70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж,байгууллагуудад хийсэн шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээ, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт, хяналт шинжилгээ, тандалт судалгааг зөвлөн туслах үйлчилгээг хоёрдугаар сарын 10-наас аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэв.

2014 онд аймаг, нийслэлийн хэмжээгээр нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч үүнээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газрууд, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар тус тус хамрагдсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн,  дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59 тохиолдол (76%), нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол (24%) бүртгэгдсэн байна. 2004-2014 онд хоолны хордлого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгджээ. 2014 оны эхний 8 сарын байдлаар нийт 7 удаагийн дэгдэлтэнд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад 4 удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой 2 тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн байна. 

Тандалт судалгаанд хамрагдсан нийт 38 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 12 буюу 31,5 хувийн шошгонд олон улсын Е кодыг бичсэн /”Чили” соус, “Мөөгтэй” цуу, “DBL” исгэгч, Орос, Польш улсын хоол амтлагчууд/, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Япон, Итали, Малайз, Америк, Энэтхэг улсуудаас импортолсон байна. Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг хоолны технологийн картад дутуу тусгасан, баримжаагаар хэрэглэдэг, зарцуулалтын бүртгэл хөтөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгаагүй байна.

Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 58,0 хувь нь ажиллагсад хувцас солих өрөө /шүүгээ/-гүй гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, 62,0 хувь хүнсний агуулахгүй, 63,0 хувь бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэргээр нийт 64 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 62 хувь технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгээр 523 газрын 43,0 хувь агааржуулалт, 31,0 хувь гэрэлтүүлэг, 45,0 хувь чийглэгийн хэмжээ зохих норм хангаагүй, эдгээрийн 36,1 хувь их, 41,8 хувь дунд, 22,1 бага эрсдэлтэй үнэлэгдсэн, нийт давхардсан тоогоор 4396 зөрчил, эдгээрийн 75,0 хувьд ажлын байрны ариун цэврийн шаардлага хангагдаагүй дүнтэй байна.

Шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдал:

Хамрагдсан нийт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 693 буюу 48,8 хувь, үүнээс хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрууд 100,0 хувь эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, зориулалтын бус ажлын байртай, хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрын 330 буюу 63,0 хувь хоол үйлдвэрлэлийн туслах өрөө тасалгаагаар хангагдаагүй, бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг, 335 буюу 23,6 хувь нь ажиллагсдын хувцас солих өрөө /шүүгээ/ байхгүй, 796 буюу 66 хувь хоолны газар технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулан дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 51,3%, Архангай 26,3%, Ховд 19% г.м/

Нийт хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газруудын 64,0 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 47,8 хувь цэвэр, бохир усны төвлөрсөн болон хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй; /нийслэлд 52,2%, Булган 42,9%, Хэнтий 89,3% цэвэр ус, бохир ус зайлуулах хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй г.м/

Нийт хамрагдсан хоолны газрын 689 буюу 48,3 хувь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, 561 буву 39,5 хувь агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй; /нийслэл 33,5%, Архангай 3,6%, Өвөрхангай 62,7% мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, г.м/

Гар угаах цэгүүд халуун хүйтэн устай, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага нийт хамрагдсан хоолны газрын 924 буюу 65,0 хувьд хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах цэг 582 бюу 39,1 хувьд байхгүй, гар хатаагч эсвэл гар арчих цаасан салфетка 712 буюу 50,1 хувьд хангагдаагүй; /нийслэлд 57,3%, Дархан-Уул 31,2%, Дорноговь 14,2% гар угаах цэгүүд халуун хүйтэн ус, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага хангаагүй г.м/

Хамрагдсан нийт хоолны газруудын 382 буюу 26,9 хувь болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хөргөх төхөөрөмжид хадгалдаггүй, 357 буюу 25,1 хувь амьтан ургамлын гаралтай хүнс, түүхий эдийг хөргөгчид таглаагүй саванд нэг дор хамт хадгалдаг, хяналт шинжилгээний дүнгээр 322 буюу 62,0 хувь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан, тавиур, багаж хэрэгслэлийг тэмдэгжүүлэн холихгүй байх шаардлагыг хангаагүй; /нийслэлд 30,3%, Дундговь 4,8%, Төв 20,%, 11,8% болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалдаггүй г.м/

Батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэлийг явуулдаггүй, ялангуяа улс үндэстний хоолны амтлагч /нэмэлт Е 100, 101, 311, 446, 551, 621, 631 агуулсан/-ийг гадаад тогоочийн аман заавраар хольж бэлтгэн хоол, хүнсэнд ашиглаж хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 32,6%, Булган 65,3%, Орхон 1%,г.м/

Хоол үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дагалдах баримт бичиггүй, хаяг шошго нь хятад, солонгос хэл дээр бичигдсэн хоол амтлагчийг ашигласан, нийт давхардсан тоогоор 688 нэр төрлийн хүнс, түүхий эдийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 201 дээж эерэг үзүүлэлттэй гарч байгаа, /Хятад, солонгос үндэсний хоолны газарт хийсэн шалгалт, тандалт судалгаагаар нийслэл, Орхон, Дархан-Уул аймагт 39 нэр төрлийн түүхий эд, хоол амтлагч нь чанар, аюулгүй байдлын дагалдах баримт бичиггүй, шошго хятад, солонгос хэл дээр бичигдсэн байсан г.м/

Шалгагдсан байгууллагуудын 664 буюу 46,7 хувь хортон шавьж мэрэгчдээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар тогтоосон хугацаанд хийлгэдэггүй, үр дүнг тооцдоггүй; /нийслэлд 38,3%, Баянлгий 52,5%, Дархан-Уул 64,8%, Төв 76,6%,Говьсүмбэр 56,2% г.м/,

Хоолны газрын 776 буюу 54,6 хувь цонх, хаалга, агааржуулалтын хоолой нь шавж хорхой, ялаанаас хамгаалагдсан торон хаалттай байх шаардлагыг хангаагүйгээс хоол, хүнсийг шавжаар дамжин бохирдох  нөхцөл бүрдүүлж байгаа, /Нийслэлд 59,2%, Ховд 41,1, Сэлэнгэ 70%, Дорноговь 28,5% г.м/,

Нийт шалгалтад хамрагдсан хоолны газрын ажиллагсадын 26,7 хувь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 46,3 хувь нь халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь тэднээр дамжин хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого тархах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 93, Говьсүмбэр 42, Өмнөговь 35, Хэнтий 1, Дорнод 5 ажиллагсад үзлэгт хамрагдаагүй байсан г.м/

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 166 хоолны газар мэргэжлийн тогоочгүй эрхлэж байсан, /нийслэлд 14,8%, Сүхбаатар 21,1%, Говь-Алтай 2,6% г.м /;

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 53,1 хувь ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын  чиглэлээр дотооддоо сургалт явуулдаггүй, сургалтад хамруулдаггүй, /нийслэлд 42,9%, Сэлэнгэ 13,3% г.м/,

Нийтийн хоолны газруудад дотоодын хяналт тогтмолжоогүй, хангалтгүй /нийслэлд 64,5%, Дархан-Уул 93,7%, Баянлгий 45%, г.м/ зэрэг зөрчлүүд илэрлээ.

МХЕГ-аас баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 21 аймаг, нийслэлийн МХГ-ууд орон нутгийн хэмжээнд нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийн, давхарсан тоогоор нийт 13505 зөрчил илрүүлэн үүний 65,2 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч,  улсын байцаагчийн 3273 заалт бүхий албан шаардлага 685-ыг өгч, барилга, байгууламжтай холбоотой 34,7 хувийн үлдсэн зөрчлийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Нийт 97 хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох акт тавьж, зориулалтын бус ажлын байртай 84 газрын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлүүлсэн, 1303 нэр төрлийн 30667,0 мян.төг-ийн чанар, аюулгүйн шаардлага хангахгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнд 90515,5 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж 99,4% барагдуулсан байна.

Хоол үйлдвэрлэлийн газруудын байнгын угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгах зорилгоор нян судлалын арчдасны шинжилгээг 9819 цэгээс, нийт давхардсан тоогоор 987 нэр төрлийн хүнс, түүхий эд, 41 хоолны газрын ундны уснаас дээж авч тус тус лабораторийн шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн 178 дүгнэлт гаргаж ажилласан байна.  

Шалгалтанд хамрагдсан хоолны газрууд тус бүрт “Хоол үйлдвэрлэлийн газрын дотоод хяналт” сэдэвт сургалт зохион байгуулж, эрсдлийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар мэргэжлийн зөвлөгөө, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг сурталчилах, хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар сургалт, хэлэлцүүлэг хийх ажлыг МХЕГ-ын хэмжээнд 4, аймаг, нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 55 удаа хийж, 462 заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг гарган мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан байна.

Дүгнэлт

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” заалт, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй,аюулгүй байдлыг бүрэн хариуцна” заалтын хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналт бүрэн төлөвшин тогтмолжоогүй  байна гэж дүгнэлээ. 

Хоолны газруудын  дотоодын хяналтын тогтолцоо хэвшээгүйгээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа эрхлэх, чанар, аюулгүй байдал нь алдагдсан, баталгаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд ашиглах зөрчил бүрэн таслан зогсоогдохгүйгээс хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлого гарах нөхцөл бүрдэж байна.  

Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх, ажлын байрыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэх, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангах зэрэг заалтын хэрэгжилт нийтлэг хангалтгүй байна.

2014 онд шалгалтад хамрагдсан нийт хоолны газруудын үйл ажиллагааг Хяналтын хуудсаар дүгнэхэд 469 буюу 32,9 хувь нь бага, 638 буюу 44,8 хувь нь дунд, 314 буюу 22,3 хувь нь их эрсдэлтэй дүн гарлаа.2014 онд хийсэн хяналт, шалгалтын үр дүнг өнгөрсөн онуудтай харьцуулахад тухайн жил шалгалтад хамрагдсан объектын тоо өссөнтэй холбоотойгоор их эрсдэлтэй газрын тоо нэмэгдэж, үүний нийт тоонд эзлэх хувь 3-аар өссөн байгаа боловч дунд эрсдэлтэй газрын тоо 4,5 хувиар нэмэгдсэн, 191 хоолны газар бага эрсдэлтэй ангилалд шилжсэн, эрсдэл буурсан хоолны газрын тоо өмнөх жилээс 172-оор, арилгуулсан зөрчлийн тоо 3959-өөр тус тус өсч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагчдад зориулсан сургалт заавар, зөвлөмж нэмэгдсэн зэргээр хяналтын үр дүн дээшилсэн байна гэж дүгнэлээ.

Мөн 2012 онд хийсэн шалгалтын дүнг 2014 оны төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан байдалтай харьцуулж үзэхэд “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Хоолны газрын ангилал, зэрэглэл” Үндсэн шаардлага MNS 4946:2005 улсын стандартын хэрэгжилт 80 хувиас дээш хангагдсан газрын тоо /нийт шалгагдсан газруудын тоонд эзлэх хувь/ дөнгөж 6,4 хувиар өссөн нь одоогийн мөрдөгдөж буй стандартыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлагатай болсныг харуулж байна гэж үзлээ.

Шалгалтад хамрагдсан газруудын 48,8 хувь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын бус ажлын байртай, хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газруудын 333 буюу 64 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий байртай, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох зорилгоор хийсэн хэмжилт судалгааны дүнгээр 57,0 хувь агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй, салхивчгүй, 69,0 хувь үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлэг хангалтгүй, агаарын урсгалын хурд, гэрэлтүүлэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин бага, 55,0 хувь чийглэгийн хэмжээ 2 дахин их байсан зэрэг нь хүнс, хоол дамжин бохирдолд өртөх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарах эрсдлийг бий болгож байна.

Улсын хэмжээнд орон сууцны давхарт нийт 2011 онд 1018 хоолны газар үйл ажиллагаа эрхэлж үүний 768 нь нийслэлд, 250 нь аймгуудад байсан бол 2014 оны байдлаар Өвөрхангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад орон сууцны давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажиллахыг зогсоосон, нийслэлд нийт 824 үүнээс зориулалтын байртай 267 болж 127-оор нэмэгдсэн, зориулалтын бус байранд 557 болж 84 хоолны газар хяналтын байцаагчийн өгсөн шаардлагын дагуу чиглэлээ өөрчлөн цөөрсөн  байна.

Хоол үйлдвэрлэлийн газруудын байнгын угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлийн байдлыг шалгах зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдасын шинжилгээг 9819 цэгээс авч 11566 үзүүлэлтээр шинжлүүлэхэд 2818 буюу 28,6 хувь нь эерэг үзүүлэлттэй гарч байгаа нь ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй 33,9 хувь нь хэсгийн болон зөөврийн усан хангамжтай байгаагаас шалтгаалан усны хүрэлцээ муу, зааврын дагуу угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх нөхцөл бүрдээгүйтэй холбоотой байна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 41 хоолны газрын ундны усны дээжинд хийсэн шинжилгээгээр 11 дээж буюу 26,8 хувь эерэг үзүүлэлттэй ялангуяа нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч байгаа нь зөөврийн усан хангамжтай хоол үйлдвэрлэлийн газрууд ус нөөцлөх савыг зааврын дагуу угааж халдваргүйжүүлдэггүй, усыг олон хоногоор хонуулж хэрэглэдэгээс хоолны хордлого, хордлогот халдвар гарч болзошгүй эрсдлийг бий болгож байна. Мөн хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн 987 дээжид хийсэн шинжилгээгээр 37 буюу 3,7 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан нь хүнс хадгалах агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалдаггүй, дотоод хяналт муу байгааг харуулж байна.

Хоол үйлдвэрлэлд ялангуяа улс үндэсний хоолны үйлчилгээ эрхлэгчид амтлагч /нэмэлт/-ыг хэрэглэх зохистой хэрэглээ алдагдсан, батлагдсан жор, орц байхгүй, тухайн хүнсний нэмэлт бодисын ямар ангиллын болох, тэдгээрт заагдсан зөвшөөрөгдөх хэмжээ зэргийг технологийн карт, жор орцод тусгалгүй баримжаагаар ашигладаг, зарим амтлагч /хүнсний нэмэлт/-ын шошго ханз үсгээр тэмдэглэгдсэнээс ашиглах зааврыг мэддэггүй, Е тэмдэглэгээ тусгагдаагүй, зориулалтаар нь нэршиж ирсэн нь хоол, хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хоолны хордлого, халдваруудын дэгдэлтийн байдалд хийсэн тандалт судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд хүүхдийн байгууллага буюу байгууллагын цайны газартай холбоотой хоолны хордлого, халдвар нэмэгдэх хандлагатай байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй, хүүхдийн байгууллагын нягтрал ихэссэн, хүнсний байгууллагад ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаггүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй хүмүүс хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ