70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хүчдэлийн шугам хүний аминд хүрэх дөхөв

2016 оны 10 сарын 10 454

Өнөөдөр сонин

2016.07.25

Цахилгаан дамжуулах агаарын шугам жигүүртэн төдийгүй хүнд аюул учруулах болжээ. Шувууд өндөр хүчдэлд цохиулж үй олноороо үхэж байгаа. Энэ нь цахилгааны шугам дээр хамгаалалт хийгээгүй, утас хоорондын зай хэт ойрхонтой холбоотой аж. Тэгвэл энэ сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд цахилгааны утастай шүргэлцсэн кран шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, цахилгаан дамжуулах агаарын шугам цүлхийж, унжсан утсанд нь иргэн С-ийн краны үзүүр хүрч, цахилгаан холболт үүссэнээс шатжээ. Энэ талаар эх сурвалжууд "Өндөр хүчдэлийн зарим утас цүлхийгээд, унжчихсан байдаг. Тийм утсанд С-ийн краны сум хүрсэн. Үүнээс нь болоод кран шатсан юм билээ. Асфальт замыг хөндлөн тавьсан шугам байсан учир кран 10 хүрэхгүй минутад шатсан гэсэн. Уг нь аймгийн Онцгой байдлын газар дуудлага аваад очсон хэдий ч хожимдсон. Кран нь цахилгааны утсанд хүрсэн даруйдаа ажиллахаа болиход жолооч нь машинаасаа бууж амжсан. Хэрэв амжаагүй бол өндөр хүчдэлд цохиулж нас барах байсан биз. Түүнийг буусны дараа кран нь өөрөө асаж, унтарсан гэсэн. Кран шатсан хэсгийнх нь асфальт харлаад, хонхойчихсон" гэв.

Өмнө нь үүнтэй ижил хэд хэдэн хэрэг гарч, хүний амь эрсдэж байсан тохиолдол ч бий гэнэ. Тухайлбал, 2014 оны долдугаар сард нийслэлийн Багануур дүүрэгт ийм хэрэг гарч нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж байжээ. Тэр хэрэгт ачааны машины жолоочийг буруутган "Амиа хорлосон" гэдэг дүгнэлт гаргаж байж. Ер нь ийм тохиолдолд "Хохирогч анхаарал болгоомжгүй байсан" хэмээн буруутгаад өнгөрдөг аж. Дээрх хэргийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Ийм осол гараад нэлээд хэд хоносон. Хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Манай аймагт "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн салбар бий. Цахилгааны утас, түүний аюулгүй байдлын талаар тэр байгууллага хариулт өгнө. Харин тухайн хэрэгт цагдаагийн байгууллага шалгалт хийнэ" гэсэн юм. Краны үзүүрийг цахилгааны утсанд хүргэж, шатаасан учир С-ийн хохирлыг барагдуулах байгууллага байхгүй, өөрийнх нь буруу болоод өнгөрөх магадлал өндөр ажээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг жил тутам чангалж байх ёстой аж. Ажил гүйцэтгэсэн компани нь үүнийг хийдэг учиртай гэнэ. Гэвч манайд ийм ажлыг хийдэггүй гэхэд болох.

Цахилгааны утасны стандартын талаар эх сурвалжаас тодруулахад "Цахилгаан дамжуулах шутамын утсыг ихэвчлэн авто замын дэргэдүүр тавьсан байдаг. Шаардлагатай тохиолдолд зам дээгүүр хөндлөн тавих нь бий. Энэ тохиолдолд цахилгааны утас хэдэн метр өндөрт байх ёстой гэдгийг журамд нь тодорхой заачихсан. Ер нь цахилгааны утсыг хамгийн намдаа дөрвөн метрийн өндөрт байрлуулах ёстой. Учир нь тэр утсаар өндөр хүчдэл гүйж байгаа шүү дээ" гэв.

Цахилгааны шон босгохоос эхлээд утас хэрхэн татах журам манай улсад бий ч хэрэгжүүлдэггүй аж. Байгалийн гамшиг болж, хүчдэлийн шон унаагүй л бол утас нь унжиж уу гэдгийг төдийлөн тоодоггүй гэдгийг эх сурвалжууд хэлэв. Тухайлбал, цахилгааны утасны талаар МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын албанаас тодруулахад "Цахилгаан дамжуулах шугамын трассыг оновчтой сонгох асуудал нэн түрүүнд тавигдах ёстой. Шаардлагатай бол авто зам, суурьшлын бүсээр трасс өнгөрөх үе бий. Энэ тохиолдолд утсыг унжуулахгүйгээр татаж суурилуулах ёстой. Хэрэв унжиж байвал даруй чангалах нь чухал. Бид цахилгааны утасны талаар заавар, зөвлөмж өгдөг. Гэвч стандарт, журмыг хэрэгжүүлэхгүй байх нь бий. Дүрэм журам мөрдөхийн хажуугаар шаардлагад нийцсэн утас хэрэглэж, болзошгүй эрсдэлээс сэргийлж байх ёстой. Улаанбаатар хотод тусгаарлагчтай утас хэрэглээд эхэлчихсэн. Ингэснээр унжсан ч хүний аминд хүрэх эрсдэл гарахгүй. Бололцоо байвал орон нутгийн шугамд мөн ийм утас хэрэглэх нь зүйтэй. Ийм утасны олдоц бага, өртөг нь өндөр тул манайх хөнгөн цагаан дамжуулагчаар агаарын шугам татдаг" гэсэн юм.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийг чиглэсэн замд цахилгааны утас унжсан байх нь элбэг ажээ. Унжсан утсыг хэрхэх талаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ажилтнаас тодруулахад "Тухайн ажил гүйцэтгэсэн компани болон бүс хариуцсан салбарууд энэ ажлыг хийх ёстой. Гэмтэл гаргасан шугам, унжсан утсыг дор бүр нь засварладаг" гэв. Харин ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд "Зарим утас хэт халуунд халж, унждаг. Цаг агаар хүйтрэхээр эргээд татагддаг тал бий. Анхнаасаа утсаа зөв сонгож, чанга татахгүй бол сүүлд нь засварлахад өртөг өндөр гарна. Тийм болохоор л унжсан утсыг дор бүр нь засаж чадахгүй байгаа юм" гэсэн.

Монголын нутаг дэвсгэрийг хэрсэн аалзны тор шиг цахилгааны утас энэ мэтээр бидэнд "заналхийлж" байна. Жигүүртэн, хүнд эрсдэл үүсгэх нөхцөлийг засахгүй бол орон нутгийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэж буй иргэд эхнээсээ хохироод эхэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ