70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тээврийн жолооч нар дайвраас болж байцаагдаж байна

2016 оны 10 сарын 10 377

Өнөөдөр сонин

2016.09.05

Нийслэлийн Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтран, өнгөрсөн сарын 1-нээс нийслэл рүү орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг ариутгаж, тарваганы мах, самар зэрэг хориотой зүйл тээвэрлэж яваа, эсэхийг шалгаж эхэлсэн. Уг ажил ирэх сарыг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт шалган нэвтрүүлэх товчоог зорилоо. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд дамжин өнгөрч байгаа болон нийслэл рүү орж буй тээврийн хэрэгслийг ариутгаж байв. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн болон байгаль орчны хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байв.

Уг товчоогоор ихэвчлэн Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгаас ирж буй тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг. Хэдийгээр хяналт, шалгалт хийгээд сар гаруй болж буй ч тарваганы мах тээвэрлэх зөрчил гарсаар байгаа гэнэ. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл тарваганы 200 гаруй мах хураан авч, устгажээ.

Хяналтын цэгээр нэвтрүүлэхийг завдсан тарваганы махны дийлэнх нь Завхан, Говь- Алтай аймгаас ирсэн нь тогтоогджээ. Эдгээр аймгаас Улаанбаатар руу ирэх замд хяналтын хэд хэдэн цэг байдаг ч хүмүүс хориотой тээвэрлэлтэд гаршиж, нийслэлийн хаяа хүртэл ангийн махаа авчирч чаддаг аж. Тарвагыг агнаж хөлдөөгөөд, хүнсний скочоор ороож, хонь, үхрийн махан дотор хийж оруулах аргыг туршлагагүй "шинэковууд" хэрэглэдэг болчихож гэнэ. Харин мэргэшсэн хүмүүс нь махаа болгочихоод түүнийгээ уутанд хийж айраг зэрэг үнэрийг нь дарах зүйлс дотор хийдэг болж. Мөн машины дугуй, хаалганы хавтас зэрэгт ч хийдэг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын цагдаа, ахлах ахлагч Г.Оргодол "Баруунтуруун, Эмээлтийн товчоонд шалгалт хийж буй баг нэг сарын хугацаанд тарваганы 200 гаруй мах илрүүлж, устгалаа. Мөн хамтарсан багийнхан Эмээлтийн суурин руу очиж, гэнэтийн шалгалт хийж байна. Ингэхдээ малын түүхий эд авах газар, агуулах зэргийг шалгаж буй. Ийм шалгалтаар ч цөөнгүй зөрчил илэрдэг" гэв. Мөн тэрбээр илрүүлсэн тарваганы махны олонх нь дайвар дотор байсан талаар хэлсэн.

Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд дундаж хэмжээтэй хайрцагтай дайврыг 5-10 мянган төгрөг төлөөд л илгээдэг. Жолооч нар дайврыг зорчигчдын ачаан дунд хийчихдэг учир хяналтын цэгүүдэд ажиллаж буй хүмүүс тэр бүр шалгадаггүй аж. Тиймээс үүнийг мэддэг болсон хүмүүс хориотой ачаагаа автобусанд дайчихаад, өөрөө араас нь ирдэг гэнэ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчаас лавлахад "Орон нутгаас ирж буй нийтийн тээврийн жолооч нар тарваганы мах тээвэрлэж явсан хэрэгт холбогдох нь их байна. Битүүлж, скочидсон хайрцгийг жолооч нар тэр бүр задалж үздэггүй учир дотор нь юу байгааг мэдэхгүй. Гэтэл дайврыг нь задлахад тарваганы мах байдаг. Тиймээс хот хоорондын зорчигч тээврийн жолооч нар хүний өгсөн захиасыг шалгаж авах шаардлагатай байна. Ийм хориотой зүйл тээвэрлэж явсан жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн тухайн автобусанд явсан зорчигчдыг эмчийн үзлэгт хамруулдаг. Ингэж зорчигч нартаа түвэг учруулахгүйн тулд авч буй дайвраа шалгах нь чухал" гэлээ.

Ийм зөрчил цөөнгүй гарч буй тул уг хяналтын цэгт ажиллаж буй багийнхан хот хоорондын тээврээр ирсэн бүх ачааг улсын хилээр нэвтэрч буй мэт, задалж шалгадаг юм байна. Манай сурвалжлах багийг Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд байхад Завхан аймгаас Улаанбаатарт ирж буй автобусыг шалгасан юм. Шалгалтын явцад тус автобуснаас олон тооны түүхий загас илэрсэн. Тэр мөн л дайвар ачаа байсан юм. Загас агнах хорио тавигдаагүй байгаа учраас хохирлыг тодорхойлж, хариуцлага тооцно гэсэн.

Баянзүрх дүүргийн товчоонд зөрчил харьцангуй бага илэрч буй аж. Төв аймагт шүлхий өвчин гарсан учир нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хот руу амьд мал оруулахгүй байх үүрэг өгчээ. Гэтэл энэхүү захирамжийн талаар сонсоогүй хүмүүс орон нутгаас амьд малтай ирэх нь цөөнгүй байгаа гэнэ. Тус хяналтын цэгт шалгалт хийж буй байцаагч нар "Малаа муулж, тухайн газраасаа гарал үүслийн бичиг авч ирээрэй. Ингээгүйгээс болж торгуулах хүн олон байна" хэмээн зөвлөв.

Ийнхүү нийслэл рүү орох цэгүүдэд шалгалт хийж буй ч гудамж, талбайд самар худалдсаар байна. Ингэж худалдаж буй самрыг орон нутгаас бус нийслэлийн хойд хэсгийн зуслангийн бүс, Тэрэлж зэрэг газраас түүж байгааг албаны хүмүүс хэлэв.

Зуслангийн ногоон бүсээс самар түүж, худалдахад хяналт тавих боломжгүй аж. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, Долоон буудлаас зуслан явах зам дагуу байрладаг хяналтын цэгт шалгалт хийх учиртай ч ийм боломж байхгүй гэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ