70382348

info@umch-tender.kh.gov.mn

Завхан, Хөвсгөл аймгуудад газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр гүйцэтгэсэн шалгалтын танилцуулга

МХЕГ-ын удирдамжаар Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т “Газрын тухай” хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, “Геодези, зураг зүйн тухай”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахад зорилгоор шалгалтыг Завхан аймагт 2013 оны 8 дугаар сарын 15-19, Хөвсгөл аймагт 8 дугаар сарын 20-26-ны өдрүүдийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар Геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдал, Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэлт, Газар зүйн нэрийн хэрэглээ, Магадлан хэмжилт, Ашиглагдаж байгаа зураг, Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт гүйцэтгэж байгаа зэрэг асуудлыг хамруулан Завхан, Хөвсгөл аймгийн ГХБХБГ, Хөвсгөл аймагт геодези, зураг зүйн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Гоцбар ХХК, Хөвсгөл газарчин ХХК-иудын шалгасан.

2011 онд Завхан, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т хийгдсэн шалгалтын биелэлтийг үнэлэхэд тусгай хамгаалалтай газар нутагт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлтэй аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй, аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд БОНБҮ хийгдээгүй, нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлт хангалтгүй нийт  8 асуудлаас 5  асуудал буюу 62.5 хувь биелэлттэй байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:

Хөвсгөл аймагт УИХ-аар батлагдсан хилийн цэс, газар усны нэрийн, Завхан аймагт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан газрын сангийн зураггүй, Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан эх материал, солбицолыг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлдэггүй, шинээр баригдсан обьектуудын гүйцэтгэлийн зураг хийгдэггүй, Хэмжлийн багажийг баталгаажуулаагүй ашиглаж байгаа, Кадастрын зургийг нэгдсэн мэдээллийн санд /жилд 1 удаа/ оруулсан акт, баримт бичиггүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар нь газрын мэдээллийн сан, газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугаар олгогдоогүй, Шинээр газар олголт хийхдээ нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэж, хүлээлгэн өгсөн тухай акт үйлддэггүй, кадастрын зургийг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж, баталгаажуулаагүй байхад мэдээллийн санд оруулдаг зөрчлүүд илэрлээ.

Мөн Хөвсгөл аймгийн бүх сумууд, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумдад газрын мэдээллийн сан үүсгэгдээгүй байгаа, Шинээр баригдаж байгаа барилгуудад зураг төсөл боловсруулсан зургийн солбицол-өндрийн талаар тайлбар бичигдээгүй, зургийн нарийвчлал тодорхойгүй, зурагт эзэмшиж, ашиглаж байгаа газрын хил зааг тодорхойгүй, геодезийн үндэслэлийн ажлын төсөл бичигдээгүй, барилга угсралтын үед хийгдэх хэмжилт, зураглалын ажил хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.  

Завхан аймгийн ИТХ-аас 2013 онд баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажил хийгдээгүй, Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй, Барилгын захиалагчийн хяналт гүйцэтгэх өндөр хэмжих багаж байхгүй зэрэг зөрчлүүд мөн илэрсэн бол Хөвсгөл аймаг хотын батлагдсан ерөнхий төлөвлөгөөгүй, газар эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үед газрын гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгосон, барилгаас гадагш өргөтгөлийн барилга баригдаж эрх бүхий Засаг даргын захирамжгүйгээр зөвшөөрөлгүй газар ашигласан, шинээр газар эзэмших, эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтэд хуульд заагдсанаас илүү материал /10 төрлийн баримт бичиг/-ын бүрдүүлэлт хийлгэсэн,  сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах газрын ерөнхий төлөвлөгөөг батлуулаагүй, газрын хэвлийг ашиглах талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг, түүний дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэд хүртээмжтэй газарт байрлуулаагүй,  иргэд, хуулийн этгээдээс газартай холбогдон гарсан хүсэлтийг хуулийн хугацаа /15 хоногт/-д багтаан шийдвэрлэдэггүй, Мөрөн сумын Засаг дарга Түнэл сумын нутаг дэвсгэрт 480 өрхөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг зөрчлүүд тус тус илэрлээ. Иймд дээрх аймгуудын ГХБХБГ-т гүйцэтгэж байгаа кадастрын зураглалын магадлан хэмжилтийн ажлыг 2013 оны 08 дугаар сарын 18, 25-ны өдөр зогсоолоо.

Газар олголтыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд Завхан аймгийн ГХБХБГ-т 31.9 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 75 хувь, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т 49 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 60 хувь байна. 

Захиалагчийн хяналтын ажлыг Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах үед хийгдэх хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд Завхан аймгийн ГХБХБГ-т 94 хувь буюу их эрсдэлтэй, норм, дүрмийн хэрэгжилт 8 хувь, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т 96 хувь буюу их эрсдэлтэй, норм, дүрмийн хэрэгжилт 10 хувь байна.

Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжийг шалгах хяналтын хуудсаар үйл ажиллагаанд хамаарах 13 үзүүлэлтээр эрсдэлийг үнэлэхэд “Гоцбар” ХХК нь 31.25 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, норм, дүрэм, журмын хэрэгжилт 60 хувь, “Хөвсгөл газарчин” ХХК нь 27 хувь буюу бага эрсдэлтэй хууль, норм, дүрэм, журмын хэрэгжилт 67 хувь байна.

Орон нутагт геодезийн хэмжилт зураглалын ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байгаа газрын мэдээлэл нэгдсэн санд ороогүй, геодезийн хэмжилтийн баталгаажуулаагүй багаж ашигласан, геодезийн байнгын цэг тэмдэг устсан, газрын мэдээллийн сан үүсгээгүй, барилга, байгууламжийн тэнхлэгийг газарт шилжүүлэн акт үйлдэхдээ хүчингүй болсон норм, дүрэм ашигласан, ажиллаж байгаа мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн хүрээнд заавал мэдэх геодезийн онол, практикийн мэдлэг дутмаг, төрийн байгууллагуудын хоорондох уялдаа холбоо хангалтгүй, геодезийн асуудлыг орхигдуулан шийдвэр гаргадаг зэрэг дутагдал хэвээр байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ