Хөвсгөл аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны гишүүд, орон нутгийн агентлаг, байгууллагын удирдлагуудад жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн мэдлэг ойлголт олгох зорилгоор “Жендэр ба бодлого төлөвлөлт” сургалтыг Жендэрийн үндэсний хороо, ЭККО-ФАРМ төслийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Хөвсгөл аймагт 2019-2021 онд хэрэгжсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, аймгийн Жендэрийн салбар хорооны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр Хөвсгөл аймгийн “Хөх уст нуур” ТББ шалгарч үнэлгээг гүйцэтгэж байна. Цаашид үр дүнд суурилсан зөвлөмж бүхий үнэлгээний тайланг урьдчилсан болон эцсийн байдлаар танилцуулах ажлуудыг зохион байгуулж аймгийн түвшинд жендэрийн дэд хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн амжилт, хийдэл, тулгарсан бэрхшээл, сургамжийг тодорхойлж, дараагийн шатны жендэрийн чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031) дунд хугацааны хөтөлбөр батлуулах ажлыг зохион байгуулна.
Сургалтад хамрагдсанаар удирдах түвшний албан хаагчид орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, харьяалах байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэх чадавхтай болох юм.