70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн

Mэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/202 тоот удирдамжийн дагуу радио телевизийн үндсэн сүлжээг эзэмшин, ашиглалт үйлчилгээ эрхэлж буй “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Харилцаа холбооны тухай”,  “Радио долгионы тухай” хуулиуд болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргахад шалгалтын зорилгоор Хяналт шалгалтыг улсын хэмжээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

“Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын харъяа алба хэлтэс, Хонхорын радио нэвтрүүлэх төв станц, Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Олон сувгийн телевизийн ашиглалтын алба,  Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг дахь радио телевизийн станц, бусад аймгуудын салбар зэрэг нийт 39 салбар, нэгж 83 инженер техникийн ажилтнууд хамрагдан шалгагдлаа. Хяналт шалгалтыг “Мэдээлэл холбооны сүлжээг шалгах хяналтын хуудас”, 5.26 кодтой “Телевиз, радиогийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасаар тус тус хийж гүйцэтгэлээ. Мөн шалгалтанд Телевизийн төв цамхагт ашигладаг ЗХУ-д 3 тоннын даацтайгаар 1966 онд үйлдвэрлэгдсэн, ЛМЦ-3Т маркын 1ш хүрдтэй лебедка /дүрмийн хавсралт 1-ийн 7.8.1 зураг/ бүхий ачаа зөөврийн өргүүр хамрагдлаа. Өргүүрээр дулааны улиралд телевизийн цамхагийн ~180м өндөрт байрлуулсан дамарыг ашиглан хүн ба ачааг сагсаар тээвэрлэдэг байна.

Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний хүрээнд:   Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 дүгээр программыг урт, дунд долгионы нэвтрүүлэх станцаар орон даяар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2 дугаар программыг богино болон  хэт богино долгионы нэвтрүүлэх станцаар орон даяар, “Монголын дуу хоолой” гадаад хэлний тусгай нэвтрүүлгийг богино долгионы нэвтрүүлэх станцаар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 дүгээр программыг Улаанбаатар, Эрдэнэт хотын хэрэглэгчдэд шугамаар тус тус дамжуулан хүргэж байна. Радио нэвтрүүлэх төв станц нь Баянзүрх дүүргийн Хонхор хотхонд байрлах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 ба 2-р программын   нэвтрүүлгийг  орон даяар урт долгионы станцаар дахин дамжуулах зорилготой бөгөөд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, инженер техникийн ажитнуудыг шуурхай  удирдлагаар ханган ажиллаж байна.

Телевизийн дамжуулах сүлжээний хүрээнд:  Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийг  Улаанбаатар хотын төвийн хэсэгт  Телевизийн Төв станцын дамжуулах станцаар,  хот орчим, зуслангийн хэсэгт Чингэлтэй дэх  дахин дамжуулах станцаар, Монгол улсын бүх аймаг сум суурин газарт Монголын үндэсний  олон нийтийн телевизийн нэвтрүүлэг болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг олон сувгийн телевизийн дахин дамжуулах станцаар, Улаанбаатар хот тойрсон газрууд болох   Баянхошуу, Бэлх, Биокомбинат, Шархад, Өлзийт хороолол, Гачуурт, Хужирбулан, Цайз захын орчмын хэрэглэгчдэд Монголын үндэсний  олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг олон сувгийн телевизийн дахин дамжуулах станцаар тус тус дамжуулан хүргэж байна. Телевизийн төв станц нь Улаанбаатар хотын үзэгч сонсогчдод Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийг хүргэх, FM ба Телевизийн станцуудын  байнгын тогтвортой ,тасралтгүй үйл ажиллагааг хангах, Телевизийн төв цамхагийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар  хот ба хотын хойд хэсэг дэх зуслангуудын чиглэлд МҮОНРТВ-ийн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх, Улаанбаатар хотын сонсогчдод МҮОНРадиогийн Р-3 ба  РӨН-1 програмыг 100,9 мГц , 106 мГц долгион дээр FM нэвтрүүлэгчээр дамжуулан хүргэх, МҮОНРадиогийн төв студи  ба Хонхорын РӨНТС-ын хооронд РӨН-1, РӨН-2 ба Тусгай нэвтрүүлгийн програмыг хүргэх  хуваарилах төхөөрөмжийн  хэвийн ажиллагааг хангах, Телевизийн Төв цамхаг болон ТВ ба FM нэвтрүүлэх станц ,тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавих зэрэг чиглэлээр ажиллаж байна.

“Радио телевизийн сүлжээ” УТҮГ байгуулагдсанаас цагаас хойш хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй болно. 2011, 2012 онд Баян-Өлгий, Дархан, Өмнөговь аймгийн МХГ-аас “Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ын харъяа радио телевизийн станцуудад төлөвлөгөөт бус шалгалт хийж улсын байцаагчийн 11 заалттай 3 албан шаардлагыг тус тус хүргүүлсэн ба биелэлтийг газар дээр нь шалгахад өгөгдсөн үүрэг  даалгавар100% хэрэгжсэн байна.

Харилцаа холбооны хяналтаар:  “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ өөрийн эзэмшлийн радио, телевизийн нэвтрүүлэх станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээг тогтоолгож эрх бүхий этгээдээр захирамж шийдвэр гаргуулан баталгаажуулаагүй, “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын харъяа газрууд техникийн нөхцлийг тогтсон дүрэм, журамгүйгээр албан тоотоор олгож байгаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Өвөрхангай аймгийн төвд шинээр угсарсан холбооны цамхагийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ стандартын дагуу газардуулгын хэмжилтийг хийж холбогдох акт, протокол үйлдээгүй, сомын гэрлэн дохионы холболтийг хийгээгүй, ган татлагыг зураг төслийн дагуу хийгээгүй, ажлын тавцан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй, Телевизийн төв цамхагт суурилсан антенн фидерийн байгууламжийн ачааллын талаар нарийн тооцоо судалгаа, тоо баримт байхгүй, зарим кабель шугамыг зориулалтын гүүрээр татаагүй, эмх цэгцгүй угсарсан, цамхагийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Хонхорийн Радио нэвтрүүлэх төв станцийн 305 м антенн, Говь-Алтай аймгийн радио телевизийн станцийн антеннийн цамхагийн метал хийцүүдийн гагнаас, боолт, бэхэлгээг эрх итгэмжлэгдсэн байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй, металл хийцийн ядралтын зэргийг тогтоолгоогүй, Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын барилга суулт өгч цуурсны улмаас дээврээс хурын ус гоождог, Телевизийн төв станцын 1 давхарын техникийн өрөөнд дулааны узель ил байгаа зэрэг их чадлын радио телевизийн нэвтрүүлэгч станцуудын аюулгүй, найдвартай ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн, Дархан-Уул аймгийн салбар нь өндөрт ажиллах дөрөө, бүс, шат, толгой хамгаалах хэрэгсэл, багаж хэрэгслийн цахилгааны хамгаалалтын туршилт баталгаажуулалт хийгээгүй, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбарын ерөнхий газардуулгын эсэргүүцэл нормоос их байгаа болон мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж баталгаажуулаагүй, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн төвийн олон сувгийн телевизийн нэвтрүүлэгч станцын гаралтын чадал бага, хуваарьт давтамж дээрээ хажуугийн цацаргалт ихтэй, алслагдсан зайд сигналын түвшин заагдсан нормоос бага байгаа, Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын РП-19 хуваарилах байгууламжийн цахилгаан тоног, төхөөрөмжүүд нь хуучирч ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангахгүй болсон, насжилт өндөр байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Өргөх байгууламжийн хяналтаар: /1966 онд ЗХУ-д 3 тоннын даацтай үйлдвэрлэгдсэн ЛМЦ-3Т маркын 1ш хүрдтэй ачаа зөөврийн өргүүр/   Өргүүрийг ашиглах зураг төсөл, ачааг ачиж буулах технологийн карт, талбайн зохион байгуулалтын зургийг дүрэм ба норм стандартын дагуу боловсруулаагүй; Өргүүрийг ашиглах баримт бичиг, техникийн паспорт байхгүй; Өргүүрийн бат бэх, тогтворжилт, ган татлагын жин, сагс, даацын үндсэн хэсгүүдийн тооцоо байхгүй; Өргүүрийн удирлагын системд ажлын горим /ажил, угсралт, туршилт, хяналт/ байхгүй, товчлуурыг зөвхөн дарах үед ажиллах нөхцлийг хангаагүй, хязгаарын байрлалд автоматаар зогсоогч  байхгүй; Ослоос хамгаалах хэрэгсэл, унтраалгагүй ачааны өргүүрээр хүн зөөвөрлөдөг; Ил задгай орчин, ~180м өндөрт ачаа зөөвөрлөх зориулалттай өргүүрийг анемометрээр, уналтын үеийн ослын зогсоогуур, доод байрлалын зөөлөвч тулгуур зэргээр тоноглоогүй; Ашиглах зөвшөөрөлгүй, бүртгүүлээгүй, техникийн магадлалд ороогүй, ашиглалтын нормативт хугацаа дууссан өргүүрийг засвар-үйлчилгээний ажилд ашигласан; Өргүүрийн ган татлага зэвэрч эхэлсэн, тоормосны жийрэг (наклад) элэгдсэн, дуут дохио буюу сигнал байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтаар нийт 98 зөрчил илрүүлж, 44 зөрчлийг газар дээр арилгуулж, 54 заалт бүхий 13 улсын байцаагчийн албан шаардлага, 4 заалт бүхий 2 улсын байцаагчийн дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох тухай 1 улсын байцаагчийн акт гаргаж 200000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч барагдуулсан байна. Мөн шалгалтад хамрагдсан 83 инженер техникийн ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг сурталчлан таниулах зорилгоор 8 газарт сургалт зохион байгуулж гарын авлага материалаар хангаж ажилласан. Телевизийн төв цамхагт ашиглагдаж байгаа өргүүрийн ашиглалтын үед илэрсэн аюулгүй ажиллагааны хууль, дүрмийн  зөрчлүүд нь хүний амь нас, эрүүл мэнд, барилга байгууламжид хохирол учируулж болзошгүй байгаа тул “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 10.9.7 заалтыг үндэслэн 2013 оны 12-р сарын 06-ны өдрөөс эхлэн  зөрчил дутагдлыг арилгах хүртэл улсын байцаагчийн 06/104/131 тоот актаар ашиглалтыг зогсоох арга хэмжээ авсан.

Хяналт шалгалтаар “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 85 хувь, “Радио долгионы тухай” хуулийн хэрэгжилт 89 хувьтай байна. “Телевиз, радиогийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар  22 газрын үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийхэд 7 газар дунд, 15 газар бага эрсдэлтэй  үнэлэгдсэн байна. Тус байгууллагын өргүүрийн үйл ажиллагааг “өргөх байгууламжийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад  өргүүр нь “Их эрсдэлтэй” гэж үнэлэгдлээ. Хонхорын радио нэвтрүүлэх төвийн урт, дунд долгионы радио нэвтрүүлэх станц болон Хотын шугамын радиогийн станц, шугам сүлжээний техник, технологи хэт хоцрогдсон,  үйлдвэрлэлээс хасагдсан, ашиглалтын зардал өндөр, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслэлийн олдоц муудсан зэргээс шалтгаалж цаашид дээрх станц, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн байна.

 Бүх төрлийн анхан шатны бүртгэл, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын паспортыг хөтөлж, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг батлагдсан хуваарь, удирдамжаар заагдсан хугацаанд нь технологийн карт, зааврын дагуу гүйцэтгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хяналтын хугацаанд багтаан засварлах зарчмыг баримтлан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Телевизийн төв цамхагт ашиглагдаж байгаа өргүүрийн шалгалтаар илэрсэн дээрхи зөрчил дутагдал нь өргөх байгууламжийн болон техникийн аюулгүй ажиллагааг  холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн  мэргэжлийн инженер техникийн ажилтанд хариуцуулаагүйгээс шалтгаалан гарсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ