70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тендерт оролцогч нарт зориулсан нийтлэг асуулт, хариулт 1->55

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг батлан гаргах шаардлага юу байсан бэ?

Монгол Улсын Их Хурал 2000 оны 04 дүгээр сард “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай” хууль нэртэйгээр анхлан баталсан. 2005 оны 12 сард одоогийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль гэсэн шинэчилсэн нэртэй болгон 2007-оос 2016 онуудад хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг хууль гарсанаар Монгол Улсын Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг илүү үр дүнтэй, ил тод, мэргэжлийн түвшинд явуулахад анхаарч эрх зүйн орчинг боловсронгуй болгох Худалдан авах ажиллагааны зохистой бүтэц тогтолцоог бий болгох, чадавхитай хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Стратегийн зорилтуудын хүрээнд Худалдан авах ажиллагааг улс орны эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, ард нийтийн амьдралын тохь тухтай, аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлэх зорилгоор нийтийн хэрэгцээнд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга авлигаас ангид, хэмнэлттэй, үр өгөөжтэй мэргэжлийн байгууллагаар зохион байгуулж цахим тендер шалгаруулалт болон олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж, олон нийтийн үндэслэлгүй хардлагаас хамгаалах, нийгмийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлж олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

 2. Худалдан авах ажиллагааны зарчим

Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана.

3. Ил тод байх зарчим

Ил тод байдал бол худалдан авах ажиллагааны зөв тогтолцооны түлхүүр шинж юм. Энэ нь дүрэм журмыг даган мөрдөх баталгаа болохоос гадна түүнийг зөрчиж байгаа эсэхийг илрүүлэх баталгаа давхар болно. Ил тод байдал бол худалдан авалтын зөв тогтолцооны түлхүүр шинж бөгөөд ил тод байдалд түшиглэсэн худалдан авалтын тогтолцоо нь шийдвэр гаргагч, албан тушаалтан, өрсөлдөгч, иргэд аль алинд нь худалдан авах ажиллагааг хянаж үнэлэх бололцоо олгодог. Иймээс ил тод байдал нь худалдан авах ажиллагааны суурь зарчим болно.

4. Өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим

Худалдан авах ажиллагаан дахь өрсөлдөөнийг ерөнхийдөө худалдан авалтад оролцогч хоёр ба түүнээс дээш этгээд бие биеэсээ үл хамааран хамгийн таатай нөхцлийг санал болгосноор захиалагч талын гэрээг хангах бололцоо олохын төлөө уралдах үйл явц гэж ойлгоно. Өрсөлдөөн бол төр, иргэдийн хувьд мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулах түлхүүр хүчин зүйл юм. Энэ нь илүү чанартай бараа, ажил, үйлчилгээг арай бага үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлдэг. Худалдан авалтыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг болохоор шалгуур хангасан бүх байгууллага, хувь хүн саналаа өгч оролцох боломжтой байх ёстой. Хэдий ийм зарчим байдаг ч заримдаа яаралтай хэрэгцээ гарах, өвөрмөц шаардлагыг хангах үед онцгой журмын аргыг хэрэглэх тохиолдол бий. Өрсөлдөөнгүйгээр худалдан авалт хийх арга өөрийн гэсэн онцлогтой бөгөөд түүнийг буруугаар ашиглаж болохгүй юм.

5. Үр ашигтай, хэмнэлттэй байх зарчим

Худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй байх зарчим нь үр ашиг, хөрөнгийн үр өгөөж, худалдах зохистой үнэ гэдэгтэй утга нэг бөгөөд бараа, ажил, үйлчилгээнд төлсөн үнэ нь үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах удирдлагын менежментийг шаардаж байдаг. Худалдан авах ажиллагаатай холбоотой, эсвэл төсвийн мөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах үүргийг шууд хариуцаж буй хэн бүхэн татвараар бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг үрж, шамшигдуулахаас зайлсхийх ёстой. Ухаалаг зарцуулалт нь хэмнэлт бөгөөд түүний ирээдүйн үр нөлөө нь эргээд нийгмийн сайн сайханд зориулагдан үр ашигтай байх ёстой.

6. Хариуцлагатай байх зарчим

Хариуцлагатай байх гэдэг нь худалдан авах хэрэгцээг тодорхойлох, тендерийн материал, үнийн санал зэргийг үнэлэх ажлыг гүйцэтгэхдээ тогтоосон хууль, дүрэм, журмыг баримтлан, ёс зүйтэй байхыг хэлнэ. Худалдан авах ажиллагаан дахь хариуцлагатай байдал гэдэг нь худалдан авах ажиллагаанд оролцогч бүх талууд өөрийн үйлдэл, шийдвэрээ хариуцна гэсэн утгатай. Энэ нь мөн ёс зүйн асуудалтай холбогдоно. Аливаа худалдан авалт хийхдээ үнэ, чанар зэрэг хүчин зүйлийг харгалзан сонголт хийхээс гадна тухайн худалдан авалтын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх нь хариуцлагатай худалдан авалтын нэг төрөл мөн.

7. Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хамрах ерөнхий хүрээнд:

Ил тод байдал нь дүрэм, журмыг даган мөрдөх баталгаа болохоос гадна түүнийг зөрчиж байгаа эсэхийг илрүүлж тогтоох нотолгоо болно. Худалдан авах ажиллагааны тухай мэдээллийг хуулиар нууцлахаар заагаагүй бол оролцогч бүх талд хүртээмжтэй байлгах ёстой. Нууц мэдээллийн заримаас дурдахад оролцож байгаа компани, хувь хүнд хамаарах хувийн мэдээлэл, батлан хамгаалах, цэргийн холбогдолтой тодорхой мэдээлэл байж болно. Худалдан авах ажиллагааны шаардлагыг сонин хэвлэл, цахим хэрэгсэл зэрэг мэдээллийн сувгаар нийтэд зарлахдаа сонирхсон нийлүүлэгч, үйлчилгээг үзүүлэгчдийг өрсөлдөх бололцоо, чадвартай эсэхээ бүрэн тодорхойлоход нь тус болох хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой.

8. Худалдан авах ажиллагааны үе шатыг зөв тодорхойлох:

Худалдан авах ажиллагааны үе шат нь хэрэгцээг тодорхойлохоос эхлэн гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дараах үнэлгээг хийснээр өндөрлөнө. Энэ нь ил тодоор, өрсөлдөөнт үнээр, тодорхой хугацаанд, тодорхой чанар бүхий бараа, ажил, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа хэд хэдэн алхам бүхий гурван үе шатаас бүрдэнэ. Худалдан авах ажиллагааны үе шатыг тендер шалгаруулалтын өмнөх, тендер шалгаруулалтын тендер шалгаруулалтын дараах гэсэн гурван үе шатанд ерөнхийлөн хувааж болох бөгөөд эдгээрт тендерийг төлөвлөх шалгаруулах, гүйцэтгэх, хянах гэсэн үндсэн алхмууд бүрэн багтана.

9. Худалдан авах ажиллагаанд оролцогч талууд гэж хэнийг ойлгох вэ?

Худалдан авах ажиллагааг сонирхсон болон тухайн худалдан авалтын явцад шууд ба шууд бусаар хамрагдах, тухайн үйл ажиллагааны ашиг тусыг хүртэх хэн бүхэн оролцогч мөн. Худалдан авах ажиллагааны үйл явцад оролцогч талуудыг тодорхойлж, тэдгээрийн үүрэг хариуцлагыг оновчтой хуваарилах нь ил тод худалдан авах ажиллагаанд чухал ач холбогдолтой. Худалдан авалтанд оролцогч талууд гэдэгт худалдан авах ажиллагааг зохион байгуулагч төрийн байгууллагын албан хаагчид болон гүйцэтгэгч хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээд, хяналт тавих иргэд, төрийн бус байгууллага болно. Худалдан авалт хариуцсан төрийн албан хаагч энэхүү үйл ажиллагааны үндсэн зарчим болон үе шатуудын талаарх мэдээллийг бүхий л оролцогч талуудад тэгш хүргэж, ил тод байдлаар зохион байгуулах үүрэгтэй. Хэрэгцээг үнэлэхээс эхлээд гэрээг харах хүртэл бүхий л үе шатанд тэд шууд, шууд бусаар оролцдог байна.

10. Засгийн газар худалдан авах ажиллагаанд оролцох эрх үүрэг:

Монгол улсын иргэний хууль 25 дугаар зүйлийн 1 дэх аливаа гэрээ ямар ч тохиолдолд хуулийн хоёр этгээдийн, эсвэл иргэний хооронд хийгддэг. Энэ үед тухайн яамны сайд болон дээд албан тушаалтан засгийн газрыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах боловч худалдан авах үйл явц, гэрээний хэрэгжилтийг яам дангаараа хариуцан гүйцэтгэдэг байна. Нутгийн  удирдлагын байгууллагууд нь бие даасан санхүүгийн эрх, үүрэг бүхий тусдаа хуулийн этгээд байдаг. Иймээс худалдан авах ажиллагаанд тэд засгийн газрын өмнөөс биш, өөрсдөө бие даан гэрээ хийх чадамжтай байгууллага байна. Нутгийн удирдлагын байгууллага нь үйл ажиллагааг бүрэн хариуцах ба шаардлагатай тохиолдолд шүүхэд хариуцагчаар татагдах боломжтой. Худалдан авах ажиллагааг хариуцаж буй ажилтан (алба, газар) худалдан авалтын хүчин төгөлдөр хууль, тогтоомж, журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнийг тэгш хангаж зохион байгуулах учиртай. Төрийн албан хаагчид тухайн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын зөрчилтэй бол мэдэгдэх үүрэгтэй.

11. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагаанд оролцох эрх үүрэг:

Төр хувийн хэвшлийн түншлэл нь нийгэмд шууд үр ашгаа өгөх бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, үйлдвэрлэх, нийлүүлэхэд хувийн хэвшлийг оролцуулна гэсэн үг юм. Хувийн хэвшлийнхэн шаардлагатай стандарт хангасан ажил, үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэж үзж байгаа бол үр бүтээлтэй, ил тод нээлттэй, өрсөлдөөнийг дэмжсэн санаачилга зөвлөгөөг төрд өгч, хамтран ажиллаж болно. Хувийн хэвшил төрийн худалдан авах ажиллагаанд гүйцэтгэгчээр оролцохдоо гэрээний шаардлага бүрийг биелүүлж, захиалсан бараа, үйлчилгээг яг цагт нь нийлүүлж байх үүрэгтэй. Түүнчлэн хувийн хэвшлийн төлөөлөл худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд саналын эрхтэй оролцох эрхтэй бөгөөд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн гэрчилгээтэй байх шаардлага тавигддаг.

12. Төрийн бус байгууллага худалдан авах ажиллагаанд оролцох эрх үүрэг:

ТББ гэж иргэд, төрийн байгууллага (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага)-аас бусад нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлоороо сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдаж төрөөс хараат бусаар, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ. Худалдан авах ажиллагааны хувьд үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллах ТББ-ын төлөөлөлийг сонгохдоо тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын сүлжээнээс санал оруулсан хүнийг сонгодог. ТББ-ын төлөөлөл нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн гэрчилгээтэй байх бөгөөд үнэлгээний хорооны худалдаанд оролцож, санал өгөх эрхтэй байна.

13. Олон нийтийн оролцоо, худалдан авах ажиллагаанд оролцох эрх үүрэг:

Худалдан авах ажиллагааны мэдээллийг нийтэд оновчтой, хүртээмжтэй түгээх нь иргэд төрийн худалдан авах ажиллагаанд оролцох, хяналт тавихад дэмжлэг болдог. Хуульд зааснаар сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний шалгаруулалт, хэрэгжилт, гүйцэтгэлд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтлана.

14. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулсан бэ?

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах уг ажиллагаанд хяналт тавих гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцаа уг хуулиар зохицуулна.

15. Хуулийн үйлчлэх хүрээ гэж:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бара, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөх бөгөөд гадаад зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө. Энэ хуулийн 3 дугаар зүйл 3.1, 3.2, заалт.

16. Олон улсын гэрээнд энэ хууль мөрдөгдөх үү?

Хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

17. Энэ хуульд гадаадын этгээд оролцож болох уу?

Зөвхөн энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцох эрхтэй. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан төсөвт өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно гэж заасан байна. Энэ хуулийн 9.2-т заасан төсөвт өртөгөөс доош бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.

18. Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх

Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэлбэрээр нийтэд зарлан мэдээлнэ. Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.

20. Хэрэгжилт аль байгууллага хамаарах вэ?

Захиалагч болон Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хамаарах бөгөөд худалдан авах ажиллагааг энэ хуульд заасан 45 дугаар зүйлийн 45.1-д Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг журмын дагуу зохион байгуулна. Захиалагч нь ТБОНӨХБАҮХТ хуулийн 45.2.1, 45.2.2 заалт болон худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.

21. Бодлого зохицуулалт аль байгууллага хамаарах вэ?

ТБОНӨХБАҮХАТ-хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны чиглэл нь Худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал оруулах, хэрэгжилтийг хангаж, олон нийтэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, шуурхай байдлаар төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнаж, мэдээллийн ил тод байдлыг бий болгож худалдан авах ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангах, орон нутгийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, Худалдан авах ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гарсан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх болон худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

22. Төрийн болон хөндлөнгийн хяналтыг хэн хийх вэ?

Худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжид шуурхай хүргэх, сургалт, сурталчилгааны ажлыг орон даяар зохион байгуулж, үнэлгээний хороонд төрийн албан хаагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах замаар төрийн болон хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна.

23. Төрийн ба хувийн хэвшлийн худалдан авах ажиллагаа юугаар ялгаатай вэ?

Санхүүгийн эх үүсвэр нь төр, хувийн хэвшлийн худалдан авалт хоорондын ялгагдах нэг суурь ялгаа юм. Хувийн хэвшлийн худалдан авалтыг компаний өмчлөгч, хувьцаа эзэмшигчид санхүүжүүлж байдаг бол төрийн худалдан авалтад зарцуулах төсөв нь төрийн нэрийн өмнөөс засгийн газрын цуглуулсан татвар, зээлээс гол төлөв бүрдэнэ. Хувийн хэвшлийн худалдан авалтыг компаний бодлогоор зохицуулдаг. Компаний зорилтоос хамаарах энэ бодлогыг заавал хуулиар тогтоох, зохицуулах албагүй байдаг бол төрийн худалдан авалтыг хууль, журмаар зохицуулна.

24. Төрийн байгууллага бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалтгаан?

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ

АЖИЛЛАГАА

ТӨР, ЗАСГИЙН ХЭВИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАНГАХ


Төрийн худалдан авах ажиллагааны эцсийн зорилго нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хангаж, улсын бүх түвшинд төрийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

25. Худалдан авах ажилагааны мэргэжилтэн гэдэгт хэнийг хамааруулах вэ?

Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх бөгөөд худалдан авах ажиллагаанд төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-ээс 50.1.5 хүртэлх үүрэг хүлээнэ.

26. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагат хэн хамаарах вэ?

ТБОНӨХБАҮХАТ –хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулиар олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна. 53.2-д заасан Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил ,үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэх, үүрэг бүхий нэгжтэй байна.

27. Олон нийтийн оролцоонд юу хамаарах вэ?

Худалдан авах ажиллагаанд төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төвлөрүүлэн захирагч нь холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харъяа байгууллагын төсвийн хүрээнд худалдан авах нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн сум, дүүргийн төсвийн хүрээнд хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно. Уг ажиллагааг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохицуулах бөгөөд Иргэний хуулийн шаардлага хангасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгуулагдсан иргэдийн бүлэг байна.

28. Үнэлгээний хороо гэж?

Үнэлгээний хороо гэж хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ. Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 47.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.

29. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа:

Үнэлгээний хороог захиалагч, ЗДТГ-ын даргын шийдвэрээр байгуулж ажиллах нөхцөл бололцоогоор хангах, үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмаар хяналт тавьж ажиллана. Хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу байнгын бус ажиллагаатай байх бөгөөд худалдан авах ажиллагааг тухайн захиалагчийн өмнө хариуцан, худалдан авах ажиллагааны журмыг сонгох, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилга зарлах, тендер хүлээж авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй шаардагатай мэдээллийг олж авах, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлэх, гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Захиалагч болон Үнэлгээний хороо нь “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмыг” мөрдөж ажиллана.

30. Үнэлгээний хороонд оролцох төрийн албан хаагчийн үүрэг:

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон албан хаагч шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхлыг дээдлэх, зөрчил хууль бус үйлдэл гаргахгүй байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой.

31. Үнэлгээний хороонд хөндлөнгийн төлөөллийн оролцоо:

Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хороонд доорхи төлөөллийг оролцуулна. Хуулийн 47.3-т зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан 47.3.1-47.6, хүртэлх заалтын шаардлага хангасан байна. Тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн иргэдийн төлөөлөгчийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын тамгын газрын ажилтан байна. Үнэлгээний хороонд ажилласан салбарын бус буюу мэргэжлийн төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд ажилласан цагийг нь харгалзан урамшуулал олгож болно. Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194-р тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ыг мөрдлөг болгон үнэлгээ хийнэ.

32. Үнэлгээний хорооны гишүүдийн үүрэг хариуцлага:

Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй болохыг захиалагчид бичгээр мэдэгдэх, Үнэлгээ хийхэд шаардлагатай хууль, дүрэм, заавар, журмыг бүрэн ойлгосон байх бөгөөд худалдан авах талаарх сургалтад хамрагдаж мэргэжлийн гэрчилгээтэй байна, Худалдан авах ажиллагааны журмыг сонгох, тендерийн урилга зарлах, хүлээн авах, нээх, Үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичиг боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангахуйц, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим болон хууль, журамд нийцсэн байх шаардлагыг баримтлах, Тендерийн баримт бичигт урьдчилан тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу бүх тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргах, Үнэлгээний хорооны хуралдаанд ороцох, шийдвэр гаргахад өөрийн саналыг хараат бусаар өгч оролцох, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гишүүд хурал зарласан цаг тухай бүр үүргээ ухамсарлан оролцох.

33. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргын үүрэг:

Үнэлгээний хорооны дарга хурлыг товлох, үйл ажиллагааг удирдах болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах үүрэгтэй. Нарийн бичгийн дарга хуралдааныг зарлан мэдээлэх, баримтлах хууль тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангаж зохион байгуулах, хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах болон ТБОНӨХБАҮХАТ-хуулийн 49.2.10-т зааснаас бусад баримт материалыг бүрдүүлж, архивт шилжүүлнэ. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргад төрийн албан хаагчийг томилно.

34. Үнэлгээний хорооны хурал:

Үнэлгээний хороо нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно. Хурлаас хамтын шийдвэр гарах бөгөөд гаргасан шийдвэр хурлын тэмдэглэл хэлбэртэй байна. Бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна. Илээр санал хураах бөгөөд гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн энэ тухайгаа үнэлгээний дүгнэлтэд тэмдэглэж гарын үсгээ зурна.

35. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд баримтлах журам заавар:

Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь ТБОНӨХБАҮХАТ-хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна. Үнэлгээний хороо хуулийн 47.2 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дараах журам, зааврыг мөрдөж ажиллана. Тухайн бараа, ажил, үйлчилгээний онцлогоос хамааруулан тендерийн баримт бичиг боловсруулахдаа төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичгийн аль тохирохыг ашиглана. Сангийн сайдын 2013 оны 84 дүгээр тушаалаар баталсан “цахим сүлжээнд, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам” –ыг тус тус баримтлан тендер шалгаруулалтын зар, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудас дээр байршуулан мэдээлнэ. Тендерийн үнэлэхэд холбогдох хууль болон баталсан заавар, аргачлал, захиалагчийн боловсруулсан тухайн тендерийн баримт бичгийг баримтлана.

36. Үнэлгээний хорооны дүгнэлт, түүнээс татгалзах дахин үнэлгээ хийх:

Захиалагч үнэлгээний хорооны дүгнэлт хууль, тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй,тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд зөрчлийн үндэслэл тайлбарыг заавал дурдсан байна. Үнэлгээний хороо нь мэдэгдэл хүлээн авсан даруй ажлын 3 хоногт багтаан хуралдаж шийдвэр гаргана.

37. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих:

Захиалагч “ҮХЗБҮАУЗ журмын 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.2, заалтын дагуу Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд Үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний хорооны дүгнэлт, тендерт оролцогчоос 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн тухайн тендер шалгаруулахтай холбоотой гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд үйл ажиллагаанд хяналт тавьж болно.

38. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хариуцлага тооцох:

Үнэлгээний хорооны шийдвэр дүгнэлт, хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн бүх гишүүд  хуулийн 57.1 дэх хэсгийн холбогдох хариуцлага хүлээнэ. Мөн үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч тал үндэслэлгүйгээр өөрчилсөн бол хуулийн 57.1.19-д заасан хариуцлага хүлээнэ. Үнэлгээний хорооны гишүүн нь хууль болон энэ журмыг зөрчсөн гэж захиалагч үзсэн, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүссэн учир өөрөө татгалзсан тохиолдолд захиалагч үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөх буюу чөлөөлөх, нөхөн томилж болно.

39. Тендерийн үнэлгээний заавар:

Захиалагч энэхүү зааврыг Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан барааны болон ажлын тендерийн жишиг баримт бичгийг ашиглан зохион байгуулж буй нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед ирүүлсэн тендерүүдийг үнэлж, харьцуулан “хамгийн сайн” тендерийг /нийт болон нэгж үнийн гэрээ байгуулах аль ч тохиолдолд/ шалгаруулахад дагаж мөрдөнө. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж буй бараа, ажлын тендерийн үнэлгээ хийхэд баримтлах аргачлал, заавраар хангах зорилгоор “Тендерийн үнэлгээний заавар /жишиг маягтуудын хамт/” –ыг /цаашид “үнэлгээний заавар” гэх/ Сангийн яамнаас боловсруулан гаргав.

40. Үнэлгээний заавар, жишиг маягтууд ашиглах тухай:

Үнэлгээний заавар, маягтууд нь тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг хүлээн авч бүртгэх, нээх, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргах хүртэлх үнэлгээний хорооноос тендерийг үнэлэх бүх үйл ажиллагааг зохион байгуулахад туслах, удирдан чиглүүлэх ач холбогдолтой. Энэ заавар нь захиалагчаас боловсруулсан тендерийн баримт бичиг дэх тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан тендерт оролцогчийн чадварыг тогтоох, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулах тухай зүйл заалтуудыг үнэлгээний хорооны гишүүд дагаж мөрдөхөд туслах хэрэгсэл болно. Үнэлгээний явцад нарийвчлан судалж тодруулсан, тусгайлан гаргасан нэмэлт тайлбар, тодруулгыг үнэлгээний тайланд хавсралт болгож оруулах ёстой. Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг энэ зааварт тусгасан маягтуудыг бөглөж нэгтгэсэн үнэлгээний тайланд хавсаргах бөгөөд нэгдсэн дүгнэлтийг бичгээр тайлбарлан үйлдэж, зөвлөмжийг захиалагчид хүргүүлнэ. Захиалагч үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргана.

41. Тендерийн үнэлгээний зорилго:

Тендерийн үнэлгээний зорилго нь ирүүлсэн тендерүүдээс захиалагчийн тавьсан нөхцөл, шаарлагыг хангасан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад оршино. Захиалагчийн тавьсан чадварын болон техникийн нөхцлүүдийг  хангасан тендерүүдийг хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийн үнэ болон үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тооцож нэмсний үр дүнг харьцуулахад хамгийн бага үнийн дүнтэй тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн болно. Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг зөв үнэлж тогтоох зорилгоор, үнэлгээний явцын бүх үе шатуудыг багтаасан логик дараалал, системтэйгээр боловсруулагдсан үнэлгээний энэхүү зааврыг мөрдлөг болгоно. ТБОНӨХБАҮТ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловсруулсан “Тендерийн жишиг баримт бичиг”-ийг Захиалагч байгууллага нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт зохион байгуулахад ашиглана.

42. Тендер гэж?

Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.1, заалт.

43. Тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хууль журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.2 заалт,

44. Тендерийн нээлт

Тендерийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан журмын дагуу зөвхөн заасан газар, товлосон хугацаанд нээнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирсэн тендерээс татгалзаж түүнийг нээлгүй буцаана. Тендерийн нээлтийн үед тэмдэглэл хөтлөх ба түүнд үнэлгээний хорооны гишүүд болон тендерийг нээхэд байлцсан тендерт оролцогчид гарын үсэг зурна.

45. Тендерийн баримт бичгийн хэлийг сонгох

ТБОНӨХБАҮХАТ-хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол, захиалагч бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг, шинж чанар гадаадын этгээдийн сонирхлыг татна гэж захиалагч үзсэн бол тендерийн баримт бичигт урилгыг монгол хэлнээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ.

46. Тендерийн баримт бичгийн бүрэлдэхүүн, агуулга

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт тендер шалгаруулалтын жишиг маягтууд техникийн тодорхойлолт ажлын шаардлага болон бусад шаардлага, гэрээний нөхцөл гэрээний тусгай нөхцөл гэрээний маягт баталгааны маягт тендерийн урилга бусад тендерийн баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлт орно.

47. Тендерийн урилга

Тендерийн урилга гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарласан баримт бичгийг хэлнэ.

48. Тендерийн үнэлгээний зарчим

Тендерийг нийтийн өмнө нээсний дараа шалгарсан тендерт оролцогчтой гэрээ байгуулах хүртэл тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлттэй холбоотой аливаа мэдээллийг энэ үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээдэд задруулахгүй нууц байх ёстой. Тендерийг нээснээс хойш тендерт өөрчлөлт оруулахыг тендерт оролцогчдод зөвшөөрөхгүй. Зөвхөн тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно. Захиалагч хүлээн авсан бүх тендерийг хуульд заасныг үндэслэн тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу хянан үзэх ба шаардлагад нийцээгүй гэж тогтоогдсон тендерээс хуулийн дагуу татгалзана. Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчдод мэдэгдэнэ. Тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаар тендерт оролцогч захиалагчид мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баталгааны хугацааг сунгаж ирүүлнэ. Захиалагч зөвхөн хуульд заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзана. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд хуулийн дагуу аль нэг шийдвэр гаргах зөвлөмжийг үнэлгээний дүгнэлтэд заавал тусгана.

49. Тендерийг хянан үзэх

Тендерийг нээсэн даруй тендерийг хянан үзэх ажиллагааг эхлүүлнэ. Тендерийг хянан үзэх зорилго нь тендерт оролцогч эрх бүхий эсэх, түүний ирүүлсэн тендер нь хүчин төгөлдөр, бүрэн эсэх, цаашид нарийвчилсан үнэлгээ хийх боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дэр шаардлагад нийцсэн тендерийг тогтооход оршино.

50. Эрх бүхий эсэхийг магадлах

Тендерт оролцогчид тендерийн баримт бичигт тусгасан эрх бүхий байх шалгуур үзүүлэлтүүдийн шаардлага нэг бүрийг хангаж байгаа эсэхийг магадлан хянаж, уг шалгуурыг хангаагүй нь шүүх, эсвэл холбогдох байгууллагаар тогтоогдсон бол тухайн оролцогчийг тендер шалгаруулалтад оролцуулахгүй буюу түүний ирүүлсэн тендерийг үнэлгээнд хамруулахгүй.

51. Гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэх

Урьдчилсан сонголт явуулаагүй тохиолдолд тендерт оролцогч чадварыг хангасан эсэх тендерийн баримт бичигт заасан чадварын доор шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг түүний ирүүлсэн чадварын мэдээлэл, бусад баримт бичигт үндэслэн тодорхойлно. Тендерт оролцогч түншлэлийн хувьд түншлэлийн гишүүн тус бүрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Хоёр буюу түүнээс дээш багцад тендер ирүүлсэн оролцогчийн чадварыг багц тус бүрт авч үзэх бөгөөд багцын үнэлгээ дууссаны дараа тухайн оролцогч хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тохиолдолд тэдгээр багцуудыг нийтэд нь гэрээ байгуулан, хэрэгжүүлэх чадвартай эсэхийг энэ зааврын 6.3-т нийцүүлэн дахин магадлана.

52. Шаардлагад нийцэж буй эсэхийг магадлах

Тендерийн иж бүрдэл, хүчинтэй байдал болон зохих ёсоор гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж энэ талаар тендерийн баримт бичигт захиалагчийн заасан бусад нөхцөл болзлыг хангасан эсэхийг тодорхойлно. Тендерийн хүчинтэй байдалд хамаарах асуудалтай холбоотой зөрүү нь тендерээс татгалзах үндэслэл болно.

53. Тендерийн баталгаа

Тендерийн баталгаа нь тендерийн баримт бичигт заасан тендерийн баталгааны маягтад заасан нөхцөл, бусад тексттэй ижил утга, агуулгатай байна. тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан хүчинтэй байх хугацааны шаардлага болон тендерийн маягтад заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй тендерийн баталгааг захиалагч хүлээн зөвшөөрөхгүй. Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүний нэр дээр тендерийн баталгааг ирүүлнэ.

54. Үндсэн шаардлагыг хангасан эсэх

Тендерийн баримт бичигт заасан арилжааны бүх нөхцөл, болзол болон тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тендерийг үндсэн шаардлагыг хагнасан гэж үзнэ. Гэрээний зорилгыг алдагдуулж болох, мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй нөхцөл байдалд, эсхүл үнэ тохируулж болохыг мэдэгдсэн байхад тендерийн баримт бичиг дэх үнийн тохируулгын томъёог хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлтэй ирсэн тендер, үйл ажиллагаанд тавигдаж буй зайлшгүй үзүүлэлтүүд болон бусад шаардлагуудыг хангаагүй өөр шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг санал болгосон нь техникийн тодорхойлолтод нийцээгүй тендер, Гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй тендер, Тендерийн баримт бичгээс тусгайлан зөвшөрсөн хувиас илүү хэмжээний ажил, бараа нийлүүлэлтийг туслан гүйцэтгүүлэхээр санал болгосон бол, Тендерийн баримт бичигт гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцлийг хүлээн авахаас татгалзсан бол, гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан мөнгөн дүнгээр үнэлж болох зөрүү, үнэлэх тооцооны аргачлалыг захиалагч зөвхөн тендерийн баримт бичигт урьдчилан тусгасан тохиолдолд ашиглана. Тендерийн баримт бичигт урьдчилан тусгаагүй аргачлал, хүчин зүйлсийг үнэлгээнд оруулахгүй. Тендерийн хянан үзэх шатны явцад энэ зааврын 6 дугаар зүйлд дурдсан асуудлыг сайтар магадлан хянаж үзэх шаардлагатай.

55. Тендерийн нарийвчилсан үнэлгээ

Зөвхөн хянан үзэх шатанд тэнцсэн буюу шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон бүх тендерийг 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж харьцуулна. 7.1-д шаардлагад нийцсэн тендерүүдийн тоо хэт олон байгаа тохиолдолд захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодруулах үйл ажиллааг хөнгөвчлөх зорилгоор цөөн тооны тендерийг сонгож үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэж болно. Хамгийн доод үнэ ирүүлсэн тендертэй ойролцоо үнэтэй олон тендер байгаа тохиолдолд тэдгээр ойролцоо доод үнэтэй тендерүүдийг бүгдийг нь цаашдын үнэлгээнд оруулна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ