70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тендерт оролцогч нарт зориулсан нийтлэг асуулт, хариулт 56->84

56. Үнэлгээнд хамруулах тендерийн тоог тогтоох

Хэрэв шаардлагад нйицсэн тендерүүдийн тоо хэт олон байгаа тохиолдолд захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хамгийн доод үнэ ирүүлсэн тендертэй ойролцоо үнэтэй олон тендер байгаа бол тэдгээр ойролцоо доод үнэтэй тендерүүдийг бүгдийг цаашдын үнэлгээнд оруулна. Хэрвээ тендерүүдийн үнэ хоорондоо ихээхэн зөрүүтэй бол шаардлагад нийцсэн хамгийн доод үнэтэй гурван тендерийг цаашдын үнэлгээнд хамруулах нь хангалттай байж болно. Ийнхүү цаашдын үнэлгээнд хамруулах тендерийг сонгохдоо баримтлах гол зарчим бол тендерийн үнэд зохих нэмэлт, тохируулга, залруулга хийсний дараа хамгийн сайн гэж үнэлэгдэж болох тендерийг үнэлгээнээс хсахгүй байхад оршино. Ийм учраас тендерийн үнэлгээнд хамгийн сайн үнэлэгдсэн тендер болох магадлалтай, шаардлагад нийцсэн бүх тендерийг хамруулах шаардлагатай.

57. Алдааг залруулах

Тооцооны буюу арифметик алдааг тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан аргачлалын дагуу залруулж тэмдэглэнэ. Захиалагчийн хийсэн залруулгыг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөх ёстой. Залруулгын үр дүнд аль нэг тендерийн үнэ өөрчлөгдөж тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай тайлбарыг тухайн маягтад хавсаргана.

58. Магадлашгүй ажлын зардлын дүнг залруулах

Тендер нь захиалагчийн урьдчилан таамаглаагүй ажил буюу нэр заасан туслан гүйцэтгэгчид хуваарилсан гэх мэт магадлашгүй ажлын зардлыг агуулж болно. Энэ зардлын дүн бүх тендерийн хувьд ижил байх учраас тус дүнг тендерийг нээх үед зарлагдсан үнээс хасч 7 дугаар маягтын 5 дугаар баганад бичнэ. Гэвч эдгээр магадлашгүй зардал нь тендерт оролцогчоос санал болгох өрсөлдөөнт үнэ бүхий ажил өдөрт хамаарах тохиолдлолд энэ дүнг хасахгүй.

59. Нэмэлт өөрчлөлт буюу үнийн хөнгөлөлтийг тооцох

Үнийн хөнгөлөлтийн /эсхүл үнийг өсгөх өөрчлөлтийн/ хувь, хэмжээг 7 дугаар маягтын 7,8 дугаар баганад үзүүлнэ. Үнийн хөнгөлөлтийг хувиар илэрхийлсэн бол зохих суурь дүнгээс энэ хувийг тооцно. Хэд хэдэн багцаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд үзүүлэхээр санал болгосон нөхцөлт үнийн хөнгөлөлтийг үнэлгээний бусад бүх шатыг дууссаны дараа харгалзан үзэх тул үнэлгээний аль ч үе шатанд харгалзахгүй болохыг анхаарна уу. Зөвхөн олон багцтай тендерийн үнэлгээний эцсийн үе шатанд нөхцөлт үнийн хөнгөлөлтийг авч үзнэ.

60. Тохируулга

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан бол үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон үйлчилгээний хүчин зүйлүүдийг тендерийн үнэлгээнд харгалзана. Эдгээр хүчин зүйлийг үнэлэхэд ашиглах аргачлал нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу байх ба аргачлалын дагуу үнэлгээг хэрхэн хийснийг тендерийн үнэлгээний тайланд нарийвчлан дурдана. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд онцгойлон заагаагүй бол, тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг давуулж биелүүлсэн тендерийн үнэлэгдсэн харьцуулсан үнийг бууруулах, эсвэл түүнд урамшуулал олгохгүй. Тохируулах хэмжээг ажлын болон ихэнх барааны гэрээний хувьд зардалтай нь тэнцэх дүнгээр илэрхийлж 11 дүгээр маягтын 4 дүгээр баганад үзүүлнэ.

61. Мөнгөөр үнэлж болох зөрүүг залруулах

Мөнгөөр үнэлж болох зөрүүтэй тендерийг 6.5-ын дагуу шаардлагад нийцсэн гэж үзсэн бол дараах аргачлалаар уг зөрүүг үнэлж тендерийн үнэлгээнд харьцуулах зорилгоор харгалзана. Тендерт оролцогчоос тодорхойгүй шаардлага, нөхцөл /тухайлбал “урьдчилгаа төлбөрийн хэмжээг ихэсгэхийг хүсч байна” эсвэл “дуусгах хуваарийг өөрчлөх талаар хэлэлцэхийг хүсч байна”/-ийг тендерийн баримт бичигт зааснаас зөрүүтэйгээр илэрхийлбэл тэдгээрийг ердийн нөхцөлт тендерийн үнэлгээнд авч үзэхгүй. Гэвч тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан шаардлагаас эрс өөрөөр хөдлөшгүй санал ирүүлэх нь түүний тендерээс татгалзах үндэслэл байна. Хэрэв бараа, үйлчилгээг гүйцэтгэх хуваарь тендерийн баримт бичигт заасан хугацаанаас хэтэрсэн ба үүнийг захиалагч хүлээн зөвшөөрөх боломжтой бол хэтэрсэн хугацааг оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан хэмжээгээр үнэлж, заагаагүй бол тендерийн баримт бичигт заасан алдангийн хувь хэмжээгээр тооцож тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлнэ. Мөнгөөр үнэлж болох зөрүүг үнэлгээний валютаар илэрхийлж 11 дүгээр маягтын 5 дугаар баганад ирүүлнэ.

62. Дотоодын давуу эрх

Үнэлгээний явцад дотоодын давуу эрх тооцохоор бол Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал” –ыг мөрдлөг болгоно.

63. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглох

Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглоно. ТБОНӨХБАҮХАТ-хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдээр шилжүүлэхийг хоргилоно.

64. Хүчин төгөлдөр бус гэрээ гэж

Захиалагч ТБОНӨХБАҮХАТ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол, ТБОНӨХБАҮХАТ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ.

65. Тендерийн баримт бичгийг тодруулах

Тендер зарласан өдрөөс хойш тендерийн баримт бичгийг тодруулах, нэмэлт мэдээллийг бичгээр авч болно.ТББ-ийн тодруулга, түүнд хариу тодруулгын хамт ТББ худалдан авсан бүх сонирхогчдод хүргүүлнэ.

66. Тендерийн баталгаа гэж

Тендерийн баталгаа гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, ЗГ-н бонд, ЗГ-аас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

67. Гүйцэтгэлийн баталгаа

Гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, ЗГ-н бонд, ЗГ-аас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

68. Урьдчилгаа төлбөрийн баталгаа

Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, ЗГ-н бонд, ЗГ-аас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ.

69. Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт

Ажил барааны тендерүүдийг харьцуулахдаа залруулга хийж, үнийн хөнгөлөлтийг тооцсон үнэ болон нэмэлт, тохируулга мөнгөөр үнэлж болох зөрүү зэргийг тусгасан 11 дүгээр хүснэгтийн 6 дугаар баганад бичигдсэн дүнг ашиглана. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж дараах ажиллагааг хэрэгжүүлнэ. “хэд хэдэн багцаар гэрээ олгосон тохиолдолд үзүүлэх үнийн хөнгөлөлт /нөхцөлт үнийн”/ -ийг тооцох, “урьдчилан сонголтыг хэрэгжүүлсэн бол урьдчилсан сонголтод ирсэн мэдээллийг эсвэл олон багцтай тендерт хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн бол чадварын шаардлагыг хангаж буй эсэхийг дахин магадлах.

70. Нөхцөлт үнийн хөнгөлөлт

Хэд хэдэн багцад гэрээ байгуулах эрхийг нэг тендерт оролцогчид олгосон тохиолдолд үзүүлэх нөхцөлтэйгээр тухайн тендерт оролцогч тодорхой үнийн хөнгөлөлт санал болгож болно. Хэдэн багцад гэрээ байгуулахаас хамаарч тендерт оролцогчийн үзүүлэх үнийн хөнгөлөлтийн хэмжээ хэлбэлзэж болно. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу тендерт оролцогчийн санхүү, техникийн чадварыг үндэслэн түүнд гэрээ байгуулах эрх олгох багцын тоо, нийт үнийг хязгаарлаж болно. Ийм учраас тухайлсан багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчид энэ хязгаарлалтын улмаас тус багцад гэрээ байгуулах эрх олгохгүй болж болно.

71. Тендерт оролцогчийн чадварыг дахин магадлах

Хэрэв урьдчилсан сонголтыг явуулсан бол, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн урьдчилсан сонголтоос хойш санхүү, техник, ерөнхий чадварын үзүүлэлт нь илт буураагүй эсхүл нэмэлт ажил авч ажлын ачаалал нь хэтрээгүй бол түүнд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргана. Олон багцтай тендерт санал ирүүлсэн оролцогчийн тендер багц бүрт хамгийн сайн гэж үнэлэгдсэн бол багц тус бүрт заасан гэрээг хэрэгжүүлэхэд чадварын үзүүлэлт нь шаардлагад нийцэх эсэхийг дахин магадлана.

72. Хувилбарт тендер

Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн тендерийн бичиг баримтад нийцсэн хувилбарт тендерийг харгалзан үзнэ гэсэн нөхцлийг захиалагч тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд зааж болно. Энэ тохиолдолд хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийн хувилбарт тендерээр гэрээ байгуулах дүгнэлт гаргавал энэ тухай үндэслэлийг заавал дурдана. Хувилбарт тендерийн үнэ нь үндсэн тендерийн үнээс өндөр байгаа тохиолдолд хувилбарт тендерийг шалгаруулахгүй. Хувилбарт тендерийг үнэлэхэд хийсэн тооцоог үнэлгээний тайланд хавсаргана.

73. Гэрээ байгуулах эрх олгох тухай санал

Үнэлгээний хорооноос хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид гаргана. Санал болгож буй гэрээний үнэ нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу залруулга, үнийн хөнгөлөлтийг /түүний дотор нөхцөлт үнийн хөнгөлөлт/ тооцсон тендерийн үнэ байна. Гэрээ байгуулах үнэ, бусад мэдээллийг 14 дүгээр маягтад бичнэ.

74. Тендерийн үнэлгээний дүгнэлт

Тендерийн үнэлгээний дүгнэлтэд энэ зааврын дагуу бөглөгдсөн 1-ээс 14 дүгээр маягтуудын хамт дараах зүйлсийг хавсаргана. Тендерийн үнэлгээний тайланг давхар хянаж дугаарлан, иж бүрдлийг шалгаж, үнэлгээний дүгнэлтийг танилцуулах албан бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ.

75. Худалдан авах ажиллагааны журам

Худалдан авах ажиллагааны журам олон хувилбартай байж болох ч ерөнхий хэдэн арга л ихэнх тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Худалдан авалтын янз бүрийн аргыг хэрэглэж болох ч ямар аргыг хэрэглэх вэ? гэдгийг тодорхойлох гол шалгуур нь “босго үнэ” юм.

76. Нээлттэй тендер шалгаруулах журам

Энэ нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах үндсэн журам бөгөөд бусад журмуудыг хэрэглэх бодит үндэслэл байхгүй бол худалдан авах ажиллагааг зайлшгүй нээлттэй тендер шалгаруулах журмын дагуу гүйцэтгэхийг шаардана. Хуулиар төсөвт өртгийг үндэслэлгүйгээр хуваан хэд хэдэн тендер зарлахыг хориглосон хэдий ч хэд хэдэн багц бүхий тендер шалгаруулалтыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ багцуудын төсөвт өртгийн нийлбэр үнийн дүнд үндэслэн холбогдох журмыг сонгохыг заасан. Нээлттэй шалгаруулалтын урилгыг олон нийтэд зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана. Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ. Нээлттэй тендерийн хувьд хоёр үе шаттай шалгаруулалт дараах тохиолдолд явуулж болно. Төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, зах зээл дээр хэд хэдэн боломжит техникийн шийдлүүд байгаа Захиалагч техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох боломжгүй бөгөөд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчээс туслалцаа авах шаардлагатай. Захиалагч хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалт явуулах тухайгаа тендерийн баримт бичиг болон урилгад зааж, тендер шалгаруулалтыг зохион байгуулна. Эхний шатанд тендерт оролцогч нь техникийн саналаа ирүүлэх бөгөөд түүнийг захиалагч үнэлж, нэмж оруулах тодотгол, өөрчлөлтийг тендерт оролцогчтой тохиролцох, 2-р шатанд тодотгол өөрчлөлт оруулсан техникийн саналыг үндэслэн хийсэн санхүүгийн саналаа тендерт оролцогч ирүүлэх бөгөөд энэхүү тодотгосон саналыг захиалагч үнэлнэ.

77. Тендер шалгаруулалтын онцгой журам

Тендер шалгаруулалтыг онцгой журмаар хязгаарлагдмал тендер шалгаруулалт, харьцуулалтын арга, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэнэ.

78. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт

Бараа, ажил, үйлчилгээний цогц, онцгой шинж чанараас хамааран тийнхүү гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал үед, бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотойгоор нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол холбогдох өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг гүйцэтгэнэ.

79. Харьцуулалт арга

Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг хуульд заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа гурав болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. Гэрээ байгуулах эрх олгох үйл явц бусад журмын нэгэн адил хэрэгжинэ.

80. Шууд гэрээ байгуулах

Нэг л гүйцэтгэгчийг өрсөлдөөнгүйгээр урьдчилан сонгоно гэсэн үг бөгөөд гэрээний үнэ цэнэтэй холбоогүй байж мэдэх онцгой нөхцөлд зөвшөөрөгддөг арга юм. Нээлттэй тендер зарлаад хоёр удаа хүчингүй болсон үед Харьцуулалт амжилтгүй болсон тохиолдолд нэмэлт нийлүүлэлт нь барааны анхны гэрээний үнийн 20% -иас ажлын 15%-иас хэтрэхгүй нөхцөлд Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай гэж үзсэн бол гэрээ шууд байгуулна.

81. Онцгой журмаар тендер шалгаруулах аргууд

Нээлттэй болон харьцуулалтын аргыг хэрэглэсэн тендер шалгаруулалтын үед шаардлагад нийцсэн тендерийн санал ирээгүй, Оюуны өмчийн эрхийн асуудлын үүднээс гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, нэмэлт нийлүүлэлт шаардагдах үед зохих нөхцөлүүдийн үндсэн дээр нэмэлт ажлын үед зохиох нөхцөлүүдийн үндсэн дээр тодорхой нөхцөл байдлын улмаас гүйцэтгэгчийг нэн даруй сонгох шаардлагатай үед онцгой журмын аргыг хэрэглэнэ.

82. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх тохиолдлууд

Шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхдээ чадавхи бүхий нэг, эсвэл түүнээс дээш тооны оролцогчоос тендерийн санал ирүүлэхийг хүсэх ба гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас харилцан тохиролцож хугацааг тогтооно. Тендерт оролцогчдын саналыг техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагуудтай хэр нийцэж буйгаар нь үнэлэх бөгөөд гэрээ байгуулах эрхийг жишиг шалгуурын дагуу олгоно. Дээрх бүх аргаар, ажил бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаан нь ерөнхийдөө ижил горимоор хэрэгждэг. Зарчмын хувьд захиалагч худалдан авах бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ, үнийн санал, холбогдох бусад шалгуурыг аль болох нарийн тодорхойлно. Үнийн санал мэдүүлэгчид нэрлэсэн үнээр бүтээгдэхүүн санал болгоно. Захиалагч үнийн саналыг сайтар хянан үзээд үнийн санал хоорондын биет бүх ялгааг тооцон тухайн бүтээгдэхүүнд тохирсон хамгийн бага үнэ гэж тооцогдож болох хамгийн сайн үнэлэгдсэн үнэ бүхий саналыг сонгоно.

83. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох

Төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавихад тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр гүйцэтгэгчээс үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг зөвлөх үйлчилгээ гэнэ. Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг энэ үйлчилгээг хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол хувь хүнийг сонгоно. Захиалагч шаардагдаж байгаа зөвлөх үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэж, боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбай, төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйчилгээнд шаардлагатай бусад зардалд үндэслэн төсөвт өртгийг тооцно. Үүний дараа зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтлэнэ.

84. Дэлгэрэнгүй жагсаалтад оруулж болох зөвлөхүүд

Хариу ирүүлсэн зөвлөхүүдийг дэлгэрэнгүй жагсаалтад оруулна. Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно. Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс шаардлага хангасан болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гарган саналын урилга, ажлын даалгаврыг хүргүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ