70382348

info@umch-tender.kh.gov.mn

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт 2014 онд шинээр барьсан, засварлаж шинэчилсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын тухай

2014.12.04

Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьж байгаа барилга байгууламжуудад холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, эрх зүйн актуудын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн 2014 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ”Хуучин орон сууцны лифт шинэчлэлтийн ажил”-ын байдалд холбогдох хууль, дүрмийн дагуу техникийн тодорхойлолтын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, лифтийг улсын бүртгэлд бүртгэн ашиглах зөвшөөрлийг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эзэмшигч байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шалгалтыг гүйцэтгэлээ.

Барилгын талаар: 2014 онд санхүүжигдэн барилгын угсралтын ажил нь хийгдэж байгаа 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь хяналт шалгалтанд хамрагдсан байна. Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьж буй нийт 221 барилга байгууламжууд хяналт шалгалтанд хамрагдсан бөгөөд шалгалтанд хамрагдсан нийт барилгын тоо 460 байна.

Автозамын талаар: Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлд 1886,4 км зам 2040,86 у/м гүүр баригдаж байна. Улсын хэмжээнд шалгалтанд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 4 авто замын дотоодын эх үүсвэрээр, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39,9 км авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 у/м гүүрийн засвар шинэчлэлт, ЭЗХЯ-ны санхүүжилтээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа 20.7 км авто зам, 4 авто замын уулзвар, Архангай аймгийн Эрдэнэбулган, Увс аймгийн Улаангом сумын төвийн авто зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулан шалгалаа. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бусад зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлууд хамрагдлаа.

Өргөх байгууламжийн талаар: 2014 онд шинэчлэхээр төлөвлөсөн лифтээс 139 лифт шалгагдан ашиглалтад орсон.

Барилгын техникийн хяналтын чиглэлээрШалгалтад хамрагдсан нийт 239 барилгаас

19 барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр гүйцэтгүүлж байгаа,

26 барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгуулаагүй гүйцэтгэж байгаа,

37 барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд угсралтын ажлын явцад чанаргүй гүйцэтгэсэн, зураг төслийг газар дээр нь зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн зөрчих, өөрчлөх зэргээр барилгын даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулсан зэрэг ноцтой зөрчлүүдээс шалтгаалан барилгын ашиглалтад орох хугацаа хойшилсон,

12 барилгын зураг төсөлд төлөвлөсөн байршлыг газар дээр нь өөрчилж байрлуулснаас хөрсний инженер геологийн шинжилгээний дүгнэлт зөрдөг, түүнээс үндэслэн батлагдаж хянагдсан суурийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарснаас барилгын ажлыг эхлэх боломжгүй болж хугацаа алдаж хойшилж байгаа,

63 барилгын техникийн нөхцөл олгогдоогүй байхад ажлын зураг төсөл боловсруулж экспертизээр батлах, зураг төслийн боловсруулалт нь норм дүрмийн шаардлага хангахгүй байх, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл төлөвлөхгүй байх, тендерээр дотор гадна инженерийн шугам сүлжээ сантехникийн ажлуудыг орхиж зөвхөн барилгын ажилд сонгон шалгаруулалт хийсэн зэрэг зөрчлүүдээс шалтгаалан олон барилгууд ашиглалтад орохгүй хугацаа алдаж, барилгын төсөвт өртөг нэмэгдэж байгаа,

17 барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт хангалтгүй, сонгон шалгаруулалтыг хайхрамжгүй хийснээс шалтгаалан гэрээт хугацаандаа дуусахгүй,

22 барилгын угсралтын ажил хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн,

42 барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт, 13 барилгын ажилд захиалагчийн хяналт огт хийгдээгүй,

103 барилгын зураг төсөлд тусгасан материал бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, чанаргүй барилгын материал, бүтээгдэхүүн, эдэлхүүн хэрэглэх, барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдахгүй байх, гүйцэтгэгч байгууллагууд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй байх, барилгын ажлын талбайн зохион байгуулалт хангалтгүйгээр аваар осол гарах нөхцөл бүрдсэн /2014 оны эхний 3 улирлын байдлаар улсын төсвийн хөрнөгөөр барьж байгаа барилгуудад нийтдээ 15 осол бүртгэгдсэн/ барилгын ажил нь дуусан дөхсөн байхад ил далд ажлын акт, өдөр тутмын ажлын тэмдэглэлийг бичихгүй байх, далдлагдсан ажлуудын актуудыг захиалагч, зураг төсөл зохиогчийн хяналтаар баталгаажуулахгүй байх зэрэг зөрчлүүд улсын төсвийн хөрөнгөөр барьж ихэнх барилгуудын ажилд  нийтлэг илэрч байгаа,

7 барилгын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй зарим барилгуудыг нэг маягийн зураг төслийн дагуу барьж эхэлж байгаа боловч тухайн барилга байрлах талбайн хөрсний шинжилгээ хийгээгүй, барилгын суурийн зураг төслийг тухайн хөрсөнд тохируулан инженерийн тооцоо судалгаа хийгээгүй нэг маягийн зураг төслийг барилгын талбайд нийлүүлж байгаа нь ашиглалтын явцад хөрсний үйлчлэлээс үүдэн тухайн барилгад эвдрэл гэмтэл гарах шалтгаан болсон байна.

Барилгын угсралтын явцад төсөвлөгдсөн хөрөнгө, санхүүжилт хүрэхгүй байх, нэмэлт төсөв батлагдахгүй байх, санхүүжилт саатах, “тендер” оройтож зарлагдах, гүйцэтгэгч өөрчлөгдөх зэрэг шалтгаанаас улсын хэмжээнд нийт 216 барилгын ажил зогсож, он дамжин царцаагдсан эдгээр барилгуудын үндсэн хийц бүтээц удаан хугацаагаар ил задгай байх, барилгууд ашиглагдахгүй байснаар үндсэн хийц бүтээцийн бат бэхэд сөрөг нөлөөлөх нөхцөл үүсч болзошгүй байгаа, орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 221 барилгын бетон зуурмагийг газар дээр нь бэлтгэж байгаа бөгөөд бетон зуурмагийн орцын нормыг тогтоох, шоо шахуулан дээж авах, итгэмжлэгдсэн лабораториор бетоны бат бэхийг тогтоолгох, арматур нь зураг төслийн болон стандартын шаардлага хангах эсэхийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор хянуулж шалгуулаагүй нийтлэг зөрчил болон энэ талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудад салбарын хэмжээнд дагаж мөрдөх бодлого чиглэл тодорхойгүй, авсан арга хэмжээ байхгүй, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа нийт 460 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ ялангуяа орон нутагт хангалтгүй, дотоодын хяналт шалгалт байхгүй, барилгын хууль, дүрэм, журам, нормын хэрэгжилт муу зэрэг нь улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгуудын чанарт сөрөг нөлөөлдөг, гүйцэтгэгч байгууллагууд ажлаа нягт нямбай төлөвлөдөггүйгээс цаг хугацаа их алддаг, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгууд гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй байхад захиалагч байгууллагаас алданги тооцдоггүй, ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэдэггүй, хариуцлага тооцож ажиллахгүй байгаагаас барилгууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд байна.

Инженерийн гадна шугам сүлжээний хяналтын чиглэлээр:Улсын экспертизийн албаар хянагдаж баталгаажсан зураг төслийг зөрчиж 2 аж ахуйн нэгжүүд гадна шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн, Ажлын журналын хөтлөлт дутуу, ил далд ажлын акт, гүйцэтгэл зэргийг баталгаажуулаагүй, Хэрэглэсэн материалын шинжилгээ, чанарын баталгаажилтын бичиг баримт, дутуу зэрэг зөрчлүүд илэрчээ.

Эрчим хүчний хяналтын чиглэлээр

12 барилга байгууламж, шугам сүлжээний ажил гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал, захиалагч зохиогч байгууллагын хяналт сул байгаагаас гэрээт хугацаандаа дуусаагүй, ажил удаашралтай,

Хөвсгөл, Увс аймгуудын шинээр баригдсан дулааны станцыг Улсын комисст хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж байгаа;

Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төсөлд магадлал хийж баталгаажуулаагүй, Экспертизээр хянагдаж батлагдаагүй зураг төслөөр угсралтын ажлыг гүйцэтгэсэн, Барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн;Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл хөтлөлт хангалтгүй, зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэсэн хүний тоог бичиж тэмдэглэсэн, угсралтын ажил хийгдэж байгаа тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, хэний бригад чанарын ямар түвшинд гүйцэтгэсэн, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар бичиж тэмдэглээгүй, зохиогч байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт гаргаагүй, хийгдсэн ажлуудад бичигдсэн ил, далд ажлын актуудыг захиалагч, зохиогчоор баталгаажуулаагүй;

Амгалан дулааны станцын гүйцэтгэгч БНХАУ-ын СМЕС компани нь Монгол улсын норм дүрм болон зураг төслийг зөрчиж дулааны станц доторхи дулааны шугамын коллекторын угсралтад БНХАУ-ын GB/T-9711 стандартын Q235B маркийн 529, 720, 920 мм-ийн голчтой мушгиа ороомог гагнаастай шугам хоолой, 50-720 мм-ийн голчтой БНХАУ-ын Коко брэндийн бөмбөлгөн хаалтнууд,  ф720 мм-ийн голчтой, 1330 мм урт, 8 ш метал компенсатор, “ДЦС-3” ТӨХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Instalation” Co., Ltd нь тэжээлийн усны шугам хоолойд ф219х6 мм-ийн хуйларсан /спираль/ оёдолтой ган хоолойнууд нь хэрэглэхээр оруулж ирсэн;

Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “СМЕС”, “Hunan Industrial Equipment Instalation”, ОХУ-ын “СОЮЗ” компаниуд нь тухайн ажлыг гүйцэтгэх “Тусгай зөвшөөрөл”-гүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа;

Шинээр барьж байгаа нийт өргөтгөлийн барилгуудын суурийг хөрсний уснаас хамгаалах, хөрсний усыг зайлуулах арга хэмжээг аваагүй, одоогоор насосны станцын барилгын суурь усан дотор байрласан, мөн суурийн хажуугийн чигжээс шороог нягтруулаагүй, хэв хашмалыг хуулж аваагүй булсан байгаа нь барилгын чанар, бат бэх, тогтворт байдал, буурь хөрсний бүтцэд сөргөөр нөлөөлөх, барилгын ашиглалтын явцад суурь суултанд орж барилгын бат бэх алдагдах нөхцлийг бүрдүүлж байна.  

Турбины хэсгийн өргөтгөлийн төхөөрөмжийн сууриуд, 110/35/50 кв-ын цахилгаан үүсгүүр, насосны станцын барилгуудын суурийг гадна агаарын хасах хэмтэй нөхцөлд цутгахдаа хүйтний эсрэг нэмэлт арчилгааг хийгээгүйгээс суурийн бетон хөлдөж даац авах чадваргүй болсон, 

Дулааны станцын тоноглол, тоног төхөөрөмжийн технологийн зураг төслийн иж бүрдэл хангагдаагүй; 

Зуух, шугам хоолойн металл болон гагнуурын ажлын чанарт хяналт шалгалт хийгдээгүй;

Авто замын хяналтын чиглэлээр

Авто замын ашиглалтын байдалд илэрсэн зөрчил дутагдал:

Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Зуунмод-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл, Улаанбаатар-Налайх-Чойр, Улаанбаатар-Багануур чиглэлийн замын зарим хэсэгт болон Хэнтий аймгийн Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон,  буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын  доороос шаварлаг материал  ил гарсан.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, авто зам дээр барилгын материал асгарч зорчих хэсгээр тархсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан.

Зураг төсөлд илэрсэн зөрчил дутагдал:

Авто замын хоолойн урт богинодсон, түмбэ байрлуулах боломжгүй, ус зайлуулах байгууламжийн хэмжээ багадсанаас тухай хэсэгт ус нэвтрэх хүчин чадал хүрэхгүй,

Цэцэг төвийн уулзварыг 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл нь Сөүлийн гудамжны авто замаас урагш орон сууцны хороолол дундуур орон сууцны барилгад ойр төлөвлөж, авто замын барилгын ажлын зураг төслийг магадлан итгэмжлэлийн дүгнэлт гаргуулаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор  батлуулаагүй зэрэг зөрчил.

Барилга угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдал:

Авто замын асфальтбетон хольцны лабораторийн судалгаагаар нягт, бат бөх, хучилтын нягт, далангийн нягт техникийн шаардлагын хэмжээнд хүрээгүй, бороо орсон үед асфальтбетон хучилт дэвсэгдсэн,

Авто замын бетон хашлага нь технологийн горим зөрчигдөн цутгагдаж угсрагдсанаас эвдэрсэн, муруй суурилуулсан, цементээр бэхжүүлсэн сууринд их хэмжээний хөндлөн хагарал үүссэн, ус зайлуулах байгууламжийн тэнхлэг алдагдсанаас тухайн хэсэгт хөвөө нарийссан, эргэлттэй хэсэгт хэмжилт хийхэд далангийн өргөн нь төлөвлөсөн өргөндөө хүрэхгүй байгаа.

Замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, эксковатор болон хүнд даацын автомашинаа авто замын зорчих хэсэг дээр тавьж зөвшөөрөлгүйгээр зам хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтанд эвдрэл үүсгэсэн, авто зам дээр ухсан шороогоо овоолсон, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр  үйл ажиллагаа явуулж байгаа,

Зам, гүүрийн барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, түүний дагуу хийх ажлын төлөвлөгөөг гаргаж мөрдөөгүй, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай орон нутгийн захиргааны холбогдох захирамж гаргуулан гэрээ байгуулаагүй,

Замын далангийн дүүргэлтэд 75мм-с их хэмжээний том чулуун материал ашигласан, битумын шинжилгээний дүнгээр зүү шигдэлтийн гүн, суналт, дөл авалцах температур зэрэг үзүүлэлтүүд нь техникийн шаардлагын заалтуудыг хангахгүй, хучилтын нягт нь техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж байна,

Авто замын далангийн материалаас дээж авч шинжлэхэд техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж шавартай материал даланд дэвсэгдсэн байна.

Мэдээлэл холбооны хяналтын чиглэлээр

Худаг, сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэхдээ кабель тогтоох тавиурыг зураг төсөлд заасны дагуу хийгээгүй, холбогдох ил, далд ажлын актын бүрдэлт дутуу; Цамхагт анхааруулах гэрэлгүй; Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн сэндвичэн барилга агааржуулалтгүй; Цамхагийн болон сайтын байрны барилга угсралтын ажлын ил далд актыг бүрдүүлээгүй;

Гудамж төслийн хүрээнд Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх зураг төсөл гараагүй байхад туслан гүйцэтгэгч “Супер лайне” ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн;

Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх ажлын хүрээнд шинээр хийх нийт 39 харилцаа холбооны худгийг төмөр бетон худгаар хийхээр төлөвлөж зураг төсөлд тусгасан боловч гүйцэтгэгч “Супер лайне” ХХК зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн гарал үүсэл тодорхойгүй хүрмэн блокоор гүйцэтгэсэн байна.

Өргөх механизмын хяналтын чиглэлээр: 

Улсын хэмжээнд 3870 лифт бүртгэгдсэнээс 1970-1980 оны үед баригдсан нийтийн зориулалттай орон сууц эмнэлгүүдэд 200 орчим лифтийн ашиглалтын хугацаа (20-35 жил) дуусч, осол гарах бодит байдалтай ашиглагдаж байна.

ОХУ-ын инженерийн төвтэй хамтран 2010 оны 2-р сард БГД-т хийсэн шалгалтын дүгнэлт, МХЕГ-ын даргын зөвлөлийн 2010 оны 4-р сарын 29-ний өдрийн хурлын “...шинжлэх ухааны байгууллагатай хамтран хийсэн судалгаа, шинжилгээний ажлын зөвлөмжийг тендерийн сонгон шалгаруулах үзүүлэлтэд тусгах...”, тухай 15 тоот шийдвэр, орон сууцны барилгын лифтийн төмөр бетон хонгилын хийц, бүтээцийн тухай ЗХУ-ын ГОСТ17538 техникийн нөхцөл, лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн шаардлагыг сонгон шалгаруулах техникийн тодорхойлолтод дутуу, буруу тусгаснаас анх тооцоологдон угсрагдсан лифтийн даац, хурдыг тус бүр 20%-иар хэтрүүлж, барилгын хонгил ба түүний хучилтад үзүүлэх ачааллыг ихэсгэсэн, зарим фирмийн лифтүүдийн лебёдка байрлах бетон сууринд шинээр нүхүүд шинээр гаргаж барилгын даац, чанарыг бууруулсан 23 зөрчил гарсан байна.

Зөрчлийг арилгуулах талаар

Барилгын талаар: Хяналт шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн тоо 896 бөгөөд үүнээс 398 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжид илэрч байгаа зөрчил дутагдлыг ангилж үзвэл техникийн бичиг баримтын талаарх зөрчил 23,4 %, зураг төсөлд илэрч байгаа алдаа зөрчил 18,4 %, үлдсэн 58.2 хувь нь барилгын угсралтын ажил болон материалын чанарт илэрсэн зөрчил эзэлж байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль, тогтоомж, норм дүрэм, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгч, ноцтой зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авчээ.

Инженерийн шугам сүлжээний талаар: Зөрчил дутагдлуудыг арилгуулахаар нийтдээ 31 зөрчил бүхий 6 албан шаардлага, 4 дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж цэвэр бохир усны гадна шугам сүлжээний угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдлыг арилгууллаа.

Эрчим хүчний талаар: Хяналт шалгалтаар нийт 45 барилга байгууламж, шугам сүлжээнд хяналт шалгалт хийж 126 зөрчил илрүүлж, 18 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 108 заалт бүхий 15 албан шаардлага, 15 заалт бүхий улсын байцаагчийн 5 дүгнэлт, 3 барилга байгууламжийн угсралтын ажлыг зогсоох тухай 3 акт өгч ажилласан байна.

Авто замын талаар: Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 145 заалттай 55 албан шаардлага, 84 заалттай 50 дүгнэлт, авто зам, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 13 заалттай 11 акт гаргаж, хэрэгжилтийг хангуулах хугацаатай албан шаардлага өгсөнөөс 198 зөрчлийг буюу 90  хувийг арилгуулсан, үлдсэн 22 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байна.

Мэдээлэл холбооны талаар: Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор 13 заалт бүхий 3 улсын байцаагчийн албан шаардлага гарган холбогдох аж ахуйн нэгж байгуулагад хүргүүлсэн байна.

Өргөх механизмын талаар: Улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэгдсэн ”Орон сууцны лифт шинэчлэлтийн ажил” төслийн 139 лифтийг шалгах явцад илэрсэн 688 зөрчил дутагдлыг арилгуулахаар 33 дүгнэлт гаргаж, лифтийг угсрагч мэргэжлийн байгууллага болон тухайн СӨХ-д хүргүүлсэн.

Дүгнэлт

Хяналт шалгалтанд хамрагдсан 239 барилгуудын угсралтын ажлын төлөв байдлын эрсдлийг хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээгээр дүгнэхэд 68.92 хувь нь бага эрсдэлтэй, 16.22 хувь дунд эрсдэлтэй, 14.86 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, байгууламж, өргөх механизм, автозамын ажилд “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт 68 хувьтай, “Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилт 75 хувьтай,  Авто замын тухай” хуулийн хэрэгжилт 73 хувьтай “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 80 хувьтай байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан, нэн шаардлагатай барилга байгууламжуудад улсын төсвийн хөрөнгөөс олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа боловч захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар “Барилгын тухай” хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа, мөн тэдний хариуцлагагүй, хайнга, буруутай үйл ажиллагааны улмаас шинээр ашиглалтад орж буй барилгуудын чанар төлөв байдал нь холбогдох хуулийн заалтыг хангахгүй, хэрэглэгч ашиглагчдын шаардлагад бүрэн нийцэхгүй байна. 

Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн тендерт шалгарсан компаниудын боловсон хүчин цөөн хангалтгүй, мэргэжлийн дадлага туршлагатай ажилчидгүй, машин техникийн хангамж муу байгаагаас гэрээт ажил хугацаандаа хийгдэхгүй байгаа нь барилгуудын ашиглалтад орох хугацаа хойшлох, барилгын төсөвт өртөг байнга нэмэгдэх, хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад гол нөлөө үзүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн байршлыг өөрчлөх, батлагдаж хянагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхгүй байх, зураг төслийг дур мэдэн өөрчлөх, чанаргүй барилгын материал хэрэглэх зэрэг зөрчлүүд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад голлон нөлөөлж байна.

Барилга байгууламж, авто зам, гүүрийн зураг төсөл нь норм дүрэм, стандартын шаардлагыг хангахгүй, хайгуул, судалгааны ажил дутуу, техник-ашиглалтын түвшингийн судалгааг нарийвчлан тогтоогоогүй, инженер геологийн судалгаа нь бодит байдалтай нийцдэггүйгээс барилга угсралтын ажилд хүндрэл учирч, төлөвлөгдөөгүй зардал нэмэгдэн, хугацаа алдаж, улмаар ажлын чанарт нөлөөлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна.

Улсын экспертизийн албаар хянагдаж баталгаажсан зураг төслүүдэд зөрчил дутагдал илэрсээр байгаа нь улсын экспертизийн алба илэрч байгаа зөрчил дутагдалд судалгаа дүгнэлт хийдэггүй, зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй, зураг төсөл зохиогч болон экспертүүдэд хариуцлага тооцдоггүй, экспертүүдийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй байгаа нь барилгын чанарт нөлөөлж байна.

Захиалагчийн нэгдсэн албанаас орон нутагт захиалагчийн өдөр тутмын үе шатны хяналт тавиулахаар гэрээ хийсэн аймгуудын ГХБХБГ-тай хариуцлага тооцож ажиллах, байгуулсан гэрээгээ тогтмол дүгнэх, тэдний хяналтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлыг нягталж судлах, зөрчил дутагдал давтан гаргуулахгүй байх арга хэмжээ авах, төлөвлөх зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулахгүй байгаа нь барилга, байгууламж, авто замын ажилд зөрчил байнга гарах нөхцөлийг бүрдүүлж тэдгээрийн чанарт нөлөөлж байна. 

Барилгын байгууллагуудад дотоодын хяналтын систем сул хангалтгүй байгаа нь барилгын чанарт сөрөг нөлөөлж аваарь осол, гэмтэл саатал гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хяналт шалгалтаас гадна илүү үр дүн үзүүлэх өдөр тутмын, үе шатны дотоодын болон захиалагчийн, зохиогчийн хяналт шалгалтын хариуцлагыг дээшлүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжийн баримт бичиг дутуу, зураг төсөл хянагдаж баталгаажигдаагүй байхад барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох, улсын байцаагчийн албан шаардлагаар барилгын ажилд зөрчил дутагдал илэрсэн, зөрчил дутагдал арилаагүй байхад барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох буюу улсын комиссоор хүлээн авч байнгын ашиглалтад оруулж байгаа нь дээрх барилгууд ашиглалтад ороод тун удахгүй их засвар хийх шаардлагатай болж улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд нь захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд нь хянагдаж батлагдаагүй зураг төслөөр ажил гүйцэтгэдэг,  богино хугацаанд их ажил гүйцэтгэх зорилгоор барилгын угсралтын ажлын чанарт ач холбогдол өгдөггүй, түлхүүр гардуулах нөхцөлөөр тендерт шалгарсан гүйцэтгэгч байгууллагууд нь зураг төсөлд орчуулга хийлгүүлж баталгаажуулаагүй, магадлан шалгалт хийлгэдэггүй, гүйцэтгэгч байгууллага дур мэдэн зураг төслийг зөрчиж ажлыг гүйцэтгэдэгтэй холбоотой бөгөөд барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын үед тавих зохиогч болон захиалагчийн хяналт хангалтгүйгээс барилга байгууламжийн чанар, төсвийн хөрөнгийн үр ашигт сөргөөр нөлөөлж байна.

Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, норм, дүрэм, стандартыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажил зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд зураг төслийг стандартын шаардлага хангахуйц хийх, зураг төслийн байгууллагын боловсон хүчний мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, хянагдаж батлагдсан зураг төсөл, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсаны дагуу эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлдэг байх, зураг зохиогчийн хяналтыг чанартай хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байна.

Улсын хэмжээнд хяналт шалгалтанд хамрагдсан 59 авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг хяналтын хуудсын дагуу шалгахад Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 169,08 у/м төмөрбетон гүүр, Хэнтий-Дорнод чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, Дуутын даваа-Мөрөн чиглэлийн А0501  дугаартай авто замын ашиглалтын байдал зэрэг 3 объект нь их эрсдэлтэй бусад объектууд нь дунд, бага эрсдэлтэй ангилалд хамрагдаж эрсдэл 2%-иар буурсан байна.

Улсын чанартай авто замд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний нөхөөсний ажил хийсэн боловч авто замын ашиглалтын байдлыг сайжруулах арга хэмжээ болж чадаагүй тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих  нөхцөл алдагдсан нь авто замын чанарт нөлөөлж байна.

Барилга угсралтын ажил нь зогссон Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам \Загастайн даваа\, Арвайхээр-Элсэн тасархай чиглэлийн 40 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замуудын  хаасан замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй шороон замаар зорчиж байгаа нь түр зам шаардлага хангахгүй, шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байна.Хавчигийн хавцал–Манхан сум чиглэлийн 50 км авто зам дахь нойтон, халтиргаатай үеийн эргэлтийн уртын хэмжээ норм дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн,  хавцалд нарны тусгал муу, цас, мөсний тогтоц их байгаа нь осол аваарь гарах  нөхцөлийг бүрдүүлж байна.

Зам, замын байгууламжийн ашиглалтын үеийн үзлэгийг тогтмолжуулах, гүүрүүдийг эвдэрлээс урьдчилан сэргийлэх, урсгал их засварын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэхгүй байгаа нь тэдгээрийн чанарт нөлөөлж байна. Авто замын ажил хийгдэж дууссаны дараа зам сэтэлж инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа нь авто замын насжилтанд сөрөг нөлөө үзүүлж байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудын лабораторид авто замын цементээр бэхжүүлсэн суурийн нягтралыг шалгах аргачлал, тоног төхөөрөмж байхгүй, зөвлөх байгууллагууд лабораторигүй, тоног төхөөрөмжгүй, байгаа нь хяналт шалгалтын үр нөлөөг бууруулж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ