70382348

info@umch-tender.kh.gov.mn

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

2015.02.13.

Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтанд хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй нийт 429 аж ахуйн нэгж, 150 хүнсний  үйлдвэр, 1223 худалдаа, үйлчилгээний газар, худалдааны төвийн лангуу түрээслэгч 2073 иргэд хамрагдаж, нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулж иргэдээ гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Шалгалтын явцад зөрчил гаргасан 63 аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах чиглэлээр 557 заалт бүхий улсын байцаагчийн 149 албан шаардлага хүргүүлж, 20 аж ахуйн нэгжид 11289.0 мянган төгрөг, 15 албан тушаалтанд 6728.0 мянган төгрөг, 32 иргэнд 2055.0 мянган төгрөг, нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулан, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авч, Аймаг,  Нийслэлийн МХГ-ын  лабораторийн  шинжилгээнд хамруулаад байна.

Илэрсэн зөрчил дутагдлаас дурьдвал:

-Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг 9781,1 мян.төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 1218,0 мян.төгрөгийн 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.100  мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн нийт 18 акт тогтоож, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

-Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, шилэн захын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсан архи согтууруулах ундааг битүүмжилж, хаяг шошгын зөрчилтэй “Тансаг” нэрийн 0.5литрийн 9 шил архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлж байна. Тус дүүргийн “Гантүвшин” ХХК-ний “Шилэн зах” худалдааны төвд тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа, мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус “Тансаг” нэрийн архи худалдаалж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг улсын байцаагчийн мэдэгдэх хуудас /лац/-г тавьж битүүмжилсэн байсныг лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

-Хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна.

-Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй  зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа.

-Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.

-Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна.

Шалгалтанд хамрагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 44 аж ахуйн нэгж, байгууллагын 78 дотоод хяналтын ажилтан, ажиллагсдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт зохион байгуулж,  32 төрлийн “Зөвлөмж” боловсруулан 780 аж ахуйн нэгж, иргэнд тарааж ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад аймаг, орон нутгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүнийг ААНБ, иргэд Улаанбаатар хотын Барс, Нарантуул захаас хугацаа нь дууссан барааг ихээр зарж  байгаа нь илэрч байна.

Иимд дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна.

  • Үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах, хэрэглэж дуусах хугацааг бүтээгдэхүүний шошгод бүрэн тусгаж байх;
  • Импортлогч, худалдаа эрхлэгчид хаяг шошгын зөрчилгүй, хадгалах хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнийг импортлож, худалдаалахад анхаарах;
  • Үйлдвэр, импортлогч, бөөний төвөөс худалдааны газрууд бараа бүтээгдэхүүнийг авахдаа гарал үүсэл нь тодорхой, хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч худалдаалах;
  • Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж худалдаж авах;
  • Ил задгай, шаардлага хангахгүй газар худалдаалж буй хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
  • Гэрийн нөхцөлд хоол хүнсээ цэвэр нөхцөлд , зөв бэлтгэж, хадгалж, сайн боловсруулж хэрэглэх;
  • Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж буй тохиолдолд харъяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх;

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ