70382348

info@umch-tender.kh.gov.mn

Баян-Өлгий, Ховд аймагт өргөн хүрээтэй шалгалт хийлээ

2015.06.05

МХЕГ-ын ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан улсын 13 байцаагч бүхий Ажлын хэсэг 2015.04.20-30-ны өдрүүдэд Баян-Өлгий, Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэг хүнс, мал эмнэлэг, хилийн боомт, ургамал, газар тариалан, дэд бүтэц, байгаль орчин, цацрагийн эх үүсгүүр ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр нэгдсэн шалгалт хийсэн байна.

Баян-Өлгий аймагт удаа дараа олон хүн хамарсан хоол, хүнсний хордлого гарсантай холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийг, Ховд аймагт мал эмнэлэг,  ургамал хорио цээр,  хилийн боомтууд, цацрагийн үүсгүүр ашиглагч, эрчим хүч, дулаан үйлдвэрлэгч, нүүрс баяжуулах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаж, эрсдлийн үнэлгээ хийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.  

Дээрх хоёр аймагт хяналт шалгалтад 30, зөвлөн туслах 15 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулснаас давхардсан тоогоор 489 зөрчил илэрсний 164-ийг   шалгалтын явцад арилгуулсан байна. 23 аж ахуйн нэгж, байгууллагад 190 заалт бүхий албан шаардлага, 23 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөмж өгч, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сургуулийн дотуур байр, гал тогоо, хүүхдийн цэцэрлэг, “Думан” ХХК, “Нурданеско” ХХК-ний хоолны газар, “Цамбагарав-Өгөөж” ХХК-ний бөөний худалдааны төв зэрэг таван аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

Баян-Өлгий аймагт 2008 онд “Нурданеско” ХХК, 2014 онд Улаанхус сумын цэцэрлэгийн гал тогоо, “Цамбагарав” хүнсний бөөний худалдааны газарт хоол, хүнсний гаралтай хордлогын дэгдэлт гарч байсан. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа албан шаардлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байсан. Гэвч зөрчлөө арилгах талаар орон нутгийн шат шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд тодорхой ажил зохион байгуулаагүй байна.

Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан нэр бүхий хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч газруудад Хүнсний тухай хуулийн холбогдох заалт 49,2%, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд 73.4%  хэрэгжилттэй буюу “Хангалтгүй”, хоол, хүнсний халдвар хордлого дахин гарах нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтын мөрөөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЗДТГ-аас сургууль, дотуур байрны гал тогоог шаардлага хангуулах, гар угаах, усанд орох газрын бүх цорго, шүршүүрийг ажилладаг болгох, гүний худгийн моторыг солих, барилгын хананд үүссэн хөгц, мөөгөнцөрийг ариутгах, хүнсний агуулахын тавиур шинээр хийх зэрэг арга хэмжээ авч байна.  

Өлгий сумын 6-р бүрэн дунд сургууль өөрийн гэсэн хичээлийн байргүй, “Чихтэй” бага сургууль, “Бугат” бүрэн дунд сургуульд мэргэжлийн бус  багш нар үндсэн багшаар ажилладгаас гадна өөр мэргэжлийн хичээл зааж байгаа зөрчил ч илэрлээ.  

Хөдөө аж ахуйн чиглэлээр

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захиалгат био бэлдмэлийг Мал эмнэлэг, үржлийн газраас хугацаанд нь нийлүүүлдэггүй, зориулалтын бус нөхцөлд тээвэрлэдэгээс чанар нь алдагддаг, вакцинжуулалтын графикт хугацаанд цаг үеийн нөхцлөөр өөр төрлийн вакцин тарих ажил давхцдаг зэргээс үүдэн дархлаажуулалт буурч халдварт өвчин  гарах боломж бүрдүүлж байна гэж дүгнэлээ.

Ховд аймгийн сумдад 2012 оны шүлхий өвчнөөс хойш тухайн бүсэд давтан вакцинжуулалт хийгээгүй, хөрш зэргэлдээ БНХАУ-ын голомттой нутгаас хилээр орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, хүн, малд халдваргүйжүүлэлт хийх, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан байна. Үүнээс болж гоц халдварт шүлхий өвчин тархсан байж болзошгүй тул цаашид голомтын бүсэд байгаа  малын шилжилт хөдөлгөөнд тавих байнгын хяналтыг чангатгах шаардлагатай байна.

Ховд аймгийн төвд мал эмнэлгийн нэгж нь байрлаж вакцинаа хадгалдаг, Баян-Өлгийд мал худалдах цэг төвдөө байгаагаас иргэд болон хүрээлэн байгаа орчинд халдварт өвчний үүсгэгч дамжин тархах эрсдэл бий болгож байна.

Дэд бүтцийн чиглэлээр

Ховд аймгийн дулааны шинэ станц, “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК–д дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийлээ. Ингэхэд шинэ дулааны станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, улсын экспертизээр хянагдаж магадлал хийгдээгүй зураг төслөөр угсарч суурилуулсан ноцтой зөрчил илэрлээ.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас бусад байгууллагад Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь тоноглол тоног төхөөрөмжийн их болон урсгал засварыг хангалттай хийдэггүй, мэргэжлийн инженер, техникийн ажилтан дутмаг, ажлын байранд байх ёстой холбогдох баримт, материалын бүрдэл дутуу зэрэгтэй холбоотой байна.

Дулааны станцуудад МХЕГ-аас 2010, 2011, 2013 онд хийсэн хяналт шалгалтын дагуу өгсөн үүрэг, даалгаварыг тодорхой хэмжээнд биелүүлсэн боловч мэргэжлийн инженер, техникийн ажилтан дутагдалтай, дотоодын техникийн хяналтын орон тоо байхгүй нь ашиглалт, аюулгүй ажиллагаа, станцын хэвийн,  найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэв.

Дулааны 2-р станцын барилгын угсралтын ажил гүйцэтгэгч “МЭЗ” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, зураг төсөл зохиогчийн дүгнэлт, нэгдсэн дүгнэлт байхгүй, барилгын ил, далд ажлын актын бүрдэл дутуу, зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналтын инженер гарын үсэг зураагүй, хуучин станцын туузан конвейер болон бусад дагалдах барилгын даацын тоосгон хана элэгдэж муудсан, даац авах чадвар буурсан зэрэг зөрчил илэрлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр

“Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц гарч буй аваар, саатал, ослын талаархи мэдээллийг МХЕГ-т ирүүлдэггүй, бүртгэдэггүй, шалтгааныг нь шинжлэн судалж холбогдох арга хэмжээ авах дасгал, сургуулилт зохион байгуулдаггүй, мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд хангалттай бус байлаа.

“МоЭнКо” ХХК-ний нүүрс олборлох үйл ажиллагаанд 2014 онд хийсэн  шалгалтаар өгсөн шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн газардуулгын даацын баталгааг хийлгэсэн ч аюулыг мэдээлэх хуудас ашигладаггүй зөрчлөө арилгаагүй байна.

Ховд аймгийн дулааны станц, шугам, сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа ажлаас халагдсаны тэтгэмж олгох, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнтэй ээлжийн амралтын тооцоо бодоогүй, сахилгын шийтгэлийг буруу ногдуулах, байнгын  ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай  байгуулаагүй байлаа.  

Ховд аймаг улсын болон орон нутгийн төсөв, төсөл, иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр шинээр барьсан барилга, байгууламжид гүйцэтгэлийн зураг хийлгүүлээгүй, геодезийн байнгын 36 цэг устсан зөрчил илэрлээ. Геодези, зураг зүйн тухай хууль 50, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 76, Газрын тухай хууль 70 хувийн хэрэгжилттэй байна.

Цацрагийн эх үүсгүүрийн чиглэлээр

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь цацрагийн үүсгүүрийн бүртгэл, ашиглалтын мэдээ, дотоод хяналтын ажлын тайланг хуулийн хугацаанд ирүүлээгүй, “Ач заяа” эмнэлэгт компьютер томографийн болон рентгений аппаратыг зориулалтын бус өрөөнд суурилуулсан, Цаг уур, орчны шинжилгээний газарт цацрагийн түвшинг хэмжих хэмжилтийн багажийг баталгаажуулаагүй зэрэг зөрчил илэрлээ. Шалгалтад хамрагдсан байгууллагуудад Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт 70 хувьтай байна.

Шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчилд дүн шинжилгээ хийж үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналт төлөвшөөгүй, нэр төдий хийгддэг, журам  мөрдөж байгаа боловч эрсдлээ зөв тодорхойлоогүй, дотоод шалгалтын мөрөөр засч залруулах арга хэмжээ авдаггүй, хөрөнгө, цаг хугацаа шаардах зөрчлийг арилгахдаа хойрго, зөвхөн орлого, ашиг хөөж ажиллаж байна. Баян-Өлгий, Ховд аймагт хийсэн шалгалтын дүнг 2015.06.05-ны өдөр газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гаргасан шийдвэрийг холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүллээ.

ХХААХГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ