70382348

info@umch-tender.kh.gov.mn

Согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

МХЕГ-ын 2013 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалт хийхээр зарлагдсан согтууруулах ундааны үйлдвэрүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”, “Ургамал хамгааллын тухай” хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжилт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, Монгол улсад мөрдөгдөж буй “Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009”, “Согтууруулах ундаа. Ликёр болон ликёрийн төрлийн архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 5984:2009” стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргахзорилгоор шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэлээ. 

2013 онд улсын хэмжээнд архины 21, спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийхээр зарлагдсанаас 19 үйлдвэр шалгалтанд хамрагдаж, архины 9, үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй байна. Нийслэлийн хэмжээнд шалгалт хийгдэхээр зарлагдсан 23 үйлдвэрээс /архины 16 спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2 үйлдвэр/ 17 үйлдвэр хамрагдаж,  архины 6 үйлдвэр шалгалтанд хамрагдаагүй, орон нутагт Баян-Өлгий аймагт 1, Өмнөговь аймагт 1 архины үйлдвэр шалгагдсан бөгөөд Хөвсгөл аймагт шалгалт хийгдэхээр зарлагдсан архины 3 үйлдвэр ажиллаагүй байснаас шалгалтанд хамрагдаагүй байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын 3 архины үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2013 оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалсан байна. Шалгалтанд хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь буюу 78,9% нь бага эрсдэлтэй, 4 нь буюу 21,05% нь дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр байхгүй байна.

а/ Архины үйлдвэрлэлийн чиглэлээр: Шалгалтын хугацаанд ажиллаж байсан 12 үйлдвэрийн 70.0 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан, цэвэр, бохир усны төвлөрсөн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэлийн технологи дамжлага нь зөв, нэг чигийн урсгалтай, 90 хувь нь агааржуулалтын систем хэвийн ажиллагаатай, 80 хувь нь суурьшлын бүсээс 50-100м-т байрладаг, гадна орчныг тохижуулсан, гэрэлтүүлэг хүрэлцээтэй, 20 хувь нь технологийн хэрэгцээт усандаа шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулсан байна.

б/ Спиртийн үйлдвэрлэлийн чиглэлээр: Шалгалтанд хамрагдсан “УБ спирт” ХХК, “Жем интернейшнл”, “Би Цэ Трейд” ХХК-ийн спиртийн 3 үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжийн шаардлагын хэрэгжилт   76.4%, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилт 91.0%, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн шаардлагын хэрэгжилт 95.3%, түүхий эд материалын шаардлагын хэрэгжилт  83.3%,  технологи, тоног төхөөрөмжийн шаардлага хангасан байдал 90.0%,  бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт нь стандартын шаардлага хангасан байдал 96.6%, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалтыг зохих хууль, журмын дагуу хийсэн байдал 100%-ийн хэрэгжилттэй байна.

в/ Дарсны үйлдвэрлэлийн чиглэлээр:  “Цэс хайрхан”, “Түшиг тулга трейд” ХХК-ийн дарсны 2 үйлдвэрийн 79.4% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлага хангасан, 90% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг, 87.5% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 92.8% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 83.3% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 100% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн болон бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг хангасан байна.

г/ Шар айрагны үйлдвэрлэлийн чиглэлээр: “Хаан брой” ХХК, “Даян их” ХХК-ийн шар айргийн 2 үйлдвэрийн 85.2% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах, 96.6% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн, 93.7% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 100% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 95.4% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 90.0% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн, 91.6% нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг тус тус хангасан байна.

Спиртийн үйлдвэрүүдэд “Ургамал хамгааллын тухай” хуулийн 13.2.2 дахь заалтын хэрэгжилт 80.0%-тай байлаа. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдэд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийн явц байдлыг шалгахад хуулийн хэрэгжилт 72%-тай байна.Тус   хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 13 дугаар зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.4, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13.2 дахь заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна.           

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн талаар:  2013 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх “Тусгай зөвшөөрөлтэй” архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19, нийтдээ 95 үйлдвэр бүртгэлтэй,  үйл ажиллагаа явуулж байна.  Нийт 95 үйлдвэрийн 57 нь буюу 60,0% нь архины, 9 нь буюу 9,5% нь спиртийн, 10 нь буюу 10,5% нь дарсны, 19 нь буюу 20,0% нь шар айргийн  үйлдвэр байна.

Шинжилгээнд дээж хамруулсан байдалХяналт шалгалтын  явцад согтууруулах ундаа үйлдвэрлэж буй 17 аж ахуйн нэгжийн 23 нэрийн дарс, 30 нэрийн архи, 3 нэрийн спирт, 5 нэрийн шар айраг нийт 61 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 23 нэрийн түүхий эдээс дээж авч,  МХЕГ-ын НТЛ, НМХГ-ын Төв лабораторит 196 сорьц шинжлүүлэхэд  дээрх бүтээгдэхүүнүүд нь сорилтын дүнгээр “Согтууруулах ундаа. Цагаан  болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага МNS 179:2009”, “Хүнсний спирт” Техникийн ерөнхий шаардлага МNS 178:2009, “Төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн” Техникийн ерөнхий шаардлага МNS 5074:2001, “Төрөл бүрийн шар айраг” Техникийн ерөнхий шаардлага МNS 181:2009 стандартуудын шаардлагыг тус тус хангасан үзүүлэлттэй гарсан байна.  Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усны дээжийг 4 үйлдвэрээс авч шинжлүүлэхэд “Ундны  ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” МNS  0900:2005 стандартын шаардлага  хангасан үзүүлэлттэй гарсан байна. Ургамал хорио цээрийн чиглэлээр 4 ААН-ийн үндсэн түүхий эд болох арвайнаас дээж авч МХЕГ-ын НТЛ-д чанарын болон хорио цээр, ХОП, ФОПестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулахад арвай нь “Хүнсний арвай” Техникийн ерөнхий шаардлага МNS 3810-1985 стандартын шаардлага хангасан байна.

Ажлын байранд хийсэн хэмжилтээр нийт үйлдвэрүүдэд агаарын хэм, харьцангуй чийглэгийн хэмжээг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчны эрүүл ахуйн шаардлага” MNS4990:2000 стандарттай, дуу шуугианы хэмжээг “Дуу шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Гэрэлтүүлгийн хэмжээг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандарттай харьцуулахад “Мон эрдэнэ” ХХК, “Би Цэ Трейд” ХХКомпаниудын үйлдвэрийн гэрэлтүүлгийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-4 дахин бага буюу стандартын шаардлага хангахгүй байв.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал, шалтгаан,

Эрүүл ахуй, технологийн хяналтын чиглэлээр:  Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 78.6% нь согтууруулах ундааг савлах шил, бөглөөг угааж ариутгасны дараа арчдас авч шинжилгээ хийх нян судлалын лабораторигүй,  10,5% нь архи, спиртийн үйлдвэрлэлийн оролтыг тоолууржуулаагүй, битүү хатуу холбоосоор холбогдоогүй,  57.2% нь бүтээгдэхүүний шошгонд мэдээллийг бүрэн тусгаагүй, шошгын зөрчилтэй, 47.1% нь таазанд чийг хуримтлагдсан, будаг шохой хуурсан, 30% нь зориулалтын бус барилгыг хүнсний үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан, ажиллагсдад эрүүл ахуй, ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлаар сургалт явуулдаггүй, чанарын алба, нэгж ажилтан нь бүтээгдэхүүний цуврал бүрийг дотоодын хяналтын лабораторийн сорилтын үр дүнг үндэслэн чанарын гэрчилгээ үйлдэн баталгаажуулж, худалдаа үйлчилгээнд гаргадаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Тухайлбал “Хээр адуу” ХХК, “Их Тэс Гол” ХХК, “Мон-Эрдэнэ” ХХК-ийн ажлын байрны шал эмтэрсэн, хананы шохой ховхорсон, хана таазанд чийг хуримтлагдсан, үйлдвэрлэлийн байрны  цонх, хананы будаг ховхорсон, ариун цэврийн  өрөөний хаалга  үндсэн цехрүү  нээгддэг, угаалтуурын крант нь зэвэрсэн, ажлын байранд ажилчид хувцас солих, усанд орох нөхцөлөөр хангагдаагүй; “Их Тэс Гол” ХХК-ийн архины үйлдвэрийн химийн лаборатори нь архины үзүүлэлтүүдэд бүрэн шинжилгээ хийдэггүй, “Мон-Эрдэнэ” ХХК, “Тэргүүн трейд” ХХК нь үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй;  “Хээр адуу” ХХК, “Их Тэс Гол” ХХК, “Тэргүүн трейд” ХХК, “Трансинконсульт” ХХК, “Цэсхайрхан” ХХК нь ажилтнуудаа  эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй; “Их Тэс Гол”, “Хээр адуу” ХХК, “Цэсхайрхан” ХХК, “Трансинконсульт” ХХК нь бүтээгдэхүүний хаяг, шошгонд байх ёстой тухайн бүтээгдэхүүний стандарт, жор орцод заагдсан найрлага бүрдүүлэгч буюу хүнсний нэмэлтийг бүрэн тусгаагүй, байршил хаягийг тодорхой бичээгүй; “Мон-Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичгүй; “Мон-Эрдэнэ” ХХК, “Хээр адуу”, “Цэсхайрхан” ХХК, “Трансинконсульт” ХХК нь архины үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж биелэлтийг хангуулж ажиллаагүй; “Би Цэ Трейд” ХХКомпаний үйлдвэрийн байрны гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, ажиллагсадын ариун цэврийн болон усанд орох өрөөнд агааржуулах төхөөрөмж байхгүй; “Мон эрдэнэ” ХХКомпаний үйлдвэрийн байрны гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, ажилчдын хувцас сольж хадгалах өрөө, лабораторид агааржуулах төхөөрөмж байхгүй байна. “Хээр адуу” ХХКомпани нь сав, баглаа боодлын агуулахгүй, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь “Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5364:2004  стандартын шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн шугам уян холбоостой, тоолуур суурилиулсан компанид хандсан боловч сэлбэг байхгүй шалтгаанаар тоолуур ажиллагаагүй; Цэс Хайрхан ХХК-ийн  агуулахад хаяг, шошгогүй, хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн  4.1 тн чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс  хадгалагдаж байсан зэрэг  зөрчлүүд илэрлээ. 

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр:  “Жем интернейшнл” ХХК үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд улаанбуудайн гарал үүслийн бичиг баримтыг бүрдүүлээгүй; Түүхий эдийн агуулах ялангуяа улаанбуудайн силосонд ургамал хамгааллын байгууллагаар агуулахын хортон шавьжийн эсрэг халдваргүйжилтийг огт хийлгэдэггүй; Улаанбаатар спирт ХХК-ийн түүхий эдийн агуулах цонх хаалга битүүмжлэлгүй байна.

Хэмжил зүйн хяналтын чиглэлээр:“Мон эрдэнэ”, “Арван ундарга”, “Хээр адуу” ХХКомпаниуд нь үйлдвэрийн хэмжээнд хэмжилзүйн асуудлыг тодорхой албан тушаалтанд хариуцуулаагүй, хэмжилзүйн төв байгууллагатай хэмжих хэрэгслийг баталгаажуулах гэрээ байгуулаагүй; “Мон эрдэнэ”, “Хээр адуу” ХХК-иуд нь шинжилгээний лаборатори болон үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа архи, спиртийн тоолуурын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгсэлийг ашиглаж байгаа; Шалгалтанд хамрагдсан 17 үйлдвэрүүдээс “Би Цэ Трейд” ХХК, ”Арвайн үндэс” ХХК, “Даян их” ХХК, “Жем интернейшнл” ХХК-иас бусад компанийн үйлдвэрүүд дотоодын лабораторио итгэмжлүүлээгүй; Хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй байна.

Шалгалтаар нийт 85 зөрчил илэрснээс газар дээр нь 9 зөрчил буюу 10.5%-ийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 74 заалт бүхий албан шаардлага өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллалаа. “Мон-Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичгүй, “Хээр адуу” ХХК-ний архи спиртийн үйлдвэрүүд нь хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд улсын баталгаажуулалтанд хамруулаагүй, баталгаагүй тоолуур ашигласан зөрчилтэй байсан тул холбогдох хуулийн дагуу тус бүр 400.0 мянган  төгрөгийн,  зөрчил гаргасан 5 албан тушаалтанд 1.884.800 төгрөгийн, нийтдээ 2.284.400 төгрөгийн шийтгэвэр ногдуулж,100 хувь барагдууллаа. Шалгалтын явцад ургамал хорио цээрийн чиглэлээр “Жем интернейшнл” ХХК-д 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, улаан буудайн силосонд ургамал хамгааллын мэргэжлийн байгууллагаар халдваргүйжилтийг хийлгүүлэв. Шар айргийн үйлдвэрийн түүхий эд  болох арвайнаас дээж авч шинжлүүлэн, сорилын дүнг үндэслэн түүхий эдийн чанар, аюулгүй байдал хангасан тухай  улсын байцаагчийн 4 дүгнэлт үйлдэж, холбогдох компаниудад хүргүүллээ.

Шалгалтанд хамрагдсан бүх аж ахуйн нэгжүүдэд түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цэс Хайрхан ХХК-ийн агуулахад байгаа хадгалалтын хугацаа дуусч, чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, 14350.0 мянган төгрөгний чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүсийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд  шилжүүлэв.

Шалгалтын явцад авсан дээжийн шинжилгээний дүнг үндэслэн бүтээгдэхүүний тухай 17, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тухай 6, нийт 23 улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Шалгалтын явцад шалгалтанд хамрагдсан газруудад Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 17 үйлдвэрийн 30 хүнийг хамруулан сургалт зохион байгууллаа.

Шалгалтанд хамрагдсан  аж ахуйн нэгжүүд  нь улсын байцаагчийн хүргүүлсэн албан шаардлагын заалт бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дараах  ажлуудыг  хийж  гүйцэтгэсэн байна. Үүнд: “Трансинконсулт” ХХК  нь  ажлын байрандаа их  засвар хийж, хана таазыг  засварлан, ажиллагсдыг усанд орох нөхцөлөөр хангаж душьтэй болсон, үйлдвэрлэлийн өрөөнд гар угаалтуур суурилуулсан, дотоодын  лабораторийн хүчин  чадлыг нэмэгдүүлэн ундны ус, технологийн усанд MNTR :2008 техникийн зохицуулалтанд заасан үзүүлэлтүүдийг  бүрэн  шинжилж,  бэлэн  бүтээгдэхүүний шошгыг  стандартад нийцүүлэн, хүнсний нэмэлтийг  хөндлөнгийн  лабораториор баталгаажуулсан. “Тэргүүн Трейд”  ХХК  нь албан  шаардлагын дагуу  үйлдвэрийн үндсэн цехэд гар угаалтуур, архи савлах болон шил угаалгын хэсэгт хяналтын гэрэл суурилуулж, бүтээгдэхүүний лонхон дээр савласан огноо, ээлж шугам тавигчтай болж, эрүүл ахуйн  дэглэмийн бүртгэл хөтлөлтийг тухай бүр хөтлөж хэвшин, худалдаанд гарч буй бэлэн бүтээгдэхүүнийг баталгаажуулан  олгох  дотоодын  лабораторийн шинжилгээний дүнгийн  хуудастай болсон.

“Цэс Хайрхан” ХХК  албан шаардлагын дагуу хадгалах хугацаа дууссан чацарганы концентрацийг улсын  байцаагчийн актын дагуу эргүүлэн татаж устгуулах арга хэмжээ авч, дотоод хяналтын  нэгж,  ажилтанг  захирлын тушаалаар шинээр томилон, 5 нэрийн дарсны шошгон  дээрхи зөрчлийг арилгаж, 2014  оны  2 дугаар  улиралд  үйлдвэрийн байранд их засвар хийхээр  төлөвлөсөн. “Би Цэ Трейд” ХХК нь үйлдвэрлэлийн байранд урсгал засвар хийж, ажилчдын ариун цэврийн өрөөнд агааржуулалтын төхөөрөмж суурилуулж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байна. “Мөнхжин од” ХХK нь үйлдвэрийн байранд урсгал засвар хийж,  спиртийн чанны гадна  талд тоосгон  хана  хийж  битүүмжилсэн, үйлдвэрийн түүхий эд болох спирт болон технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, ажилчдын хувцас солих өрөөнд агааржуулалтын төхөөрөмж суурилуулсан, бүтээгдэхүүний огноо тавигчийг ажилд оруулж, дотоод хяналтын журмыг баталж , мөрдөж ажиллан, тоног төхөөрөмжөө шинэчилэн,  хагас автомат болгосон ба гүйцэтгэлийн хяналтыг 1.5 кодтой шинэчлэгдсэн  “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хийж гүйцэтгэхэд 12.6 хувь буюу бага эрсдэлтэй дүгнэгдэж эрсдэл буурсан байна.

“Мон Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичтой болсон, ажилчдын хувцасны өрөөнд агааржуулах төхөөрөмж суурилуулсан, технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, дотоодын лабораторио итгэмжлүүлээгүй, үйлдвэртээ урсгал засварыг дутуу хийсэн ба улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийг 70 хувийн биелэлттэй биелүүлсэн байна. “Арван ундарга” ХХК нь ажлын байранд урсгал засвар хийсэн, ажилчдыг БЗДүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан, үйлдвэрийн түүхий эд болон технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, ариун цэврийн өрөөний агааржуулагч, бохирын трап нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй албан шаардлагын биелэлт 80 хувьтай байсан ба шалгалтын үед өөрийн шинэ үйлдвэрийн байрыг СХДүүрэгт барьж байгаа болон бүтээгдэхүүний борлуулалт муу, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа зогссон байсан. “Хээр адуу” ХХК нь технологийн шугамын уян холбоосыг хатуу холбоосоор сольж, хяналтын тоолуурын үйл ажиллагааг хэвийн болгосон, ажилчдын ариун цэврийн өрөө нь үйлдвэрлэлийн үндсэн цех рүү ордог байсныг өөрчилсөн, мөн ажиллагсадын эрүүл ахуйн дадлын бүртгэл хөтлөлттэй болсон. “Их Тэс гол” ХХК нь албан  шаардлагын хариуг хугацаанд  нь  ирүүлсэн  боловч  тусгай  зөвшөөрлийн  эрхийн  хугацаа дуусч,  үйлдвэрлэлээ  зогсоосон  тул  гүйцэтгэлийн  хяналт шалгалт  хийгдээгүй байна.

Монгол улсын “Хүнсний тухай”  хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 12.1 дэх заалтуудын хэрэгжилт 89,4%, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.7, 10.1.9, 12.1, 12.4 дэх заалтуудын хэрэгжилт 90%,  “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 4.1, 4.2, 4.4, 4.7 дахь  заалтын хэрэгжилт 82,5%, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9.6, 13.2, 19.1,19.1.5 дахь заалтуудын хэрэгжилт 82%, Ургамал хамгааллын тухай хуулийн 12.2, 13.2.2 дахь заалтын хэрэгжилт 78,1% байна. Шалгалтад хамрагдсан 19 үйлдвэрийг “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шалгах 1.5 кодтой хяналтын хуудсаар” шалгахад 4 буюу 21.1 хувь нь дунд эрсдэлтэй, 15 буюу 78.9 хувь нь бага эрсдэлтэй шалгагдсан байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Хээр адуу” ХХК, “Мөнхжин-Од” ХХК,  “Арван ундарга” ХХК-ний   архины үйлдвэрүүд 2012 онд дунд эрсдэлтэй шалгагдаж байсан бол 2013 оны шалгалтаар дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдлийн түвшин буураагүй, “Сүү өгөөж, “Их тэс гол” ХХК,  “Тэргүүн трейд” ХХК,  “Говийн өндөр” ХХК, Азык ХХК-ний архины үйлдвэр, “Түшиг тулга” ХХК, “Цэс хайрхан” ХХК-ний дарсны үйлдвэрүүд дунд эрсдэлтэй байсан бол бага эрсдэлтэй болж эрсдлийн түвшин буурсан ба Мон-эрдэнэ ХХК нь 2012 онд бага эрсдэлтэй үнэлэгдэж байсан бол 2013 онд дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдлийн түвшин нь нэмэгдсэн байна.

“Үрийн болон хүнсний буудай хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагааг шалгах” 1.24 кодтой хяналтын хуудсаарспиртийн 3, шар айргийн 2, нийт 5 аж ахуйн нэгжид үнэлгээ хийхэд 1 буюу 20.0% нь дунд эрсдэлтэй, 4 буюу 80.0% нь бага эрсдэлтэй байгаа нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас жил бүр хяналт шалгалт хийж мэргэжлийн заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч ирсэн ч технологи ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил дутагдал бүрэн арилахгүй байгаа нь тухайн байгууллагын өдөр тутмын дотоодын хяналт сул, тогтворжоогүй, ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүйтэй холбоотой байна. “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хяналтын тоолуурыг шалгах” 5.28.1 кодтой хяналтын хуудсаар нийт 13 аж ахуйн нэгжид үнэлгээ хийхэд бага эрсдэлтэй 9 буюу 69,2%, 4 буюу 30,7% нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нь жижиг үйлдвэрүүд нь дотоодын лабораторио “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасан “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ