өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрчилгээ олгосон байна./БЗД Шар бар ХХК, Энэрэх шид, НД Найман мод/. Мөн түүнчлэн уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр материалаа өгсөн байгууллагад орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх /БЗД Хан чулуун энхийн цэцэг ББН/, харин орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байгууллагад уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ /НД Найман мод/ үзүүлэх гэрчилгээ олгож байгаа нь уг газар ажилдаа хайнга хандаж байгааг харуулж байна.

Дүгнэлт

2013 оноос “Төсвийн тухай” хуулийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээний зардал Орон нутгийн төсвөөс санхүүждэг болсонтой холбоотойгоор нийгмийн халамжийн санхүүжилт арилжааны банкинд хүрэх хүртлээ маш олон шат дамжлага, ажилтныг дамжиж цаг хугацаа их зарцуулж байгаагаас тэтгэмж, тусламж, хөнгөлөлт хугацаандаа олгогдохгүй байх нөхцөл үүсч байна.

“Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж эрсдлийн үнэлгээг тооцоход Баянхонгор, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Завхан аймгууд,, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багахангай дүүргийн НХҮХ-үүд дунд эрсдэлтэй, бусад аймаг, дүүргийн НХҮХ-үүд бага эрсдэлтэй гэж тус дүгнэгдлээ. НХҮХ-үүдэд хийсэн шалгалтаас харахад Нийгмийн халамжийн үйлчилгээний сангаас олгож буй “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” нь 65 %-ийн хэрэгжилттэй байгаа нь Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэгдсэн, НХХ-ийн сайдын 2012 оны А/91 тоот тушаалын 2 дугаар хавсралт “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнийн чанарт тавигдах шалгуур үзүүлэлт” шинээр гарсантай холбоотой өөрчлөлт орсон, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг боловсрол дутмаг, хуулийг олон нийтэд сурталчлах, зөв зохистой ойлгуулж, таниулах ажил хангалтгүй байгаатай холбоотой байна.

Нийгмийн халамжийн байгууллага болон төрийн бус байгууллагуудаас нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар бодит ажил санаачлан хэрэгжүүлж байгаа боловч үйлчилгээ үзүүлсэн иргэний тухай болон үзүүлсэн үйлчилгээний талаар тэмдэглэл хөтлөөгүй, баримт материал хангалтгүй байгаа нь дээрхи байгууллагуудад дотоод хяналт хангалтгүй, хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний төрлөөс сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамруулах төрлийн үйлчилгээг зонхилон үзүүлсэн байна. Сэргээн засах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын 80% нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмжөөр сэргээн засах, үйлчилгээг үндсэн болон туслахаар үзүүлэх бүртгэлтэй боловч сэргээн засах үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үзүүлж байна. Мөн энэ үйлчилгээг мэргэжлийн бус хүмүүс үзүүлж байгаа нь нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан журам хангалтгүй биелэгдэж байгааг харуулж байна. Үүнээс дүгнэхэд халамжийн сэргээн засах үйлчилгээг авч буй зорилтот бүлгийн иргэд уг үйлчилгээг үндсэн утгаараа  авч чадахгүй байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдвал зохих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэн, хорихоос суллагдсан иргэн, согтуурах болон донтох өвчтэй иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл өрх иргэн, шилжин суурьшсан, өрх толгойлсон эх эцэгийн талаар тодорхой, нарийвчилсан судалгаа хийж хамрагдалт,  үйлчилгээний төрөлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Амьдралын  итгэл  үнэмшил, хөдөлмөрийн  дадал олгох, авъяасыг нь дэмжих сургалт зохион байгуулахдаа нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдээс  сонгон  тэдний  сэтгэл зүйг өөрчлөх, хөдөлмөр эрхлэх, орлогын  эх үүсвэрийг  үр дүнтэй зарцуулж хуримтлалтай болох сонирхол төрүүлхүйц хэмжээнд зохион байгуулах /бэлэн мөнгөний дэмжлэг хүлээж суух сэтгэлгээг өөрчлөх/ шаардлагатай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ