70382348

info@umch-tender.kh.gov.mn

Нийслэл болон сум, суурин газрын хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын тухай

Нийслэл болон сум суурин газрын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдал холбогдох хууль тогтоомж болон ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалтыг 1-4 дүгээр улиралд хийж гүйцэтгэлээ.

Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх тогтолцоог “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгасан ба сумдын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн төлөв байдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу боловсруулсан судалгааны хүснэгтийн дагуу тодорхойлж, нийслэлд 6 эх үүсвэрийн худгууд, дамжуулах болон хлоржуулалтын станц, ус түгээх байруудаас 149, гол мөрөн, булаг шандын 32, аж ахуйн нэгж байгууллага, иргэний гаргасан худгийн 116,  нийт 297 дээж мөн 300 сумын ундны усны 830 эх үүсвэрээс дээж авч, хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өглөө. Хөдөөгийн хүн амын хэрэглэж байгаа усны чанар, аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор Дорноговь аймгийн 1 сумын малчдын 39 худгаас шинжилгээ авч химийн шинжилгээг УСУГ-ын лабораторид хийлгэв.

Хяналт шалгалтаар нийслэл болон сумдын хүн амын ундны усны 888 эх үүсвэрийн худгуудийн эрүүл ахуйн төлөв байдалд үнэлгээ хийж, нийслэл, 300 сумын ундны  усны 1127 дээж авч, МХЕГ-ын  нэгдсэн төв лабораторид хими, аймгийн МХГ-ын лабораториудад  1127 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өглөө.

Хяналт шалгалтанд хамрагдсан нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрийн 129 гүний худаг 100% гэрчилгээтэй, гүн өрмийн, бүх улиралд ундны зориулалтаар ашигладаг байна. Сумдын худгийн дийлэнх нь унд, ахуйн зориулалтаар 100% (759), холимог байдлаар 15.5% (102) худгийн төрлийн хувьд 96.7% (737) нь гүний худаг ба бүх улиралд ашигладаг (98.7%, 749) байна. Ундны усны эх үүсвэрийн нийт худгийн 64.9% (576) хувь нь л гэрчилгээтэй  байгаа ба Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнот аймгуудын ихэнх худгууд гэрчилгээгүй байна.  Харин Дундговь 96% (49) Булган 75% (33), Өмнөговь 73% (22) аймгийн худгуудын дийлэнх нь гэрчилгээтэй байлаа. Хяналт шалгалтанд хамрагдсан нийт (888) худгийн 97.7% (868) нь эргэн тойрны хөрсний бүрэн бүтэн байдал алдагдаагүй буюу ан цав, цууралт үүсээгүй байлаа.

Аймаг, сумдын ундны усны эх үүсвэрийн 888 худгийн 28.7% (255) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хашаажуулаагүй байна. Нийслэлд төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгууд, Булган аймгийн сумдын хүн амын ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 100% тогтоосон байна. Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймгуудын ихэнх сумдын худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй байна. Хяналт шалгалтанд хамрагдсан 888 худгуудын 33.8% (300) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй байна. Худгийн бохирдуулагч эх үүсвэрийн дийлэнх нь оршин суугчидтай хамааралтай буюу гэр хороолол, малын хашаа хороо, жорлон, муу ус, хогийн цэг, ШТС, ногооны талбай  байна.

Улаанбаатар хотын хүн амыг Туул голын  дагуу  “Уу” булангаас ТЭЦ-4 хүртэл ойролцоогоор 100 орчим км урт, 0.5-1 км орчим зурвас газарт гаргасан 174 гүний худгийн усыг авч хангаж байна. Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь төвлөрсөн ус хангамжийн усыг унд ахуйд хэрэглэдэг байна. Улсын хэмжээнд нийт 300 сумын ундны усны 830 эх үүсвэрээс дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид хими, хүнд металл, АМХГ-ын лабораторид нян судлалын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өглөө. Эх үүсвэрийг төрлөөр нь авч үзвэл 793 гүн өрмийн худаг, 37 гол мөрөн, булаг шандын ус хамрагдсан байна.

Хяналт шалгалтаар 785 зөрчил илрүүлж 602 зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн акт 22–г үйлдэж худаг, ус түгээх цэгийн үйл ажиллагааг /бүр 2, түр 20/ зогсоож, улсын байцаагчийн 201  албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба шинжилгээний дүнд үндэслэн 320 дүгнэлт гаргаж, 5.320.0 төгрөгний шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумын ус магни, 50 сумын ус төмөр, 2 сумын ус хлоридын агууламж стандартын шаардлага хангахгүй байна;

Хяналт шалгалтанд хамрагдсан 888 худгуудын 33.8% (300) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэр байгаа, усан сангийн халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийж байгаагаас шинжилгээгээр 227 худгийн ус нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна;

Сумдын ундны усны эх үүсвэрийн худгуудын 35.1% нь техникийн үзүүлэлтийг илэрхийлсэн гэрчилгээгүй байгаагаас  стандартын шаардлага хангахгүй худгийн усанд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавих боломжгүй байна;

Төвлөрсөн ус хангамжийн 35 эх үүсвэрийг төвлөрсөн усан хангамжийн усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар шалгаж үнэлгээ өгөхөд бага эрсдэлтэй 8, /30%/ дунд, 15, /37.5%/  их эрсдэлтэй 12 /32.5%/ байгаа ба холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт 2011 онд 57.5%, 2012 онд 70.1%, 2013 онд 75.8% байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх 2 дүнг үндэслэн өгсөн албан бичиг, албан шаардлагыг хэрэгжүүлсэнтэй холбоотой нэмэгдэж байна;

Хөдөөгийн хүн ам хөдөө аж ахуйн зориулалтаар гаргасан /ундны бус/ эрүүл ахуйн шаардлага хангахгүй, шинжилгээ баталгаажилтгүй усыг хэрэглэж байгаа ба өвлийн улиралд усны хомсдолд орж байгаагаас уснаас шалтгаалах өвчин эмгэгт өртөх боломжтой байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ