70382348

info@umch-tender.kh.gov.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 он, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор Шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн  ажлын 15 хоногт багтаан хийж гүйцэтгэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн 000026427 тоот гэрчилгээг авчээ. Гэрчилгээнд “Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэсэн хариуцлагын хэлбэртэй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1,169,840.2 мянган төгрөг гэж  тусгагдсан байна.

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шудрага өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 8.2, 8.3-т зааснаар Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд эдгээрийг Монгол Улсын Ерөнхий сайд томилон ажиллуулж байна. Ерөнхий сайдын захирамжаар Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар Б.Балгансүрэн, орон тооны бус гишүүдээр Ц.Жадамба, Б.Мөнхбат, Ч.Даваажамц, Д.Амгаланбаатар, Д.Энхцог,  Б.Мягмарнаран нар ажиллаж байна.

Мөн хуулийн 8.8-д “Зохицуулах хороо нь ажлын албатай байна” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2002 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2-ын 7-д заасны дагуу хорооны даргаар удирдуулсан Зохицуулалтын, Радио давтамж зохицуулалт, хяналтын, Зах зээл, үнэ тарифын, Эрх зүй, мэдээлэл, захиргааны, Шуудангийн гэсэн албадтай, нийт 61 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрхи албад нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах, үйлчилгээний тариф тогтоох, харилцаа холбооны стандарт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг гүйцэтгэж байна.

Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар

Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-аас 2008 онд тус хорооны 2007 он, 2008 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар 1369 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой 434.9 сая төгрөгийн авлагыг данс бүртгэлд тусгаагүй, 151 аж ахуйн нэгж, байгууллагатай тэмдэгтийн хураамжийн тооцоог хийх, тэмдэгтийн хураамжийн 1887.5 мянган төгрөгийг төсвийн орлого болгох, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 51 дүгээр тогтоолоор хорооны 7 гишүүнд тус бүр 29.0 сая төгрөг, нийт 203.0 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлтөд олгосныг хорооны гишүүдээр төлүүлэн авч улсын төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн акт тогтоосон байна. 

Актын биелэлтээс үзэхэд тусгай зөвшөөрлийн орлого 434,9 сая төгрөгийг данс бүртгэлд тусгаж, тэмдэгтийн хураамж 1,887.5 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүүлж, актыг барагдуулсан байна. Харин хорооны гишүүнээр ажиллаж байсан 7 гишүүний орон сууцны хөнгөлөлт 203.0 сая төгрөгөөс нас барсан нэг гишүүний байрны үнийг хасч одоо 6 гишүүнтэй холбогдох 176.5 сая төгрөгийг санхүүгийн тайланд авлагаар тусгасан байна.

Үндэсний аудитын газартай байгуулсан гэрээний дагуу “Стандарт дүгнэлт аудит” ХХК тус хорооны 2011 оны санхүүгийн тайланд, “СМД аудит” ХХК  2012 оны санхүүгийн тайланд тус тус аудит хийсэн байна. Үндэсний аудитын газраас 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2/423 тоотоор ирүүлсэн аудитын дүгнэлтэд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх үлдэгдлийн тэнцэл, орлого, үр дүн, мөнгөн гүйлгээ болон өмчийн өөрчлөлтийн тайланг хууль, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, бодитой илэрхийлсэн байна” гэжээ. 

Шалгалтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил

6.1. Тусгай зөвшөөрлийн орлогын бүрдүүлэлтийн талаар

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-т  “Харилцаа холбооны зохицуулах хороо нь ... хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах эрхтэй” гэж заасан байна. Зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах, харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх,  контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байна. Тусгай зөвшөөрлийг олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг зохицуулах хорооны тогтоолоор шийдвэрлэж байна. Тус хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэснийг мөрдөж ажиллаж байна..

2013 оны 01 дугаар сарын 01-ний байдлаар нийт 2788 иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Харин 2011 онд 52, 2012 онд 66  тусгай зөвшөөрөл шинэээр олгогдож, 2011 онд 45, 2012 онд 56 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 13 дугаар тогтоолоор харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, 2011 оны 15 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоон мөрдөж байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 8.10-т “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ”, мөн хуулийн 8.11-т “.Зохицуулах хорооны жилийн төсвийг Засгийн газар батална. Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана” гэж заасан байна. Хуульд заасны дагуу Засгийн газраас тус хорооны  тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлан өгч, хороо нь үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж  байна.

Тус хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалт,  үйлчилгээний орлогоор 2011 онд 2,061,5 сая төгрөг, 2012 онд 2,683.6 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2011 онд 2,598.0 сая төгрөг, 2012 онд 2,973.6 сая төгрөгийг тус тус төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 2011 онд 26.0 хувь буюу 536.5 сая төгрөгөөр, 2012 онд 10,8 хувь буюу 209.1 сая төгрөгөөр тус тус давуулж биелүүлсэн байна.

Орлогыг  2012 онд 2011 оныхоос 14.5 хувь буюу 375.1 сая төгрөгөөр илүү төвлөрүүлжээ. 

Нийт орлогын дийлэнх хувийг Мобиком, Скайтель, МЦХ ХК, Жимобаиль, УБТЗ, Рейлком төв, Оюутолгой  компаниуд бүрдүүлж байна.

Мөн үндсэн бус үйл ажиллагааны орлогоор 2011 онд 96,6 сая төгрөг, 2012 онд 150,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2011 онд 203.7 сая төгрөг, 2012 онд 229.0 сая төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 79.0-107.1 сая төгрөгөөр давж биелсэн байна.

6.2. Зардлын гүйцэтгэлийн талаар:

Монгол Улсын Засгийн газраас тус хорооны төсөвт зардлыг 2011 онд 3,953.9 сая төгрөг, 2012 онд 4,388.6 сая төгрөгөөр тус тус баталж өгсөн байна. Төсөвт зардлыг 2012 онд 2011 оныхоос 434.7 сая төгрөгөөр илүү төлөвлөсөн нь хөрөнгө худалдан авах зардлыг 2012 онд 1,077.0 сая төгрөгөөр баталж өгсөнтэй холбоотой байна.

Төсөвт зардал гүйцэтгэлээр 2011 онд 2,764.1 сая төгрөг, 2012 онд 3,118.7 сая төгрөг болж, батлагдсан төсвийг 2011 онд 30.1 хувь буюу 1,219.5 сая төгрөг, 2012 онд 28.9 хувь буюу 1,269.9 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Зардал гүйцэтгэлээр 2012 онд өмнөх оныхоосоо 354.6 сая төгрөгөөр илүү зарцуулагдсан байна. Энэ нь орлого олохын хирээр зардал тэр хэмжээгээр өсч байгааг харуулж байна.

2011 онд нийт зардлын 39,2 хувийг цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, 9.4 хувийг хөтөлбөр арга хэмжээний, 1.9 хувийг гадаад томилолтын, 3.2 хувийг гадаад, дотоодын сургалтын, 2.1 хувийг хорооны үйл ажиллагааны, 7.3 хувийг нэг удаагийн тэтгэмж, урамшууллын, 8.1 хувийг хөрөнгө худалдан авах, 16.5 хувийг их засварын ажлын, 12.3 хувийг бусад зардалд тус тус зарцуулжээ. 

2012 онд нийт зардлын 45.5 хувийг цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, 9.2 хувийг хөтөлбөр арга хэмжээний, 3.8 хувийг гадаад томилолтын, 1.9 хувийг гадаад, дотоодын сургалтын, 1.4 хувийг хорооны үйл ажиллагааны, 7.4 хувийг нэг удаагийн тэтгэмж, урамшууллын, 12.5 хувийг хөрөнгө худалдан авах, 1.7 хувийг их засварын ажлын, 6.4 хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн, 10.2 хувийг бусад зардалд тус тус зарцуулсан байна.

Цалин хөлсний зардлыг 2011 онд 1,034.9 сая төгрөг, 2012 онд 1,379.0 сая төгрөгөөр тус тус төлөвлөж, гүйцэтгэлээр 2011 онд 976.0 сая төгрөг, 2012 онд 1,278.5 сая төгрөг болж төсөвт зардлыг 2011-2012 онд 58.8-100.5 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Цалингийн зардал 2012 онд урьд оныхоос 302.5 сая төгрөгөөр өссөн нь ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг Харилцаа холбооны зохицуулах хорооныдаргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаар тушаалаар 23 хувиар нэмсэнтэй холбоотой байна. Мөн хорооны даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдын ажилласан хоног тутамд олгох унааны мөнгийг 800 төгрөг, хоолны мөнгийг 4200 төгрөг байхаар шинэчлэн тогтоож мөрдүүлсэн байна.

2011 онд удирдах ажилтны сарын дундаж цалин 2,233.7 мянган төгрөг, гүйцэтгэх ажилтных 1,592.7 мянган төгрөг, үйлчилгээний ажилтных 899,9 мянган төгрөг байсан бол 2012 онд удирдах ажилтных 2,752.4 мянган төгрөг, гүйцэтгэх ажилтных 1,747.1 мянган төгрөг, үйлчилгээний ажилтных 1,143.4 мянган төгрөг болж, дундаж цалин нийт дүнгээрээ 2012 онд өмнөх оныхоос 24.3 хувиар өссөн байна.

Хорооны “Дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.2.4 дэх заалтыг үндэслэн хорооны ажилтан, албан хааагчдад ажлын үр дүнгийн урамшилт цалинг  улирал тутам олгож ирсэн байна. Урамшилт цалинг ажлын үр дүнгийн үнэлгээнд ногдох хувиар тооцож байгаа бөгөөд 90 хувиас дээш үнэлгээнд ногдох хувь нь 1.5 байхаар тооцож олгосон байна. Үр дүнгийн урамшилт цалинд 2011 онд 213.6 сая төгрөг, 2012 онд 273.9 сая төгрөгийг тус тус олгож иржээ.

МШХХТГ-ын дарга, ХХЗХ-ны даргын хамтарсан 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07\04 тоот тушаалаар бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, радио телевизийн өргөн нэвтрүүлэгийг тоон технологид шилжүүлэх үүрэг бүхий ажлын албаны орон тоо, төсвиийг шинэчлэн баталжээ. Дээрхи ажлын албаны ажилтнуудын цалин хөлсийг тус хорооноос олгож иржээ. Тус хорооноос дээрхи ажлын албаны цалин хөлсөнд 2011 онд 56,306.5 мянган төгрөг, 2012 онд 68,665.6 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Тус ажлын албаны цалинг  хөтөлбөр арга хэмжэээний зардлын төсөвт суулгаж өгсөн байна.

Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 8 дугаар хэсгийн 1 дэх заалт, тус хорооны даргын 2008 оны 191 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн асуудал шийдвэрлэх журам”-д хорооны гишүүний орон сууцны хангамжийг сайжруулах, ажиллагсдын орон сууц шинээр худалдан авахад, ажиллагсдын хүүхдийн сургалтын төлбөрийн зардлыг даахад, ар гэрийн гачигдал тохиолдсон хорооны гишүүн, ажиллагсдын амьдрал ахуйд нэг удаагийн буцалтгүй тусламж  үзүүлж байхаар заасан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хорооны гишүүн Ж.Уранчимэг, Н.Баатархуяг, Н.Эрдэнэхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж тус бүр 39.0 сая төгрөг, нийт 117.0 сая төгрөг олгохоор зааж, тогтоолын заалтын дагуу дээрх хорооны гишүүдэд тус бүр нь 35.1 сая төгрөг, нийт 105.3 сая төгрөг, мөн хорооны 2011 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 174 дүгээр тушаалаар ажилтан Б.Төмөр, Ю.Баярсайхан, З.Уранчимэг, Н.Амарзаяа, Г.Сэлэнгэ, О.Оюунчимэг нарт орон сууцны үнийн хөнгөлөлтөд зориулан тус бүр 9.0 сая төгрөг, нийт 54.0 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн дагуу дээрхи ажилтнуудад тус бүр 8.1 сая төгрөг, нийт 48.6 сая төгрөгийг олгожээ. 

Хорооны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаар тушаалаар РДХЗА-ны дарга А.Лувсан-Очирт 25.0 сая төг, мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Г.Мөнхтуяа, Н.Цэнд-Аюуш, П.Золбоо, инженер Ч.Энхболд, мэргэжилтэн З.Амгалан, О.Цэнд-Аюуш, Ч.Оюунгэрэл нарт тус бүр 18.0 сая төгрөг, жолооч Л.Батсайхан, С.Буянжаргал, Ж.Хаш-Эрдэнэ нарт тус бүр 10.0 сая төгрөг, нийт 199.0 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрснийг  2013 онд  дээрхи хүмүүст олгосон байна.

Хорооны ажилтуудаас дотоодын их, дээд сургуулийн магистр, докторантурт суралцахад нь нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 80 хувийг олгож байна. 2011 онд 5 ажилтны сургалтын төлбөрт 8,785.8 мянган төгрөг, 2012 онд 4 ажилтны сургалтын төлбөрт  6.005.0 мянган төгрөгийн хөнгөлөлт тус тус  үзүүлжээ.

Мөн ажилтнуудын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад сурч байгаа хүүхдийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхөд нь байгууллагаас дэмжлэг үзүүлж байна. 2011 онд хүүхдийн сургалтын төлбөрт  5,336.8 мянган төгрөг, 2012 онд 5 хүүхдийн сургалтын төлбөрт 11,304.4 мянган төгрөгийг тус тус олгожээ.

Тус хороо нь  Радио долгион хяналтын станцын конторын барилга бариулахаар тендерт шалгарсан “Тайм констракшн” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ХХЗХ/ТЗ ДХ/2011 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээний 2-т “Радио долгион хяналтын станцын конторын барилга байгууламжийн угсралтын ажлын нийт төсөвт өртөг нь   474,776.9 мянган төгрөг байна” гэж заажээ.

Гэрээнд заасны дагуу тус компанид 2011 оны 07 дугаар сарын 22-д тендерийн гэрээний урьдчилгаа төлбөр болох 230,266.8 мянган төгрөгийг, 2011 оны 09 дүгээр сарын 20-д гэрээний төлбөр 189,910.8 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тендерийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 54,599.3 мянган төгрөг, нийт 474,776.9 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Барилгын зураг төсөл боловсруулах ажлыг “Батпроект” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07/12 тоот гэрээг байгуулжээ. Гэрээнд тусгагдсаны дагуу ажлын гүйцэтгэлд  тус компанид 6,853.9 мянган төгрөгийг  олгожээ. 

Радио долгион хяналтын станцын конторын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 212/2013  дугаар актаар ашиглалтад хүлээн авсан байна.

Хөдөлгөөнт хяналтын зориулалтаар ашиглах зөөврийн спектр анализатор худалдан авах ажлыг хуулийн дагуу харьцуулалтын аргаар явуулж, 3 компани санал ирүүлснээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “РФ линк” ХХК-иас худалдан авахаар шийдвэрлэж, тус компанид 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тоног төхөөрөмжийн үнийн урьдчилгаанд 20,998.0 мянган төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-д 8,999,157 төгрөг, нийт 29,997.2 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ. Тоног төхөөрөмжийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоног төхөөрөмж хүлээлцэх актаар хүлээн авсан байна.

Тус хороо нь Киа спортейж автомашиныг худалдан авахаар “Киа Моторс Монгол” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээний 2-т “автомашины үнэ 28,000 ам доллар буюу 39,014.4 мянган төгрөг байна” гэжээ. Гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сарын 28-д “Киа моторс Монгол” ХХК-д автомашины үнэнд 29,900.0 мянган төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 15-д 9,114.4 мянган төгрөг, нийт 39,014.4 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Автомашиныг хүлээн авч, данс бүртгэлд тусгасан байна.

 Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 534 дугаар тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ажлын хэрэгцээнд зориулан 170.0 сая төгрөгт багтаан автомашин худалдан авахыг зөвшөөрч, худалдан авах автомашины төрөл, үнийн дээд хязгаарыг тогтоосон байна. Тус хорооны тогтоолын хавсралтад автомашины хөдөлгүүрийн багтаамжийг 4600-4800 см. куб хүртэл, суудлын тоо 5 хүртэл байна гэж заажээ.

Харилцаа холбооны зохицууах хорооны даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 182 дугаар тушаалаар автомашин худалдан авах тендерийн материал боловсруулах, зарлах болон ирүүлсэн материалыг хүлээн авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 3 хүний, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 228 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хороог 5 хүний  бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулсан байна.

Тендерийн үнэлгээний хороо 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, “Киа моторс” ХХК, “Бодиз автомотив” ХХК, иргэн Ё.Хуягбаатар нараас ирүүлсэн тендерийн материалыг хянаж үзээд иргэн Ё.Хуягбаатарыг тендерт шалгарсан гэж үзэж, гэрээ байгуулах саналыг зохицуулах хорооны даргад танилцуулаар шийдвэрлэжээ. Тус хороо иргэн Ё.Хуягбаатартай 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г5/12 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээнд автомашины үнийг 162.0 сая төгрөг, автомашиныг 2012 оны 12 дугаар сарын 21-ний дотор нийлүүлэхээр тусгажээ. Гэрээнд заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ё.Хуягбаатарын дансанд автомашины үнэ 162.0 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Автомашиныг хүлээн авч,  данс бүртгэлд тусгажээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад радио техникийн удирдлагын автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт Израйлийн “Тадиран” компани шалгарч, тус компаниас тоног төхөөрөмж /программ хангамж/-ийг 347,615 ам доллараар худалдан авахаар гэрээ байгуулсан байна. Гэрээний нөхцөлд санхүүжилтийн 80 хувийг Дэлхийн банкнаас, 20 хувийг Монгол Улс хариуцахаар тусгасан байна. Гэрээний дагуу “Тадиран” компанид тоног төхөөрөмжийн үнэнд 2011 оны 07 дугаар сарын 07-д 8,690.25 ам доллар буюу 10,824.7 мянган төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 08-д 7,398.50 ам доллар буюу 9,292.1 мянган төгрөг, 10 дугаар сарын 31-д 36,118 ам доллар буюу 46,847.9 мянган төгрөг, нийт 52,206.75 ам доллар буюу 66,964.7 мянган төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 10-д 23,422.75 ам доллар буюу 33,577.2 мянган төгрөг, мөн оны 02 дугаар сарын 29-д 17,380.75 ам доллар буюу 23,171.0 мянган төгрөг, нийт 40,803.50 ам доллар буюу 56,748.2 мянган төгрөг, бүгд 93,010.25 ам доллар буюу 123,712.9 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Нийт 123,712.9 мянган төгрөгийн программ хангамж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, бүртгэл тайланд тусгасан байна.

2011 онд нийт 14 телевизийн хөтөлбөрийн агуулгад мониторинг хийлгэхээр  “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Гэрээний 5.2-т “Гэрээт ажлын төлбөр нь сард 2.0 сая төгрөг байна” гэж заасан байна. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 2011 онд  нийт 27.0 сая төгрөгийг олгожээ. Мөн 17 телевиз, 39 кабелийн сувгуудад нийт 10 үзүүлэлтээр мониторинг хийлгэхээр “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж,  гэрээний 5.2-т “гэрээт ажлын төлбөр нь сард 4.0 сая төгрөг байна” гэж тусгажээ. Гэрээний үнэ болох 40.0 сая төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Максима медиа” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд телевиз, сувгуудын мониторингийн үйлчилгээ үзүүлэхээр “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний 5.2-т “гэрээт ажлын төлбөр нь 38.2 сая төгрөг байна” гэж заасан байна. Гэрээний үнэ болох 38.2 сая төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Максима медиа” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна. Телевиз, кабелийн сувгуудад мониторинг хийх хүчин чадал бүхий техник, боловсон хүчинтэй байгууллага нь “Максима консалтинг” ХХК гэж үзэж, мониторингийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байна. Тус компани нь техникийн хувьд бусдаас илүү гэдэг утгаар үйлчилгээний үнийг 2011 онд сард 2.0 сая төгрөг, 2012 онд сард 4.0 сая төгрөгөөр тогтоож байсан бол 2013 оноос сард 11.0 сая төгрөг болгон үнээ нэмэгдүүлсэн байна. Тус хороо нь мониторинг хийх тоног төхөөрөмжийг худалдан авахаар судалсан ч үнэ өндөр гэдэг шалтгаанар худалдан аваагүй байна.  

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Орбит дахь суурин хяналтын станцын шинэ барилгын 20м3 багтаамжтай бохирын цооногийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Хатрун констракш” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ГЗ\11 тоот гэрээг  байгуулжээ.

Гэрээ болон төсөвт ажлын нийт төсөвт өртгийг 23,891.9 мянган төгрөг байхаар тусгажээ. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд зориулан тус компанид 2011 оны 11 дүгээр сарын 07-д 14,335.0 мянган төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 24-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,556.8 мянган төгрөг, нийт 23,891.8 мянган төгрөгийг шилжүүлжээ. Харин магадлашгүй ажлын зардал 427,423 төг, техник хяналтын зардал 399,868 төгрөгийг тус компанид олгосон байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналтын станцын тусгай тоноглолын автомашины гаражийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр иргэн Э.Ууганбаатартай 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ГЗ/44 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээнд ажлын хөлсийг 49,702.8 мянган төгрөг, ажлыг 2012 оны 10 дугаар сарын 19-д эхэлж, 2012 оны 11 дүгээр сарын 16-д дуусгахаар тусгасан байна. Гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 01-д иргэн “Чойсамбуу” ХХК”-ны дансанд станцын гаражийн ажлын урьдчилгаа төлбөр гэж 19,881.1 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,336.0 мянган төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 08-д, 10.0 сая төгрөгийг 03 дугаар сарын 04-д, нийт 47,217.1 мянган төгрөгийг тус компанид олгосон байна.  Гаражийн барилгын ажлыг хүйтэн орсон үед хийсэн тул цаашид гарч болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор 2,485.1 мянган төгрөгийг тус компанид олгоогүй байна.

2011 оны 12 дугаар сарын 23-д радио  давтамжийн тоног төхөөрөмж худалдан авахаар “Мөнхтэгшдэлгэр” ХХК-тай ГЗ/28 тоот гэрээг байгуулжээ. Гэрээнд нэр бүхий 3 хөрөнгийн нийт үнэ 17,897 ам доллар  гэж тусгасан байна. Гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сарын 27-д тус компанийн дансанд 24,619.7 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.  Тоног төхөөрөмжийг хүлээн авч, данс бүртгэлд тусгасан байна. 

Тус хороо нь хадгаламжийн дансандаа 1.0 тэрбум төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар сарын 0.75 хувийн хүүтэйгээр Голомт банкинд хадгалуулахаар 2011 оны 07 дугаар сарын 19-д  ГБ-114 тоот гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу 2011 оны 07 дугаар сарын 19-д Голомт банкны хугацаатай хадгаламжийн дансанд 1 тэрбум төгрөгийг байршуулсан бөгөөд түүнийг хүүгийн хамт 2012 оны 01 дүгээр сарын 23-д хадгаламжийн 116 5008 688 тоот данснаас Голомт банкин дахь тус хорооны 110 2626 829 тоот дансанд 1,045.0 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Авлага, өглөгийн талаар:

Тус хорооны санхүүгийн тайлангаар авлага 2011 оны жилийн эцсийн байдлаар 728,553.3 мянган төгрөг, 2012 оны жилийн эцсийн байдлаар 759,563.7 мянган төгрөг болж, авлага 2012 онд 2011 оныхоос 31,010.4 мянган төгрөгөөр өссөн байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт авлагын 75,8 хувь буюу 575,421,7 мянган төгрөг нь байгууллагаас авах авлага, 24.2 хувь буюу 184,141.9 мянган төгрөг нь хувь хүнээс авах авлага эзэлж байна.

Байгууллагаас авах авлагын 90.1 хувь буюу 518,280.3 мянган төгрөг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч 423 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах авлага эзэлж байна. Нийт үйлчилгээний орлогын авлагын дотор “ДДэш ТВ” ХХК 58,3 сая төгрөг, “Жи-Мобайл” ХХК  119.2 сая төгрөг, “Жи-Мобайлнэт” ХХК 68.4 сая төгрөг, ИНЕГ-ын Техник хангалтын алба 23.6 сая төгрөг, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 12.2 сая төгрөг, Монгол шуудан ТӨХК  12.3 сая төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ 8.9 сая төгрөг, МЦХ ХК  83.6 сая төгрөг, Оюуны ундраа ХХК 8.6 сая тө

Сүүлд нэмэгдсэн мэдээ