70382348

info@umch-tender.kh.gov.mn

Өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд хийсэн шалгалтын тухай

2014.10.30

2013 онд хийсэн хяналт шалгалтаар дунд, их эрсдэлтэй дүгнэгдсэн өлөн гэдсэнд анхан шатны боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн мөрдөлтөнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж эрсдэлийг бууруулахад шалгалтыг наймдугаар сарын 4-ноос есдүгээр сарын 25-нд хяналт шалгалт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтанд “Батзагд”, “Энисервис”, “Оргил таванд”, “Баатар цэцэг”, “Цээжин”, “Голден гоат”, “Гуфран  энд Гунуа” ХХК гэсэн долоон ААНБ, нэг иргэнийг хамруулан Үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлага, Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага, Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага, Түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын хэрэгжилт зэрэг асуудлаар шалгалаа.                                                                                                                                                           

Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэр, цехүүдийн үйлдвэрлэлийн дамжлага бүр нь вандан, тавиураар  хангагдсан, зэвэрдэггүй, цэвэрлэж угаах, халдваргүйжүүлэхэд хялбар зориулалтын хуванцар материалаар хийгдсэн сав суулгыг хэрэглэж хэвшсэн ба “Оргил таванд” ХХК, “Энисервис” ХХК нь БНХАУ-ын өлөн гэдэс хусагч шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хяналт шалгалатд хамрагдсан үйлдвэр, цехийн нийт ажилчдын 25.7 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс “Голден гоат” ХХК нь ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан байна. Өлөнгийн үйлдвэр, цехийн ажилчид нь хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогт тохирсон ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, угаалгын газартай, угааж цэвэрлэх тоног хэрэгслээр хангагдсан боловч үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлийн сургалт зохион байгуулах ажил хангалтгүй хийгдсэн байна.

Анхан шатны боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд нь бэлэн бүтээгдэхүүний торх, баглаа, боодол, уут зэргийг цагаан гэдсээ нийлүүлдэг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжүүдээс лабораторийн шинжилгээ хийлгэсэн бичигтэйгээр хүлээн авч шаардлага хангасан хаяг шошгын хамт үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь өлөн гэдэс хүлээж авах, боловсруулах, хадгалах дамжлага бүр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрэлцэхүйц хэмжээний ажлын талбайтай, тоног төхөөрөмжийг зөв байрлуулсан, бүтээгдэхүүн,түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй боловч мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөцгүй, дотоод хяналт хангалттай хийгдэхгүй байна.

Өлөн боловсруулах үйлдвэрүүдэд сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчин бүртгэгдээгүй байна.

Хяналт шалгалтын явцад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

1.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдсэнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, авсан ч товчооны байцаагч нараар хянуулж баталгаажуулаагүй, гэрчилгээг архивлаж  бүртгэлжүүлээгүй,

2.“Гуфран энд Гунуа”, “Бат Загд”, “Оргил таванд, “Баатарцэцэг”, “Цээжин” ХХК хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, дотоод хяналтын бүртгэл, тэмдэглэл хөтлөөгүй,

3.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдэс хадгалах зориулалтын агуулах, байргүй, 

4.”Баатарцэцэг”, “Цээжин” ХХК-ууд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бүртгэл хөтлөөгүй, ариутгалын акт, баримт бичгийн бүрдүүлэлтгүй,

5.“Оргил таванд” ХХК-ны үйлдвэрийн байрны тааз, хана нь хөгц ургаж мөөгөнцөртсөн, ажлын байранд агааржуулалтын систем хангалттай ажилладаггүйгээс их хэмжээний уур, чийг ялгарсан, үйлдвэрийн  технологийн хэрэгцээт халуун ус, даралтат хоолойгоор шүршиж угаах боломжгүй, ундны усны шаардлага хангасан усыг хэрэглээгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, бүрхүүлгүй, цонх торон хаалтгүй ,

6.”Цээжин” ХХК-ны барилга байгууламж нь зориулалтын зураг төслийн дагуу баригдаагүй,

7.”Баатарцэцэг” ХХК, “Бат-загд” ХХК-ийн өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд хуульд заасны дагуу ажил   эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй,

8.Ажилчдын нийгмийн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулж мөрдүүлээгүй.

9.Ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй

10.Үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг тогтмол ариутгаж бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй, мэргэшсэн хүний нөөцгүй, ажилчдад зориулан сургалт зохион байгуулаагүй, дотоод хяналтыг тогтмолжуулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт, шалгалтын явцад өлөн гэдэс боловсруулах “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, “Цээжин”, “Батзагд”, “Голден гоат” ХХК-ийн үйлдвэр, цехийн бохир уснаас дээж авч НМХГ-ын лабораторид 3 үзүүлэлтээр  шинжлүүлэхэд үйлдвэрүүдийн бохир усанд агуулагдаж байгаа химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тул улсын байцаагчийн 9 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлж, бохир усыг давтан шинжилгээнд хамрууллаа. Давтан шинжилгээгээр “Цээжин” ХХК-ниас бусад компанийн ус шаардлага хангаж  байгаа дүн гарсан байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Хүнсний тухай” хуулийн 10.1.2, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 5.1.2, ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2 зөрчсөн “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, ”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин” ХХК-д улсын байцаагчийн 23 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, энэ 4 компанид ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 заалтыг үндэслэн тус бүр 250.0 мян.төг нийт 1.0 сая. төг-ийн торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулав.

Хяналт, шалгалтын явцад иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн  хүсэлтийн дагуу ”Арвай цэцэг” ХХК, ”Хос хийморь” ХХК, иргэн С.Алтанцэцэгийн өлөнгийн цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2, ”Ариун цэврийн тухай” хуулийн 17.1.1,17.1.4 заалт, ”Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 52.5 заалт, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10.1.3 заалтуудыг тус тус зөрчсөн тул үйл ажиллагааг актаар түр зогсоож “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 дэх заалт, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 28 дугаар заалт, ”Төрийн хянан шалгалтын тухай” хуулийн 16.1.3 заалтыг тус тус үндэслэн 1810.0 мянган төгрөгийн торгууль  ногдуулж, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8.6 заалтыг үндэслэн 12201.9 мян.төг-ийн өлөн гэдэс, гүзээ, дайвар бүтээгдэхүүнийг “Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар  эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д холбогдох материалын хамт хүргүүлж ажиллав.

Дүгнэлт

1.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгч, умбуур бодисын /жинлэгдэгч бодис/ хэмжээ төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарч байгаа нь үйлдвэрийн бохир усны гарах хоолойны ариутгал цэвэрлэгээ муу, шүүлтүүр суурилуулсан эсэхээс шалтгаалж шинжилгээний үзүүлэлтүүд хангалтгүй гарч байна.

2.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эд бэлтгэхдээ гэрээт нийлүүлэгчээс мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүйгээр хүлээн авах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь малаас хүнд дамжин халдварладаг халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлж байна. 

3.Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг тооцоход хамрагдсан 7 үйлдвэрийн эрсдлийн түвшин үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлагаар 19.6, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлагааар 15.5, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 22.6, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлагаар 25.7, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлагаар 18.1, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагаар 45.7 хувийн дундаж эрсдэлтэй тогтоогдож  “Цээжин”, “Оргил таванд”, “Баатар цэцэг” ХХК  зэрэг 3 аж ахуй нэгж дунд, ”Батзагд”, “Голден гоат”, ”Гуфран энд гунуа”, “Энисервис” ХХК зэрэг 4 аж ахуй нэгж тус тус бага эрсдэлтэй дүгнэгдлээ.

4.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар 2013, 2014 онд  хяналт шалгалтанд давтан хамрагдсан аж ахуй нэгжүүдийг эрсдэлийн үнэлгээгээр харьцуулахад үйлдвэрийн барилга байгууламжийн  үндсэн шаардлага 14.1, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага 16.8, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 13.5, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага 13.6, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага 30 хувиар өсч, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага 36.9 хувиар буурсан  байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ