70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн 2013 он, 2014 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Оргил рашаан сувиллын төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад түүвэрчилсэн хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор шалгалтыг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 176 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 235 тоот тогтоолоор Рашаан судлалын үндэсний төвийг “Оргил рашаан сувилал” 100 хувь төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчилж, дүрмийг батласан байна.

Тус компани нь 2013 онд 9798, 2014 оны эхний хагас жилд нийт 4687 хүнийг эмчлэн сувилжээ. Ор хоногийн төлөвлөгөө гүйцэтгэлийг авч үзвэл 2013 онд 112860 ор хоногийг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 93996 гарч 83.3 хувь, 2014 оны эхний хагас жилд 53774 ор хоногийг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 44766 гарч 83.2 хувиар тус тус биелүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалгүй буюу сайн дураараа эмчлүүлж сувилуулсан хүний тоо 2013 онд 503, 2014 оны эхний хагас жилд 232 байна.

Оргил рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 796.0 сая төгрөгийн эргэлтийн, 4538.3 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5334.3 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр, 2014 оны эхний хагас жилд 1257.2 сая төгрөгийн эргэлтийн, 4515.5 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5772.7 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан байна.

Оргил рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 4099.1 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 3449.2 сая төгрөгийн орлого олж биелэлт 84.1 хувь, 2014 оны эхний хагас жилд 2228.9 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1940.2 сая төгрөгийн орлого оруулж биелэлт 87.0 хувьтай байна. 2013 оны жилийн эцсээр 2546.1 сая төгрөгийн зардал гаргаж 812.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан боловч ашгийн төлөвлөгөө 26.1 сая төгрөг буюу 3.1 хувиар тасарсан байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1432.0 сая төгрөгийг зарцуулж 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Орлогын бүтцийг авч үзвэл, 2013 онд нийт орлогын 76.3 хувь буюу 2,546,051.2 мянган төгрөгийг цэвэр борлуулалт буюу сувилуулагчдын төлбөр, 19.3 хувь буюу 666,148.4 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, нийт орлогын 4.4 хувь буюу 152,443.4 мянган төгрөгийг бусад орлого тус тус эзэлж байна. Бусад орлогын дотор түрээсийн орлого 40,883.4 мянган төгрөг, хүүгийн орлого 88,544.6 мянган төгрөг, сургалт хоол төлбөрт эмчилгээ фитнесийн 23,015.4 мянган төгрөгийн орлого багтсан байна.

2014 оны эхний хагас жилд нийт орлогын 76.6 хувь буюу 1,486,669.6 мянган төгрөгийг цэвэр борлуулалт буюу сувилуулагчдын төлбөр, 20.4 хувь буюу 396,413.3 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, нийт орлогын 3.0 хувь буюу 57,119.4 мянган төгрөгийг бусад орлого тус тус эзэлж байна. Бусад орлогын дотор түрээсийн орлого 32,482.9 мянган төгрөг, хүүгийн орлого 18,385.5 мянган төгрөг, сургалт хоол төлбөрт эмчилгээ фитнесийн 6,152.0 мянган төгрөгийн орлого багтсан байна.

 Зардлын гүйцэтгэлийн талаар:2013 онд 2,546.0 сая төгрөг, 2014 оны эхний хагас жилд 1,462.1 сая төгрөгийн зардал гаргаж, батлагдсан төлөвлөгөөт зардлыг 2013 онд 625.5 сая төгрөгөөр,  2014 оны эхний хагас жилд 292.4 сая төгрөгөөр хэмнэж ажилласан байна.

2013 онд компанийн зүгээс зардлыг аль болох хэмнэх бодлого баримталж ажилласаны дотор дулааны тоолуур тавьсан тул түлш халаалтын зардлыг 39,248.5 мянган төгрөгөөр, цэвэр бохир усны зардлыг 55,296.9 мянган төгрөгөөр, тээврийн зардлыг 4,309.0 мянган төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 6,052.0 мянган төгрөгөөр, албан томилолтын зардлыг 4,150.4 мянган төгрөгөөр, шагнал урамшуулал тэтгэмжийн зардлыг 11,244.1 мянган төгрөгөөр, урсгал засварын зардлыг 56,283.8 мянган төгрөгөөр, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 39,187.5 мянган төгрөгөөр, ариун цэврийн зардлыг 16,886.2 мянган төгрөгөөр, хоолны зардлыг 69,850.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэж ажилласан байна.

2014 оны эхний хагас жилд түлш халаалтын зардлыг 24,884.3 мянган төгрөгөөр, цэвэр бохир усны зардлыг 9,972.8 мянган төгрөгөөр, тээврийн зардлыг 3,698.6 мянган төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 3,741.9 мянган төгрөгөөр, урсгал засварын зардлыг 69,124.3 мянган төгрөгөөр, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 10,856.2 мянган төгрөгөөр, 6,138.3 мянган төгрөгөөр, хоолны зардлыг 71,348.8 мянган төгрөгөөр тус тус хэмнэж ажилласан байна.

2013 онд цалингийн зардлыг 17,228.4 мянган төгрөгөөр, цахилгааны зардлыг 5,729.5 мянган төгрөгөөр, төлбөр хураамжийн зардлыг 4,512.5 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 6,524.5 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 15,318.0 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. 

2014 онд цалингийн зардлыг 33,052.2 мянган төгрөгөөр, шагнал урамшуулал тэтгэмжийн зардлыг 8,259.2 мянган төгрөгөөр, хөдөлмөр хамгааллын зардлыг 538.6 мянган төгрөгөөр, бичиг хэргийн зардлыг 2,172.5 мянган төгрөгөөр, ном хэвлэлийн зардлыг 708.4 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 1,162.9 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 1,436.1 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна.

Цалингийн зардлаас үндсэн цалингийн зардал хэмнэгдэж нэмэгдэл цалингийн зардал хэтэрсэн шалтгаан нь илүү цагийн хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хэмжээний дээд хязгаар буюу 2 дахин нэмж олгодог, ажлын шаардлагаар слесарийн ажлын байрны орон тоог 2-оор нэмэгдүүлэн ажиллуулсантай холбоотой байна. Цалингийн зардал нийт дүнгээр хэтэрсэнтэй уялдан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал хэтэрсэн байна.

Цахилгааны зардал хэтэрсэн нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цахилгааны үнэ 1 м.кв тутамд 28 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Эмийн зардал хэтэрсэн нь 2013 оны 6-8 дугаар саруудад эм боох материал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ 50-80 хувь огцом өссөнтэй холбоотой байна. Ажилчдын хоолны зардал 15318.0-1436.1 мянган төгрөгөөр хэтэрсэн нь өдөрт дунджаар 120 ажилтныг хооллоход өдөрт 1060 төгрөг зарцуулахад жилд дундажаар 33.0-35.0 сая төгрөг зарцуулах байсаныг төлөвлөхдөө алдаа гаргасантай холбоотой байна.   

Үндсэн хөрөнгийн талаар

Тус сувиллын үндсэн хөрөнгө 2013 онд 612.3 сая төгрөгөөр  нэмэгдсэн бол жилийн эцэст 147.3 сая төгрөгөөр хасагдаж 2013 оны жилийн эцсийн байдлаар 7,327.3 сая  төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 2014 оны эхний хагас жилд үндсэн хөрөнгө 112.9 сая төгрөгөөр нэмэгдэж 2014 оны эхний хагас жилийн байдлаар 7,440.2 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болсон байна.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу үндсэн хөрөнгө, эд хогшлын тооллогыг бүтэн жилээр хийж, баталгаажуулж, тооцоог бодож, үр дүнг тайлан тэнцэлд тусган зохих журмын дагуу орлогод авч данс бүртгэлд тусгаж ажилласан байна. 

“Оргил рашаан сувилал” ТӨХК нь 2013 онд 812.8 сая төгрөгийн, 2014 оны эхний хагас жилд 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

1/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.12-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон  төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно” гэж заасныг зөрчин компанийн ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал болон сургалт, гадаад томилолтын зардлыг олгосон байна.

2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахгүйгээр зарим худалдан авалтыг шууд гэрээ байгуулж хийсэн байна.

2013 онд Сав хоршооноос 25.3 сая төгрөгийн жимс, хүнсний ногоо, Жикс ХХК-иас 14.1 сая төгрөгийн сүү, иргэн Б.Энэбишээс 180.3 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 19.5 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 33.1 сая төгрөгийн шингэн сүү, иргэн Ө.Болдбаатараас 57.3 сая төгрөгийн мах, “Мөнгөн гүүр” ХХК-иас 26.6 сая төгрөгийн цагаан хэрэглэл ор дэрний даавуу алчуур, иргэн Г.Энхжаргалаас фитнессийн тоног төхөөрөмжүүд,

2014 оны эхний хагас жилд иргэн Б.Энэбишээс 37.9 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 21.9 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 24.9 сая төгрөгийн сүү зөөхий, иргэн О.Болдбаатараас 13.9 сая төгрөгийн махыг тус тус худалдан авахдаа тендерийн хууль тогтоомжийг зөрчин харьцуулалтын арга хэрэглэлгүй шууд худалдан авсан байна.

3/ Гэрээ дүгнэсэн актгүйгээр зарим төрлийн зардлуудыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ.

ТУЗ-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны 7/01 дугаар тогтоолд “хуулийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байгаа нөхцөл байдалтай танилцаад шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тоондоо нийцүүлэн хуулийн зөвлөх үйлчилгээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан”-ы дагуу 2014 оны 3 дугаар сарын 10-нд “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмтэй 20140310 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулж ажилласан байна. Тус гэрээний 3.1 болон 3.2-д “хууль зүйн туслалцааны төлбөр сар бүр тогтмол 1.0 сая төгрөг байх бөгөөд төлбөрийг сар бүрийн 15-ны дотор өмгөөлөгчийн нэхэмжлэхийн дагуу төлнө”, 3.4 болон 3.5-д “үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргахад талууд нэмэлт гэрээ байгуулж үнийг тохиролцоно, үнийн дүн бүхий хэрэг маргаанд шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн болон үнийн дүн тодорхойгүй хэрэг маргаанд үнэлгээний 5 хувиар тооцно” гэж заасан байна. Гэвч дээрх байгууллагаас үзүүлж буй хууль зүйн туслалцаа нь тодорхой үр дүнд хүрээгүй ажлын тайлан  байхгүй байхад санхүүжилт олгосон байна.

Шалгалтаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, гэрээгүйгээр худалдан авалт хийсэн, ажил гүйцэтгүүлсэн, ажлын тайлан байхгүй байхад зардлыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ.

ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20,522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоов. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ