70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хүнсний бөөний төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

МХЕГ, НМХГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө болон дэд даргын баталсан удирдамжинд шалгахаар зарлагдсан хүнсний бөөний төвүүдийн үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай”, “Автотээврийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, “Худалдааны агуулах” Техникийн ерөнхий шаардлага. MNS 5364:2011, “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5343:2011 зэрэг стандартын хүрээнд хяналт шалгалтыг хийж,илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,эрсдэлийн түвшинг бууруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 26-аас 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, удирдамжинд нэр зааж орсон 14 объектоос шалгалтанд 11 буюу нийт объектын 78.6 хувь хамрагдсан байна. “Ванхүү”, “Таван Эрдэнэ” ХХК-ийн худалдааны төвүүд их засвартай, шалгалтын хугацаанд ажиллаагүй, “Монгол глобал” ХХК-ийн бөөний төв шатсан учраас тул хяналт шалгалтанд хамрагдаагүй болно. Мөн өмнөх онд хийгдсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан Дорноговь аймгийн “Ариунтуул” ХХК, Сэлэнгэ аймгийн “Оргил” бөөний төв, Увс аймгйин “Увс зах”, Төв аймгийн “Бүлтэн загас”, “Галбадрах”, “Бумба хөгжихүй” ХХК, Дархан-Уул аймгийн “Сансар” ХХК, Ховд аймгийн “Хан-Орд”, “Бугаан гол” ХХК зэрэг 6 аймгийн 9 бөөний төвүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдсэн байна.

Шалгалтанд “Эрдэнэбулган” ХХК-ийн хүнсний бөөний 204, Юмт бөмбөгөр” ХХК-ийн 166, “Бүрд” ХХК-ийн 58, “Гурван Эвтэн” ХХК-ийн 150, “Шаб” ХХК-ийн 52, Баттрейд си” ХХК, “Хархорин” бөөний  төвийн 240, “Барс импекс” ХХК-ий бөөний төвийн 210,“Урбанек”, “Нарантуул трейд” ХХК-ийн худалдааны төвийн битүү захын доторх хүнсний бөөний 169, өргөтгөлийн хэсгийн 205, “Номин тав трейд” ХХК-ийн Улсын Их дэлгүүрийн “Номин” супермаркет дотор үйл ажиллагаа явуулж буй “Мон бейкери” ХХК-ийн нарийн боовны цех, “Баянгол”, “Батбайгаль” бейкери, “Lavatta” кофе шоп, иргэн Б.Туяагийн нарийн боов худалдаалах лангуу зэрэг 11 хүнсний бөөний 1461 лангуу, 36 агуулах, зоорь, нийслэлийн “Чингэлтэй”, “Сүхбаатар”, “Баянзүрх” дүүргийн нутагт дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн 12 объектын 25 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

2011 онд хүнсний бөөний төвүүдэд хийгдсэн шалгалтаар улсын хэмжээнд 9 аймаг, нийслэлийн 382012 онд 7 аймаг, нийслэлийн 12 объект их эрсдэлтэй шалгагдаж байсан бол 2013 онд 4 аймаг, нийслэлийн 5 объект болж, эрсдэл нь буурч, их эрсдэлтэй нэгжийн тоо 5 буюу 86.8 хувиар буурсан байна. 

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын эрсдэлийн ангиллыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-д заагдсан 5 бүлэг 42 шалгуур үзүүлэлтээр хийхэд: Гадна орчин, барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 33.4 хувь; Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 51.1%, Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн  эрсдэлийн үнэлгээ, дундажаар 32.3%, Бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, дундажаар 41.4 хувь; Бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалт, тээвэрлэлтийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 38.7 хувь байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад “Хүнсний тухай хууль”-ийн хэрэгжилт шалгалтанд хамрагдсан төвүүдэд 14.7 хувиар буурсан байгаа нь тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэсэн хуулийн шинэ заалттай холбоотой байна.

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах”, 10 дугаар зүйлийн 10.3.1-д зааснаар “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”-ийг хориглохоор заасан заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна.

Шалгалтанд хамрагдсан худалдааны газруудад “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6.7, 7.3 дахь заалтуудын хэрэгжилт 93.0 хувьтай, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилт өмнөх оноос 0.9 хувиар дээшилсэн нь шалгалтанд хамрагдсан газруудын худалдаалж буй архи, согтууруулах ундаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бөгөөд согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг бусдад шилжүүлээгүй, худалдаа үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөөгүй ба Дархан-Уул, Ховд амйгуудад үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй байна. 

Хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ  өөрийн өмчлөлийн тусгай зориулалт бүхий  тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдааны төвүүдэд авчирч өгч байгаа хэдий ч ихэнхи байгууллагуудын  тээврийн хэрэгслийн тусгай тоноглол /хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч/ ажиллагаагүй, тавиур, хайрцаг сав  нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагад нийцээгүй, тогтмол угааж цэвэрлэдэггүй, худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээнд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар тодорхой заалт тусгаагүйн улмаас худалдаачид болон нийлүүлэгчид хүнсний бараа, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа учраас “Автотээврийн тухай хууль”-ийн хэрэгжилт өмнөх оноос 1.1 хувиар буурсан байна.

Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын 3 бөөний төвийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос 12.5%-18.3% хувиар дээшилж, аймгийн дундаж 76.2%-тай, нийслэлийн 11 бөөний төвд 22.5%-иар дээшилж, дундаж 76.6%-тай байгаа бөгөөд гүйцэтгэлийн шалгалтаар Ховд аймгийн 2 худалдааны төвд 4.0%-иар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,                                  

Шалгалтанд хамрагдсан хүнсний бөөний төвүүдийг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 58.1 хувь нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, өргөтгөж шинэчлээгүй, агааржуулалт хүрэлцээгүй, цонх нь онгойдог хэсгээрээ хортон шавьж нэвтрэхээс хамгаалсан торон хаалтгүй, 47.0 хувь нь зөөврийн усан хангамжтай, хана, тааз, цонхыг угааж цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, 35.9 хувь нь цэвэр, бохир усны хэсгийн шугамд холбогдоогүй;

Хяналтын хуудасны “Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл” бүлгийн дагуу үнэлэхэд 55.5 хувь нь мах, сүү, төмс хүнсний ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүний лангууны ойрхон угаалтуургүй, 47.0 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг худалдагч нар ажлын байранд бөгж ээмэг, бугуйвч, зүүлт,  бугуйн цаг, гар утас зэргийг хэрэглэсэн, гарын ариун цэврийг сахих нөхцөл бүрдээгүй;

Шалгалтанд хамрагдсан бөөний төвүүдийн 58,1 хувь нь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийж, бүртгэл хөтлөөгүй, 47.0 хувь нь хог хаягдлын цэггүй, хог хаягдлыг тогтмол хугацаанд нь ачиж зайлуулдаггүй, худалдааны багаж тоног төхөөрөмж, багаж, хэрэгслүүдийг тогтмол цэвэрлэдэггүй, угаах боломж нөхцөлөөр хангагдаагүй:

“Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны “Бүтээгдэхүүний  аюулгүй байдал” бүлгийн дагуу 44.4 хувь нь хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан, холбогдох стандартад заасны дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагыг хангаагүй, 24.8 хувь нь импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл Монгол, Орос, Англи хэлний аль нэг дээр бичигдээгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүнийг буруу шошголж худалдаалсан;

Хүнсний бөөний төвүүдийн 69.2 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалалтын явцад температурыг хянаж, бүртгэл хөтөлдөггүй, 58.1 хувь нь хөргөгч хөлдөөгчийн температурын заалт нь хүний нүдэнд харагдахуйц түвшинд байрлаагүй, стандартын шаардлагад нийцсэн өөрийн тээврийн хэрэгсэлгүй, эсхүл зориулалтын тээврийн хэрэгсэлтэй газартай гэрээ хийгээгүй, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчтэй боловч бүрэн ажилладаггүй, бүртгэл хөтлөж хэвшээгүй;

Төв, Увс аймгуудын их эрсдэлтэй шалгагдсан 5 хүнсний дэлгүүрээс авсан 97 арчдасны 5 буюу 5,1 хувьд гэдэсний савханцар илэрсэн, агаарын 9 дээжинд нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 1 дэлгүүрт хөгц мөөгөнцөр илэрсэн ба худалдаалагдаж буй 79 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн  шинжилгээнд хамруулснаас 8 буюу 10.1% нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй;

Буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг тусгай хаяг бүхий лангуу тавиурт хадгалж, бүртгэл хөтөлдөггүй, тухайн буцаагдсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ хийдэггүй зөрчил шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны төвүүдийн 44.4 хувьд нь илэрсэн;

Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээнд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар тодорхой заалт тусгаагүйн улмаас худалдаачид болон нийлүүлэгчид хүнсний  бараа, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн нөхцөл шаардлага, технологид нийцээгүй хайрцаг сав, уут, баглаа боодолд хийж элдэв төрлийн бараа бүтээгдэхүүнтэй хольж тээвэрлэж; 

Хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ  өөрийн өмчлөлийн тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдааны төвүүдэд авчирч өгч байгаа хэдий боловч ихэнхи  байгууллагуудын тээврийн хэрэгслийн тусгай тоноглол/ хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч/ ажиллагаагүй, тавиур, хайрцаг сав нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагад нийцээгүй, тогтмол угааж цэвэрлэдэггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд энэ онд нийслэлийн БЗД, БГД-т үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул” трейд, “Барс” трейд болон Ховд аймгийн “Хан-Орд”, Увс аймгийн “Увс зах”, Төв аймгийн “Бүлтэн загас” зэрэг хүнсний бөөний төвүүд их эрсдэлтэй шалгагдсан ба эрдэлийн түвшин “Нарантуул” трейд ХХК-ийн худалдааны төвийн битүү захад 2012 онд 75.6 хувь, 2013 онд 77.5 хувь, “Барс” трейд ХХК-ийн хүнсний бөөний төвд 2012 онд 81.8 хувь, 2013 онд 68.1 хувь буюу их эрсдэлтэй байна.

Өмнөх онуудад илрүүлсэн зөрчилд дүн шинжилгээ хийж үзэхэд аймгуудад илэрч буй зөрчлийн дийлэнх хувь нь инженерийн төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, худалдааны зориулалтын тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, зориулалтын бус байртай бол нийслэлд илэрч буй зөрчлийн дийлэнх нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, шинэчлээгүй байгаа бөгөөд ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бүрдээгүй, “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулинд тусгагдсан бүртгэлүүдийг бүртгэж хэвшээгүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Шалгалтанд хамрагдсан хүнсний бөөний 20 төвд давхардсан тоогоор нийт 329 зөрчил илрүүлснээс газар дээр нь 76.2 хувийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 136 заалт бүхий 17 албан шаардлагыг өгч, үйл ажиллагааг зогсоох тухай 2 акт, бүтээгдэхүүн устгах тухай 5 акт үйлдэж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 12.728.0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулсан байна.

Удирдамжийн хүрээнд худалдаалагдаж буй 79 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн  шинжилгээнд хамруулснаас 8 буюу 10.1% нь чанар, аюулгүйн шаардлага хангаагүй болон хадгалалтын хугацаа дууссан тул 21 нэрийн 1.777.4 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөлд  шилжүүлсэн байна.

Энэ онд их эрсдэлтэй шалгагдсан “Нарантуул” трейд, “Барс” трейд ХХК-д хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хугацаатай албан шаардлага өгч гүйцэтгэлийн хяналт шалгалтаар үүрэг даалгаврыг биелүүлэгдээгүй бол үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох шийдвэр гарсан.

Увс аймгийн “Увс зах”-ын үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийтийн бие засах газрыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбуулах, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй болох талаар аймгийн МХГ-аас хугацаатай үүрэг өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байгаа ба Төв аймгийн “Бүлтэн загас” хүнсний бөөний төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 5 хуулийн 69 заалт, 3 стандартын 22 заалтын хэрэгжилт шалгалтанд хамрагдсан нийслэлийн хүнсний бөөний төвүүдэд 76.6 хувьтай, аймгуудад 76.2 хувьтай, улсын хэмжээнд дунджаар 76.4болж, өмнөх оныхоос17.1 хувиар дээшилсэн дүн гарсан байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл хэвээр байна гэж үзэж байна.

Өмнөх шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын технологи зөрчигдсөнтэй холбоотой зөрчил их эрсдэлтэй байсан бол гүйцэтгэлийн хяналт шалгалтаар арилаагүй байгаа нь хүнсний бөөний төвүүдийн худалдаалж буй онцгой түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын хөргөлттэй тоног төхөөрөмжөөр болон хөргөх, хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслэлээр хангах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгалтанд хамрагдсан дээрхи 20 бөөний төвүүдэд 136 заалттай 17 албан шаардлага хүргүүлж, түүний биелэлт энэ оны 06  дугаар сард 76.0 хувьтай байсан бол гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дунджаар 79.8 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар дээшилсэн байна.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй  байгуулсан  гэрээнүүдэд  төмс, хүнсний ногоо болон хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар огт заалт тусгагдаагүй, шалгалтанд хамрагдсан бүх худалдааны төвүүдэд дотоодын хяналтын тогтолцоо бүрдээгүй, худалдааны төвүүдийн автотээврийн зогсоол, талбайд хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн  хангагдаагүйгээс хүнсний чанар, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх, хүн амыг аюулгүй, чанартай хүнсээр хангагдахгүй байх, иргэд байгууллагын эд хөрөнгө сүйтгэгдэх эрсдэлийг үүсгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ