70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зөвшөөрөлгүй хоёр барилгыг албадан буулгана
2016 оны 10 сарын 10 495
Өнөөдөр сонин 2016.07.26 Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 27 барилга барьж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өчигдөр хуралдсан нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, гарц хааж барьсан хоёр барилгыг албадан буулгах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад уламжилсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, "Хүннү" хорооллын урд иргэн Ц.Оюунцэцэг, М.Бат-Очир нарын барьсан дөрвөн давхар сууцыг буулгах санал гаргасан. Учир нь тэд барилгаа зураг төсөлгүйгээр, орон сууцны 95 дугаар байрнаас 1.5 метрийн зайд айлуудын цонх хааж барьсан аж. 2014 онд мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавьж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон ч биелүүлэлгүй, барилга угсралтын ажлаа дуусгасан байна. Үүнээс гадна ЭХЭМҮТ-ийн баруун талд барьсан иргэн Ц.Машбатын барилгыг буулгах гэнэ. Ц.Машбат нь Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус хэсэгт 96 ам метр газар эзэмших эрхтэй болсон ч газрын хэмжээгээ дур мэдэн нэмэгдүүлж, явган хүний зорчих хэсэгт өргөтгөл барьжээ. Тиймээс өргөтгөлийг буулгаж, гарц чөлөөлөх шаардлага тавьж буй аж. Нийслэлийн удирддагууд уг саналыг хэлэлцээд дээрх хоёр барилгыг буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Мөн цаашид ийм зөрчилтэй барилгуудыг буулгана гэдгийг анхааруулав. Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд "Нийтийн эзэмшлийн зам, талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн сөөм газарт ч бизнесийн зориулалтаар барилга барихыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй" гэв. Мөн тэрбээр шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль цэцэрлэгүүдийг яаралтай засаж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Хогийн цэг
2016 оны 10 сарын 10 417
Өнөөдөр сонин 2016.07.25 Горхи-Тэрэлж хогийн цэг болоход ойрхон байна. Үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын дурсгалууд нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг энэ бүс нутагт өнөө зун олон зочин ирсэн бололтой. Ил задгай бие засаж, уусан, идсэн зүйлсийнхээ уут савыг хаа сайгүй орхиод явжээ. Улаанбаатар хотоос 60 км-т оршдог эл газар байгалийн цогцолбор, улсын тусгай хамгаалалттай гэх тодотголтой боловч яг одоогийн нөхцөл байдлаас үзвэл тусгай хамгаалалттай гэдэг нь хэт дөвийлгөсөн гуншин гэлтэй. Байгалийн үзэсгэлэнт бусад газрыг бодоход нийслэлтэй харьцангуй ойр, гол горхи, ой мод элбэгтэй учир зун бүр олны хөлийн газар болдог нь тус газрыг бохирдуулсан хэвээр. Туул голын ус хурах талбайн 40 орчим хувь нь энэ бүсэд хамаардаг. Горхи-Тэрэлжийн нийт талбайн 30 хувь нь ойн сан бүхий газар учир гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрс элэгдэхээс хамгаалах, мөнх цэвдгийг тогтоон барих хүч болдог гэдэг. Гэтэл энэ газарт, тэр дундаа Туул голын эрэг дагуу түмэн хөлийн амьтан цуглаж хог, ялгадсаа үлдээсээр байна. 10 хүрэхгүй метр зайд барьсан майхан, түүнийхээ гадаа сойсон машинууд, нэг "айлд" дор хаяж 4-5 хүн харагдах нь амьдрал буцалж буйн шинж. Нэг талаар тусгай хамгаалалттай нутгаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хүсэлтэй төр, засгийн зорилго биелж буй мэт санагдах нь сайн хэрэг. Гэхдээ тэнд харуул хамгаалалт сул байгааг ашигласан амрагчид эзгүй хээр буй юм шиг эрх чөлөөгөө мэдэрч, дураараа дургиж буй. Гадаадынхнаас илүү дотоодын иргэд тус газрыг зорин ирдэг аж. Уг нь жуулчны бааз, амралтын газар хангалттай олон боловч хүмүүс тэдгээрийг тоохгүй, голын эрэг бараадан майхнаа барьчихдаг. “Уул устайгаа ойр байрлахын дээр мөнгө бага зарцуулах учраас ихэнх нь голын эрэгт байрлаж байна" гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааныхан хэлсэн юм. Мэдээж тэнд бие засах газар, хогийн савны аль нь ч байхгүй. Сайныг санаж, зөвийг эрхэмлэн хаягдлаа шингээх газар хайлаа ч тусыг эс олох тул эрээд ч хэрэггүй. Эрт үеийн монголчуудын (одоо ч зарим газарт ийм л байна) амьдарч байсан жишгээр байгальтайгаа нягт харилцахаас өөр замгүй гэсэн үг. Хаяа залган "гэрээ" барьсан амрагчид хогон дунд зугаалчихаад буцдаг төдийгүй, өөрсдөө ч нэмэрлэдэг учир ийм. Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залган оршдог Горхи-Тэрэлжийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тусгайлан хамгаална гэдэг нь хэн ч хөл тавьж үл болох газар гэсэн үг биш бөгөөд холбогдох хуулиудад зааснаар хамгаалалт, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Уул, хад, гол мөрөн хосолсон үзэсгэлэнт энэ нутгийг унаган төрхөөр нь хадгалж, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэн, байгалийн нөөцийг нь зүй зохистой ашиглахын тулд хамгаалалтад авсан байдаг. Зорилго ч биелж, Монгол оронд аяллын хамгийн эрэлттэй маршрутын тоонд Горхи-Тэрэлж хэдийнэ тооцогдох болсон. Дээр нь хоттой ойрхон болохоор дотоодын иргэд ч тийш зүглэнэ. Тус бүсэд ирэх (ялангуяа урин дулаан цагаар) жуулчдын тоо жилээс жилд өсөж буй юм байна. Өдөрт дор хаяж 1000 гаруй хүн ирдэг гэнэ. Өнгөрсөн зургадугаар сарын дунджийг авч үзэхэд л өдөрт 1466 хүн Горхи-Тэрэлжээр аялсан аж. Холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч, арга хэмжээ авдаг, эсэхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга М.Доржготовоос тодруулахад "Манай захиргаа нийт 16 ажилтантай. Найман байгаль хамгаалагч бий. Нэг байгаль хамгаалагчид 37.000-70.000 га газар ногддог учраас бидний хүч чадал, нөөц бололцоо үнэхээр хүрэхгүй байна. Зам дагуух хог хаягдлыг л цэвэрлэдэг. Ой шугуй, голын эрэг дагуухыг арилгахад хүч хүрдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Заримдаа ойр орчмын аж ахуйн нэгж болон сайн дураараа ажиллах хүсэлтэй оюутан, залуусыг уриалж, тэдэнтэй хамтран цэвэрлэгээ зохион байгуулна. Нэг удаа манайх орж ирж байгаа хүн бүрт уут тарааж, гарахад нь уутаа хогтой авах арга хэмжээ санаачилж хэрэгжүүлсэн юм. Даанч үр дүнд хүрээгүй. Хүмүүс уут авчихаад хогоо хийдэггүй, хувцас хунараа хийгээд машиныхаа ард тавьчихсан байх жишээтэй. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар дээшилж, машиныхаа цонхоор хогоо шидчихээд явчихдаг нь харьцангуй багассан шүү дээ" гэсэн юм. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар руу орж байгаа хүн бүрээс хураамж авдаг. Дотоодын иргэн бол 300, гадаадынхан 3000 төгрөг төлдөг. Өнгөрсөн сард гэхэд 24 орчим сая төгрөг (жуулчдын тоог инфографикт үзүүлэв) төвлөрсөн гэнэ. Энэ хөрөнгөөр бага сага тохижилт хийж, орчныг нь сайжруулж болдоггүй юм уу гэхэд С.Доржготов дарга "Хураамжийн мөнгөнөөс бид нэг төгрөг ч зарцуулах эрхгүй. Сангийн яаманд төвлөрдөг юм. Манайх төрийн бусад байгууллагын адил төсөв багатай. Сард гурав орчим сая төгрөг л зарцуулах эрхтэй. Тэр нь хаанаа ч хүрдэггүй, ажилчдын цалингаа арай ядан залгуулдаг учраас ийм байдалтай байна. Бид өөрсдөө ажил санаачилж, энэ бүхнийг өөрчилье гэхэд эрх зүйн зохицуулалт байдаггүй" гэв. Маш олон хүн зорьж очоод байгаа хэрнээ, төр, түмний хүсдэгчлэн аялал жуулчлалын бүс болж, өргөжин тэлээд байгаа атлаа нэг л биш "хөгжиж" буй Горхи-Тэрэлжийн байдал ийм л байна. Зорилго нь зөв атал залуургүй завь шиг хөвж яваа нь энэ.
Хүчдэлийн шугам хүний аминд хүрэх дөхөв
2016 оны 10 сарын 10 456
Өнөөдөр сонин 2016.07.25 Цахилгаан дамжуулах агаарын шугам жигүүртэн төдийгүй хүнд аюул учруулах болжээ. Шувууд өндөр хүчдэлд цохиулж үй олноороо үхэж байгаа. Энэ нь цахилгааны шугам дээр хамгаалалт хийгээгүй, утас хоорондын зай хэт ойрхонтой холбоотой аж. Тэгвэл энэ сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд цахилгааны утастай шүргэлцсэн кран шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, цахилгаан дамжуулах агаарын шугам цүлхийж, унжсан утсанд нь иргэн С-ийн краны үзүүр хүрч, цахилгаан холболт үүссэнээс шатжээ. Энэ талаар эх сурвалжууд "Өндөр хүчдэлийн зарим утас цүлхийгээд, унжчихсан байдаг. Тийм утсанд С-ийн краны сум хүрсэн. Үүнээс нь болоод кран шатсан юм билээ. Асфальт замыг хөндлөн тавьсан шугам байсан учир кран 10 хүрэхгүй минутад шатсан гэсэн. Уг нь аймгийн Онцгой байдлын газар дуудлага аваад очсон хэдий ч хожимдсон. Кран нь цахилгааны утсанд хүрсэн даруйдаа ажиллахаа болиход жолооч нь машинаасаа бууж амжсан. Хэрэв амжаагүй бол өндөр хүчдэлд цохиулж нас барах байсан биз. Түүнийг буусны дараа кран нь өөрөө асаж, унтарсан гэсэн. Кран шатсан хэсгийнх нь асфальт харлаад, хонхойчихсон" гэв. Өмнө нь үүнтэй ижил хэд хэдэн хэрэг гарч, хүний амь эрсдэж байсан тохиолдол ч бий гэнэ. Тухайлбал, 2014 оны долдугаар сард нийслэлийн Багануур дүүрэгт ийм хэрэг гарч нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж байжээ. Тэр хэрэгт ачааны машины жолоочийг буруутган "Амиа хорлосон" гэдэг дүгнэлт гаргаж байж. Ер нь ийм тохиолдолд "Хохирогч анхаарал болгоомжгүй байсан" хэмээн буруутгаад өнгөрдөг аж. Дээрх хэргийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Ийм осол гараад нэлээд хэд хоносон. Хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Манай аймагт "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн салбар бий. Цахилгааны утас, түүний аюулгүй байдлын талаар тэр байгууллага хариулт өгнө. Харин тухайн хэрэгт цагдаагийн байгууллага шалгалт хийнэ" гэсэн юм. Краны үзүүрийг цахилгааны утсанд хүргэж, шатаасан учир С-ийн хохирлыг барагдуулах байгууллага байхгүй, өөрийнх нь буруу болоод өнгөрөх магадлал өндөр ажээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг жил тутам чангалж байх ёстой аж. Ажил гүйцэтгэсэн компани нь үүнийг хийдэг учиртай гэнэ. Гэвч манайд ийм ажлыг хийдэггүй гэхэд болох. Цахилгааны утасны стандартын талаар эх сурвалжаас тодруулахад "Цахилгаан дамжуулах шутамын утсыг ихэвчлэн авто замын дэргэдүүр тавьсан байдаг. Шаардлагатай тохиолдолд зам дээгүүр хөндлөн тавих нь бий. Энэ тохиолдолд цахилгааны утас хэдэн метр өндөрт байх ёстой гэдгийг журамд нь тодорхой заачихсан. Ер нь цахилгааны утсыг хамгийн намдаа дөрвөн метрийн өндөрт байрлуулах ёстой. Учир нь тэр утсаар өндөр хүчдэл гүйж байгаа шүү дээ" гэв. Цахилгааны шон босгохоос эхлээд утас хэрхэн татах журам манай улсад бий ч хэрэгжүүлдэггүй аж. Байгалийн гамшиг болж, хүчдэлийн шон унаагүй л бол утас нь унжиж уу гэдгийг төдийлөн тоодоггүй гэдгийг эх сурвалжууд хэлэв. Тухайлбал, цахилгааны утасны талаар МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын албанаас тодруулахад "Цахилгаан дамжуулах шугамын трассыг оновчтой сонгох асуудал нэн түрүүнд тавигдах ёстой. Шаардлагатай бол авто зам, суурьшлын бүсээр трасс өнгөрөх үе бий. Энэ тохиолдолд утсыг унжуулахгүйгээр татаж суурилуулах ёстой. Хэрэв унжиж байвал даруй чангалах нь чухал. Бид цахилгааны утасны талаар заавар, зөвлөмж өгдөг. Гэвч стандарт, журмыг хэрэгжүүлэхгүй байх нь бий. Дүрэм журам мөрдөхийн хажуугаар шаардлагад нийцсэн утас хэрэглэж, болзошгүй эрсдэлээс сэргийлж байх ёстой. Улаанбаатар хотод тусгаарлагчтай утас хэрэглээд эхэлчихсэн. Ингэснээр унжсан ч хүний аминд хүрэх эрсдэл гарахгүй. Бололцоо байвал орон нутгийн шугамд мөн ийм утас хэрэглэх нь зүйтэй. Ийм утасны олдоц бага, өртөг нь өндөр тул манайх хөнгөн цагаан дамжуулагчаар агаарын шугам татдаг" гэсэн юм. Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийг чиглэсэн замд цахилгааны утас унжсан байх нь элбэг ажээ. Унжсан утсыг хэрхэх талаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ажилтнаас тодруулахад "Тухайн ажил гүйцэтгэсэн компани болон бүс хариуцсан салбарууд энэ ажлыг хийх ёстой. Гэмтэл гаргасан шугам, унжсан утсыг дор бүр нь засварладаг" гэв. Харин ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд "Зарим утас хэт халуунд халж, унждаг. Цаг агаар хүйтрэхээр эргээд татагддаг тал бий. Анхнаасаа утсаа зөв сонгож, чанга татахгүй бол сүүлд нь засварлахад өртөг өндөр гарна. Тийм болохоор л унжсан утсыг дор бүр нь засаж чадахгүй байгаа юм" гэсэн. Монголын нутаг дэвсгэрийг хэрсэн аалзны тор шиг цахилгааны утас энэ мэтээр бидэнд "заналхийлж" байна. Жигүүртэн, хүнд эрсдэл үүсгэх нөхцөлийг засахгүй бол орон нутгийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэж буй иргэд эхнээсээ хохироод эхэллээ.
Зам эвдэрснээс зургаан вагон онхолджээ
2016 оны 10 сарын 10 390
Өнөөдөр сонин 2016.07.25 ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан зургаан вагон энэ сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-2 өртөөний замд онхолджээ. Энэ талаар "Улаанбаатар төмөр зам"-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Гансүхээс тодруулахад "Унасан вагонуудыг засаж дууссан. Одоо зам засварын ажил үргэлжилж байна. Эвдэрсэн дэр модыг засварлан, доторлож байгаа. Онцгой байдлын албан хаагчид өдөржингөө” ажилласан. Машинч ямар нэгэн гэмтэл аваагүй. Ачаанууд бүрэн байгаа. Бороо их орсны улмаас газрын хөрс сууж, зөөлөрсөн нь осол гарах шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа" гэв. "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Дархан-2 өртөөний Замын I ангийнхантай холбогдсон ч "Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Хуралдаж байгаа тул мэдээлэл өгөхгүй" гэв. Осол гарсан замыг өнгөрсөн хавар тавьсан бөгөөд үүний чанар муугаас осол гарсан байж болзошгүйг зарим эх сурвалж хэллээ.
Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж амиа алдлаа
2016 оны 10 сарын 10 414
Өдрийн сонин 2016.07.22 -Өмнө нь хэд хэдэн удаа газ үнэрлэж байснаа хүлээсэн байна- Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гал унтраах 26 дугаар ангийн хажууд өсвөр насны хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурсан байдалтай баригдсан байна. Харамсалтай нь 16 настай Ц гэгч нь газ хэтрүүлэн үнэрлэсний улмаас газар дээрээ нас баржээ. Албаны хүний мэдээлж байгаагаар он гарснаас хойш үүнтэй төстэй дөрвөн хэрэг гарчээ. Өсвөр насныхан ийнхүү мансуурах болсонд эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүй зэрэгтэй холбоотой хэмээн хууль хяналтын байгууллагаас мэдээллээ. Талийгаач хүүтэй хамт ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хүүгийн хувьд одоогоор байцаалт өгч, гэрийн хорионд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Ахуйн хэрэглээний газны найрлагад пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй химийн бодисууд багтсан байдаг. Энэ хорт бодисуудыг ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн байцаагч, ахмад Ш.Бурмаа мэдээлэхдээ "Хэргийн талаар энэ сарын 19-ний 22 цагт жижүүрээс надад мэдээлэл ирсэн. Тэр хоёр хүүхэд өмнө нь удаа дараа газ үнэрлэж байж" гэсэн юм. Хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхэд газ үнэрлэж мансуурсан бол газ хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог байна. Тухайлбал, хүүхэд газыг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд хариуцлага тооцох, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай юм байна. Тодруулбал, худалдаа үйлчилгээний журамд заасны дагуу 18 нас хүрээгүй хүүхдэд шингэрүүлсэн хий, шатдаг хийг худалдахыг хориглоно гэсэн заалт байдаг байна. Энэ журмыг дэлгүүр, түц, мухлагууд баримтлахгүй байгаагаас энэ төрлийн хэрэг гарсаар байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүд амьдардаг байрныхаа гадна байдаг хоёр дэлгүүрээр орж газ худалдаж авах гэсэн байна. Нэг дэлгүүрийн эзэн нь зарахгүй гээд зандраад гаргасан бол харин хажуугийнх нь дэлгүүр нь худалджээ. Газ худалдсан дэлгүүрийн эзэнд хариуцлага тооцох гэнэ. Хэргийн газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн хоёр ширхэг сав олдсон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
680.000 га талбайд хөнөөлт шавж тархжээ
2016 оны 10 сарын 10 467
Өнөөдөр сонин 2016.07.19 Ойн хортон шавьж энэ жил өнгөрсөн онуудаас элбэг тархжээ. БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархсаныг тогтоосон байна. Үүний дотор 69 сумын 590.000 га талбайд хөнөөлт шавьжийн голомт үүсээд буй гэнэ. Тус байгууллагын мэргэжилтнүүд жил бүрийн хавар, намар 19 аймгийн 100 гаруй сумын ойн сангийн хоёр сая гаруй га талбайд ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг гүйцэтгэдэг юм байна. Манай орны ойн санд 16 орчим зүйлийн хөнөөлт шавьж тархсан байдгаас Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зонхилон хөнөөл учруулж буй гэнэ. "Өмнөх жилүүдийг бодвол хортон шавьж их тархаад байгаа нь хэт олшролынх нь жил тохиосонтой холбоотой. Мөн цаг уурын өөрчлөлт, дулаарал ч нөлөөлж байна" гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны мэргэжилтэн Б.Батцэцэг хэлсэн юм. Одоогоор Хөвсгөл, Завхан, Хэнтий, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумын ойн сангийн 136.563 га талбайд Сибирийн хүр эрвээхэйн, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумын ойн сангийн 26.437 га талбайд өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсчээ. Мөн Якобсоны төөлүүрч эрвээхэйн голомт Хөвсгөл, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймгийн зарим сумын 292.833 га талбайд, эгэл бийрэн сүүлт эрвээхэйн голомт Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумын ойн сангийн 95.529 га талбай, бургасны хүр эрвээхэйн голомт Архангай, Баян-Өлгий аймгийн зарим сумын ойн сангийн 27.758 га талбайд үүссэн байна. Голомт үүссэн газруудын нэг болох Архангай аймагт гэхэд ойн сан бүхий газрынх нь 80 хувь нь хортон шавьжинд өртжээ. Аймгийн Байгаль орчны газрын дарга С.Сарантуяа "Манай ойн санд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч зонхилон тархаад байна. Бид жил бүр 200.000 га талбайд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг. Хортонтой тэмцэх тухайд 2016 онд 16.400 га талбайг хамгааллаа. Энэ нь 2015 оныхоос буурсан дүн. Уг нь улс, орон нутгаас анхаарч, төсөв гаргаж буй ч хүрэлцдэггүй" гэсэн юм.
Д.Батцэнгэл: Мал угаалгад хариуцлагатай хандахыг уриалж, албан даалгавар хүргүүлсэн
2016 оны 10 сарын 10 617
Өнөөдөр сонин 2016.07.05 Өчигдөр орон даяар мал угаалга эхэлсэн. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Батцэнгэлээс тодрууллаа. -Мал угаалга хэдий хүртэл үргэлжлэх вэ? -Бог малын ноосыг хяргаснаас хойш 7-14 хоногийн хугацаанд угаалга хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Энэ нь зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхэн үе. Энэ хугацаанд малчид малаа угаалгавал ач холбогдол өндөр. Тийм ч учраас Мал эмнэлэг, үржлийн газраас аймаг, нийслэл, сумын Мал эмнэлгийн газар, Мал эмнэлэг, үржлийн төвүүдэд албан даалгавар хүргүүлж, мал угаах ажил идэвхтэй өрнүүлэхийг уриалж байгаа. Шар ширх, хүрд, хамуу, эргүү зэрэг паразиттах өвчин өнгөрсөн жил нэлээд гарч, мал, амьтны халдварт, гоц халдварт, паразит өвчний эрсдэл ихэссэн тул малчид болоод эмч мэргэжилтнүүд энэ ажилд онцгой анхаарах хэрэгтэй. -Угаалгыг дээрх хугацаанд амжиж хийснээр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна ямар ач холбогдолтой бол? -Олон талын ач холбогдолтой. Хамгийн наад зах нь ноосыг нь хяргаад удаагүй байхад угаавал уусмал бага ордог. Тэр хэрээр малчдад эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Элдэв өвчингүй мал тарган, ашиг шим ихтэй. Үүнийгээ дагаад үнэ өртөг нь өндөр болдог. Малчдын орлого бүрэлдэх эх үүсвэр нь эрүүл мал шүү дээ. Халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчний голомт бүхий өрхийн өвөлжөө, хаваржаа, хотыг давтан халдваргүйжүүлэх замаар өвчин дахин гарах, сэргэх эрсдэлээс сэргийлдэг нь энэ ажлын гол давуу тал.
Унаач хүүхэд нь хамгаалалтгүй бол уралдуулахгүй
2016 оны 10 сарын 10 427
Зууны мэдээ сонин 2016.07.05 Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино. Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм байна. Салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлаа сайтар нягталж, наадмын арга хэмжээ болох байр талбайн тохижилтын ажлыг чанартай хийж дуусгахыг үүрэг болгоод энэ сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэж Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар хэллээ. Хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон, хөтөлбөрийг уяач, наадамчдад танилцуулах, уралдааны цагийн хуваарийг баримтлах, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй гэж тэрээр хэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ